Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 388

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Д-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910000250337 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Тайж 52” СӨХ-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ....... сумын ....... дугаар баг, ........ гэх газар оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ...... дүгээр байрны ......... түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Д-ын Н- /РД: ............./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайж 52 дугаар байранд оршин суугч Ө.Б-тэй “машинаа гаргаж зам чөлөөлж өг” гэж маргалдаж, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Н-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ө.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2010 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд манай байрны хаалгыг маш хүчтэй хэд хэдэн удаа цохихоор нь би “юу болсон юм бол” гээд босоод хувцсаа өмсөөд очих хооронд хүчтэй хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би хаалгаа онгойлгоход манай байрны харуул, түүний эхнэр болон хажууд нь нэг эмэгтэй байсан. Байрны харуул "машинаа холдуул, машин гарах гээд байна" гэхээр нь би “та нар хүний автомашины зогсоол дээр өөр хүний машин яахаараа тавьдаг юм, даргаа дууд, би машинаа холдуулахгүй” гээд хаалгаа хаах гээд таттал байрны харуул хаалга хаалгуулахгүй биеэрээ хашиж зогсохоор нь би байрны харуулыг түлхэхэд харуул буцаж хүрч ирээд хаалгыг хөлөөрөө хашиж гараараа хаалганы бариулнаас зуурч зогссон. Би дахиад хэд хэдэн удаа хаалгаа татсан боловч тавихгүй зууралдахаар нь мөр цээж рүү нь хүчтэй түлхэн холдуулахад харуул эргэж над руу дайрч хүзүү, шанаан тус газар луу нэг удаа цохин хаалганаас барьж авсан. Тэгэхээр нь би харуулын хүзүү, шанаанд нэг удаа цохиход өөдөөс харуул хамар луу хүчтэй хоёр удаа цохиход хамар шажигнаж дуугаран хамрын хоёр нүхнээс их хэмжээний цус гарсан. Тэгээд харилцан харуултай 2-3 удаа цохилцох үед харуулийн эхнэр гэх эмэгтэй нөхрийгөө болиулах гэж оролдож байсан...” /хх-ийн 9-10/ гэсэн,

 

Гэрч Н.Мөнх-Учрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн орчим 52 дугаар байрны гадаа цэвэрлэгээ хийгээд манай нөхөр Д.Н- зогсоол дээр байсан машиныг гаргаж байх үед уг байрны 42 тоотод оршин суугч эмэгтэй машинаа аваад гарах гэхэд 18 тоотод оршин суух Б- гэдэг хүний машин замыг нь таглаж зогссон байсан учир би хаалгыг нь цохих үед онгойлгож өгөхгүй байсан. Гэтэл Д.Н- араас ирээд хаалгыг нь цохих үед Б- нь өөрөө хаалгаа онгойлгон гарч ирээд “машинаа холдуулж чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаах гэхэд нь Н- нөгөө залуутай зууралдаж авсан. Гэтэл Б- нь миний нүүрэнд гараараа түлхэх үед Н- “чи яагаад эмэгтэй хүнийг цохиж байна” гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохих үед хамарнаас нь цус гараад хамт зогсож байсан 42 тоотод оршин суух эмэгтэй утсаараа цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 16-18/ гэсэн,

 

Гэрч Д.Жавзмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...машинаа гаргах гэтэл ...машин урд талд хаагаад тавьсан байсан. Тэгэхээр нь би манаач Н-д “машинаа гаргах гэсэн юм, энэ машины жолоочийг дуудаад өгөөч” гэхэд тэрээр жолоочийг нь дуудахаар явсан. ...Н-гийн эхнэртэй нь хамт хар өнгийн машины жолоочийн гэр лүү явсан. Бид хоёр 17 дугаар байрны 4 дүгээр давхарт гарахад цайвар өнгийн хаалга дэлгээтэй байсан. Үүдэнд нь Н- зогсож байсан. Гэтэл тэр айлын эзэн бололтой эрэгтэй хүн “чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь би тэр хаалгыг нь нилээн чанга хэд хэд цохиход хаалга нээгдээд Б- гарч ирснээ манаач ...Н-тай маргалдаад, бие биенээсээ зуурч аваад, энэ хооронд Н-гийн эхнэр тэдний дундуур ортол Н-г эхнэртэй нь хавсарч мөргөлдүүлээд байсан. Тэгтэл Н- Б-т эхнэрээ цохиулахгүй гээд Б-ийн хамар орчим гараараа нэг удаа цохиход түүний хамарнаас цус гараад эхэлсэн....” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 52 дугаар байрны гадаа ажилтай байх үед уг байрны оршин суугч эмэгтэй гарах гэхэд машиныг нь Б-ийн машин таглаж зогссон байхаар нь би очоод хаалгыг нь цохих үед гарч ирээд хэрүүл хийж байгаад манай эхнэр Мөнх-Учралыг цохисон учир би эхнэрээ өмөөрч Б-ийн хамарт нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болно...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №495 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ө.Б-ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ө.Б-ийн өргөдөл /хх-ийн 3/,

-  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 48/, “Тайж 52” СӨХ-ны цалингийн тодорхойлолт /хх-ийн 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, шийтгэх тогтоолын хуулбар, зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-59-60/,

- Хохирогчийн “...хохирлын талаар маргаан байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 65/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайж 52 дугаар байрны оршин суугч Ө.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.Б-ийн “...2010 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд ...байрны харуул "машинаа холдуул, машин гарах гээд байна" гэхээр нь би “та нар хүний автомашины зогсоол дээр өөр хүний машин яахаараа тавьдаг юм, даргаа дууд, би машинаа холдуулахгүй” гээд хаалгаа хаах гээд таттал байрны харуул хаалга хаалгуулахгүй биеэрээ хашиж зогссон. ...Би хаалгаа татсан боловч тавихгүй зууралдахаар нь мөр, цээж рүү нь хүчтэй түлхэн холдуулахад харуул эргэж над руу дайрч хүзүү, шанаанд нэг удаа цохиж хаалганаас барьж авсан. Тэгэхээр нь би харуулын хүзүү, шанаанд нэг удаа цохиход өөдөөс харуул хамар луу хүчтэй хоёр удаа цохиход хамар шажигнаж дуугаран хамрын хоёр нүхнээс их хэмжээний цус гарсан...” /хх-ийн 9-10/ гэсэн, гэрч Н.Мөнх-Учралын “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн орчим ...Д.Н- хаалга цохих үед Б- өөрөө хаалгаа онгойлгон гарч ирээд “машинаа холдуулж чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаах гэхэд нь Н- нөгөө залуутай зууралдаж авсан. Гэтэл Б- миний нүүрэнд гараараа түлхэх үед Н- “чи яагаад эмэгтэй хүнийг цохиж байна” гэж хэлээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохих үед хамарнаас нь цус гараад хамт зогсож байсан 42 тоотод оршин суух эмэгтэй утсаараа цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 16-18/ гэсэн, гэрч Д.Жавзмаагийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө ...машинаа гаргах гэтэл ...машин урд талд хаагаад тавьсан байсан. Машины эзэн бололтой эрэгтэй хүн “чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгэхээр нь би тэр хаалгыг нь нилээн чанга хэд хэдэн удаа цохитол хаалга нээгдээд Б- гарч ирснээ манаач ...Н-тай маргалдаад, бие биенээсээ зуурч аваад, энэ хооронд Н-гийн эхнэр тэдний дундуур ортол Н-г эхнэртэй нь хавсарч мөргөлдүүлээд байсан. Тэгтэл Н- нь Б-т эхнэрээ цохиулахгүй гээд Б-ийн хамар орчим гараараа нэг удаа цохитол түүний хамарнаас цус гараад эхэлсэн...” /хх-ийн 19-20/ гэсэн, шүүгдэгч Д.Н-гийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...би очоод хаалгыг цохих үед Б- гарч ирээд хэрүүл хийж байгаад манай эхнэр Мөнх-Учралыг цохисон учир би эхнэрээ өмөөрч Б-ийн хамарт нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болно...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №495 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ө.Б-ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-ийн 61, 65/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Д.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-гийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг 9 /ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 135 нэгж /15,000х9=135,000/ буюу 135,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Н- нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “Тайж 52” СӨХ-д харуул ажилтай, сард 200,000 төгрөгийн цалин орлоготой тул оногдуулсан торгуулийн ялыг сард 50,000 төгрөг төлөхөөр тооцож, хугацаа тогтоож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авч, торгуулийн ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910000250337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ө.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Д.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Т овогт Д-ын Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-гийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, нэг зуун гучин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 135,000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаас хасч 315,000 /гурван зуун арван таван мянга/  төгрөгийн /450,000-135,000=315,000/ торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 315,000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгуулийн ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацаанд оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1910000250337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Ө.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР