Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 201/МА2016/00038

 

 Ц.Одчулууны нэхэмжлэлтэй, “Найман Өргөө”

сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 138/ШШ2016/01136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр, өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлоор Ц.Одчулууны нэхэмжлэлтэй, “Найман Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5797577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Одчулуун шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 31-43 тоот байрыг худалдаж аваад 11 жил болж байна. Сүүлийн 7-8 жилийн хооронд дээврээс их хэмжээгээр ус алдсаар ирсэн. Тухайн үед нь өмнөх СӨХ-ны дарга асан Сүхбаатар гуайд мэдэгдэж байсан боловч нааштай хариу авч чадалгүй өдийг хүрээд байна. Би энэ талаар Мэргэжлийн хяналтын газарт хүртэл хандаж байсан. Урьд нь Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргадаг байсан боловч одоо уг газар дүгнэлт гаргадаггүй болсон байна. Дээврээс орж ирж байгаа ус гэрт маань их хор нөлөө үзүүлж байгаа. Хана тэр чигээрээ хөгцөрсөн, таазны онгорхойгоор янз бүрийн хорхой шавьж орж ирэн гэрт үүрлэсэн байна. Тааз цөмөрч, улмаар гэрэл цахилгаангүй болсон. Би цахилгаанаа залгуулахад цахилгааны утаснуудыг ил гаргаж залгахаас өөр аргагүй болж цахилгааны утаснууд нь ил задгай орчинд бид амьдарч байна. Бороо орохоор энд тэндгүй хувин саваа тосож, нойтон чийгтэй орчинд амьдарч байна. Би өнгөрсөн оны 8 сард гэртээ 30000000 төгрөгийн завсар хийсэн. Намайг завсар хийсэн гэдгийг СӨХ-ны дарга мэдэж байгаа. Сүүлдээ бороо орохоор манай гэр бүлийнхэн айдастай байдаг болсон. Би ус алдах бүрт жижүүрээ дуудаж байнга мэдэгддэг. З.Цогбаяр даргыг ажлаа авах үед би “манай дээрээс ус ихэээр алддаг шүү та энэ талаар ажил хийгээрэй” гэж анхааруулж хэлж байсан. Ус алдах үед СӨХ-ны даргадаа мэдэгдэх гэхэд гар утасаа авахаа больсон. Сүүлийн жилүүдэд гэр орондоо амьдрахад хүнд болоод байна. Бид гэртээ тайван амьдармаар байна. Гэртээ засвар хийх шаардлагатай учраас мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгүүлсэн. Хэдийгээр засвар хийхэд төсөвчний хийсэн төсөв хүрэхгүй боловч бид төсөвчний гаргаж өгсөн мөнгийг л нэхэмжилж байгаа. Иймд дээврээс ус алдсаны улмаас манай гэрт учраад байгаа засварын мөнгө болох 5797577 төгрөгийг “Найман Өргөө” СӨХ-ноос гаргуулах хүсэлтэй байна. Манайх 2014 оноос хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрийг төлөөгүй нь үнэн. Манай дээрээс байнга ус алддаг учраас дээврийг зассаны дараа төлбөрийг төлж болно гэжээ.

Хариуцагч “Найман Өргөө” сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж тус холбооны гүйцэтгэх захирал ажилтай З.Цогбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Найман Өргөө” СӨХ-ны захирлаар ажиллаад 1 жилийн нүүрийг үзэж байна. Манай СӨХ-д хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь байрны дээврээс ус ихээр алддаг асуудал юм. “Найман Өргөө” СӨХ-ны хариуцсан байшингуудын 50 хувийнх нь дээврээс ус алдаж байгаа. Энэ талаар холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч манай “Найман Өргөө” СӨХ-д ямар нэгэн төсөв баталж өгөөгүй. Харин манай “Найман Өргөө” СӨХ-г “өөрсдийнхөө хөрөнгөөр дээврээ янзал” гэж үүрэг өгөөд байгаа. Дорнод аймгийн насжилт өндөртэй байшингуудын дээврийг төрөөс засварлаж байгаа. Мянгатын байшингууд энэ засварт хамрагдаж чадаагүй. Гэвч бид өөрийн чадлаараа дээврээс нь ус гоождог байшингуудын дээвэр дээр засвар хийсэн. Байшингийн дээвэр дээр засвар хийдэг мэргэжлийн хүнээр нэг удаа, байрны дежур нараар нэг удаа 31 дүгээр байрны дээвэр дээр засвар хийсэн. Яг энэ айлын дээрээс бол дээвэр цоорхой ус гоожоогүй, харин уг байшингийн дундын заагаас ус урсаж айлуудруу ус гоождог учраас би тэр дундын заагийг л очиж харна уу гэхээс айл болгонд ус гоожиж байгааг очиж харах алба байхгүй. Миний бие ажил хүлээн авснаас хойш иргэдээс ирсэн гомдол мэдээллийг бүртгэх бүртгэлтэй болсон. Харин нэхэмжлэгч надад нэг ч удаа “манай дээврээс ус гоожлоо” гэж мэдэгдэж бүртгүүлж байгаагүй. Нэг удаа байрны гадаа таарахдаа “манай дээврээс ус алдаад байгаа” гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 6 сараас хойш одоог хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бөгөөд СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх боломж байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгнө гэвэл манай СӨХ 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 5797577 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 138/ШШ2016/01136 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч “Найман Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3478546 /гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2319031 /хоёр сая гурван зуун арван есөн мянга гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хя нан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Одчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Найман Өргөө” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 70607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одчулуунд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр, өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 1136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн гэм хор учирч буй нөхцөл байдалд хандсан хандлага, СӨХ-ны эрх зүйн байдал зэрэгт бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадахгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. СӨХ бол ашгийн төлөө бус, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо бөгөөд санхүүгийн чадавхийн хувьд ямар болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Дээврийн доголдлын хувьд 30 жил болсон байр, мараалын элэгдэлд орсноор дээврээс ус гоожих нь гамшигийн хэмжээнд хүрсэн. Түүнээс биш СӨХ нь дээврийн хэвийн байдлыг алдагдуулахад, борооны ус гоожсон явдалд буруутай гэж үзэхгүй байна. Шүүхээс энэ үйл явдлыг зөв дүгнэж чадаагүй буюу гэм хор учруулсан үйлдэл нь байгалийн хүчний нөлөөгөөр мараалын элэгдэлд орсноос болсон байхад СӨХ-ны буруугаас болсон мэтээр шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн байна. Гэвч  СӨХ гар хумхин зүгээр суугаагүй жил бүр арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд 2016 онд нэхэмжлэгчийн байрны дээвэрт 2 удаа засвар хийсэн болохыг нотолсон. Шүүхээс яг ямар үндэслэлээр СӨХ-г дээврээс ус гоожсон явдалд буруутай гэж үзсэн, ажлын чанар, үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй хэт ерөнхий тайлбарлаж байна. Мөн шүүхээс гэм хор учруулсан үүргийг хангуулахаар мөнгөөр нөхөн тооцуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан 2015, 2016 оны засварын ажлын төсөвт үндэслэсэн. Гэтэл уг хийсэн ажлын төсвийн тооцоололд багтсан нэмэгдэл цалин хөлс, инженер техникийн ажилчдын цалин хөлс, хувцас хэрэгсэл, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг иргэн хүнд төлөгдөхгүй, зарлагадахгүй тооцоололыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дотоод итгэл үнэмшилгүй, нотлох баримт, үйл явдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй нь харагдаж байна. Иймд нэхэмжилж буй мөнгөний хуваарилалтад шүүхээс анхаарах хэрэгтэй. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2, 148.2.3-д заасан үүргээ биелүүлээгүй. Тухайлбал орон сууцны дотоод зохион байгуулалтыг зохих байгууллагын зөвшөөрөлгүй өөрчилж ус гоожих нөхцлийг бүрдүүлснээс гадна засвар үйлчилгээний хөлсөө төлөлгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байгаа нь хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлээгүй болохыг нотолж байна. Мөн нэхэмжлэгч нь СӨХ-той хамтран хөрөнгө мөнгө, хөдөлмөр гарган засвар үйлчилгээ хийж эд хөрөнгөө хамгаалаагүй. Энэ байдлыг шүүхээс анхаарч үзээгүй. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралгүй зүйлийг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Одчулуун нь хариуцагч “Найман-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооноос өөрийн эд  хөрөнгөнд  учирсан  гэм  хорын  хохирол  5797577  төгрөгийг

гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Найман-Өргөө“ сууц өмчлөгчдийн холбоо нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 29-34, 51-52 дугаар байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, бүрэн бүтэн, хэвийн  байдлыг хангах үүрэг хүлээсэн ашгийн төлөө бус, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага ажээ. 

Гэтэл хариуцагч “ Найман-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2015, 2016 онуудад орсон борооноос 31 дүгээр байрны дээврээс борооны ус гоожиж, 31 дүгээр байрны 43 тоотод оршин суух нэхэмжлэгч Ц.Одчулууны хөрөнгөнд нь гэм хорын хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан фото зургууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 15-21 дэх талууд/

Нэхэмжлэгч Ц.Одчулуун нь  эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг арилгахад зарцуулагдах засварын ажлын зардлын тооцоог мэргэшсэн төсөвчнөөр хийлгүүлсэн бөгөөд уг төсөвчний хийсэн төсвийг хариуцагч тал “төсөв хөрөнгө хүрэлцдэггүй, байгаа боломжоороо дээврийн засварыг 2016 онд 2 удаа хийсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй“ гэж тайлбарлаж байгаа боловч дээрх шаардлагыг бичгийн нотлох баримтуудаар няцааж, үгүйсгэж чадаагүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 138/ШШ2016/01136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч З.Цогбаяр, өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Найман өргөө” сууц өмчлөгчдийн холбооноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА           

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ