Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 115/ШШ2016/0025

 

 

   Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, иргэн Б.О-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга хоёрын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж тус шүүхэд ирүүлсэн “Эвлэрийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.О нь тус шүүхэд гаргасан, Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Б.О-ыг үүрэгт ажлаас халах тухай" Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасгийн шимтгэлийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа: 

- Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулах.

- Ажилгүй байх хугацааны үндсэн цалингийн 4 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулах;

- Ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хувиар тооцож төлүүлэх гэсэн агуулгаар өөрчилснийг нь хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр харилцан тохиролцов. Үүнд:

1.Нэхэмжлэгч Б.О-ын өөрийнх нь саналыг харгалзан Дорноговь аймгийн И сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилон ажиллуулах,

2.Ажилгүй байх хугацааны үндсэн цалинтай тэнцэх хэмжээний шимтгэлийг 4 сарын хугацаанд олгох /2072444 төгрөг/,

3. Ажил олгогчоос төлөх шимтгэл болох 341952 төгрөгийг нийгмийн даатгалын 6 сарын шимтгэлд тооцох, Үүнд: 2072444-341952=1730826 төгрөгийг олгох.

Энэхүү гэрээ нь хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ш нар нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх агуулга бүхий “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан тус шүүхэд ирүүлжээ.

Дээр дурдсан “Эвлэрлийн гэрээ” нь хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийн хүрээнд байгуулагдсан улмаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасантай тус тус нийцсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн “Б.О-ыг  Дорноговь аймгийн Иххэт сумын Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын байцаагчаар томилон ажиллуулах, түүнд ажилгүй байх хугацааны үндсэн цалинтай тэнцэх хэмжээний шимтгэлийг 4 сарын хугацаанд  /2072444 төгрөг/ олгох, ажил олгогчоос төлөх шимтгэл болох 341952 төгрөгийг нийгмийн даатгалын 6 сарын шимтгэлд тооцох” нөхцөлөөр эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба харин ийнхүү хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварыг нэхэмжлэгч, хариуцагч нарт урьдчилан танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О, хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Л.Ш/-ын  2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулан эвлэрснийг баталж, иргэн Б.О-ын нэхэмжлэлээр, Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан үүсгэсэн 115/2017/0019/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг болон уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн биелүүлэх болохыг  дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА