Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2017/01446/И |
Дугаар | 001/ХТ2018/00359 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/00359
С.Л-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01678 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2275 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч С.Л-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа-3” төсөлд холбогдох,
Ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол, ээлжийн амралтын олговорт нийт 3 574 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан, Б.Жигжид, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч С.Л- нь “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн сум дэмжих багт Санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1 200 000 төгрөгийн цалинтай, 8 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Гэтэл төслийн нэгжээс ажилласан нийт хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд хөлсөөр ажиллах гэрээг заасан бөгөөд ажилласанд хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөхөөр байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ” гэж заасан. Нэхэмжлэгч С.Л- нь хуульд заасан шаардлагыг хангасан, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байсан бөгөөд “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тэрээр хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байна. С.Л-гийн авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу /15, түүнээс дээш жил шимтгэл төлж ажилласан бол 70 хувиар/ 2 710 188 төгрөг болж байна. Мөн “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон С.Л- нарын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ”, 9.2-т “Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговор олгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор 864 000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Монгол Улсын Сангийн яамнаас нэхэмжлэгчид олгогдох байсан ажилгүйдлийн тэтгэмж, ээлжийн амралтын олговорт нийт 3 574 188 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сангийн яам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
С.Л-тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1 300 000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж тодорхой заасан байгаа. Үүний дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үндсэн цалингаас 130 000 төгрөгийн татварыг суутган авч улсын төсөвт төлдөг байсан. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг С.Л-гийн гарт олгох цалин дээр нэмж, нийт 1 170 000 төгрөгийг сар бүр олгосон юм. Тодруулбал энэхүү 1 300 000 төгрөгт ажил олгогчийн зүгээс төлөх ёстой 11 хувь болох 143 000 төгрөг болон даатгуулагчаас төлөх ёстой 10 хувь болох 130 000 төгрөг буюу нийт 21 хувь болох 273 000 төгрөг багтсан. Өөрөөр хэлбэл даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасаж 897 000 төгрөгийг тухайн ажилтны гарт олгох ёстой юм. Иймд нэхэмжлэгч С.Л-д өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийг 8 сарын хугацаанд нийт 2 184 000 төгрөгийг гарт нь илүү төлсөн байна.
Хэрэв нэхэмжлэгч энэ талаар хохирсон гэж үзэж байгаа бол бидний өгсөн 8 сарын илүү төлсөн нийт 2 184 000 төгрөгийг буцааж өгөх ёстой. Тодруулбал иргэн С.Л- хохирсон биш илүү хөлс авч байсан гэж үзэх үндэслэлтэй. 2 184 000 төгрөгийг бидэнд өгвөл нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилтийг хийлгэж өгч болох юм. Нөгөө талаар, нэхэмжлэгч ажлаас халагдсан биш, шийдвэр гараагүй, ажиллаж байсан гэрээний хугацаа л дууссан. Тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй юм. С.Л-тэй хийсэн гэрээ нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ. Учир нь “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь тодорхой хугацаатай, уг хугацаандаа тодорхой ажлыг хийж гүйцэтгэн дуусах төсөл учраас нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Иймд Иргэний хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр амралтын харилцаа зохицуулагдах ёстой. Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “...гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж, мөн 9.2 дахь хэсэгт “...жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж заасан. Энэ нь ажилтан заавал амралт авах зохицуулалт биш, ажил олгогч ажилтныг заавал амраах гэсэн зохицуулалт ч биш, өөрөөр хэлбэл тухайн ажилтанд амрах эрхээ эдлэх эрх нээгдэж байгааг илэрхийлж байна. Ажилтан гэрээний 9.1-д заасан эрхээ эдлээгүй байхад Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн нэгжээс амралтын мөнгө бодож олгох гэрээний үүрэг үүсэхгүй.
Харин С.Л- амраагүй тул түүнд олгох ёстой амралтын хөлс тооцохгүйгээр гэрээний хөлсийг бүтнээр нь олгосон. Иймд С.Л- гэрээнээс үүдэж хохирсон асуудал байхгүй ба бид гэрээнд заасан хөлсийг сар бүр бүрэн олгосон. Манай төслийн хувьд ажилчдын олговол зохих хөлсийг бүрэн олгож, гэрээний үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн хувьд цалин мөнгө авч байсан ч ажлын байр, ширээ, сандал байгаагүй ба ажиллаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Тогтвортой амьжиргаа-3” төсөл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Тогтвортой амьжиргаа-3” төслийн нэгж нь Сангийн яамны харъяа нэгж бөгөөд хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай ижил байр суурьтай байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01678 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-ийг баримтлан “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Сангийн яамнаас ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол, ээлжийн амралтын олговорт нийт 3 574 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Л-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2275 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа этгээд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д даатгуулагч болон ажиллуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлийн хэрхэн төлөх, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын төрөл тус бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т "энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч ...гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “төслийн зохицуулагч, бусад ажилтнуудын хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр хуульд заасан хэмжээгээр харьяалагдах татварын болон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэх” нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн чиг үүрэг байхаар заасан. Иймд даатгуулагч болох С.Л-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг хууль, журамд заасны дагуу албан журмаар төлөх үүргээ ажиллуулагч Сангийн яам зөрчсөн.
Хэрэв ажиллуулагч Сангийн яам дээрх үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан албан журмын дагуу төлсөн бол нэхэмжлэгч С.Л- нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй” байсан. Гэвч Сангийн яам С.Л-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжийг өөрт учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас нэхэмжилсэн болно.
Нэгэнт хуульд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл, болзол шаардлагыг тодорхой заасан байхад нэхэмжлэгчийг ажилгүй болсныхоо дараа ажилгүй болсноо эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргаагүй гэж буруутгах нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч С.Л- нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тухайн төслийн нэгжид ажилласан талаар шүүх дүгнэсэн. Тиймээс гэрээний дагуу ээлжийн амралтын олговор авах шаардах эрх үүссэн тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу дээрх хохирлоо хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх урамшуулал олгох талаар талууд тохиролцсоны үндсэн дээр гарах эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч С.Л- нь “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэгч нэгж болон Сангийн яаманд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээр учирсан хохиролд 2 710 188 төгрөг, хөлсөөр ажиллах хугацааны ээлжийн амралтын олговорт 864 000 төгрөг, нийт 3 574 188 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөөгүй маргасан байна.
Хариуцагч Сангийн яам Монгол Улсын “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын дагуу “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулсан байна. Нэхэмжлэгч С.Л- нь уг төсөлд хөлсөөр ажиллах гэрээний дагуу Өвөрхангай аймгийн сум дэмжих багт санхүүгийн удирдлага төсөв төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж, сард 1 300 000 төгрөгийн хөлс авч байжээ. Уг 1 300 000 төгрөгт хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл багтсан болохыг хөлсөөр ажиллах гэрээнд заасан байна.
Хөлсөөр ажиллуулагч нь дээрх 1 300 000 төгрөгний хөлсөөс хувь хүний орлогын албан татварыг суутган улсын төсөвт төлдөг байсан, харин нийгмийн даатгалын шимтгэлийг С.Л- өөрөө төлөх ёстой гэж үзэж, нийгмийн даатгалын санд шимтгэлийг төлдөггүй байжээ.
Нэхэмжлэгч С.Л- нийгмийн даатгалын шимтгэлийг 2003 оноос хойш тасралтгүй төлж ирсэн боловч 2016 оны 02 дугаар сараас хойш төлөөгүй учир 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс буюу төсөлд ажиллахаа больсноос хойш ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан байна. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүсдэг байна.
Нэхэмжлэгч С.Л- нь ийнхүү ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсаныг хөлсөөр ажиллуулагчийн эс үйлдэхүйтэй холбон үзэж, өөрт учирсан хохирлоо түүнээс шаардсан бол хариуцагч Сангийн яам болон төслийн нэгж нь С.Л-г даатгуулагчийн хувьд өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан гэж маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хөлсөөр ажиллаж буй ажилтан нийгмийн даатгалд заавал даатгуулах ёстой боловч ийнхүү албан журмаар даатгуулах ажиллагааг зөвхөн хөлсөөр ажиллуулагч гүйцэтгэнэ гэж хуульд заагдаагүй, гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ажлын хөлсөнд багтсан талаар заасан учир нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйд нэхэмжлэгч өөрөө буруутай гэж дүгнэснээр Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна эдгээр хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 4-т “нийгмийн даатгалын шимтгэл” гэдэгт нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг ойлгохоор тодорхойлжээ. Мөн зүйлийн 1, 7-д зааснаар “даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлдэг бол “шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлдэг байна.
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын сан нь даатгуулагчийн болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, бусад эх үүсвэрээс бүрддэг байна.
Зохигчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4.1.-д “захиалагч нь ажилтны хөлсөнд сард 1 300 000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж зааснаас үзвэл С.Л-гийн ажлын хөлсөд ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлд төлөх төлбөр багтаагүй тул С.Л-г даатгуулагчийн хувьд өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд зохигчийн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хөлсөөр ажиллагч нь мөн зүйлийн 2-ын 1-д зааснаар албан журмаар даатгуулах этгээдэд хамаарч байна. Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулах ёстой байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогчийн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хувь хэмжээг тодорхойлжээ. Хуулиар ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг даатгуулагч төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй болно.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэх зэрэг ажиллагаа нь ажил олгогчийн үүрэг байгаагаас гадна ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх, хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэх үүрэгтэй байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл албан журмаар даатгуулах хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан этгээдийг буюу хөлсөөр ажиллагч С.Л-г нийгмийн даатгалын шимтгэл ажлын хөлсөнд нь багтсан л бол өөрөө уг шимтгэлийг төлөх ёстой байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн л хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй бөгөөд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүсдэг ба хуулийн 3 дугаар зүйлийн 1-д ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцож олгох хувь хэмжээг заажээ.
Нэхэмжлэгч С.Л-гийн 1990 оны 6 дугаар сараас 2000 оны 12 дугаар сар хүртэл 10 жил 4 сараар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцож баталгаажуулсан тухай баримт хэрэгт авагдсан, тэрээр 2003 оны 10 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтэрт тусгагдсан байх тул түүнийг нийгмийн даатгалын шимтгэл 15 жилээс дээш хугацаагаар төлсөн гэж үзэхээр байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Л- сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас 70 хувиар тооцож ажилгүйдлийн тэтгэмж авах үндэслэлтэй байсан тул түүний шаардлагыг нэхэмжилсэн хэмжээгээр нь хангах боломжтой гэж үзлээ.
Харин зохигчийн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд “гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч ийнхүү эрх нээгдэх үеэс хөлсөөр ажиллахаа больсон тул амралтын нөхөн олговорт 864 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2275 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Сангийн яамнаас 2 710 188 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Л-д олгож, нэхэмжлэлээс 864 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “72 140 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “72 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 58 313 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Л-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 72 140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН