| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 185/2017/0165/Э |
| Дугаар | 603 |
| Огноо | 2017-08-10 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 603
М.Тогтохдоржид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Бямбасүрэн,
цагаатгагдсан этгээд М.Тогтохдоржийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Батнасангийн бичсэн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн М.Тогтохдоржид холбогдох 201525020496 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овгийн Мандахын Тогтохдорж, 1958 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26-18-А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: КЮ58050771/,
М.Тогтохдорж нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16б тоотод 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт хоёр удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Тогтохдоржид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Мандахын Тогтохдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
шүүгдэгч М.Тогтохдорж нь 322 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэж,
хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримт болох “никель өнгийн 1 ширхэг хутга, бор цоохор өнгийн хөнжил, ногоон өнгийн одъяал, хар канттай цэнхэр өнгийн өмд, бор цоохор өнгийн дотоож, цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, “Хараа” нэртэй архины хагарсан шил, 10 хурууны хумс, цус мэт зүйлээр бохирлогдсон 12х15 см хэмжээтэй хивсний дээж 1 ширхэг, М.Тогтохдоржийн баруун зүүн гарын арчдас 2 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн 201525020496 дугаартай хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлж,
М.Тогтохдоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Р.Батнасан бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Тогтохдорж болон талийгаач М.Эрдэнэбат нарыг хамт байсан гэдгийг нотолсноос өөр шүүгдэгч М.Тогтохдорж нь өөрийн төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалж алсан гэдгийг нотолж чадаагүй, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг яллах талын нотолгоо болж чадахгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр М.Тогтохдоржийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 788 дугаартай дүгнэлтээр талийгаач М.Эрдэнэбатын цогцост цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушиг, үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач М.Эрдэнэбат нь дээрх гэмтлийн улмаас зүрх, судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ гэж үзсэн. Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч М.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд талийгаачид цогцосны үзлэгийг 2015 оны 4 дүгээр сарын 26-ны үүрээр хийсэн байгаа. Энэ үед талийгаач нас бараад 10 цаг гаран хугацаа өнгөрсөн гэдэг нь 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19-20 цагийн орчимд нас барсан байх боломжтой, шархыг талийгаач нь өөртөө үүсгэх боломжгүй гэж мэдүүлсэн байна. Дээр дурьдсан нотлох баримтуудаас дүгнэхэд талийгаач М.Эрдэнэбат нь 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 19-20 цагийн орчимд гадны нөлөөтэй өөрөөр хэлбэл бусдад хутгалагдаж нас барсан болох нь тогтоогдож байна. Иймд талийгаач М.Эрдэнэбатыг түүний нас барсан цаг хугацаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 25-ны оройн 19-20 цагийн орчимд хаана, хэнтэй, ямар байдалтай байсан талаар шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн “...2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед гэртээ ирээд сууж байтал хашааны хаалга дуугараад би гэрийн үүдээр харахад ...Эрдэнэбат ах өөрөө хашааны хаалгаа түгжээд гэртээ орсон. Үүнээс хойш ямар нэгэн хүн хашаанд орж ирээгүй бөгөөд 20 цагийн үед аав, ээж хоёр ирсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Ж.Батбаярын “...2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ...Эрдэнэбат, Тогтохдорж хоёртой юм ярьж сууж байгаад 17 цаг өнгөрч байх үед Эрдэнэбат намайг хашаанаас гаргаж өгөөд Эрдэнэбат, Тогтохдорж хоёр л гэртээ үлдсэн юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар талийгаачийн нас барсан байх боломжтой цаг буюу 19-20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28-166 тоотод талийгаач М.Эрдэнэбат М.Тогтохдорж нараас өөр хүн байгаагүй, тухайн цаг хугацаанд гаднаас хэн нэг хүн гэрт нь ороогүй байна. Мөн туршилт хийсэн тэмдэглэлээр амбаарын хаалганы цоожийг гадна талаас онгойлгох боломжтой эсэхийг үзэхэд хаалганы дээд өнцгөөс доош 40 см зайд доод шалнаас 80 см зайд замган цоож байрлуулсан бөгөөд хаалгыг дээш өргөж байж бүрэн хаагддаг бөгөөд гаднаас онгойлгох боломжгүй байв. Хаалганы дээд хэсэгт 15 см өргөнтэй 65 см урттай сараалжин хаалттай байх бөгөөд уг хаалтаар гарж, орох боломжгүй хаалга хаалт хоёрын завсраар 2 см зай гарч байна. ...туршилтаар амбаарын цоожийг гаднаас ямар нэг аргаар онгойлгож дотогш орох боломжгүй, мөн амбаарыг хөдөлгөж түлхээд завсар гаргаж орох боломжгүй болох нь туршилтаар тогтоогдсон, гаднаас хэн нэг хүн хаалгыг онгойлгон орж М.Эрдэнэбатыг алсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Дээр дурьдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Тогтохдоржийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байхад шүүхээс түүнийг цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд М.Тогтохдоржид холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 209 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт прокурорын эсэргүүцэлд дурдагдаагүй хохирогч В.Батбаярын мэдүүлэгт “архи ууж байгаад 15 цагийн үед хэрэг болсон айлаас гарч явсан. 15 цаг 40 минут буюу хэсэг хугацааны дараа буцаад явж байхдаа тухайн айлд архидан согтуурч байсан Ж.Батбаяртай таарахад архиа уугаад дууссан. Би харьлаа гээд гараад явж байсан” гэх мэдүүлэг. Гэрч Ж.Батбаяр нь “тухайн айлд хамт архи уугаад 15 цаг өнгөрөөд архи нь дуусахад намайг Эрдэнэбат гаргаж өгөөд хашааныхаа хаалгыг цоожлоод орсон. Орсон гэдэг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Хулан, тухайн айлтай хөрш зэргэлдээ амьдардаг гэрч Оюунгэрэлийн мэдүүлгээр “намайг 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирснээс хойш М.Тогтохдоржийн гэрээс хүн орсон гарсан ямар нэгэн дуу чимээ гараагүй. Манайхаас М.Тогтохдоржийн гэрээч 1-2 метрийн зайтай байдаг” гэсэн мэдүүлэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, шинжээчийг байцаасан байцаалт, бусад хэрэгт авагдсан баримтуудаар М.Тогтохдорж нь бусдыг санаатай алах гэмт хэрэг нь үйлдсэн нь хангалттай тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гарсан тул анхан шатны шүүхэд хэргийг буцаах саналтай байна.” гэв.
Цагаатгагдсан этгээд М.Тогтохдоржийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож удаа дараа хүсэлтүүдийг тавьсан. Энэ гэмт хэргийг М.Тогтохдорж үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийх талаар хүсэлтүүдийг хийж байсан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй. Хавтаст хэрэгт М.Тогтохдоржийг яг ямар шалтгаанаар маргаан үүсгээд хэзээ яаж энэ гэмт хэргийг үйлдсэн нь бүрэн нотлоогүй. Тийм учраас цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны гарсан.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа “...М.Тогтохдоржийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна, ...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах нотлох баримтууд ...М.Тогтохдоржийг өөрийн төрсөн дүү М.Эрдэнэбатын санаатай алсан гэх үйл баримтад шууд холбогдолгүй байна” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тухайлбал, М.Тогтохдоржийг яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг шүүх ямар учраас үгүйсгэсэн, түүнийг цагаатгах үндэслэлийг баталж байгаа нотлох баримтуудыг хангалттай дүгнэж чадаагүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Р.Батнасангийн бичсэн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, М.Тогтохдоржид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Тогтохдоржид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч М.Тогтохдоржид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Ц.ОЧ