| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0906/Э |
| Дугаар | 944 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 944
2019 12 09 2019/ШЦТ/944
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Ө , түүний өмгөөлөгч Ж.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүвчиг овгийн Т.Ө т холбогдох эрүүгийн 1911000231109 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дүвчиг овгийн Т.Ө , 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байгаад түр чөлөөлөгдсөн, ам бүл 6 эх, 3 дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг, Аржаргалантад оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын 3-3-364 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нл шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон Нуур” нэртэй караокены үүдэнд согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ иргэн Б.Батбаатартай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний зовхинд шарх, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/,
Хохирогч Б.Батбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө эхнэр Туул, эхнэрийн хуурай дүү нар болох Мийгаа болон нэрийг нь мэдэхгүй 2 хүний хамт нийт тавуулаа Нарантуул 2 захын урд талд байдаг “Олон нуур” гэсэн нэртэй караокед орж 0.75 литрийн архи, 4 ширхэг 0.5 литрийн савлагаатай Нийслэл гэсэн нэртэй пиво авч хувааж уусан. Бие засах өрөө рүү очоод хаалгыг татаж үзэхэд цоожтой дотор нь эрэгтэй эмэгтэй 2 хүн хэрэлдээд байх шиг байсан, нэг эрэгтэй хүн хаалга онгойлгон гарч ирэхээр нь зөрөөд орох гэтэл уг залуу миний цээжрүү гараараа нэг удаа цохисон, караоке дотроос нэг цагаан цамцтай залуу гарч ирээд хажуугаас заамдаж аваад бид 3 гарсан, анх маргалдсан залуу миний баруун нүдний хөмсөг орчим цохиод, улмаар хамарлуу дахин цохисон. Яг юугаар яаж гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ...Тэр залуу болон бид 2 согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг мэдэх хэмжээндээ байсан. Бие засах газарлуу орох гэж байхад л миний цээжрүү цохиж, түлхсэний улмаас тэр залуутай маргалдах болсон. Тэрнээс бол өөр ямар нэгэн шалтгаан байхгүй, бид нар бие биенийгээ танихгүй хүмүүс...” гэх мэдүүлэг /хх 22-24/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаар дүгнэлтэд: “...Б.Батбаатарын биед зүүн нүдний зовхинд шарх, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 30/,
Шүүгдэгч Т.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны орой хамт ажиллаж байсан Баярмагнай, Улаанхүү, Батжаргал гэх хүмүүсийн хамт “Нарантуул-2” захын хашаан дотор барилгын туслах ажил хийж байгаад ажлаа дуусаад урд талд нь байх “Олон нуур” нэртэй караокед ороод пиво уугаад суусан. Би хоёр шил пиво л уусан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байсан байх, цагийг нь одоо сайн санахгүй байна. Би ариун цэврийн өрөөнд ороод гараа угааж байтал нэг ах бие засчихаад гарч ирэнгүүтээ намайг холдож бай гэхээр нь би гараа угааж дуусаагүй байна гэхэд чи намайг таних уу гэхээр нь би таныг танихгүй гэтэл чи намайг таних ёстой, гадаа гарах уу гэхээр нь хамт гартал үүдэнд гараад намайг цохихоор нь бултаад шанаа орчимд нь цохиод цаашаа болохоор нь дахиад нэг цохитол цаад талын төмөр хаалгаа мөргөөд унасан ба босоод ирэхээр нь харахад хөмсөг хавиас нь цус гарч байсан. Тэгээд чи намайг юугаар цохичихов гээд дайраад байсан. Тэр үед хамт явсан хүмүүс нь болох хоёр гурван эмэгтэй гарч ирээд намайг явуулахгүй бариад байсан. Тэгээд надтай хамт явсан ах нар гарч ирээд юу болсон гээд ярилцаад байж байтал цагдаа болон түргэний машин ирээд намайг аваад явсан. Ийм л зодоон цохион болсон...” гэх мэдүүлэг /хх 37-40/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 43/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 45-46/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нл шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон Нуур” нэртэй караокены үүдэнд согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ иргэн Б.Батбаатартай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний зовхинд шарх, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/, хохирогч Б.Батбаатарын “...анх маргалдсан залуу миний баруун нүдний хөмсөг орчим цохиод, улмаар хамарлуу дахин цохисон. Яг юугаар яаж гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ...Тэр залуу болон бид 2 согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг мэдэх хэмжээндээ байсан...” гэх мэдүүлэг /хх 22-24/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаар дүгнэлт /хх 30/, шүүгдэгч Т.Ө ын “...намайг цохихоор нь бултаад шанаа орчимд нь цохиод цаашаа болохоор нь дахиад нэг цохитол цаад талын төмөр хаалгаа мөргөөд унасан ба босоод ирэхээр нь харахад хөмсөг хавиас нь цус гарч байсан. Тэгээд чи намайг юугаар цохичихов гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх 37-40/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийхгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Батбаатар нь 620.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Т.Ө аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дүвчиг овгийн Т.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хохирогч Б.Батбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 620.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтгүй тул хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Ө аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ө т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН