| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0378/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 389
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт У-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910008130296 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Саксесс” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10 дугаар гудамжны 254 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48-32 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт У-ын А- /РД: ............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.А- нь 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын 27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Бест” массажны газарт хууль бусаар нэвтэрч 685,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч У.А-: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны шөнө 01 цагт ажил тарсан, манай эгч ажил дээрээс хувцас аваад ирээрэй гэсэн болохоор эгчийн захисан хувцсыг авах гээд ажил руу нь орсон, өмнө нь би машинтай явж байгаад хүний машин мөргөөд тэр хүндээ 700,000 төгрөг өгөх ёстой байсан учир эгчийн ажил дээр мөнгөний гахайн дотор мөнгө цуглуулдгийг харж байсан учир тэнд мөнгө байгаа гэж бодоод тэр мөнгийг аваад машины эзэнд өгөөд дараа нь цалин буухаар буцаагаад гахайнд нь хийчихье гэж бодоод гахайн дотроос мөнгийг авсан, буруу зүйл хийсэндээ харамсаж байна, дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ө.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр Туяацэцэг бид хоёр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хорооллын 27 дугаар байрны 49 тоотод “Бест” массажны газар ажлуулаад 5 жил гаруй болж байна. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тарж яваад маргааш өглөө нь ажил дээрээ ирэхэд ажлын өрөөний компьютерийн хажууд байсан мөнгө цуглуулах зориулалттай гахайны ёроол хэсгийг хагалаад цуглуулж байсан 685,000 төгрөг алдагдсан байсан. Тухайн үед хаалганд ямар нэг эвдрэл байхгүй, түлхүүр тааруулсан байдалтай байхаар нь байрны орцонд байрлах хяналтын камерийг шүүлгэж үзэхэд шөнийн 4 цаг өнгөрч байхад манай массажны газарт үйлчлэгчээр ажилладаг эмэгтэйгийн дүү нь ажлаас гараад явж байгаа нь бичигдсэн байхаар нь үйлчлэгч рүү залгаж танай дүү мөнгө авсан байна гэдгийг хэлэхэд аваагүй гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага тэр хүүхдийг асуухад мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан, бидний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Угтах үйлчилгээний хоёр ажилтан болон манай эхнэрт манай байгууллагын түлхүүр байдаг, Уламжаргалд байдаг түлхүүрийг дүү нь эгчдээ мэдэгдэлгүйгээр аваад шөнө орсон байна...” /хх-ийн 8/ гэсэн,
Гэрч М.Уламжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын 27 дугаар байрны 49 тоотод “Бест” массажны газар 2016 оны 3 сараас хойш ажиллаж байгаа. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай дарга над руу залгаад “урд шөнө ажил руу хүн ороод мөнгө хадгалдаг гахайнаас 685,000 төгрөг байсан алга болсон байна” гэхээр нь би амарч байсан болохоор очиж чадаагүй, камерийн бичлэг шүүлгэж үз гэж хэлсэн. Гэтэл удаагүй дарга залгаад “камерийн бичлэг шүүж үзлээ, танай дүү орж байгаа харагдаж байна” гэж хэлэхээр нь би хүүгээсээ асуухад авсан гэдгээ хэлсэн. Тухайн үед дарга цагдаа дуудчихсан байсан, маргааш нь алдагдсан 685,000 төгрөгийг цоожны гол шинээр суулгасан 65,000 төгрөг, нийтдээ 750,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх-ийн 15/ гэсэн,
Шүүгдэгч У.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим ажлаа тараад гэр рүүгээ харих замаараа ээж Уламжаргалын ажилладаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хурд хороололд байрлах массажны газар орж мөнгө хадгалдаг гахайнаас нь 685,000 төгрөг авч хүнд өгөх ёстой өрөө төлсөн. Би энэ мөнгийг авч өрөө төлчхөөд цалингаа буухаар буцаагаад өгчихнө гэж бодож байсан. Тэгээд маргааш нь мөнгө алга болсон гэж массажны газраас гомдол гаргасан. Би хүнээс 460,000 төгрөг зээлж аваад өгч чадаагүй байсан болохоор тэр мөнгийг олж өгөх зорилгоор хулгай хийсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Хохирлын мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 4/,
- Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6/,
- Шүүгдэгч У.А-ийг хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, тушаалын хуулбар, ажлын газрын тодорхойлолт, ял шалгах хуудас болон бусад баримтууд /хх-ийн 26, 33-36, 39-42, 44/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, У.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч У.А- нь 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын 27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Бест” массажны газарт нэвтэрч 685,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.С- /хх-ийн 8/, гэрч М.Уламжаргал /хх-ийн 15/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/ болон зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.А-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ө.С-ийн эд хөрөнгөнд 685,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч “хохирлын мөнгийг буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 8, 43/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч У.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1910008130296 дугаартай хэрэгт хураагдаж ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У-ын А-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1910008130296 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн 1910008130296 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР