Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 925

 

2019        12          03                                   2019/ШЦТ/925

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч С.С  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хэрээд овгийн С.С ид холбогдох эрүүгийн 1911029641255 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэрээд овгийн С.С , 2001 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр Хэнтий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Е март худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ХД-75 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхний хаяг: Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 4 дүгээр баг, Талын булаг/ ял шийтгэлгүй, регистрийн дугаар 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.С  нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр Л.Үнэнсайхантай “миний багажыг зөвшөөрөлгүй авлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд нэг дүгээр шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, доод уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцхао, баруун шуунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, 

Хохирогч Л.Үнэнсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 сарын 08-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо тагнуулын байгууллагын байрны 6 давхарт ажлаа хийгээд байж байхад өөр нэг бригадын ажилтан болох Сандагдорж нь миний багажыг барьчихсан ажлаа хийгээд сууж байсан. Тэгэхээр нь би “чи яагаад миний багажыг авчихсан юм бэ” гэсэн чинь “чиний багаж юмуу" гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь ална шүү чамайг гээд над руу салаавч өгөөд босоод ирсэн. Тэгээд бид 2 барилцаж аваад бие биенийгээ заамдаад боосон. Тэгээд хүмүүс бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгсэн миний гарт багаж байсан ба дахиад намайг заамдаад багаж өгөхгүй бол ална шүү гээд гараараа цохисон миний уруул дээд доод хэсэгтээ язарч амнаас цус гарсан, миний шүд тухайн үедээ хөдөлгөөн орчихоор нь би шүд цохичихлоо шүүдээ гээд хэлсэн чинь тэд нар гараад явсан. Бид хоёр хоёулаа эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх 8-11/,

Гэрч Б.Өлийсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сандагдоржийг Үнэнсайханыг цохихыг би хараагүй, намайг очиход цохисон байсан. Үнэнсайханы уруул нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13677 дугаар дүгнэлтэд: “...Л.Үнэнсайханы биед зүүн дээд нэг дүгээр шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, доод уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 23/,

Шүүгдэгч С.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ:  “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би барилгын ажил хийхдээ ашигладаг татагч багажаа алдчихаад 11 сарын 07-ны өдөр би мөн барилга дээр ажилладаг Үнэнсайхан гэх хүнээс та миний багажыг харсан уу гээд асуусан чинь би хараагүй би хүний багаж авдаггүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо тагнуулын байгууллагын барилга дээр ажил дээрээ ирэхэд тэр Үнэнсайхан гэх хүн миний багажыг бариад явж байхаар нь та миний багажыг бариад явж байна наадах чинь тэмдэг тэмдэглэгээтэй миний багаж байна гэж хэлсэн чинь би яахлаараа чиний юмыг хулгайлдаг юм ална шүү пизда минь гээд миний цамцны юүдэнгээс татаад намайг боосон. Тэгсэнээ намайг нуруу болон миний эрүүний доод хэсэг рүү цохисон ба би уг Үнэнсайхан гэх хүнийг өөрөөсөө холдуулах гээд цохисон чинь уруулыг нь цохисон. Тэгсэн манай найз Өлзийбат дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Барилгын замаск татдаг шпателнаас болж маргалдсан. Тэрээр миний алга болсон шпателыг бариад явж байсан ба би түүнд шпателаа авъя гэж хэлснээс болж маргаан болсон. Нүүр лүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 316 дугаар тогтоол /хх 44/, шүүгдэгч С.С ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 42/, хохирогч Л.Үнэнсайханы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 41/, хохирогч Л.Үнэнсайханы гаргаж өгсөн хохиролын баримт /хх 26/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.С  нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр Л.Үнэнсайхантай “миний багажыг зөвшөөрөлгүй авлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд нэг дүгээр шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, доод уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцхао, баруун шуунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хохирогч Л.Үнэнсайханы “...Тэгсэн миний гарт багаж байсан ба дахиад намайг заамдаад багаж өгөхгүй бол ална шүү гээд гараараа цохисон миний уруул дээд доод хэсэгтээ язарч амнаас цус гарсан, миний шүд тухайн үедээ хөдөлгөөн орчихоор нь би шүд цохичихлоо шүүдээ гээд хэлсэн чинь тэд нар гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 8-11/, гэрч Б.Өлийсайханы “...Сандагдоржийг Үнэнсайханыг цохихыг би хараагүй, намайг очиход цохисон байсан. Үнэнсайханы уруул нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 20-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13677 дугаар дүгнэлт /хх 23/, шүүгдэгч С.С ийн “...Үнэнсайхан гэх хүнийг өөрөөсөө холдуулах гээд цохисон чинь уруулыг нь цохисон...” гэх мэдүүлэг /хх 30-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Л.Үнэнсайхан  нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч С.С  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч С.С  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч С.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэрээд овгийн С.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.С  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН