| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0378/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/384 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/384
2019 12 16 2019/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тогтохжаргал,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Т А-т холбогдох эрүүгийн 1934009440461 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Т А , 1982 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багт оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, сэтгэцийн эмгэг судлалын эмнэлгийн ердийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай, 82030670 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.А ын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 12-13-нд өдөр байхаа өглөө нь архи уусан байсан. Ер нь тухайн үед юу болсноо сайн санахгүй байгаа. Шөнө дүүгийндээ ухаан орсон. Дүү Отгонбаатар намайг та яагаад гадуур явж чадахгүй хүнтэй муудалцаад байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд өглөө Лхагвадорж ахтай уулзаад төрсөн дүү Отгонбаатарын хамт очиж уучлалт гуйсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Ш.Лхагвадоржийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед би гэртээ байж байсан чинь А орж ирээд аяга авсан. Би аяга өгөхгүй гэсэн үгийн зөрүүгүй дээлийнхээ энгэрээс архи гаргаж ирээд намайг цохисон. Тэгээд би гадаа гарсан. А гэрт үлдсэн. Би эмнэлэг явж оёдол тавиулсан. Нүүрний баруун шанаа хацар луу архины шилээр 1 удаа цохисон. Баруун талын хацар язарсан, толгой өвдөж байна. Гэрт манай охин Хулан байсан. Би тухайн үед архи бага зэрэг хэрэглэсэн байсан. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч Л.Хулангийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 12-ний орой 19 цагийн үед А гэрт орж ирсэн. Аав тавагтай идээ авч өгөөд мах ид гэсэн чинь намайг доромжлоод байгаарай гээд архи ууя гээд өвөрөөсөө архи гаргаж ирсэн. Аав нялх хүүхдүүд гэрт байна чинь А гэрээс гараад явсан. Тэгээд А 21 цагийн үед манайд дахиад ирсэн. Хоёулаа архи ууя гэхээр нь аав битгий давраад байгаарай уудаг газраа уу гэсэн чинь архины шилээр цохисон гэх мэдүүлэг /хх 12-13/,
Гэрч Т.Тогтохжаргалын өгсөн: А 1982 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Миний гурав дахь хүүхэд байгаа юм. Мотоциклоос унаад толгойдоо гэмтэл авснаас хойш унаж татдаг тархины наалдацтай болсон. Энэ ослоос өмнө ямар нэг уур уцаарлаад байдаггүй хүүхэд байсан. Одоо болтол эхнэр, хүүхэд байхгүй надтай хамт амьдардаг. Сүүлийн үед сардаа 3-4 удаа таталт өгч унаад байдаг болсон гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Ш.Дуламсүрэнгийн өгсөн: Хулан яриад согтуу хүн ирээд аавын нүүрийг хачин болгочихлоо гэсэн. Тэгээд би яваад очсон чинь Лхагвадоржийн хацар зүсэгдсэн арьс нь унжчихсан байсан. Тэр залууг би чи яаж байгаа юм гэсэн чинь надад хууль үйлчлэхгүй, та нарыг бүгдийг чинь ална гээд байсан гэх мэдүүлэг /хх 20/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №736 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ш.Лхагвадоржийн биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд зовхи, хА т зулгаралт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ /хх 23/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1252 дугаартай дүгнэлтэд: 1.Т.А нь F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. 2.Т.А нь хэрэг хариуцах чадвартай байна. 3.Т.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Т.А нь уналт таталтын дараа ухаан бүрийтэн балартах байдал болон ухамсарт ухаан балартах хэлбэрээр эмгэг бухимдалд орсон тохиолдолд орчноо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй. 5.Т.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй байна. Харъяа аймгийн сэтгэцийн эмчийн хяналтад байх шаардлагатай байна. 6. Т.А нь 2005 онд мотоциклийн осолд орж тархиндаа гэмтэл авсны улмаас F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй болсон байна гэх /хх 30-31/,
Гэрч Т.Отгонбаатарын өгсөн /хх 14/, гэрч Ө.Ганбилэг /хх 16/, Б.Гансүх /хх 17-18/, Ш.Оюунбилэг /хх 19/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 52-55/, хохирол төлсөн гэх орлогын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.А нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчийг хамт архи уусангүй гэх шалтгаанаар “танхайн” сэдэлтээр, хохирогч Ш.Лхагвадоржийн эрх чөлөөнд халдан архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн иргэн Ш.Лхагвадоржийн гэрт Ш.Лхагвадоржийг "хамт архи уусангүй" гэх шалтгаанаар уурлаж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "баруун хацарт шарх, баруун нүдний дээд зовхи, хА т зулгаралт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Лхагвадорж /хх 8/, гэрч Л.Хулан /хх 12-13/, Ш.Дуламсүрэн /хх 20/, Т.Отгонбаатар /хх 14/, Ө.Ганбилэг /хх 16/, Б.Гансүх /хх 17-18/, Ш.Оюунбилэг /хх 19/ нарын мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №736 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23/ зэргээр нотлогдон тогтоодсон гэж үзэв.
Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Лхагвадорж нь эмчилгээний зардалд нотлох баримтаар 187 800 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн хохирогчид 200 000 төгрөг төлсөн талаарх Хаан банкны хуулга ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.А- ыг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн ялын саналыг дэмжиж дүгнэлт гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.А- т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.А-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934009440461 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Т А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1934009440461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ