Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 115/2020/0010/З |
Дугаар | 221/МА2020/0595 |
Огноо | 2020-10-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2020/0595
Д.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2020/0015 дугаар шийдвэртэй, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2020/0015 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалын дагуу суутган тооцсон 154,609 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсгийг үндэслээгүй. Д.Б-ийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг нь өөрийнх нь ажиллаж буй хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар ажиллах ажил үүрэгт нь хамааралтай гэж үзэж байна. Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Д.Б-аар өөр ажил албан тушаалыг /ариутгагч/ хийж хэрэгжүүлэх гэж байсныг үндсэн ажил, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл хууль болон эрх зүйд тодорхойлон тусгагдсан зүйлгүй байна. Ажлын байр болгон өөр, өөрийн гэсэн албан тушаалын тодорхойлолт, зорилго, зорилт чиг үүрэгтэй.
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай” 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/12 дугаартай тушаалын 1 дэх заалтаар “Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ажлын тусгай горимоор ажиллуулахаар” шийдвэрлэж 4.8 дахь заалтаар ажилтан бүр гар утсаа байнга нээлттэй байлгаж, албан ажлын шаардлагаар дуудагдан ажиллахад бэлэн байхыг нийт алба хаагчдад үүрэг болгосон боловч энэхүү хугацаанд гарсан тушаал шийдвэрийг мөрдөж, биелүүлж ажилласан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан ч гэсэн алба хаагчдын ажил үүргийн хуваарь шинэчлэгдэн батлагдан гарахдаа 2020 оны 04 дүгээр сарын 05-нд Д.Б-ийг “Ханги” хилийн боомтод очиж ажиллах ажил үүргийн хуваарь гараагүй, хэзээ ажиллах нь тодорхойгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Хэрэгт авагдсан баримтаас: гэрч Сэлэнгэ, Нандинцэцэг нарын мэдүүлэгт: .”.. амралтын өдөр гэнэт л томилолт бичигдэхээр болсон, ... тус газрын төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга утсаар Ханги хилийн боомтод томилолтоор ажиллах алба хаагчдыг 2020 оны 04 дүгээр сарын 05-нд утсаар дуудан томилолтыг бичиж өгч явуулсан. Д.Бт хэл дуулгахаар хариуцлагатай жижүүрээс утасны дугаарлуу нь залгахад холбогдох боломжгүй...” гэсэн мэдүүлэг зэргээс харахад тухайн өдөр Ханги хилийн боомтод ажиллах алба хаагчдын нэрс урьдчилан мэдэх боломжгүй гарсан байхаар харагдаж байна. Ханги хилийн боомтруу Д.Б хэзээ очиж ямар ажил үүргийн дагуу ажиллах талаар тодорхой танилцуулагдсан, ажил үүргийн хуваарь, төлөвлөгөө гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг сунгасан тушаалд энэ талаар дурдаагүй. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” зөвлөмжийн 1.3-д “Онцгой нөхцөл байдлын үеийн ажил үүргийн хуваарь, шуурхай ажлын төлөвлөгөөг боловсронгуй болгох, ажлын зураглалыг шинэчлэн томьёолох замаар эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтыг өндөр түвшинд шуурхай хэрэгжүүлэх”, 2.1-д “Онцгой нөхцөл байдал үүссэн үед албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг төрийн алба хаагчдаар гүйцэтгүүлэх асуудлыг мэдлэг ур чадварт нь тулгуурлан тодорхойлох, ажлын горимыг уян хатан байдлаар тогтоох, шаардлагатай тохиолдолд дайчлах, татан оролцуулах хүмүүсийн судалгааг гаргах замаар хүний нөөцийн шуурхай зохион байгуулалтаар хангах” гэж зөвлөмжилсөн. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авалгүй гаргасан шийдвэрийг анхаарч үзэхийг хүсье.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
Давж заалдах гомдолд “... Б/07 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасныг үндэслээгүй. ... Д.Б-аар өөр ажил, албан тушаалыг /ариутгагч/ хийж хэрэгжүүлэх гэж байсныг үндсэн ажил, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хууль болон эрх зүйд тодорхойлон тусгагдсан зүйл байхгүй” гэжээ.
Маргаан бүхий Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д заасныг үндэслэн, Д.Б-ийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гүйцэтгэхээс татгалзаж, төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй зэрэг сахилгын зөрчил дутагдал гаргасан гэж дурдан, албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авчээ.
Төрийн албаны тухай хуулийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ... 48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасан.
Маргаан бүхий актад дээрх хуулийн 48.1.2 дахь заалтыг үндэслэснээ тусгаж, Д.Бийг “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээс татгалзаж ...” гэж мөн хуулийн 37.1.13-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” нийтлэг үүргээ биелүүлээгүй гэдэгт хамаарах бодит нөхцөл байдлыг тодорхой дурдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх Д.Б-ийг онцгой нөхцөл байдлын үед тогтоосон журмын дагуу Ханги хилийн боомтод 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр томилолтоор ажиллах үүрэг нь түүний Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан 1 дүгээр зорилтын хүрээнд “Цаг үеийн шинжтэй онцгой нөхцөл байдалд зохих журмын дагуу ажиллах” гэж заасанд хамаарна гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь хариуцагчийн “... тухайн үед ариутгагч нарын ачаалал их байсан, түүний ажилд туслуулах, экспорт импортын бичилт хийлгэх гэх мэт хэд хэдэн чиглэлээр зарим улсын байцаагч нарыг ээлжлэн Ханги хилийн боомт руу явуулж байсан” гэх тайлбар, цаг үеийн онцгой нөхцөл байдалтай холбоотой хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бийг 04 дүгээр сарын 05, 12-ны өдрүүдэд Ханги хилийн боомтод томилолтоор ажиллуулахдаа “ариутгагч”-ийн ажлын бүх чиг үүргийг гүйцэтгэхийг шаардсан талаар баримт байхгүй, мөн шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг тухайн үед нь өгч ажиллахаар байсан нь тогтоогдож байх тул “тусгай сургалтын үндсэн дээр хийх ариутгагчийн ажлыг гүйцэтгүүлэх нь ажлын байрны зорилго, зорилтод заагаагүй ажил” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
Мөн давж заалдах гомдолд “... Ханги боомтод хэзээ ажиллах нь тодорхойгүй, хуваарь нь гараагүй байсан, 04 дүгээр сарын 05-ны өдөр утсаар дуудан томилолт бичиж олгосон гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно” гэжээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Б-ийн 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тайлбарт[1] “04 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Г нь өрөөндөө дуудаж Ханги боомтод явж ажиллах нь байна шүү гэж хэлсэн. ... 04 дүгээр сарын 05-ны өдөр яг хэдэн цагт явахыг тодорхой хэлээгүй” гэх тайлбараар явах өдрийг урьдчилан мэдэгдсэн нь тогтоогдож байна. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны А/12 дугаар тушаалаар[2] Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт албан хаагчдыг тусгай горимоор ажиллуулахаар шийдвэрлэж, ажилтан бүр гар утсаа байнга нээлттэй байлгаж, албан ажлын шаардлагаар дуудагдан ажиллахад бэлэн байх” талаар үүрэг болгосон байна.
Гэтэл хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Д.Б-ийн утас 04 дүгээр сарын 05-ны өдөр холбогдоогүй, хэлтсийн дарга У.Г нь Ханги боомтод 04 дүгээр сарын 05-ны өдөр явах хүмүүс 14.00 цагт бэлэн байхыг ажилтнуудын группэд мэдэгдсэн болох нь тогтоогджээ.
Үүнээс үзвэл өндөржүүлсэн бэлэн байдлын үед тогтоосон журмыг биелүүлээгүй, гар утсаа нээлттэй байлгаагүй өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас хэдэн цагт явахаа мэдээгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “ хүндэтгэн үзэх шалтгаантай байхад нь харгалзан үзэх байсан” гэх боловч нэхэмжлэгч нь энэ талаараа урьдчилан мэдэгдэж, түүний оронд өөр ажилтан томилох гэх мэт арга хэмжээ авах боломжийг удирдлагадаа олгоогүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Давж заалдах гомдолд “Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 1 дүгээр зөвлөмжийн “мэдлэг ур чадварт нь тулгуурлан ажлын горимыг уян хатан байдлаар тогтоох, ... хүний нөөцийг шуурхай зохион байгуулалтаар хангах” гэж заасныг хэрэгжүүлээгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б нь тухайн үүргийн дагуу Ханги боомтод очиж ажиллаагүй учраас бодит байдалд мэдлэг ур чадварт тохирохгүй ажилд томилсон болох нь тогтоогдоогүй, хариуцагчийн гаргасан “ариутгагчид туслуулах, экспорт импортын бичилт хийлгэх хэд хэдэн ажил гүйцэтгэх байсан” гэх тайлбараас үзвэл нарийн мэргэшсэн тусгай мэдлэг ур чадвар шаардагдах ажилд томилсон гэж үзэхээргүй байх тул энэхүү гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
[1] Хэргийн 44 дэх тал
[2] Хэргийн 37-38 дахь тал