Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 961

 

 

 

 

 

 

 

 

2019         12          13                                   2019/ШЦТ/961

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч О.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ханхөгшин овгийн О.Б д холбогдох эрүүгийн 1911029121259 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ханхөгшин овгийн О.Б , 1996 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкинд теллер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 2-35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 1-116 тоотод иргэн Б.Энхнарантай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хохирогч Б.Энхнаран нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 11 сарын 03-ны өдөр манай найз Мягмардоржийн төрсөн өдөр болоод найзуудаараа цугларч караокед суун архи, пиво ууцгааж байгаад шөнийн 00 цагийн орчимд уг газраас гарч Чингэлтэй дүүрэгт байрлах Гантогтохын гэрт Мягмардорж, Балжинням, Гантогтох нарын хамт очоод гэрт нь байсан соёрхол нэртэй 0.5 литрийн архийг ууж байх хооронд Балжинням том өрөөний орон дээр унтах гээд хэвтэж байхаар нь очоод сэрээх санаатай хацар руу нь алгадтал босч ирээд уурлаад эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал Балжинням миний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохитол хөл алдаад доор асгарчихсан байсан тосон дээр хальтраад зуухны хажууд байсан дөрвөлж дээр унаж уруулаа язалсан. Миний биед үүссэн гэмтлүүдийг О.Б  надад үүсгэсэн. Балжинням намайг цохих үед хөл алдан газар унахдаа дөрвөлж мөргөөд уруулаа язлаад зүүн хацраа шалбалсан, хүзүүнд учирсан зулгаралт нь зүүж байсан зүүлтнээс татчихсан чинь ором гарчихсан, зулай, дагзны хуйханд шарх, хаван хавдар, тархи доргилт гэмтэл нь би унах үедээ түлээ мод хийдэг дөрвөлж мөргөж унасан болохоор тэрнээс болж үүссэн байх. Түүнээс толгой тархи руу цохиогүй. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 10-12/,

Гэрч Л.Гантогтох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энхнаран эхлээд Балжиннямыг хэвтэж байхад зовиуртай эрүү рүү нь хэд хэдэн удаа цохисон бөгөөд үүнээс болоод Балжинням нь босч ирээд Энхнарангийн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Д.Мягмардорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...намайг Гантогтохын гэрт орох үед Энхнаран болон Балжинням нар нь хоорондоо заамдалцсан байдалтай, тэдний голд Гантогтох зогссон салгаж байсан ба тухайн үед Энхнарангийн зөвхөн нүүр хэсэг нь шалбарчихсан уруул нь хараахан сэтрээгүй байсан... ” гэх мэдүүлэг /хх 16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13413 дугаар дүгнэлтэд: “...Б.Энхнарангийн биед хацар, хоолой, уруул, зулай, дагзны хуйханд шарх, зулгаралт, хаван хавдар, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 20/,

Шүүгдэгч О.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өөрийн найзуудтайгаа 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж, Элба төвийн урд байрлах Рич нэртэй караокед орж үйлчлүүлсэн ба тэндээ нийт 2 шил архи уусан. Тухайн үед Энхнаран архи уугаагүй ба шөнийн 23 цагийн орчимд караокеноос гараад такси бариад Гантогтохын Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах гэрт нь очсон. Гантогтохын гэрт очсоны дараагаар Энхнаран болон Оюунаа гэх хамт явж байсан эгчийн хамтаар 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан бөгөөд тухайн үед би гэртээ харьчихаад буцаад ирсэн учир ядраад унтаад өгсөн. Намайг зүүрмэглээд унтаж байхад Энхнаран над руу ирээд “...чи унтах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм...” гэхэд нь түүнийг өөрөөсөө холдуулсан ба намайг хэвтэж байхад шууд миний нүүр рүү нэг удаа цохисон бөгөөд тухайн үед би уурлаад түүний нүүр рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 26-28/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 31/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 833 дугаар тогтоол /хх 42/, шүүгдэгч О.Б ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 39/, хохирогч Б.Энхнарангийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13480 дугаар дүгнэлтэд /хх 18/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 1-116 тоотод иргэн Б.Энхнарантай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч Б.Энхнарангийн “...Миний биед үүссэн гэмтлүүдийг О.Б  надад үүсгэсэн. Балжинням намайг цохих үед хөл алдан газар унахдаа дөрвөлж мөргөөд уруулаа язлаад зүүн хацраа шалбалсан, хүзүүнд учирсан зулгаралт нь зүүж байсан зүүлтнээс татчихсан чинь ором гарчихсан, зулай, дагзны хуйханд шарх, хаван хавдар, тархи доргилт гэмтэл нь би унах үедээ түлээ мод хийдэг дөрвөлж мөргөж унасан болохоор тэрнээс болж үүссэн байх...” гэх мэдүүлэг /хх 10-12/, гэрч Л.Гантогтохын “...Энхнаран эхлээд Балжиннямыг хэвтэж байхад зовиуртай эрүү рүү нь хэд хэдэн удаа цохисон бөгөөд үүнээс болоод Балжинням нь босч ирээд Энхнарангийн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 15/, гэрч Д.Мягмардоржийн “...намайг Гантогтохын гэрт орох үед Энхнаран болон Балжинням нар нь хоорондоо заамдалцсан байдалтай, тэдний голд Гантогтох зогссон салгаж байсан ба тухайн үед Энхнарангийн зөвхөн нүүр хэсэг нь шалбарчихсан уруул нь хараахан сэтрээгүй байсан... ” гэх мэдүүлэг /хх 16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13413 дугаар дүгнэлт /хх 20/, шүүгдэгч О.Б ын “...Энхнаран над руу ирээд “...чи унтах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм...” гэхэд нь түүнийг өөрөөсөө холдуулсан ба намайг хэвтэж байхад шууд миний нүүр рүү нэг удаа цохисон бөгөөд тухайн үед би уурлаад түүний нүүр рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 26-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Энхнаран нь “...Балжиннямтай ямар нэгэн хохиролын маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч О.Б  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч О.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханхөгшин овгийн О.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч О.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН