| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0376/Э |
| Дугаар | 382 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 382
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810012830297 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Жи корон” ноос ноолуурын үйлдвэрт ачигч ажилтай, ам бүл 5, ах, эгч, хоёр дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ......... сум, ......... дүгээр баг, .............. оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ............ хорооллын ............ тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Б-ын Б- /РД: .............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамжны 36 тоот хашааны гадаа иргэн Б.Э-тэй “таксины хөлс төлсөн” гэж маргалдан гарын хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 17-ны үүрээр 04 цаг 50 минутын орчим харих гээд явж байхад Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр согтуу залуу гар өргөхөөр нь авсан, Яармагийн дэнж орно гэж яваад түүний зааснаар тойрч явж байгаад өвсний фондын тэнд гэрийнх нь үүдэнд очоод зогссон. Тэгээд тэр залууд тооцоо 12,000 төгрөг болсон гэхэд тэр залуу гартаа 20,000 төгрөг барьчхаад өгөхгүй сууж байгаад машинаас буугаад хашаандаа орох гэхээр нь би хойноос нь гараад мөр хэсгийнх нь цамцнаас таттал “чи намайг дээрэмдэх гээд байгаа юм уу” гэхээр нь би “чи таксины мөнгөө өгөөч” гэж хэлэхэд гартаа мөнгө барьчхаад “би чамд мөнгийг чинь өгчихсөн биз дээ, энэ миний мөнгө” гээд байхаар нь оруулахгүй гээд цамцнаас нь барьсан байхад миний баруун гарын дунд хурууны үзүүр хэсгээс нь хазчихаад тавихгүй болохоор нь би түүнийг тавиулах гээд хөлөөрөө хавирахад тэр залуу миний хурууг тавихгүй амандаа зуусан чигээрээ надтай хамт газарт унасан. Тэгтэл тэр залуу хашаа налж суучихаад “намайг дээрэмдэх гэлээ” гээд орилоод байсан...” /хх-ийн 15-16/ гэсэн,
Гэрч С.Чулуунбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 17-ны үүрээр унтаж байхад хашааны гадаа хүмүүс орилох чимээ гарахаар нь сэрээд гараад харахад хоёр залуу барилцсан байдалтай зогсож байхаар нь очиход манай хажуу айлын хүүхэн дээр ирээд байдаг Баянаа гэдэг залуу таксины жолооч бололтой залуутай зууралдаад заамдалцсан байсан. Таксины жолооч “та энэ хүнийг таних уу?, энэ хүн Яармагаас такси барьчхаад мөнгөө өгөхгүй гэртээ орох гэхээр нь бариад авахад хуруу хазчихлаа” гээд баруун бил үү, зүүн гарых нь дунд хуруу доошоо далийгаад унжсан байсан. Харин Баянаа болохоор гартаа 20,000 төгрөг атгачихсан, “муусайн гуйлгачингууд хариулт байхгүй байж” гээд хашхираад байсан. Намайг харж байхад тэр хоёр нэгнийгээ цохиж, зодоогүй, Баянаа согтуу гадаа завилж суучхаад та нар намайг нийлж дээрэмдэж байна уу гээд орилж байгаад найз хүүхнийг нь дуудаж гаргаж ирсэн...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Гэрч Д.Лхамхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б- хөдөө ажилладаг, хаяа хотод ирэхээрээ л над дээр ирж хонодог найзууд. 2018 оны 5 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Б- манай гэрт ирсэн, тухайн үед манай хамаатны ах, эгч нар ирсэн байсан болохоор буцаад явсан. Маргааш өглөө нь буюу 17-ны өглөө гадаа хүмүүс орилоод байхаар нь гараад харахад Б- шал согтуу, таксины жолооч гээд нэг залуу надад “танай нөхөр чинь таксины мөнгөө өгөхгүй, гар хазчихлаа” гээд хуруугаа барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Б-ад уурлаад таксины жолоочид “наадах чинь манай нөхөр биш, цагдаа дуудаж өг” гэж хэлээд гэртээ орсон...” /хх-ийн 23-24/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 16-ны шөнө нэг хүнтэй уулзаж архи уучхаад өглөө нь тухайн үед үерхдэг байсан Лхамхүүгийн гэрт очих гээд Яармагийн эцсийн автобусны буудлаас такси барьсан. Тэгээд Лхамхүүгийн гэрийн гадаа очоод тооцоо нь арван хэдэн мянган төгрөг гарлаа гэж хэлсэн. Тэгээд би жолоочид бэлэн 20,000 төгрөг өгчхөөд хариултаа авах гэтэл өгөхгүй байсан. Тэгээд би машинаас нь буугаад Лхамхүүгийн хашаанд орох гэтэл жолоо барьж байсан залуу нь намайг заамдаад “амь хэрэгтэй юу?, мөнгө хэрэгтэй юу?” гэхээр нь би “аль аль нь хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр жолооч миний халаасанд байсан түрийвчийг авах гээд ноцолдоод байхаар нь би жолооч залуугийн гарынх нь хурууг хазчихсан. Тухайн үед би нилээн согтуу байсан...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №6444 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Э-ийн биед баруун сарвууны 3-р хуруунд хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Э-ийн өргөдөл /хх-ийн 10/,
- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой гэрч Х.Барсын мэдүүлэг /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 46, 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44, 45/, оргодол эрэн сурвалжилсан баримт /хх-ийн 47-48, 52-54/, Хил хамгаалах Ерөнхий газрын албан тоот /хх-ийн 56/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамжны 36 тоот хашааны гадаа иргэн Б.Э-тэй “таксины хөлс төлсөн” гэж маргалдан гарын хурууг нь хазаж, эрүүл мэндэд нь баруун сарвууны гуравдугаар хуруунд хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э-ийн “...Тэр залуу гартаа 20,000 төгрөг барьчхаад өгөхгүй сууж байгаад машинаас буугаад хашаандаа орох гэхээр нь би хойноос нь гараад мөр хэсгийнх нь цамцнаас таттал “чи намайг дээрэмдэх гээд байгаа юм уу” гэхээр нь би “чи таксины мөнгөө өгөөч” гэж хэлэхэд гартаа мөнгө барьчхаад “би чамд мөнгийг чинь өгчихсөн биз дээ, энэ миний мөнгө” гээд байхаар нь оруулахгүй гээд цамцнаас нь барьсан байхад миний баруун гарын дунд хурууны үзүүр хэсгээс нь хазчихаад тавихгүй болохоор нь би түүнийг тавиулах гээд хөлөөрөө хавирахад тэр залуу миний хурууг тавихгүй амандаа зуусан чигээрээ надтай хамт газарт унасан...” /хх-ийн 15-16/ гэсэн, гэрч С.Чулуунбатын “...Баянаа гэдэг залуу таксины жолооч бололтой залуутай зууралдаад заамдалцсан байсан. Таксины жолооч “та энэ хүнийг таних уу?, энэ хүн Яармагаас такси барьчхаад мөнгөө өгөхгүй гэртээ орох гэхээр нь бариад авахад хуруу хазчихлаа” гээд баруун бил үү, зүүн гарых нь дунд хуруу доошоо далийгаад унжсан байсан...” /хх-ийн 21-22/, гэрч Д.Лхамхүүгийн “...Маргааш өглөө нь буюу 17-ны өглөө гадаа хүмүүс орилоод байхаар нь гараад харахад Б- шал согтуу, таксины жолооч гээд нэг залуу надад “танай нөхөр чинь таксины мөнгөө өгөхгүй, гар хазчихлаа” гээд хуруугаа барьчихсан зогсож байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №6444 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Э-ийн биед баруун сарвууны 3-р хуруунд хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт, өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд баруун сарвууны гуравдугаар хуруунд хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 18/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Б.Б-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Эрүүгийн 1810012830297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл /шүүхийн шатанд цагдан хоригдсон/ нийт 12 хоног цагдан хоригдсоныг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б-ын Б-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.
4. Эрүүгийн 1810012830297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Б.Б- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР