| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0357/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/376 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/376
2019 12 12 ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчимэг,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Энхтуяа,
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Т О-д холбогдох эрүүгийн 1934005860367 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигон Т О, 1995 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилга засал чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 3, эх, охины хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 12 дугаар гудамжны 3 тоотод оршин суух засаг захиргааны хаягтай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шархад 2-320 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Үүнд:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, 95062000 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.О-ийн өгсөн: Даш гэдэг хүний ургийн баяр 2019 оны 7-р сарын 20-ний өдөр болно гээд миний эхийг ургийн баярт үр хүүхдүүдтэйгээ хамт ирээрэй гэсэн байсан. Тэгээд би найз Энхүүшийн 1612 УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг гуйсан. Энхүүш машинаа 2019 оны 7-р сарын 18-ний орой манай ажил дээр цайз 16 дээр авчирч өгсөн. Тэгээд 2019 оны 7-р сарын 19-ны өдөр 13 цагийн орчим би машинаа бариад миний 3 настай охин Нандинцэцэг, эх Баярмагнай, Дундговь аймгаас ирсэн эхнэр, нөхөр хоёр гээд явцгаасан. Архангай аймгийн Хоршооллийн зуслан дээр очиж ургийн баярт оролцож дуусаад 2019 оны 07-р сарын 21-ны өдөр буцахдаа Баттамир руу залгаад аймагт ирчихсэн хот явах талаараа хэлэхэд талийгаач Баттамир би бас хот явж ажил хийх санаа байна эгчээсээ асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд би ахындаа ирээд байж байтал Тамираа явахаар болж талийгаачийг аваад шууд Улаанбаатар хот явсан. Тэгээд Сансар сум орж явхад бороо орж эхэлсэн бөгөөд Эрдэнэсант сум өнгөрөөд 23:00 цагийн орчим явж байхад бороо улам ширүүсч 40-50 км цагийн хурдтай аваарын гэрлээ асаачихсан явж байтал машины баруун урд талд юм түк гэж дугараад машин эргэлдээд явчихсан. Машин дөрвөн дугуйн дээрээ буусан. Би охин руугаа хараад зүгээр үү гэхэд ээж гайгүй ээ хойно байгаа хүүхэд гэж хэлэхэд нь би машины кабины гэрэл асаахад хойд талд талийгаач цус нөж болчихсон машины дээвэр дотогшоо хонхойж сөрдийсөн хэсгийн доор хажуугаараа харчихсан байж байсан. Тэр үед ээж хүний хүүхэд алчихлаа гээд орилсон. Тэгээд би утсаараа 102 руу залгахад надад 7027102, 7027103 гэсэн хоёр дугаар өгсөн. Тэгээд би машиндаа уйлаад манай ээж охиныг маань тэврээд бид хоёр түргэн ирхийг хүлээгээд 1 цаг орчмын дараа цагдаа ирээд бид гурвыг машинд суулгаж байхад эмнэлгийн ажилтан хувийн машинтайгаа ирээд талийгаачийн байдлыг хараад бид гурвыг Эрдэнэсант сумын төв рүү аваад явсан. Анх машин хөдөлхөд хамгаалах бүсээ зүүгээрэй гэж би хэлсэн талийгаач зүүгээгүй байсан юм шиг байна лээ. Манай ээж миний хажууд бүсээ зүүгээд манай хүүхдийг тэврээд явж байсан. Талийгаачийнх Архангай аймагт нэг гудманд байдаг, нэг жил гаран найзалж байна. Би сүүлийн 2 жил Улаанбаатар хот Архангай, аймгийн төв хоёрын хооронд зав гарвал явж гэртээ очдог байсан үедээ найзалж нөхөрлөсөн. Ийм асуудал болно гэж төсөөлсөнгүй сэтгэл санааны хувьд хүнд байна. Уг ослын улмаас найз маань хорвоогийн мөнх бусыг үзсэн. Би талийгаачийн ар гэрээс нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг яаралтай барагдуулна. Одоогоор цалингийн зээл 3 сараар аваад хохиролд 850 000 төгрөг төлсөн. Би элэгний хорт хавдартай эх, 3 настай охины хамт амьдардаг. Миний ажил хийж амь зуудагыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчимэгийн өгсөн: Талийгаачийн аав Энхбат нь эрүүл мэндийн тал дээр бие муутай мөн уг хэрэг Төв аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Талийгаачийн эцэг, эх хоёр Архангай аймгаас тэр болгон ирээд байх боломжгүй учир миний бие хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Талийгаачийн эцэг, эх 50-55 насны улсууд байдаг. Талийгаачийн оршуулгын зардалд 10 сая гаруй төгрөг орсон ч баримтаар 7 330 166 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчээс өгсөн 850 000 төгрөгийг хасаад 6 480 000 төгрөгөө төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбатын өгсөн: Миний бие 2019 оны 7-р сарын 22-ний өглөө Улаанбаатар хотоос Архангай аймаг орсон. Тэгээд бараа материал буулгаж байгаад 15 цагийн орчим гэртээ харьсан. Талийгаач охин Баттамирын төрсөн эгч Батчимэг гэртээ хүүхэдтэйгээ байсан. Манай охин Батчимэг надад Баттамир өнөөдөр хот явна гэж байна. Ажлын газраас нь дуудсан гэнэ, найз нь Архангайд ирчихсэн байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ байж байхад талийгаач Баттамир 18 цагийн үед орж ирээд хувцас хунараа бөөгнүүлээд байсан. Тэр үед би ачаа аваад баз хүргэнийх рүүгээ очихоор гарахдаа "За чи аавыгаа ирэхэд явчихсан байх юм байна." гэж хэлээд үнэсээд явсан. Тэгээд 20-21 цагийн орчим талийгаач надад Хархоринд явж байна гэж ярьсан бөгөөд би "Сайн яваарай, очоод яриарай." гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2019 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчим мэдээд Эрдэнэсант сум руу гарсан. Гомдолтой байна, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх 20-21/,
Иргэний нэхэмжлэгч Г.Энхмандахын өгсөн: О 2019 оны 7 дугаар сарын 16-ний үед санагдаж байна. Ургийн баяр болох гэж байгаа юм эгчийн утас нь холбогдохгүй байна хөдөө гадаа явсан юм шиг байна машингүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би машин олдохгүй бол миний машиныг аваад явахгүй гэж хэлсэн. Тэгээд машин олдохгүй байна гэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 18-ний орой 22-23 цагийн орчим би Огийн ажлын гадаа буюу цайз 16-д аваачиж өгсөн. ...Өнөөдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед над руу О-с 01:37 цагт аваарт орчихлоо гэж мессеж бичсэн байсан. Тэгээд залгахад утас нь холбогдохгүй байсан. Би өөрийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Од өгсөн. Яагаад гэвэл О дараа нь тээврийн хэрэгслийн мөнгийг өгнө гэж бид хоёр тохирсон. Тэгээд ч тээврийн хэрэгслийн эвдрэлээс болж осол гараагүй. О талийгаачийн 49 хоног болох гээд мөнгө хэрэгтэй байна гээд ченжид 650 000 төгрөгөөр зарсан, одоо задраад байхгүй болсон гэж бодож байна. Зарсан ченжээ танихгүй Фесбүүкээс зараар холбогдож зарж өгсөн. Уг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. О ээж, охин хоёрын хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, ээж нь эдгэшгүй хорт хавдартай учраас надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 26-28/,
Гэрч У.Баярмагнайгийн өгсөн: Манай охин О 2019 оны 7 дугаар сарын 18-ний орой ээж би машин олчихлоо маргааш явна гэсэн. Тэгээд би охин О, зээ охин Нандинцэцэгийн хамт явах гэж байхад манай ургийн баяр хийх хүмүүсийн нэг Алтанцэцэг гэдэг хүн залгаад Дундговь аймгаас хүмүүс ирж яваад машин нь эвдэрсэн байна аваад ирээрэй хоёр хүн байгаа гэсэн, Тэгээд нөгөө хоёр хүнээ аваад 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим гараад явсан. Тэгээд Архангай аймаг ороод ургийн баярт оролцчихоод 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Ганхуягийнд очиж нэг хоноод маргааш өглөө буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ний өглөө 13-14 цагийн хооронд гарсан. Тэгээд аймгийн төв дээр ирээд том хүү Батсанаагийнд очиж хоол, унд хийж идээд байж байхад манай охин О манай нэг найз цуг явна гэсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Архангай аймгаас талийгаачийг гудамжнаас аваад шууд хот хөдөлсөн. Тэгээд би Сансар сум өнгөрөөд унтчихсан байсан. Тэгтэл гэнэт хүн орилоод машин эргэлдээд байх шиг байсан. Тэгээд машин нэг хоёр эргэсэн байх дөрвөн дугуйн дээрээ буусан. Манай охин охиноо гайгүй юу гэж асуусан би хариуд нь гайгүй ээ хойно байгаа охин зүгээрүү гэж асуухад манай охин кабины гэрэл асаасан. Тэр үед эргээд харахад талийгаач дээшээ харсан байдалтай цус нөж болчихсон байсан. Тэгээд бид хоёр орилоод шоконд орсон. Би машинаас буусан охин маань машин дотор уйлаад суугаад байсан. Тэгээд би охиноо тайвшруулах санаатай уйлахгүй гүрийгээд байсан. Тэр үед манай охин О цагдаа, эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Цаг гарны дараа нэг жижиг тэрэгтэй цагдаа ирээд машин тойроод бид гурвыг машинд суу гээд суулгасан. Бас нэг жижиг тэрэг ирсэн тэр хүн эмч байсан байна лээ. Бид гурвыг аваад Эрдэнэсант сумын эмнэлэг дээр авчирч өгсөн. Би талийгаачийг танихгүй. Манай охины найз гэсэн. Манай охин 2018 оны 6 сард машин жолоодох эрхээ авсан Улаанбаатар хотод машин бариад дажгүй яваад байдаг. Би тухайн үед хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Бид гурвын бие одоогоор зовиур бага, хүн нас барчхаад байхад юу хийж шүүх эмнэлэгт үзүүлэх вэ, эрүүл мэндэд маань хохирол учраагүй гэх мэдүүлэг /хх 30/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Э.Баттамир нь гавал ясны олон хэсэг салсан хугарал, тархины эдийн няцралтын улмаас нас баржээ. 2.Э.Баттамирын цуснаас спирт илрээгүй байна. 3.Э.Баттамир нь 2-р бүлгийн цустай байна." гэх /хх 34-35/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 94 дугаартай дүгнэлт: "1.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судлаж үзэхэд Тоёота Приүс маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд Тоёота Приүс маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” 3.4.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд Тоёота Приүс маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 3.4.б дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж үзэв. 4.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд шинээр нөхцөл байдал илрээгүй байна гэж үзэв." гэх /хх 48-49/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 09-13/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 15/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 38-42/, шүүгдэгч Т.О-ийн цусанд спиртийн зүйл илрээгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 4287 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/, шүүгдэгч Т.О нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан талаарх 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн 430 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 62-66/, шүүгдэгчийн №1224195 дугаартай жолоочийн үнэмлэх /хх 78/, Тоёота приус маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн Г.Энхмандахын нэр дээрх талаарх №1183838 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 94/, тоёота приус тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Энхмандах тээврийн хэрэгслээ зах зээлийн ханшаар 4 500 000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Т.О-гаас нэхэмжилсэн, төлөхөөр харилцан тохиролцсон талаарх хүсэлт /хх 111/, Архангай аймаг дахь ШШГ газрын "Шүүгдэгч Т.О нь 450 000 төгрөгийн торгуулын ялыг төлж дууссан" талаарх Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2019.4.19-ний өдрийн 280 дугаартай тогтоолын хуулбар /хх 156/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.О нь иргэн Г.Энхмандахын эзэмшлийн 1612 УНП улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн эх У.Баярмагнай, 3 настай охин О.Нандинцэцэг, садангийн 2 хүний хамт 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймагт очиж ургийн баярт оролцохоор явсан бөгөөд Архангай аймгийн хоршооллын Тамир зусланд ургийн баярт оролцоод Архангай аймгаас 2019 оны 7 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчим өөрийн эх, охин, найз Баттамир нарын хамт буцаж явах замдаа 23 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар нутаг Архангай аймгаас Улаанбаатар хот явдаг асьфалтан замын 189 дэх шонгийн ойролцоо явж байхдаа онхолдож 23 настай Энхбатын Баттамир нас барсан байна.
Хууль зүйн хувьд Т.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.О нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Архангай аймгаас Улаанбаатар хот явдаг асьфалтан замын 189 дэх шонгийн ойролцоо 2019 оны 7 дугаар сарын 22-ны орой 23:00 цагийн орчим иргэн Г.Энхмандахын эзэмшлийн 1612 УНП улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган улмаар мөн дүрмийн 3.4.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” дэх заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Баттамирын амь нас хохирсон болох нь:
Шүүгдэгч Т.О-ийн өгсөн: "Эрдэнэсант сум өнгөрөөд 23:00 цагийн орчим явж байхад бороо улам ширүүсч 40-50 км цагийн хурдтай аваарын гэрлээ асаачихсан явж байтал машины баруун урд талд юм түк гэж дуугараад машин эргэлдээд явчихсан. Машин дөрвөн дугуйн дээрээ буусан. Би охин руугаа хараад зүгээр үү гэхэд ээж гайгүй ээ хойно байгаа хүүхэд гэж хэлэхэд нь би машины кабины гэрэл асаахад хойд талд талийгаач цус нөж болчихсон машины дээвэр дотогшоо хонхойж сөрдийсөн хэсгийн доор хажуугаараа харчихсан байж байсан. Тэр үед ээж хүний хүүхэд алчихлаа гээд орилсон." гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбатын өгсөн: "Миний бие 2019 оны 7-р сарын 22-ний өглөө Улаанбаатар хотоос Архангай аймаг орсон. Тэгээд бараа материал буулгаж байгаад 15 цагийн орчим гэртээ харьсан. Талийгаач охин Баттамир 18 цагийн үед орж ирээд хувцас хунараа бөөгнүүлээд байсан. Тэр үед би ачаа аваад баз хүргэнийх рүүгээ очихоор гарахдаа "За чи аавыгаа ирэхэд явчихсан байх юм байна." гэж хэлээд үнсээд явсан. Тэгээд 20-21 цагийн орчим талийгаач надад Хархоринд явж байна гэж ярьсан бөгөөд би "Сайн яваарай, очоод яриарай." гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2019 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчим мэдээд Эрдэнэсант сум руу гарсан. Гомдолтой байна, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү," гэх мэдүүлэг /хх 20-21/,
Иргэний нэхэмжлэгч Г.Энхмандахын өгсөн: "О 2019 оны 7 дугаар сарын 16-ний үед санагдаж байна. Ургийн баяр болох гэж байгаа юм эгчийн утас нь холбогдохгүй байна хөдөө гадаа явсан юм шиг байна машингүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би машин олдохгүй бол миний машиныг аваад явахгүй гэж хэлсэн. Би өөрийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг О-д өгсөн. Яагаад гэвэл О дараа нь тээврийн хэрэгслийн мөнгийг өгнө гэж бид хоёр тохирсон." гэх мэдүүлэг /хх 26-28/,
Гэрч У.Баярмагнайгийн өгсөн: "Тэгээд аймгийн төв дээр ирээд том хүү Батсанаагийнд очиж хоол, унд хийж идээд байж байхад манай охин О манай нэг найз цуг явна гэсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Архангай аймгаас талийгаачийг гудамжнаас аваад шууд хот хөдөлсөн. Тэгээд би Сансар сум өнгөрөөд унтчихсан байсан. Тэгтэл гэнэт хүн орилоод машин эргэлдээд байх шиг байсан. Тэгээд машин нэг хоёр эргэсэн байх дөрвөн дугуйн дээрээ буусан. Манай охин охиноо гайгүй юу гэж асуусан би хариуд нь гайгүй ээ хойно байгаа охин зүгээр үү гэж асуухад манай охин кабины гэрэл асаасан. Тэр үед эргээд харахад талийгаач дээшээ харсан байдалтай цус нөж болчихсон байсан." гэх мэдүүлэг /хх 30/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Э.Баттамир нь гавал ясны олон хэсэг салсан хугарал, тархины эдийн няцралтын улмаас нас баржээ. 2.Э.Баттамирын цуснаас спирт илрээгүй байна. 3.Э.Баттамир нь 2-р бүлгийн цустай байна." гэх /хх 34-35/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 94 дугаартай дүгнэлт: "1.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судлаж үзэхэд Тоёота Приүс маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд Тоёота Приүс маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” 3.4.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд Тоёота Приүс маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 3.4.б дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж үзэв. 4.Хавтаст хэрэгт авагдсан материалыг судалж үзэхэд шинээр нөхцөл байдал илрээгүй байна гэж үзэв." гэх /хх 48-49/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 09-13/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 15/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 38-42/, Тоёота приус маркийн 1612 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн Г.Энхмандахын нэр дээрх талаарх №1183838 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 94/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.О-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Амь хохирогчийн талаас оршуулгын зардалд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 7 330 166 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэргийн 117-р хуудсан дахь 3960 төгрөг, 11570 төгрөг, 1 337 300 төгрөг, 119-р хуудсан дахь 8260 төгрөг, 121-р хуудсан дахь 141 495 төгрөг, 35 960 төгрөг, 132-р хуудсан дахь 14 730 төгрөг, 133-р хуудсан дахь 6 500 төгрөг, 139-р хуудсан дахь 200 000 төгрөг нийт 1 761 962 /нэг сая долоон зуун жаран нэгэн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийн баримт нь ямар бараа материал авсан нь тодорхойгүй арилсан байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, үлдэх 5 903 989 /таван сая есөн зуун гурван мянга есөн зуун наян ес/ төгрөгийг хангаж үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс амь хохирогчийн ар гэрт өгсөн 850 000 төгрөгийг хасаж үлдэх 3 291 933 /гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбатад олгож шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон 1 761 962 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаас дээрх хохирлыг нөхөн төлөхөөр 2019.12.12-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчээс дээрх хохирлыг нөхөн төлсөн талаарх баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О-ийн жолоодож явсан Тоёота приус тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх бус иргэн Г.Энхмандахын эзэмшлийн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон,
иргэн Г.Энхмандахад эд материалын хохирол учирч хавтаст хэрэгт Г.Энхмандахыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Гэвч шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь 1612 УНП улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаар 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцож хуулийн бус журмаар харилцан тохиролцож авах болсон талаараа иргэн нэхэмжлэгч Г.Энхмандахын нотариатаар батлуулсан хүсэлт хавтаст хэргийн 111-р хуудсанд авагдсан байх тул иргэний нэхэмжлэгчид тогтоолоор гаргуулах хохирол байхгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 10 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаагаас хохирлоо нөхөн төлсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, бие муутай эхийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Т.О нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 62-66/, "Амгайн чимээ" ХХК-нд зөөгчөөр ажиллаж 400 000 төгрөгийн цалин авдаг тухай компанийн тодорхойлолт /хх 75, 100/, О-гийн Нандинцэцэгийн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн төрсний гэрчилгээний хуулбар /хх 95/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгч Т.О нь дээрх торгуулын ялыг биелүүлсэн талаарх Архангай аймаг дахь ШШГ газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2019.4.19-ний өдрийн 280 дугаартай тогтоолын хуулбар /хх 156/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.О-д дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэж заасан байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.
Эрүүгийн 1934005860367 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн №1224195 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон Т О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.О-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ийн үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбат нь хэлэлцээгүй орхисон 1 761 965 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.О-ийн №1224159 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9.Эрүүгийн 1934005860367 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ