Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1894

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Ганбаяр,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 1903 01173 0510 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Э.А, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны төлөөлөгч мэргэжилтэй, “Жавхлант” ХХК-д төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43-125 тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Асем Белагийн хойд талын гүүрэн дээрх замд “Тоёота Приус-20” маркийн 22-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасасж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөний улмаас зам дээр унадаг дугуй унаж явсан 31 настай эрэгтэй Ж.Өлзийбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гүүрэн дээр гараад иртэл Хово маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би өөрөө мөргөхгүйн тулд хажуу тийшээ дарсан бөгөөд үүний улмаас дугуйтай явсан хүн мөргөсөн. Хохирол төлбөрт 167.000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлнө” гэв.

Хохирогч Б.Өлзийбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээс гараад Маршлын гүүрэн дээр цуглаад бэлтгэлдээ гарсан. Тэгээд бид хэд гүүр өгсөөд явж байхад Хово маркийн ачааны том оврын машин сигналдаад урсгал сөрөөд гүйцэт түрүүлсэн. Урдаас приус маркийн машин гарч ирээд урд талын хүүхдүүдийг зайлуулж дараад гэнэт хаазаа гишгэж ирээд мөргөсөн. Мөргүүлээд би зам дээр уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 Гэрч Э.Ижилмөрөн мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бид зургуулаа дугуйгаар Скай арын замаар хот руу чиглэлтэй өгсүүр замаар явж байтал араас Хово маркийн 15-76 УБЛ улсын дугаартай машины жолооч бид нарын араас маш хүчтэй сигналдаад байсан учраас би хурдаа нэмсэн. Нөгөө хэд маань араас явж байсан. Тэгтэл гэнэт түд хийх чимээ гарсан. Эргээд харахад Хово урсгал сөрчихсөн нөгөө жижиг машин дугуйтай Өлзийбаатар ах болохоор газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 Гэрч Б.Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...буцаад гэр рүүгээ явж байтал Скай ресортын арын гүүрэн дээр унадаг дугуйтай хүнийг мөргөсөн. Манай жолооч зогсох гэтэл урдаас том оврын машин маш их хурдтай урсгал сөрөөд ороод ирсэн. Айсандаа болоод хажуу тийшээ том оврын машинаас бултуулаад дартал дугуйтай хүмүүс урдаас нь гараад ирсэн. Тэгээд хүүе хаая гэхийн завдалгүй мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч Э.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад Баянзүрхийн дүүргийн товчоон дээр бага тэнгэрээс багсармал зөөж  бага тэнгэрийн ам руу зөөж зөрүүлээд хайрга аяаал Налайхын зам тавьж байгаа газар буулгаад маршрутын ажил хийж байсан. Тэр өглөө ажил хийгээд явж байх үед Баянзүрх дүүргийн товчооноос дугуйтай 6 хүн явж байсан. Тэгээд зас өгсүүр байсан болохоор би 20 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд анхааруулах үүднээс зам тавьж өгсөн. Би гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн. Яг хажуугаар гараад явж байсан чинь цаанаас Приус маркийн автомашин хурдаа сааруулах үйлдэл хийж байснаа гэнэт хаазлаад миний буруу талаар урсгал сөрж дугуйтай хүмүүсийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12512 дугаартай дүгнэлт:

1. Ж.Өлзийбаатаарын биед сээрний 12, бүсэлхийн 1, ууцны 1 дүгээр нугаламуудын далд хугарал, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 57/,

Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №454 дугаартай дүгнэлт:

1. Toyota-Prius маркийн 22-63 УБР улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэцогтын А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Хово маркийн 15-76 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Энхбатын Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзсан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Гүйцэтдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна. Мөн дүрмийн 13.4 дараахь газруудад гүйцэт түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Унадаг дугуйтай явсан Жамсрангийн Өлзийбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 91-93/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-11/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.А нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Асем Белагийн хойд талын гүүрэн дээрх замд “Тоёота Приус-20” маркийн 22-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасасж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөний улмаас зам дээр унадаг дугуй унаж явсан 31 настай эрэгтэй Ж.Өлзийбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Өлзийбаатарын: ”...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээс гараад Маршлын гүүрэн дээр цуглаад бэлтгэлдээ гарсан. Тэгээд бид хэд гүүр өгсөөд явж байхад Хово маркийн ачааны том оврын машин сигналдаад урсгал сөрөөд гүйцэт түрүүлсэн. Урдаас приус маркийн машин гарч ирээд урд талын хүүхдүүдийг зайлуулж дараад гэнэт хаазаа гишгэж ирээд мөргөсөн. Мөргүүлээд би зам дээр уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Э.Ижилмөрөнгийн: “...би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бид зургуулаа дугуйгаар Скай арын замаар хот руу чиглэлтэй өгсүүр замаар явж байтал араас Хово маркийн 15-76 УБЛ улсын дугаартай машины жолооч бид нарын араас маш хүчтэй сигналдаад байсан учраас би хурдаа нэмсэн. Нөгөө хэд маань араас явж байсан. Тэгтэл гэнэт түд хийх чимээ гарсан. Эргээд харахад Хово урсгал сөрчихсөн нөгөө жижиг машин дугуйтай Өлзийбаатар ах болохоор газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Ааас хавтаст хэргийн хэмжээнд нотлох баримтаар авагдсан хохирол төлбөр болох 2.875.832 төгрөгийг хохирогч Ж.Өлзийбаатарт олгуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Мөн хохирогч Ж.Өлзийбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Э.Ад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Э.А-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.А-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.А-аас нийт 2.875.832 /хоёр сая найман зуун далан таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Өлзийбаатарт олгосугай.

 

7. Хохирогч Ж.Өлзийбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР