| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0001/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/03 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.Мягмаржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Номхон овогт Дагвадоржийн Мягмаржавд холбогдох эрүүгийн 1936000000255 дугаартай, 178/2020/0009/Э/ индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27- ны өдөр хүлээн авч, 12 сарын 31- ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1988 оны 09 сарын 20- ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-3, эх, ахын хамт Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, Алтай зам ХХК-д опериатор ажилтай, аминдаа 300 толгой мал, хашаа байшин, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2320000 төгрөг, урьд шийтгэлгүй, ПГ 88092015 регистрийн дугаартай, Номхон овогт Дагвадоржийн Мягмаржав
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Д.Мягмаржав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 сарын 01- ний өдрөөс 02 нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт иргэн М.Даваажаргалын гэрт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр, толгойн хэсэгт гараараа цохиж, хөнгөн гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Дарви сумын Булган багт оршин суух, 1978 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ПИ 78052938 дугаарын регистртэй/ Отгууд овогт Цэдэнжавын Даваажаргалын өгсөн... 2019 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дарви сумын Булган багт өөрийн гэртээ хоёр хүүхдийнхээ хамт унтаж байтал манай хаалгыг нэг хүн цохисон. Дуугий нь сонсоход манай баз Б.Эрдэнэцогтын дуу байсан. Тэгээд босоод хаалга онгойлгоход манай баз Б.Эрдэнэцогт ганцаараа зогсож байсан. Тэр надад хандаж “ Мягмаржав чамайг гадна дуудаж байна” гэсэн. Би “За” гэж хэлээд түүнийг гараад явахаар нь хаалгаа түгжээд унтсан. Тэгтэл удалгүй дахиад хаалга цохиод, онгойлгож өгөхөд Б.Эрдэнэцогт, Д.Мягмаржав хоёр орж ирсэн. Д.Мягмаржав гэрт орж ирээд “ чи миний эгчийг хаашаа хөөж явуулсан “ гэхээр би “чи хаашаа явсаныг нь мэдэж байж “ гээд хэвтэж байтал Д.Мягмаржав намайг өшиглөсөн гэхдээ оноогүй. Намайг босох гэтэл миний хамранд цохисон. Тэгэхээр нь би орон дээр дараад авсан. Д.Мягмаржав “за за болий” гэхэд нь тавьтал хувцасаа тайлаад “чамайг ална “ гээд хутга авахаар хоолны шкаб руу явсан. Энэ үед нь цээж хэсэг рүү нь түлхээд гэрээс гаргасан. Буцаад гэртээ орж ирээд хувцасаа өмсөх гээд тонгойж байтал толгойн ар хэсэгт хүчтэй цохисон. Тэгээд дээшээ өндийтэл нүүр хэсэгт хоёр удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би барьж аваад дахиад орон дээр дартал Б.Эрдэнэцогт “одоо боль” гэж хэлээд бид хоёрыг салгасан. Тэгтэл гэрийн унь хугалж аваад миний дал хэсэгт цохисон. Миний тохой хэсэг, гарын алга хэсэгт цохихоор нь барьж аваад дээр нь дараад сууж байтал цагдаа нар ирсэн. Д.Мягмаржав нь манай эхнэрийн төрсөн дүү нь. Би Д.Мягмаржавыг цохиогүй. Ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй. Миний хамар мурийсан байна гэж эмч хэлсэн. Толгойн ар хэсэгт хавдсан, баруун гарын тохой хэсэгт шалбарсан, гарын алга хэсэгт шалбарсан, бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй,ямар нэгэн хохирол нэмжлэхгүй. Гомдол байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 09-10 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэцогтын өгсөн...2019 оны 12 сарын 01-ний өдөр гэртээ байхад манай хадам дүү Д.Мягмаржав аймгаас ирсэн. Тэр архи уусан ирээд “хоол байна уу” гэхэд “манайх хоолоо хийгээгүй байна” гэсэн. Тэгтэл “Ц.Даваажаргал ахынд орж хоол иднэ” гээд намайг дагуулаад тэдний гэрт орсон. Д.Мягмаржав нь Ц.Даваажаргалтай юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Д.Мягмаржав нь Ц.Даваажаргалын аль хэсэгт цохисныг мэдэхгүй нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгасан бодовч дахин маргалдаад Д.Мягмаржав нь Ц.Даваажаргалын нүүр хэсэгт цохисон. Дахиад маргалдах үед сумын цагдаа ирсэн. Ц.Даваажаргал нь Д.Мягмаржавыг цохисон зүйл байхгүй. Тухайн үед Д.Мягмаржав нь Ц.Даваажаргалаас мэнд асуухад дуугараагүй юм шиг байна лээ. Тэгээд л манай эгч хаана байна гээд маргалдаж, уурласан...гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 911 дугаартай...Ц.Даваажаргалын биед хамрын таславчийн хугарал болон муруйлт, тархи доргилт, баруун гарын алганы хэсэгт шарх, баруун гарын тохойн дотор хэсэгт шарх, зүүн шанаа хэсэгт цус хуралт, хамар хэсэгт зулгаралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, баруун гарын тохойн дотор хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэгт зулгаралтууд, зүүн далны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.Даваажаргалын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
Ц.Даваажаргалын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Ц.Даваажаргалын биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 20 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мярмаржавын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2019 оны 12 сарын 01- ний өдөр Ховд аймагт найз Сумъяа, Анхаа нарын хамт 0.75-тай Ерөөл архи уусан. Тэгээд Дарви сумын унаанд суугаад явсан. Орой 19 цагийн үед хүргэн ах Б.Эрдэнэцогтын гэрт очиход тэднийх хоолоо хийгээгүй байсан болохоор Ц.Даваажаргал ахынд хоол идэхээр очсон. Намайг мэнд ус асуухад дуугараагүй. Тэгээр нь миний уур хүрээд эгч Д.Энхмаа хаана байгаа юм бэ гэж асуухад хот явсан гэж хэлсэн. Та яахаараа миний эгчийг явуулдаг юм бэ гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргаан болж байгаад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед хэдэн удаа цохисноо санахгүй байна. Хүргэн ахдаа гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй ...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцээд дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Д.Мягмаржав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 сарын 01- нээс 02- нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутагт өөрийн төрсөн эгчийн нөхөр болох хохирогч Ц.Даваажаргалыг хариу мэндэлсэнгүй гэж маргалдаж улмаар нүүр , толгой , баруун гар, зүүн далны хэсэгт нь цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...хамрын таславчийн хугарал болон муруйлт, тархи доргилт, баруун гарын алганы хэсэгт шарх, баруун гарын тохойн дотор хэсэгт шарх, зүүн шанаа хэсэгт цус хуралт, хамар хэсэгт зулгаралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, баруун гарын тохойн дотор хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэгт зулгаралтууд, зүүн далны хэсэгт цус хуралт... гэх гэмтлийг учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мягмаржав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч , гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч Д.Мягмаржавын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Даваажаргалын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Мягмаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол , хор уршиг:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Даваажаргал нь нэхэмжлэх хохиролгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Мягмаржавыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Номхон овогт Дагвадоржийн Мягмаржав нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 30 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бүтээлчийн өгсөн...Д.Мягмаржав нь даруухан дуу цөөнтэй, эелдэг харьцаатай,найз нөхдийн дунд нэр хүндтэй, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мягмаржавд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн... 1.2-т заасан...бусдад төлөх төлбөргүй...зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгйин хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Мягмаржав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Д.Мягмаржавыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний 400800 төгрөг бүхий Төрийн банкны 107600030256 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 23- ны өдрийн 5/134 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг хэвээр үлдээх дүгнэлт , тайлбарыг гаргав.
Шүүгдэгч Д.Мягмаржав өөрөө өөрийгөө өмгөөлж : Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 600000 төгрөгний торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх саналтай байна ... гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч Д.Мягмаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мягмаржавыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Мягмаржавд оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1936000000255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мягмаржав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Мягмаржавын 400800 төгрөг бүхий Төрийн банкны 107600030256 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 23 - ны өдрийн 5/134 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл тогтоолыг хэвээр үлдээж, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Номгон овогт Дагвадоржийн Мягмаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Номгон овогт Дагвадоржийн Мягмаржавыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Мягмаржавд оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Мягмаржавд тайлбарласугай.
5.Эрүүгийн 1936000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мягмаржав нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Мягмаржавын 400800 төгрөг бүхий Төрийн банкны 107600030256 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 23- ны өдрийн 5/134 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл тогтоолыг хэвээр хэрэглэсүгэй.
7.Шүүгдэгч Д.Мягмаржавд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА