Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2026/ХШТ/41

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Т.Д-ийн өмгөөлөгч Ө.Батболд, иргэний хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, иргэний хариуцагч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.А, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр магадлалтай Ц.Б-д холбогдох 2221 00392 0073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, Т.Эрдэнэбат нарын гаргасан гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

У овгийн Ц-ын Б, 1994 оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “А” ХХК-д геодезийн инженерээр ажиллаж байсан, одоо “П” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь “А” ХХК-д замын инженерээр ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн хойд талын төв замыг засварлах үед зам дээр нүх ухаж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.4.а-д заасан “засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21-д заасан тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, жолооч нарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээг дутуу байршуулж, авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 00:00 цагийн үед 00-00 ДОР улсын дугаартай, “Sonata 6” загварын тээврийн хэрэгсэл нь “Prius 20” загварын 00-00 ДОА улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, 00-00 ДОА улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч У.Б-ийн эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдсан шарх, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Дорнод аймгийн прокурорын газраас Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд “А” ХХК-аас 6.311.001 төгрөгийг гаргуулан хохирогч У.Б-д 1.246.351 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Д-д 5.064.650 төгрөгийг, “И” ХХК-аас 6.311.001 төгрөгийг гаргуулан хохирогч У.Б-д 1.246.351 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Д-д 5.064.650 төгрөгийг тус тус олгохоор тогтоож,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 3.215.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршиг, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч “А” ХХК, “И” ХХК-аас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий хоёр ширхэг сидийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, Т.Эрдэнэбат, иргэний хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 44 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд “А” ХХК-аас 12.622.002 төгрөгийг гаргуулан хохирогч У.Б-д 2.492.702 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Д-д 10.129.300 төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай” гэж өөрчилж, 6 дахь заалтаас “... “И” ХХК ...” гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Галтогтох хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол ...” гэж заасан. Дээрх зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн байх явдал юм. Мөн дээрх аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд нь тус гэмт хэргийн субъект болох юм.

“А” ХХК нь “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, дугуйн зам 5.5 км ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу өөрийн компанийн барьсан зам дээр үүссэн эвдрэл, гэмтлийг засварлах үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний дагуу замын эвдрэл, гэмтлийг засаж, захиалагч байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Харин шүүгдэгч Ц.Б нь тус зам засварын ажлыг хариуцан хийлгэсэн үүрэг бүхий этгээд биш. Харин тухайн зам засварын ажилд оролцсон олон ажилчдын л нэг юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэж заасан.

Мөн шинжээч нарын дүгнэлтээр тухайн зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж байсан байгууллага, албан тушаалтан болон иргэн, хуулийн этгээд зам засварын ажлын аюулгүй байдлын журмыг хариуцан сахин биелүүлэх үүрэгтэй байсан гэсэн дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтүүдээр шүүгдэгч Ц.Б-ийг үүрэгтэй гэж огт заагаагүй. Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтад заасан үүргийг тухайн зам засварын ажлыг хариуцан хийж буй этгээд гүйцэтгэх ёстой.

Шүүгдэгч Ц.Б-ийн хувьд тухайн зам засварын ажил технологийн дагуу, чанар стандартын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байсан ажилтан. Түүнээс бус тухайн зам засварын ажлын явцад аюулгүй байдлын журмыг хариуцан сахин биелүүлэх үүрэг хүлээсэн ажилтан биш. Ц.Б-д замын хөдөлгөөн зохицуулсан тэмдэг, тэмдэглэгээг журмын дагуу, зөв байршуулах мэдлэг, мэдээлэл байхгүй. Үүнийг зам засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан хуулийн этгээд мэдлэг бүхий этгээдээр гүйцэтгүүлэх ёстой байсан.

Дэлхий нийтээр “Нэгдүгээрт аюулгүй ажиллагаа” гэсэн зарчим үйлчилдэг. Монгол Улсад ч энэ зарчим мөн адил үйлчилдэг бөгөөд хууль холбогдох дүрэм, журам, стандартууд олноор батлагдсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал (эзэн), ажил олгогч шууд хариуцна” гэж, 27.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна”, 27.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” хэмээн зааснаас харахад аж ахуйн нэгж байгууллагын эзэн, захирал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ талаарх мэргэшсэн хүнийг ажиллуулж, ажилтан болон гуравдагч этгээдүүдийг аливаа эрсдэлээс хамгаалах үүрэгтэй байна. Хэрэв энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй бол захирал, эзэн нь өөрөө хариуцлага хүлээх ёстой байна. Энэ нь Монгол Улсад бүх төрлийн үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээдэд хүлээлгэсэн ерөнхий үүрэг.

Авто зам барих, авто замын засвар, арчлалтын ажил нь нарийн технологитой, төрөл бүрийн зориулалтын техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн инженер техникийн ажилчид шаардагддаг учир тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хийж гүйцэтгэдэг.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Зам, тээврийн яам, сайдаас нарийвчилсан дүрэм, журам, стандартууд батлагдан гарч, тэдгээрийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг.

Монгол Улсын хууль, холбогдох хэм хэмжээний актуудад хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелээгүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн ажилтан бус захирал (эзэн) нь үүрэг, хариуцлага хүлээхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, зам засварын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий хуулийн этгээд болох “А” ХХК, “И” ХХК-ууд нь зам засварын аюулгүй ажиллагааг хариуцах үүрэгтэй байна. Хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд компанийн захирал (эзэн) эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.

Түүнээс бус тухайн компанид ажилладаг, ажлыг нь хийж гүйцэтгэж байсан гэдгээр ажилтан Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль бус бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан шударга ёсны зарчимд ноцтойгоор харшлах юм.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн шинжийг авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг нь авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдал, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд болгоомжгүй хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Мөн авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн гэж Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлээгүйг ойлгохоор заасан байна.

Өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд Зам, тээврийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм”-ийг хуулбар үнэн баталгаа даруулж, нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан.

Дээрх дүрмийн Ерөнхий зүйлийн 1.1-д Зам, тээврийн яамны Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн (Хуучин нэрээр) захирлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан 04 тоот ажлын даалгаврын дагуу “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журам” УББ 13-202-00-г шинэчлэн боловсруулсан.

1.2-т энэхүү удирдлагын баримт бичиг нь авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах эрх зүйн акт юм гэж заасан байна.

Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийг баталж, 27.9 дүгээр зүйлд заасан Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлон заахдаа Зам, тээврийн яамны Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн (Хуучин нэрээр) захирлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан 04 тоот ажлын даалгаврын дагуу шинэчлэн боловсруулсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журам” зөрчигдөж, улмаар авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдал, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн шалгаж, шийдвэрлэхээр заасан байгаа юм.

Харин Зам, тээврийн яамны Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн (Хуучин нэрээр) захирлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан 04 тоот ажлын даалгаврын дагуу шинэчлэн боловсруулсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журам”-ыг Зам, тээврийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтаар “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм” болгон шинэчлэн баталсан байгаа юм.

Шинэчлэн баталсан Зам, тээврийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын техникийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлд авто зам, замын байгууламжаар аваар осолгүй, тав тухтай, түргэн шуурхай зорчих, зам хэрэглэгчдийн эрх, үүргийг бүрэн хангахад чиглэгдсэн авто зам, замын байгууламжийг жилийн аль ч улиралд байнгын бэлэн байдалд байлгах, эзэмшигч, зам хэрэглэгч, авто зам, замын байгууламжийн өдөр тутмын арчлалт, засварын ажлын гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, арчлан хамгаалах нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтыг, авто зам, замын байгууламжийн үйлчилгээний түвшинг тодорхой давтамжаар шалгаж, ашиглалтын хэвийн нөхцөлд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох, зам хариуцагчийн гэрээний хэрэгжилт, ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулах, авто зам, замын байгууламжид бүртгэл явуулж, улмаар замын паспорт, гүүрийн карт хөтөлж, замын сүлжээний техникийн байдал, ашиглалтын бүртгэл мэдээллийн цахим сан үүсгэх, баяжуулах, авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинд үзлэг шалгалт явуулах, хяналт хийх, авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын үйл ажиллагааг гажуудуулсан албан тушаалтан, аж ахуйн нэгжид ногдуулах хариуцлагын тогтолцоог, авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдлыг хангаагүйгээс зам хэрэглэгчдэд учирсан хохирлыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид заасан хэм хэмжээний хүрээнд барагдуулах үйл ажиллагаа, харилцааг зохицуулахаар заасан байна.

Мөн дүрмийн 3.1-д эзэмшигч гэж Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь (цаашид ”авто замын эзэмшигч” гэх) авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна,

3.3-д зам хариуцагч гэж эзэмшигчээс олгосон эрх үүргийн дагуу авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдлыг хариуцсан хуулийн этгээд байна гэж заасан байх бөгөөд уг дүрэм нь нийтлэг нэршлээр Авто замын засвар, арчлалт (АЗЗА)-ын компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм байгаа юм.

Өөрөөр хэлбэл, зам эзэмшигч, зам хэрэглэгч, зам хариуцагч, зам хариуцагчийн төлөөлөгч, засвар арчлалтын нэгж, захиалагч, захиалагчийн төлөөлөгч нарын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын дүрэм зөрчигдөж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн зохих хэсэгт зааснаар зүйлчлэхээр заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан, хуулийг төсөөтэй хэрэглэж, Ц.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэж байна.

Мөн өмгөөлөгчөөс Ц.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйл (Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах)-ийн 4 дэх хэсэгт заасан зам, замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа талаар дүгнэлт гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал (эзэн), ажил олгогч шууд хариуцна,

27.2 дахь хэсэгт ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна,

27.4 дэх хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтаас үзвэл аливаа аж ахуйн нэгж, байгууллага, тэр дундаа зам засварын ажил гүйцэтгэж байгаа компанийн хувьд зам засварын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, замын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, тухайн орчинд аливаа ямар нэг аюул, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтныг заавал томилон ажиллуулахаар заасан байна.

Гэтэл Ц.Б-ийг “А” ХХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаартай тушаалаар тус компанид геодезийн инженерийн үүрэгт ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Ц.Б нь “А” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлыг хариуцсан инженер биш юм.

Гэтэл шүүхээс Ц.Б-ийг “А” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил үүргийг хариуцан ажиллаж байсан гэж дүгнэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөө талаас “А” ХХК болон “И” ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2000 м.кв асфальт, бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр заасан байдаг боловч тус компаниас гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй тул “А” ХХК-ийн захирал Ш.А нь Улаанбаатар хотоос Дорнод аймагт очиж, “И” ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтнуудад ажлаа яаралтай хийж дуусгах талаар шаардлага тавьж, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байгаа замын асфальтыг өөрөө биечлэн байж хуулуулж засварын ажлыг эхлүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Гэтэл “А” ХХК болон “И” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэхийн тулд зайлшгүй шаардлагатай холбогдох бусад ажлууд багтана, 2.3-т гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л багаж, тоног төхөөрөмж, хүн хүчийг хариуцах ба үүнээс шалтгаалах хариуцлага, үр дүнг захиалагчийн өмнө бүрэн хариуцна, 4.2-т гэрээний 4.1-д заасан гэрээний үнэд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зардал багтсан болно, 6.2.2-т гүйцэтгэгчийн ажилчид гэрээт ажлыг гүйцэтгэх явцад захиалагчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөд гэм хор, хохирол учруулсан бол гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж нөхөн төлнө, 6.2.3-т гүйцэтгэгч ажлын байрны талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцна, 6.2.4-т гүйцэтгэгч нь ажил эхлэхээс өмнө машин, тоног төхөөрөмж, цахилгаан, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах, ажиллуулах ажилчдад техникийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна, 6.2.5-д барилгын талбайд ажиллах ажиллагсдыг хөдөлмөрийн сахилга баттай, нарийн зохион байгуулалттай ажиллуулж, аливаа зөрчил дутагдал гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах, хэрэв гүйцэтгэгчийн болон туслан гүйцэтгэгчийн ажиллагсад зөрчил дутагдал гаргасан тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж тус тус заасан байгаа юм.

Дээрх гэрээнд зааснаар зам засварын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг нь “И” ХХК-д хамаарч байхад Ц.Б-ийг засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах үүргийг биелүүлээгүй гэж үзэж, гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-т “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах үүрэг нь иргэн, хуулийн этгээдэд байгаа юм. Гэтэл Ц.Б нь тухайн үед иргэний хувиар ажил үүрэг гүйцэтгээгүй, компанийн геодезийн инженерийн хувьд өөрийн хариуцсан чиглэлээр ажил гүйцэтгэж байсан. Харин “А” ХХК-аас хуулийн этгээдийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-ийн а-д зааснаар зам засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах ажилтныг томилж ажиллуулах ёстой байтал бодит байдал дээр ямар нэг ажилтан томилоогүй, хэн хариуцах эсэх нь тодорхойгүй байсан байдаг.

Мөрдөн байцаалтын явцад Ц.Б нь “3амын асфальтыг хуулах үед байсан боловч асфальтыг хуулсны дараа хийгдсэн засварын ажлыг хийх үед Улаанбаатар хот руу хувийн ажлаар явж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр очсон” талаар мэдүүлж, энэ байдлыг тогтоолгох үүднээс 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний хугацаанд Улаанбаатар хотод байсан айлын хүмүүс, Дорнод аймагт буцаж очиход автомашинаар тосч авсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрч Ч.Г, Э.Б нарын мэдүүлэг, Ц.Б-ийн Голомт банканд эзэмшдэг 1111111111 дугаартай төгрөгийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тэрээр 2022 оны 08 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод байж, улмаар дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлсэн болох нь тогтоогдсон.

Мөн гэрч Ч.Р “... Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3 хүний бүрэлдэхүүнтэй бригадын хамт Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хойд талын төв зам дээрх үүссэн эвдрэл нүхнүүдийг асфальтаар цутгаж, нөхөж хэвийн болгох үйл ажиллагаа явуулж байсан. М бид хоёр л амаар тохиролцож тухайн замын нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн. Би М гэдэг хүнтэй харилцаж, тухайн Зэвсэгт хүчний ангийн хойд талын зам дээр ажиллах болсон. Манай бригад ажиллаж байхад ямар нэгэн ХАБ инженер байгаагүй, харин М замын ажлыг хариуцаж байсан учир М бид нарын ажилд хяналт тавьж байсан” гэж мэдүүлсэн.

Гэрч Ч.Р-ын мэдүүлгээр замын эвдрэл нүхнүүдийг асфальтаар цутгаж нөхөж хэвийн болгох ажлыг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийсэн, энэ үед “И” ХХК-ийн инженер Н.М нь хяналт тавьж, зам дээр анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг хариуцаж байсан нь тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тухай тогтоолын 5.2-т “... Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” талаар тайлбарласан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйл заасан замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн шинж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Б нь тухайн үед “А” ХХК-ийн геодезийн инженер үүрэгт ажилд томилогдон ажиллаж байсан, түүнийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ажиллах талаар заагаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хариуцуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг “А” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажил үүргийг хариуцан гүйцэтгэж байсан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Т.Д-ийн өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Т.Д нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд гаргаж өгсөн. Мөн анхан шатны шүүх хохирлыг хоёр компаниас гаргах нь зөв гэж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэг компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ц.Б нь “А”  ХХК-ийн ажилтан байсан бөгөөд түүнтэй холбоотой тушаал, шийдвэрийг буруу хийсний улмаас шийтгүүлсэн. Тухайн хоёр аж ахуйн нэгжээс гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Иргэний хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Би хэргийг дууссан гэж бодож байсан бөгөөд Ц.Б гомдол гаргасан байна. Осол болдог нүхийг “А” ХХК нь өөрсдөө ухсан бөгөөд Ц.Б нь үүрэг даалгавар өгөөд хийлгэсэн. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд нотлогдсон бөгөөд манай компанийг хэрэгсэхгүй болгож, хассан гэж ойлгож байгаа. Тухайн нүхийг манайх ухаж, тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Иргэний хариуцагч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.А хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Би тухайн үед энэ ажлыг хариуцаж байсан бөгөөд одоо тэтгэвэрт гарсан. Тухайн үед “И” ХХК, “А” ХХК нар нь хоорондоо ажил гүйцэтгэх гэрээтэй байсан. Тухай гэрээний дагуу “И” ХХК нь ажлаа дуусгасан гэж манайхаас төлбөрөө 100 хувь авсан. Тухайн ажлыг “И”  ХХК хийж байсан болохоор манайх дангаараа хариуцах нь үндэслэлгүй. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас энэ осол гарсан” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Хоёр шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн материалтай танилцаад шүүгдэгч Ц.Б-ийн хувьд авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий субъект биш, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг дүрмийн дагуу бүрэн гүйцэд тавиагүй, туузаар хашиж тусгаарлаагүй дутагдал нь осол гарах үндсэн шалтгаан болоогүй байна гэж дүгнэсэн. Учир нь шүүгдэгчийн хувьд “А” ХХК-д геодезийн буюу замын хэмжилт, төлөвлөлтийг хариуцсан инженерээр ажиллаж байхдаа тухайн замын засварын ажилд хяналт тавих үүрэг гүйцэтгэж байсан байна. Гэхдээ “А” ХХК нь “И” ХХК-аар уг замын ажлыг гүйцэтгүүлж, замын ашиглалт, засварын аюулгүй байдлыг гэрээгээр хариуцуулсан байна. Шүүгдэгчийн зүгээс осол болсон замын нэг талын зорчих хэсэгт нүх ухаж зам засах үүргийг холбогдох ажилтандаа өгч ухуулсан болох нь тогтоогддог боловч нүхийг ухаж, дараа нь шороогоор булж хучилт хийхэд бэлдэж орхихдоо хоёр талд нь дугуй тавьж, эргэх чиг заасан тэмдэг байрлуулаад орхисон байсан. Мөн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаарай гэдгийг гүйцэтгэгч компанийн инженер Ц.З-т мэдэгдсэн. Энэ үйл баримтын талаар хоёр тал ямар нэгэн маргаан байдаггүй. Гэтэл “И” ХХК-ийн ажилтнууд газар дээр очсон атлаа дүрмийн дагуу тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй эс үйлдэхүй гаргасан. Уг үйл явдлын дараа шөнийн цагаар тухайн замаар зорчиж явсан хоёр машин замын нүх ухсан хэсгийн хажууд буюу эсрэг талын зорчих хэсэгт мөргөлдөж, ослын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал хэргээс тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд тэмдэг, тэмдэглэгээг бүрэн тавиагүй дутагдал нь жолооч нар төөрөгдөж улмаар осол болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Харин урдах замд саад байгааг зам тавьж өгөх үүрэгтэй жолооч Т.Д мэдээд эсрэг урсгал сөрсөн бол нөгөө жолооч Б.О нь тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, улмаар хурдаа хасаагүй ирж мөргөсөн, хэн аль нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй нөхцөл байдал осол гарч, улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэж байна. Хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байгаа учраас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Галтогтох нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Прокуророос Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэсэн бол давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах этгээдийг өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 

3.Гэмт хэргийн нотолгоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан шийдвэр гаргах, хэргийн бодит байдал, гэмт хэргийн шинж, түүнтэй холбогдон бий болох бусад нөхцөл байдлуудыг хууль ёсны нотлох баримтаар тогтооход чиглэгдэнэ.

 

Нотолгооны хэмжээ хязгаар, цар хүрээг бодитой тогтоож, тухайн үйл явдлыг нотлохын тулд цуглуулан бэхжүүлбэл зохих баримтат мэдээллийн цогц байдлын бүрэн дүүрэн байх зохист хэмжээг тодруулах нь бодит байдлыг хангалттай хэмжээгээр танин мэдэх ач холбогдолтой.

 

Нотолгооны хэмжээ хязгаар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан нотлогдвол зохих байдлуудаар тодорхойлогдох бөгөөд нотолгооны хэмжээ хязгаарыг үндэслэлгүй багасгах болон өргөжүүлэхийг хориглодог.

 

Эрүүгийн эрх зүйд үйл баримтыг сонголтоор тогтоохыг хориглодог тул нотлох баримтаар аливаа үйл явдлыг тогтоож байгаа бол бүрдүүлэгч цогц байдлууд нь шийдвэр гаргахад хангалттай байх ёстой юм.

 

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг болно.

 

Өөрөөр хэлбэл, хууль зүйн дүгнэлт гаргахын тулд түүний үр дүнд нөлөөлөх маргаантай асуудал бүрийг шийдвэрлэх буюу илэрхийллийн үнэнийг өөрчлөхгүй, орхигдуулахгүй байх, тогтоож буй үйл баримтыг үгүйсгэж болох бүх таамаглал, зөрчлийг эцэслэн шалгах ёстой ба энэ үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг.

 

Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан баталгаажуулсан.

 

Хяналтын шатны шүүх Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар осол болсон газарт нүх ухсан, тэмдэг байрлуулсан хүнийг тодруулах, хохирол, хор уршгийг хариуцвал зохих этгээдийг тогтоох зэрэг асуудлуудад илүү ач холбогдол өгснөөр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлуудыг гүйцэд тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан зэрэг дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

3.1.Шинжилгээ хийлгэх нь тухайн салбарын шинжлэх ухаанаар үнэн зөв болох нь тогтоогдон, үр дүнгээ өгч байгаа аргаар нарийн мэргэшлийн түвшинд нотлох баримтын эх сурвалжаас мэдээлэл гарган авч буй үйл ажиллагаа бөгөөд түүнийг бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, бүрэн дүүрэн, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаас нь дотоод итгэлээр үнэлнэ.

 

Хэрвээ шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтуудтай уялдахгүй, түүний зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь эсэргүүцэх, үгүйсгэх өөр үндэслэл байгаа бол шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш учир түүнийг баримтлах үүрэггүй.

 

3.1.1.Дорнод аймгийн Хэрлэн сум дахь аймгийн төвийн 5.5 км хатуу хучилттай авто зам, дугуйн замын барилгын ажил гүйцэтгэхээр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний дагуу “А” ХХК нь зам, замын байгууламж, засварын ажил гүйцэтгэх хугацаандаа 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-тай асфальт бетон хучилтын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч тус гэрээнд заасан ажлыг “А” ХХК-ийн ажилтнууд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэсэн буюу авто замын асфальтан бетоныг хуулж, 5 см гүн нүх гаргажээ.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон гар схем зураг (1 дүгээр хавтаст хэргийн 53-58 дахь тал)-аас үзэхэд Замын хөдөлгөөнд оролцогчдод тухайн нүх буюу саадыг анхааруулах зорилгоор автомашины 2 ширхэг дугуйг “зүүн гар тийш явах”-ыг заасан тэмдгийн хамт байршуулсан байна.

 

Энэхүү үйл явдал болсноос 2 хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цаг 11 минутын үед 00-00 ДОА улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан Т.Д нь тухайн нүх буюу саадыг тойрч гарах үедээ Б.О-ийн жолоодон явсан 00-00 ДОР улсын дугаартай “Hyundai Sonata 6” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

 

3.1.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор гурван удаа шинжилгээ хийлгэхэд 00-00 ДОА улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч Т.Д зам Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, зам засварын ажил эрхэлж байсан хуулийн этгээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэсэн бол 00-00 ДОР улсын дугаартай “Hyundai Sonata 6” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.О-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх талаар харилцан зөрүүтэй дүгнэлтүүд гарсан байна.

 

Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг, оролцогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлахад тогтоогдож буй нөхцөл байдал, тэдгээрийг агуулгын нийлэмж нь шинжээчийн дүгнэлтүүдтэй нийцэхгүй нөхцөл байдал байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг баримталснаар шүүгдэгч Ц.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, алдаатай дүгнэлт гаргахад хүргэжээ.

 

Тодруулбал, зам засварын ажил, үйлчилгээ хийж байсан хуулийн этгээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц, стандартын дагуу тэмдэг байршуулаагүй боловч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан хүн өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал зам тавьж өгөх, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, тухайн орчин, нөхцөлдөө хурдаа тохируулах, хасах зэргээр ослоос урьдчилан сэргийлэх үүргээс чөлөөлөгдөх эсэх зэрэг нөхцөл байдалд хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

 

Энэ талаар хяналтын шатны шүүхэд гаргасан прокурорын хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

3.2.Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг зүйлчлэхэд зохих ажилтанд хүлээлгэсэн тусгай үүрэг, эрх хэмжээний шинж чанарыг бүхэлд нь авч үзнэ.

 

Тухайн этгээдийг гэмт хэрэгт гэм буруутайг тогтооход тэрээр эрхэлж байгаа албан тушаал, чиг үүргийн дагуу уг үүргийг заавал биелүүлэх ёстой бөгөөд энэ нь хууль, хэм хэмжээ тогтоосон акт, албан тушаалын тодорхойлолтод зайлшгүй тусгагдсан байх ёстой.

 

Хэрвээ албаны шаардлага, дүрэм журам, зааврыг бүрэн болон хэсэгчлэн биелүүлэх үүрэг хүлээгээгүй буюу ажил үүргийн хувьд аюулгүй ажиллагааны чиг үүргийг хүлээсэн ажилтан биш бол энэ гэмт хэргийн шинж хангагдахгүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр зөвшөөрөл (2 дугаар хавтаст хэргийн 225-226 дахь тал)-өөр “А” ХХК-ийн талбайн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байсан албан тушаалтны нэрс, компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ажилтны тушаалын хуулбар, ажил үүргийн хуваарь, дотоод журам, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн инженерийн тайлан зэрэг баримтуудыг гаргуулан авахыг мөрдөгчид зөвшөөрчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар байгууллага, албан тушаалтан, хүн прокурорын шийдвэрт заасан хугацаанд мэдээлэл, баримт бичгийг гарган өгөх үүргийг хүлээдэг.

 

Гэтэл “А” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/64 дүгээр албан бичгээр “И” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт, Ц.Б-ийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарыг гарган өгсөн боловч прокурорын зөвшөөрөлд дурдсан бусад баримтыг гарган өгөөгүйн зэрэгцээ “Ц.Б нь манай компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан биш” гэж тус албан бичигтээ дурдсан байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь “А” ХХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаар тушаалаар геодезийн инженерийн албан тушаалд томилон хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд тэрээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих, чиг үүргийг хэрэгжүүлж байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаагүй, энэхүү бодит нөхцөл байдлыг дутуу үнэлснийг шүүх анхаарч үзээгүй орхигдуулжээ.

 

3.3.Прокуророос замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих буюу эш татсан диспозиц бүхий гэмт хэргийг зүйлчлэн ирүүлэхдээ салбарын хууль тогтоомжийн зөв хэрэглээг тогтоох, хэргийн үйл баримттай уялдуулан зөв тайлбарлан хэрэглэх үүрэгтэй бөгөөд авто замын ажил гүйцэтгэх явцад бусад субъектийн үүргийн дутагдал гарсан эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажил олгогч нь ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих, осол, бэртлээс хамгаалах удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, журам баталж мөрдүүлэх үүргийг хүлээдэг.

 

Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог байдал, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.

 

Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” А/114 дүгээр тушаалын 1-ийн б-д зааснаар зам, барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг, түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулах наад захын стандартыг тогтоосон байдаг.

 

Өөрт ологдсон эрх, үүргийн дагуу хэм хэмжээ хэрэглэх, байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах зэрэг асуудлаар өргөн эрх хэмжээ олгогдсон этгээдийг энэ төрлийн гэмт хэргийн субъект гэж үздэг тул хэрэг гарах үед “А” ХХК-ийн албан тушаалтан зам барилгын ажлын аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээ хийлгэн, холбогдох дотоод журам, зааварчилгаа боловсруулж, түүнийг хангуулах, хяналт тавих, хэрэгжүүлэх ажилтнаа томилсон эсэх, томилоогүй бол хариуцлага хүлээвэл зохих этгээдийг хэрэгт татан оролцуулах эсэх асуудлыг шалгах шаардлагатай.

 

3.4.Эрх зүйн харилцаанд оролцогч субъектуудын хооронд байгуулагдсан гэрээ нь аливаа эрх, үүргийг бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж буй үйл явц бөгөөд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас талуудын төдийгүй гуравдагч этгээдэд учирсан хохирлыг үүрэг шилжүүлэн авсан тал нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт гэрээний талууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, хохирлыг нөхөн төлөх зэрэг үүргийг гэрээнд тодорхой тусгаагүй бол ерөнхий гүйцэтгэгч дангаар хариуцахаар заасан.

 

“А” ХХК болон “И” ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.2.2-т гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх явцад гуравдагч этгээдэд хохирол учирсан бол “И” ХХК хариуцан гэм хорыг арилгах, 6.2.3-т ажлын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг “И” ХХК бүрэн хариуцахаар тусгасан байна.

 

Гэтэл шүүх “... “А” ХХК болон “И” ХХК-ийн хоорондох гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “И” ХХК-аар төлүүлэх үндэслэлгүй ...” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

 

Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанаас үүдэлтэй гэм хор арилгах үүрэг дуусгавар болсон эсэх, гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх эсэх, эсхүл гэм хор учирсан нь талуудын хэн алины буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, эсхүл аливаа байдлаар нөлөөлсөн бол хамтран хариуцах эсэх асуудлыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх …” зорилтод нийцнэ.

 

3.5.1.Ослын улмаас “Hyundai Sonata 6” загварын 00-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал), эд хөрөнгөд 4.701.000 төгрөгийн хохирол (1 дүгээр хавтаст хэргийн 220-222 дахь тал) учирчээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авахад (1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал) тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг 7.387.200 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан боловч 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 4-7 дахь тал)-оор түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Мөн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Баянмөнх нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 34А дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ хавсралт хэсэгт Б.О-ийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх мэдээллийг тусгаагүй, хохирлыг хэн хариуцах талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан шаардлагыг бүрэн хангахгүй байна.

 

Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй.

 

3.5.2.Түүнчлэн, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж (4 дүгээр хавтаст хэргийн 75-76)-даа Б.О-г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахаар тогтоож, анхан, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн … хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах …” эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.

 

Иймд Б.О-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохыг тодорхойлж, оролцогчийн статусыг зөв тогтоох замаар хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх учиртай.

 

4.Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгалгүй орхигдуулснаар нотлох баримтын цогц байдлын чиг үүрэг бодитой хэрэгжихгүй, хэргийг үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж байна.

 

Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж буйтай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор гэмт хэргийн шинж, шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээчийн талаарх оролцогчдын санал, хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхээр заасан.

 

Анхан шатны шүүхэд хэрэг шилжсэний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас нэр бүхий иргэний хариуцагч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг  2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлосон (4 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал)-оор “Хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хангах тухай” шүүгчийн захирамж (4 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал) гаргасан боловч яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй атлаа 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүйг анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

Ц.ОЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Б.ЦОГТ