Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 14

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, ... дугаар хороо, ......, ...... палас ....давхар, ... тоотод байрлах “С К” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 135 тоот, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал"-уудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, Б.Эрдэнэбаяр, О.Сүхбат, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “С К” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг “Гашуун” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026255 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

2017 оны 06 сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4180 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2017 оны 8-р сарын 21-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 135 тоот, 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 12 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-уудыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 135 тоот, 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 12 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-уудыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

           1. Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

            2. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “... хариу...”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр хариу өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Дашбалбар сумын ИТХ-ын 2015 оны 01 дүгээр тогтоол болон Аймгийн ГХБХБГ-ын саналыг үндэслэн Аймгийн ИТХ-аар атар газрыг тариалангийн газар болгохоор тогтоосон газартай давхцалтай байгаа” гэсэн байдаг ба дээрх төрлийн газруудад ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна ямар хуулийн заалт баримталж татгалзсан нь тодорхойгүй.

           Мөн Засаг дарга М.Бадамсүрэн нь Дашбалбар сумын ИТХ-ын 2015 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэн саналаа гаргасан нь Улсын Дээд Шүүхийн “тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэсэн заалттай зөрчилдөж байна.

           Ийнхүү Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны 135 тоот болон 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот “дэмжихгүй” санал нь үндэслэлгүй байна.

            Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны 135 тоот болон 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 12 тоот “Ашигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж, №026255 дугаарт бүртгэгдсэн “Гашуун” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Гашуун” гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмалын газраас тухайн газарт хязгаарласан болон тусгаарласан мөн нөөцөд авсан газартай давхцал байгаа эсэх талаар шүүлт хийлгэж, ямар нэгэн давхцал байхгүй бол орон нутгаас нь албан бичгээр санал явуулдаг юм. Давхцаагүй байгаа учраас хайгуулын зөвшөөрөл авахаар санал явуулсан байдаг. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга уг саналд хариу өгөхдөө: Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дугаар тогтоол, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын саналыг үндэслэн дэмжихгүй үндэслэлээ тайлбарласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл хүссэн талбай нь ямар нэгэн хуулиар ашигт малтмал эрэх, хайх болон хориглосон, хязгаарласан нөөцөд авсан талаар тогтоогдохгүй байна. Дорнод аймгийн Засаг дарга татгалзсан саналдаа Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дугаар тогтоол болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Атар газрыг тариалангийн газар болгохоор тогтоосон газартай давхцалтай байна. Иймд Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь заалтыг дурдаж уг татгалзсан саналыг хүргүүлсэн байдаг. Хариуцагчийн хариу тайлбарт дээрх тогтоолуудыг үндэслэн тусгай хэрэгцээнд авсан гэж бичсэн байдаг юм. Гэтэл Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тариалангийн талбайг тусгай хэрэгцээнд авсан заалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан тохиолдолд 10 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх ёстой байсан. 2015 онд Ашигт малтмалын газар манай өргөдлийг хянан шийдвэрлэхэд тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарахгүй байсан учраас орон нутгаас нь санал авах болсон. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар аймгийн Засаг дарга санал хүргүүлэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгнө. Мөн Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна гэж заасан. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга нь Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж санал гаргаагүй байна. Мөн уг саналд Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.13-т Засаг даргын эрх хэмжээг зааж өгсөн байдаг. Уг саналыг өгөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан хариу өгөх байсан. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны 12 тоот, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 тоот саналуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “С К” ХХК-ийн “Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар, 2015 оны 10 дугаар сарын 15-ны 12 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналуудыг тус тус хүчингүй болгуулж, №026255 дугаарт бүртгэгдсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг “Гашуун” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

          1. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтад “аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх”-өөр заасан. талбай нь Дашбалбар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тариалангийн талбай болгохоор шийдвэрлэн, төрийн захиргааны төв байгууллагад уламжилсан “Харзат” багийн нутаг “Дөч” голын зүүн талд орших 8000 га газартай давхцалтай үндэслэлээр дэмжихгүй гэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр тогтоол ирсэн.

            Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолоор дэмжихгүй гэсэн саналыг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад "харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх" гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Ашигт малтмал газрын тосны газарт 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 12 тоот, 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 135 тоот “дэмжихгүй” гэсэн санал хүргүүлсэн болно.

           Аймгийн Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хянах өөрчлөх хуулийн зохицуулалт байхгүй болно.

            2. “С К” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Гашуун” нэртэй газар нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалт сум аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэсний дагуу Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 дүгээр тогтоол болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолоор сумын хэрэгцээнд авсан газар байсан тул дэмжихгүй санал өгсөн.

Иймд “С К” ХХК-ийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Дорнод аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар аймгийн болон тухайн орон нутагт байршиж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах ёстой байсан гэж байна. Дорнод аймгийн Засаг дарга уг асуудлын талаар хэлэлцэхийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой хугацаа заан хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд хуралдах боломжгүй гэсэн учраас Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газрын саналыг үндэслэн татгалзсан санал хүргүүлсэн байдаг. Учир нь тухайн зөвшөөрөл хүссэн талбай нь Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “атар газрыг тариалангийн талбай” болгохоор шийдвэрлэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын ИТХ-аас санал аваагүй бол уг саналыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т зааснаар ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл авах газар нь нөөцөд авах газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байх ёстой. Гэтэл Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татам нь онцгой хамгаалалтын бүсэд хамаарна гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тухайн сав газарт “ашигт малтмалын хайгуул хийх олборлолт явуулах, тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Онон, Улз сав газрын захиргааны саналыг харахад  “Гашуун” гэх нэртэй газар нь “Дөч”-ийн голын онцгой хамгаалалтын бүстэй 397.5 га, энгийн хамгаалалтын бүстэй 531.1 га газраар давхцаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасныг тус тус зөрчсөн тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгөхийг татгалзсан санал гаргасан Дорнод аймгийн Засаг даргын санал үндэслэлтэй юм. Гол, мөрний урсгал бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар уг газар нь хориглосон газарт хамаарч байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан  нэмэлт тайлбартаа: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Барилга, хот байгууллалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар Усны сан бүхий газар, Усны эх үүсвэрийн онцгой болон хамгаалалтын, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх журамд зааснаар Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилсан бөгөөд гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж нарийвчилсан зүйлийг уг журмаар баталсан байдаг гэв.

            Гэрч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ашигт малтмалын тухай хуулиар хориглосон болон хязгаарласан талбайд санал өгөхийг хориглосон байдаг. “С К” ХХК-ийн хайгуулын зөвшөөрөл олгохыг хүссэн талбай нь  “Дөч”-ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байдаг юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Барилга, хот байгууллалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар ...голын горим, сав газрын голдирлыг тус сав газрын захиргаанаас нь гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Тиймээс уг хайгуулын зөвшөөрөл олгохыг хүссэн талбай нь “Дөч”-ийн гол болон Гурван булаг бүхий газартай давхцалтай хамаарал бүхий газар учраас ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл болно гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ”С К” ХХК нь Дорнод аймгийн  Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар бүхий “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-уудыг хүчингүй болгуулж”, NЕ-026255 дугаарт бүртгэгдсэн “Гашуун” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан[1] боловч “... “Гашуун” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа хасаж багасгасан[2] болно.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч “С К” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг  “Гашуун” нэртэй газарт 3708.67 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч 6/7243 тоот өргөдөл гаргасныг, Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн NE-026255 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар тухайн талбай байрших Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар ирүүлжээ.

             Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Засаг дарга нь мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хариу өгөх талаар зохицуулсан. Дорнод аймгийн Засаг дарга нь Дашбалбар сумын нутаг дэвсгэрийн М-50-61 кодтой планшетэд заасан өргөдлийн бүртгэлийн NЕ-026255/XA-019235-001-NE/ дугаарт бүртгэгдсэн  ...3708.67 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6/4312 дугаар огноо бүхий /10 дугаар сарын 05-ны дотор хариуг ирүүлэх/ албан бичгийг[3] 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч бүртгэгдсэн байгаа нь  ...орон нутгийн байгалийн баялагийн нөөцийг илрүүлэх, хайгуул судалгааны ажил явуулах цаг хугацааны хувьд боломжгүй байгаа талаар мөн өдрийн 73 тоот албан бичгээр[4] хариуг Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст явуулсан  байна.

             Хариуцагч аймгийн Засаг дарга нь 2015 оны 12, 2016 оны 135 тоот “Дэмжихгүй” саналын үндэслэлээ “...атар газрыг тариалангийн талбай болгох зөвшөөрөл хүссэн талбайтай давхцалтай” гэжээ[5].

            Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар  ... нэр бүхий сумдуудын ...Дашбалбар сумын “Харзат” багийн нутаг “Дөч” голын зүүн биед 8000 га атар газрыг тариалангийн талбай болгох саналыг Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхийг  Засаг даргад даалгасан байна.

             Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар шийдвэрлэж буй “атар газрыг тариалангийн талбай болгох асуудал” нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолоор баталсан аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу, газар тариалангийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж гаргасан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн “ ...атар газрыг тариалангийн газар болгох” 01 дүгээр тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэгч ”Солар Кредит” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Дэмжихгүй” саналын үндэслэл болгож байгаа нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.3-ийн  е-д ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” хуулийн заалтад нийцээгүй байна.    

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”  Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т  ”харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” талаар хуульчилсан байна. Дорнод аймгийн Засаг дарга нь ... дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлж,  “ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Дашбалбар сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлаагүй байхад “Дэмжихгүй” саналыг гаргасан нь хууль зөрчжээ.

            Иймд  Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

             1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13,  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, “С К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дорнод  аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг тус тус хүчингүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С К” ХХК-д олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтас хэргийн 51-р хуудас

[3] Хавтаст хэргийн 45-р хуудас

[4] Хавтаст хэргийн 44-р хуудас

[5] Хавтаст хэргийн 11, 12-р хуудасны арын нүүр