| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01023/И |
| Дугаар | 184/ШШ2016/01175 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/01175
| 2016 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 184/ШШ2016/01175 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 20/3 дугаар байр 11 тоотод оршин суух, КЮ70122906 регистрийн дугаартай, эмэгтэй, Өртөөч овогт Намжилдоржийн Гойдбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Гойдбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Гойдбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би шүүхэд гаргасан шаардлагаа дэмжиж байна. 2016 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт байгаа баримтуудтай оролцогчид болон шүүгч танилцсан байх. Нэхэмжлэлд тодорхой бичсэн нотлох баримтууд байгаа тул би товчхон хэлье.
Би эрүүл мэндийн төвд 20 жил ажилласан. Энэ байгууллагын Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчээр ажилчдын 100 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдон ажилласан.
Намайг ажлаас халах болсон шалтгаан нь байгууллагын Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчийн хувиар шинэ удирдлага Хажидмаа 2013 оны 9 сард томилогдсон даруйдаа олон ажилчдыг орон тооны цомхтгол нэрээр ажлаас халж байгааг эсэргүүцэн ажилчдын эрх ашгийг хамгаалж хоёр, гурван удаа санал зөрөлдсөнтэй холбоотойгоор намайг удирдлагыг эсэргүүцэж байна, ажилчдыг турхирч байна, Н.Гойдбаяр тэргүүтэй хүмүүсийг байгууллагаас явуулъя гэсэн яриа гарах болсонтой холбоотой гэж үзэж байна. Түүнээс өөрөөр надад ажлаас халах үндэслэл болсон сахилгын зөрчил гаргасан тохиолдол байхгүй.
2015 оны 12 сарын 08-ны өдөр надад сахилгын шийтгэл ногдуулсан байсныг би өөрөө мэдээгүй. Энэ талаар тушаалыг нь хэрэгт хавсаргаснаас хойш л олж мэдлээ. Би энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа урд өмнө нь сахилгын шийтгэл гаргаж шийтгүүлж байсан удаа байхгүй. Намайг давтан зөрчил гаргасан, шалтгаангүй ажил тасалдаг, дүүрэг хорооны биш хүмүүсийг үздэг гэж байна. Би 20 хэдэн жил ажиллахдаа арга хэмжээ авахуулж байгаагүй бүх л амьдралаа энэ л ажилдаа зориулсан. Би ажил тасалж байгаагүй. Би хурууны хээгээ дараад л бүртгүүлээд явдаг. Хорооны биш хүмүүсийг үздэг гээд байна. Өвдөөд ирж байгаа хүмүүсийг үзэх нь миний үүрэг. Би гадаадын хүн ирсэн ч үзэх үүрэгтэй. Чи манай дүүргийн хүн биш байна гээд өвдсөн хүнийг үзэхгүй явуулж болохгүй. Дүүргийн хүмүүс бичиг баримтгүй, ядарсан хүмүүс байдаг болохоор бичиг баримтгүй бол үзэхгүй гэж бас л болохгүй байдаг. Дахин хэлэхэд би давтан сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй. Харин ч олон удаа шагнуулж явсан.
Иймд ажилдаа эргэн орж, ажилгүй байсан үеийн цалингаа гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Гойдбаяр эмчийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.3.7, 11.3.14, 12.1, 1.12, Хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.3, 47.5, 48 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа.
Н.Гойдбаяр эмч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдсан байсан. Энэ нь цаг бүртгэлийн системээр тогтоогдсон байгаа. Сахилгын арга хэмжээ авагдсан гэдгийг мэдээгүй байх боломжгүй. Учир нь тухайн үед цалингаас нь суутгаж торгуулийн арга хэмжээ авсныг мэдсэн байх боломжтой гэж үзэж байна.
Хоёр дахь зөрчил нь гэвэл эхний сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэл дахин цаг ашиглалт хангалтгүй байж 2 хоног цагийн бүртгэлээ өглөө болон орой бүртгүүлээгүй. Мөн 1 сарын хугацаанд ажлаас 280 минут хоцорсон зөрчлүүдийг гаргасан. Энэ нь хурууны хээгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд 2 хоног ажил тасалбал хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж байгаа. Манай байгууллагын дотоод журмаар хэрэв ажилтан гадуур ажилтай тохиолдолд хүний нөөцийн ажилтнаас ажлын хуудас авч бөглөж мэдэгдсэний дараа гадуур явах ёстой байдаг. Гэтэл Н.Гойдбаяр эмчид ингэж мэдэгдсэн тохиолдол огт байхгүй. Ажлын цагийн хоцрогдол 280 минутыг гадуур ажилтай явсан гэдгийг нотлох зүйл байхгүй. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.5-д заасан эмчилгээний стандартыг эмчийн эмчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтрээс харахад үзлэг хийсэн хүмүүсийн ихэнх нь манай дүүрэг болон хороонд бүртгэлгүй хүмүүст үйлчилгээ үзүүлснээр хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Тиймээс эдгээр зөрчил болон, өмнөх гарсан зөрчлийг хамтад нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл бий болж байгаагаас гадна, манай байгууллагын дотоод журмаар ажлын 2 хоног үндэслэлгүйгээр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байдаг бөгөөд Н.Гойдбаяр эмчийн үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний эдгээр заалтуудыг хангаж байх тул хөдөлмөрийн гэрээг нь цуцлах үндэслэл болсон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өртөөч овогт Намжилдоржийн Гойдбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан харшлын их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа /хх-23-25 тал/ ‘’Б/25 тоот тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н.Гойдбаярт танилцуулсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан‘’ гээд тайлбарыг нотолно гэж видео бичлэг ирүүлсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ‘’ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана’’ гэж заажээ.
Хуулинд ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргана гэж заасан байгаа тул шийдвэрийг танилцуулсан 2016 оны 01 дүгээр сарын 25-наас гомдол гаргах хугацааг тоолох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны Б/25 тоот хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зурж хүлээн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон ба Н.Гойдбаяр 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан заалтыг зөрчөөгүй, хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б/25 тоот тушаалыг гардан авсан гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн болно.
2. Н.Гойдбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээний /хх-9-10 тал/ хувьд зохигч маргаангүй болно.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 тоот тушаалаар /хх-2 тал/ Н.Гойдбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.3.7, 11.3.14, 12.1, 1.12, Хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.3, 47.5, 48-д заасан заалтуудыг үндэслэн цуцалжээ.
Нэхэмжлэгч нь ‘’Намайг ажлаас халах болсон шалтгаан нь байгууллагын Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчийн хувиар шинэ удирдлага Хажидмаа 2013 оны 9 сард томилогдсон даруйдаа олон ажилчдыг орон тооны цомхтгол нэрээр ажлаас халж байгааг эсэргүүцэн ажилчдын эрх ашгийг хамгаалж хоёр, гурван удаа санал зөрөлдсөнтэй холбоотой. Түүнээс өөрөөр надад ажлаас халах үндэслэл болсон сахилгын зөрчил гаргасан тохиолдол байхгүй. Би ажил тасалж байгаагүй, давтан сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй ‘’гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ‘’Н.Гойдбаяр эмч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдсан байсан. Хоёр дахь зөрчил нь гэвэл эхний сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэл дахин цаг ашиглалт хангалтгүй байж 2 хоног цагийн бүртгэлээ өглөө, орой бүртгүүлээгүй, 1 сарын хугацаанд ажлаас 280 минут хоцорсон зөрчлүүдийг гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.5-д заасан эмчилгээний стандартыг эмчийн эмчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтрээс харахад үзлэг хийсэн хүмүүсийн ихэнх нь манай дүүрэг, хороонд бүртгэлгүй хүмүүст үйлчилгээ үзүүлсэнээр хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Тиймээс сахилгын зөрчлийг давтан гаргасан, 2 хоног үндэслэлгүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг нь цуцлах үндэслэл болсон’’ гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ‘’ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно’’ гэж заажээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Н.Гойдбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.3-д ‘’хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан’’, 47.5-д ‘’эмчилгээний стандартыг ноцтой зөрчсөн‘’, 48-д ‘’ажилтан энэ гэрээний 47-д зааснаас бусад зөрчлийг 2 удаа давтан гаргасан, байгууллага болон хувь хүний нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн нь тогтоогдсон‘’ бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна .
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх тухай ойлголт ба Н.Гойдбаяр нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө 2 буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан байвал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ.
Н.Гойдбаярт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/247 тоот тушаалаар /хх-44-48 тал/ ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр өмнө нь 1 удаа сахилгын арга хэмжээ авагдсан байна. Нэхэмжлэгч энэ тушаалыг зөвшөөрөхгүй гэдэг боловч гомдол гаргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ‘’Н.Гойдбаяр эмч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдсан. Хоёр дахь зөрчил нь гэвэл эхний сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэл дахин цаг ашиглалт хангалтгүй, 2 хоног үндэслэлгүйгээр ажил тасалсан сахилгын зөрчлийг давтан гаргасан нь хөдөлмөрийн гэрээг нь цуцлах үндэслэл болсон’’ гэсэн тайлбараас дүгнэхэд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сахилгын арга хэмжээ авснаас хойш нэхэмжлэгчийн гаргасан 2 дахь зөрчилд шууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө 2 буюу түүнээс дээш сахилгын зөрчил гаргаагүй, 1 удаа сахилгын зөрчил гаргасан тул давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н.Гойдбаяр нь 2 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон” гэж тайлбарласан.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Н.Гойдбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ‘’хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар” заасан байгаа боловч нэхэмжлэгч хариуцагчийн дээрх тайлбарыг зөвшөөрдөггүй, хариуцагчийн тайлбарыг хангалттай нотлох баримтгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н.Гойдбаяр нь Хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.5-д заасан эмчилгээний стандартыг зөрчсөн, эмчийн эмчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтрээс харахад үзлэг хийсэн хүмүүсийн ихэнх нь манай дүүрэг, хороонд бүртгэлгүй хүмүүст үйлчилгээ үзүүлсэн байсан’' гэж тайлбарласан. Гэвч дүүрэг, хороонд бүртгэлгүй хүмүүст үйлчилгээ үзүүлсэн нь эмчилгээний ямар стандартыг ноцтой зөрчиж байгаа болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Н.Гойдбаяр анхан шатны маягтыг хуурамчаар хөтөлсөн нь баримтаар тогтоогдсон” гээд өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд /хх-34-40 тал/, үзлэгийн хүснэгтийг / хх-256-285 тал/ ирүүлсэн байна. Гэвч хариуцагч нь энэ талаар эрх бүхий байгууллагад хандаж шалгуулж дүгнэлт гаргуулаагүй байх тул өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг анхан шатны маягтыг хуурамчаар хөтөлсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн Н.Гойдбаяр нь хөдөлмөрийн гэрээний 48-д заасан “ажилтан энэ гэрээний 47-д зааснаас бусад зөрчлийг 2 удаа давтан гаргасан, байгууллага болон хувь хүний нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй байх тул Н.Гойдбаярыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харшлын их эмчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.
Н.Гойдбаярыг ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож шийдвэрлэв.
Н.Гойдбаярын 000242933 тоот нийгмийн даатгалын дэвтрээс /хх-13 тал/ 2015 оны 01 сараас 3 сарыг хүртэл 3 сарын цалин /977 922 төгрөг +967422 төгрөг +981 422 төгрөг / 2 926 766 төгрөгийг 3-т хувааж /2 926 766 төгрөг ; 3/ сарын дундаж цалин 975 588 төгрөг болж байна.
Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ноос сарын дундаж цалин 975 588 төгрөгийг 8 сараар тооцож /975 588 төгрөг * 8 сар/ 7 804 704 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Н.Гойдбаярт олгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ‘’Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй’’, 46.2-д ‘’.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй’’ гэж заажээ. Иймд нэхэмжлэгч Н.Гойдбаярын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ ;
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Гойдбаярыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харшлын их эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гойдбаярын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 804 704 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Н.Гойдбаярт олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Гойдбаяр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 139 825 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Гойдбаярын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ