Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 380

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Б-ын Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910009190357 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Голомт банкны хоумланд орон сууцны төвд зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ........ дугаар гудамж ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт Б-ын Э- /РД: ................/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Т.Урангоог хардаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Урангоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би ажлынхаа хүмүүстэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караоке бааранд 20 цагийн үед ороод сууж байгаад хамтран амьдрагч Б.Э-ыг дуудсан, тэгээд хамт сууж байгаад 22 цагийн үед гарсан чинь Б.Э- намайг хардаад бид хоёр маргалдсан. Э- намайг машиндаа суулгаад намайг морингийн давааны зам руу явсан, замаас гараад шороон зам руу ороод нэлээд хэсэг явж байгаад би зогсоосон чинь намайг хуучин найз залуутай минь хардаад миний зүүн хацар руу алгадаад, миний үснээс зулгаасан. Би түүнийг тайвшруулаад бид хамтдаа Э-ы гэрт очсон. Бид хоёр унтах гээд хэвтэж байхад Э- дахиж уурлаад босч ирээд миний хоёр хацар руу алгадахаар нь би хоёр гараараа хаахад миний гар руу цохиод байсан, тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад өглөө болгосон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 16-17, 18/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 4 дүгээр сарын 04-ний ...орой би ажлаа тараад 20 цагийн орчим Урангоогийн байгаа караокед очсон. Тэгээд тэнд Урангоотой хамт сууж байгаад орой 23 цагийн үед гарсан. Бид хоёр машинд суусан. Урангоо надад агсам тавиад миний нүүрийг самардаад байхаар нь би тайвшруулахаар үнсэх гээд татсан чинь миний баруун мөр рүү мөргөөд уруулаа язалсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад хөдлөөд морингийн давааны зам руу яваад хуучин цагдаагийн постны хажуугаар хойшоогоо эргээд зогссон. Тэгээд бид хоёр дахиад маргалдаж байгаад манай гэр рүү явсан. Ингээд гэрт ороод унтахаар хэвтэж байгаад дахин маргалдаж байгаад “чи хуучин найз залуудаа хөх бөгсөө ингэж бариулсан уу” гээд хөх, бөгснөөс нь базаад хацар руу нь алгадсан...” /хх-ийн 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №4361 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Т.Урангоогийн биед хацар, эрүү, бугалга, шуу, өвдөгт цус хуралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Т.Урангоогийн гаргасан өргөдөл /хх-ийн 6/,

- Цагдаагийн шуурхай удирдлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 47-55/,

-  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/,

- Хохирогчийн “...гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 60/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Т.Урангоог хардаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хацар, эрүү, бугалга, шуу, өвдөгт цус хуралт, уруулд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Урангоогийн “...Б.Э- намайг хуучин найз залуутай минь хардаад миний зүүн хацар руу алгадаад, миний үснээс зулгаасан тэгэхээр нь би тайвшруулаад ...бид хоёр Э-ы гэрт ирсэн. Унтах гээд бид хоёр хэвтэж байхад Э- дахиж уурлаад босч ирээд миний хоёр хацар руу алгадсан, би гараараа хаахад миний гар руу цохиод байсан...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч Б.Энхтайвны “...Урангоо надад агсам тавиад миний нүүрийг самардаад байхаар нь би тайвшруулахаар үнсэх гээд татсан чинь миний баруун мөр рүү мөргөөд уруулаа язалсан. ...Бид хоёр дахиад маргалдаж байгаад манай гэр рүү явсан. Ингээд гэрт ороод унтахаар хэвтэж байгаад дахин маргалдаж “чи хуучин найз залуудаа хөх, бөгсөө ингэж бариулсан уу” гээд би хөх бөгснөөс нь базаад хацар руу нь алгадсан...” /хх-ийн 33-34/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №4361 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Т.Урангоогийн биед хацар, эрүү, бугалга, шуу, өвдөгт цус хуралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Т.Урангоогийн эрүүл мэндэд биед хацар, эрүү, бугалга, шуу, өвдөгт цус хуралт, уруулд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-ийн 60/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.          

 

Шүүгдэгч Б.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Энхтайвныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910009190357 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.Урангоо нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э- торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910009190357 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Т.Урангоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР