| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2406 00000 2587 |
| Дугаар | 2026/ХШТ/36 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ХШТ/36
Ц.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2388 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 71 дүгээр магадлалтай Ц.Т-д холбогдох 2406 00000 2587 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргалын гаргасан гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 08-аас 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... ам, ... тоот хашаанд байх байшин дотор зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр буюу бусдад худалдан борлуулах зорилгоор ховор ургамал болох сибирь нарс (хуш)-ны үр буюу самар нийт 930.3 кг-ыг хадгалж, байгаль орчинд 92.006.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ буюу 5 ширхэг хуш мод тарих үүрэг хүлээлгэж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн Тамгын газрын төрийн сангийн данснаас 5.581.800 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-аас Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 930.3 кг цайруулсан самрыг улсын орлогод оруулан,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-аас 86.424.870 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Ц.Т нь сибирь хушны үр идээ самрыг ойгоос хууль бусаар түүж, бэлтгэсэн үйл баримт тогтоогдоогүй, бусдад зарж борлуулахаар худалдан авсан, хадгалсан гэм буруутайд тооцогдсон байхад давж заалдах шатны шүүхээс Ц.Т-ыг хууль бусаар самар түүж бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж, ойн санд 92.006.670 төгрөгийн хохирол учирсан гэж экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй шийдвэр болсон.
Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан байх боловч ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэн ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэж хохирол нөхөн төлүүлэх тухай хуульчлаагүй.
Иймд Ц.Т-ын самар худалдан авч, хадгалсан үйлдлийг давж заалдах шатны шүүхээс хууль бусаар самар түүж, бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж хохирол тооцож байгаа нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан сибирь хуш модны 930.3 кг самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалж байсан үйл баримт нотлох баримтуудаар нотлогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх зах зээлийн үнэлгээгээр тооцсон нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нийцээгүй байна гэж үзсэн.
Харин давж заалдах шатны шүүх экологи-эдийн засгийн үнэлгээний өсгөн нэмэгдүүлээгүй дүнгээр хохирлыг тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ гэж дүгнэсэн. Тодруулж хэлбэл, шүүгдэгч нь ховор ургамал болох самрыг хууль бусаар түүж бэлтгэн байгаль орчныг устгаж, гэмтээсэн үйл баримт хэргээс тогтоогдоогүй учраас экологи-эдийн засгийн үнэлгээгээр өсгөн нэмэгдүүлэхгүйгээр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ц.Даваажаргалын гаргасан гомдлоор хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүгдэгч Ц.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 08-аас 13-ны өдрийн хооронд байгалийн ховор ургамал болох сибирь нарс (хуш) модны үрийг цайруулан бэлтгэсэн 930.3 кг самрыг бусдаас худалдан авч, Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... ам, ... тоот хашаанд байх байшинд хадгалсан талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3.Шүүхээс шүүгдэгч Ц.Т-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал “... самар худалдан авч хадгалсан үйлдлийг давж заалдах шатны шүүхээс хууль бусаар самар түүж, бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж хохирол тооцож байгаа нь үндэслэлгүй ...” хэмээн магадлалыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхийг хүсч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ анхан шатны шүүх сибирь нарс (хуш)-ны самрыг зах зээлийн үнэлгээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх экологи-эдийн засгийн үнэлгээгээр өсгөн нэмэгдүүлж тооцсоноор хоёр шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүү үүссэн байна.
Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж дахь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж, дараах дүгнэлтийг хийлээ.
5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1 дэх хэсгээр Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байхыг баталгаажуулсан бол мөн хуулийн арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг болно.
Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ховор, нэн ховор ургамлын генетикийн баялгийг хадгалж үлдэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив үндсэн шинжид нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлүүдийг хамруулсан билээ.
Сибирь нарс (хуш) модны самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад зааснаар ойн дагалт баялагт хамаарахын зэрэгцээ байгалийн ховор ургамалд тооцогддог.
Тодруулбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээ, нөхөн сэргэх чадвар буюу дахин ургах, сэргэх, үржих боломж, хурдыг шалгуур болгон (1) нэн ховор, (2) ховор, (3) элбэг хэмээн ангилж, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д нарсны төрлийн модны үр (ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ)-ийг хамааруулжээ.
Ойн дагалт баялаг, түүнийг ашиглах горимыг Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулахдаа ойн анги, байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчийн зөвшөөрөл (эрхийн бичиг)-д үндэслэн төлбөртэйгөөр ашиглах бөгөөд хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байдаг ба ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээний актыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилсан байдаг.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3.1, 3.4-т тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар, бусад ойгоос ахуйн зориулалтаар 1 удаа 50 кг хүртэлх хэмжээний хуш модны самар бэлтгэхийг зөвшөөрсөн байна.
5.2.Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн” бол Ойн тухай хууль зөрчих зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар заасан нь иргэн, хуулийн этгээд ховор, нэн ховорт хамаарахгүй ойн дагалт баялгийг түүх, бэлтгэхийг зөвшөөрсөн хугацаа, хэмжээний дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн үйлдлийг энэ хориглолтод хамааруулжээ.
Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн зөрчилд Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилсан болно.
Иймд анхан шатны шүүх хуш модны самрыг зах зээлийн үнэлгээгээр хохирлыг тооцон шүүгдэгч Ц.Т-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
5.3.Харин давж заалдах шатны шүүхийн хувьд мөн адил Ойн тухай хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлэхгүйгээр тогтоосон байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зургаан төрлийн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлөх ба нөхөн төлбөрийн хэмжээг мөн зүйлийн 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3 дахь заалтад заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэжээ.
Өөрөөр хэлбэл, ойн санд хортой нөлөөлөл үзүүлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ашигт малтмал олборлох зэрэг үйл ажиллагаа явуулахдаа ойг устгасан, хориглосон үйл ажиллагаа явуулсан бол нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоохоор хуульчилсан тул давж заалдах шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлгүй болно.
5.4.Байгалийн баялаг, ойн сангийн нөөц нь нөхөн сэргээгдэх боловч урт хугацаа шаарддаг, экологийн ач холбогдол өндөрт тооцогддог тул зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд хууль тогтоогчоос онцгой анхаарч, ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлж, түүнийг нэмэгдүүлэн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоон хуульчилсан байдаг.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжуудын суурь хууль болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан.
Шүүгдэгч Ц.Т нь байгалийн ховор ургамалд тооцогдох сибирь хуш модны самрыг хууль бусаар худалдан авч, хадгалсан нь зөвхөн шууд хохирол бус, экологийн тэнцвэрт байдал, ойн нөхөн сэргэх чадавхад сөргөөр нөлөөлөх, ойн санд хохирол учруулсан үйлдэл тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалд 1 кг нойтон хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосны дагуу 930.3 килограмм самрын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 92.006.670 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 276.020.010 (хоёр зуун далан зургаан сая хорин мянга арав) төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Т-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын төрийн сангийн дансанд 5.581.800 төгрөгийг байршуулсан (2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал)-ыг энэхүү дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Даваажаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар тогтов.
6.Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй …” гэж заасан бол Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 22 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд шүүгдэгчид ашигтай хуулийг хэрэглэх тохиолдлыг зөвхөн гэмт хэргийн шинж бүрэлдэхүүн, гэмт үйлдэл, эс үйлдэхүйн материаллаг тодорхойлолттой холбогдуулан зөвшөөрсөн байдаг.
Хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэснээр гагцхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх хэмжээ өөрчлөгдөж буй тул шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл болон ял хүндрэхгүй буюу түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг зөрчихгүй болохыг дурдав.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй дараах алдаа, зөрчил гаргасан байна. Үүнд:
7.1.2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч Ц.Т-аас анх гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчиж, шөнийн цагаар мэдүүлэг авчээ. (1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дахь тал)
7.2.Хэргийн эд мөрийн баримт, нотлох баримт, эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал түүнийг илрүүлэхээр орон байранд нэгжлэг хийх бөгөөд прокурорын зөвшөөрөлд үндэслэдэг.
Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгахдаа шүүгдэгч Ц.Т-ын самрыг хадгалж байсан байшинд нэгжлэг хийсэн атлаа “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” (1 дүгээр хавтаст хэргийн 14-26 дахь тал), “Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” (1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал) үйлдсэн байх ба нэгжлэг хийх прокурорын зөвшөөрөл аваагүй, энэхүү ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулсан бол хүчинтэйд тооцуулаагүй, прокурор энэ талаар шийдвэр гаргалгүй хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хууль бусаар халдсан байна.
7.3.Мөрдөгч хөрөнгө битүүмжлэх ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19:19 цагт хойшлуулшгүйгээр явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ” гэж зааснаар хүчинтэйд тооцуулах саналаа 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ.
Тус ажиллагааг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор … баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчин, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүчинтэйд тооцсон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал) гаргаж, тус тогтоолдоо “... дэслэгч Э.Пунцагцэрэн нь 2024.09.18-ны 18:40 цагт утсаар урьдчилан мэдэгдэж, шуудайтай эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан байна. ... ТОГТООХ нь: ... 2024.09.18-ны өдрийн 18:30 минутад прокурорын зөвшөөрөлгүй явуулсан шуудайтай эд зүйлийг битүүмжилж, хураан авах мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсугай” гэж, нөхөх байдлаар гаргасан байна.
Хүний хувийн болон орон байрны халдашгүй байдлыг хангах, хувь хүний нууцыг хамгаалах, холбогдох хуулийн хэм хэмжээг процесс ажиллагааны үе шат бүрт чанд сахиснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэрэгждэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан алдаа, зөрчил гаргасныг энэхүү тогтоолд буруутган тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2388 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 71 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын:
“... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-аас 86.424.870 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай ...” гэснийг
“... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-аас 276.020.010 (хоёр зуун далан зургаан сая хорин мянга арав) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай ... ” гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Даваажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР