| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0375/Э |
| Дугаар | 381 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 381
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910002140187 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мон кабель системс” ХХК-д техникч ажилтай, ам бүл 2, өвөөгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ........ дугаар гудамжны .............. тоотоод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Б-ын Б- /РД: .............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг цэгийн шатан дээрээс хохирогч М.Д-г түлхэж унагаан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний бүх зардлыг гаргаж, эмчилгээг нь хийлгэсэн. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 07-ны орой Мөнхнамир нэртэй караокед найзтайгаа уулзахаар болсон. Тухайн караокед ирээд найзыгаа хүлээх зуур пиво ууж байтал манай найз ирж амжихааргүй болсон гэж над руу утсаар хэлэхээр нь тухайн караокеноос гараад явж байхад караокед сууж байхад эсрэг талын ширээн дээр сууж байсан нэг залуу араас гарч ирээд хаачих гэж байгаа юм, хамт явах уу гээд дагаад байхаар нь караокений ойролцоо байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэгийн шатан дээр гарч зогсоод ойртох юм бол өшиглөнө шүү гэхэд намайг тухайн шатнаас түлхэж буулгасан. Би шатнаас буухад намайг хавсарч шатан дээр миний дээр унасан, үүнээс болж миний нуруу, толгой өвдөөд байхаар нь арай гэж босоод хагас сууж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь яагаад худлаа маяглаад байгаа юм, босооч гээд миний хөл рүү өшиглөсөн. Удалгүй хоёр цагдаа машинтай ирээд бид хоёрыг тэндээс авч явсан. ...Тэр залуу миний хөл рүү нэг удаа өшиглөж, намайг шат руу унагаасан, үүнээс болж миний нурууны сэртэнгийн хоёр үед хугаралтай болсон. Би унахдаа шатны хоёр гишгүүрт нуруугаараа цохигдож унасан бөгөөд дээд талын гишгүүрийн ирмэг хэсэгт нурууны гол хэсгээр хөндлөн байрлалтай, доод талын гишгүүрийн ирмэг хэсэгт нурууны доод, ахар сүүлний дээд хэсгээр хөндлөн цохигдож би дээшээ харсан байрлалтай унасан. Намайг шатан дээр нуруугаар унагаахад миний толгой савагдаж баруун талын шанаагаараа шатны дээд талын гишгүүрийн тавцанд цохигдсон. ...Эмчилгээний бүх зардлыг Б- хариуцаж эмчилгээ хийлгэсэн тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 18-20, 21/ гэсэн,
Гэрч О.Сүхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Яармагийн шинэ эцсийн ойролцоо Намир нэртэй газар М.Бат-Эрдэнэ, Н.Цогбаяр, Б- нарын хамт орсон. Бид нарыг ороод нэг цаг гучин минут орчмын дараа 30 орчим настай эмэгтэй ганцаараа орж ирсэн, бид нар тэр эмэгтэйг ширээндээ урьж суулгасан, үүнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь Б-, тэр эмэгтэй хоёр байхгүй болсон байсан. Би шөнө 01 цагийн үед гэртээ харьсан, өөр мэдэх зүйл байхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Гэрч Н.Цогбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Яармагийн шинэ эцсийн ойролцоо Намир нэртэй газар М.Бат-Эрдэнэ, Сүхбат, Б- нарын хамт орсон. ...Тэгээд тэр хүүхэн бид нартай хамт авсан байсан архинаас уусан. Ингээд тэр хүүхэн Б-той хамт тухайн газраас гарцгаасан. Караокенд Сүхбат, Бат-Эрдэнэ бид гурав үлдсэн. Б-ийг нөгөө хүүхэнтэй явчихлаа гэж бодсон, тэгээд би гэртээ харьсан...” /хх-ийн 27-28/ гэсэн,
Гэрч М.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед Яармагийн шинэ эцсийн ойролцоо Намир нэртэй караокед Цогбаяр, Б-, Сүхбат нарын хамт орсон. Миний хувьд нилээд муудчихсан байсан, нэг харсан манай ширээн дээр нэг танихгүй хүүхэн суучихсан байсан, миний ухаан санаа орж гараад байсан. Санаж байгаа зүйл байхгүй...” /хх-ийн 30-31/ гэсэн,
Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бүсэлхийн 1-ээс 3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдах бөгөөд нурууны булчин ар хэсгээр мохоо зүйл дээр нурууны ар хэсгээр унахад үүсэх боломжтой гэмтэл. Харин баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх-ийн 34-35/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би тухайн үед нилээн согтчихсон байсан, М.Д- тооцоогоо хийгээд гараад явахаар нь би түүнтэй танилцах санаатай очоод хоёулаа танилцъя гээд гараас нь татах гэж байгаад шат руу унагаачихсан юм. Би бас хамт унасан, цаг 01-02 цаг болж байсан байх, М.Д- цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. М.Д-гийн эмчилгээний бүх зардлыг миний бие өгсөн, одоо бид хоёрт ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. М.Д-г шат руу унагаах үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нэг байгаа...” /хх-ийн 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1187 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Д-гийн биед бүсэлхийн 1-ээс 3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 8/,
- Цагдаагийн шуурхайн удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13-15/,
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 61-65/,
- Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48-49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/, ял шалгах хуудас /хх-ийн 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг цэгийн шатан дээрээс М.Д-г түлхэж унагаан, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1-ээс 3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Д-, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны №1187 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-гийн эрүүл мэндэд бүсэлхийн 1-ээс 3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч М.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 21/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910002140187 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Б.Б- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910002140187 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Б.Б- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР