| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0377/Э |
| Дугаар | 395 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 395
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Г.Ж-, нарийн бичгийн дарга Б.Журагат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г овогт Г-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810026560363 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ........ дугаар байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, .........дүгээр байрны .......... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Г-ийн Ж- /РД: ............/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ж- нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Крокус” ресторанд Б.С-той маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Ж-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд удаагүй байж байтал Жаргалбаяр заан, Ганхүү начин нар манай ширээнд ирж суухаар нь юм яриад сууж байтал Ж- манай ширээн дээр ирж суусан. Ингээд юм ярьж байхад Ж- над руу хандаж та намайг ажилд авахуулаагүй, намайг бодсонгүй гээд хэрүүл өдсөн. Ингэхээр нь би чамайг ажилд авах үгүйг би мэддэг юм уу, түүнийг шийддэг хүн нь би биш, чи юу яриад бйна аа, ганц нэг хүн ажилтай болж байвал сайн биз дээ чи согтсон бйана гэхэд Ж- Амгалан ах чамайг ажилд авах гэж байхад С- авахуулаагүй шүү гэж хэлсэн, надад сая утсан дээрх мэссэжээ үзүүллээ гэхээр нь би чи одоо юу яриад байгаа юм бэ чамтай яриххгүй, миний дүүгийн, чиний найзын найр болж байна гээд би босоод явсан. Ингээд би тайз руу явж байхад Ж- намайг амдад тойроод хүрээд ирсэн. Ирээд Ж- хоёулаа Амгалан ахтай нүүрэлдьё, би мэссэжийг нь харсан гээд агсараад орилоод байсан. Тэгэхээр нь би чи найзынхаа найр цайллагыг хүндэл, дараа хоёулаа эрүүл дээрээ уулзья гээд явах гэтэл Ж- миний баруун шанаа руу хоёр удаа шанаадаж цохисон. Тэгтэл Чулуунбат ирээд Ж-ийг чи С- ахыг яагаад цохиж байгаа юм бэ гээд бариад авсан. Ингэхээр нь би жинхэнэ бөх болоогүй бөхөнцөр чинь чи юм байна, чиний сагсуу залуу нас, өөрийнхөө сахилгагүй залуу насыг хүндэльё Золбоо дүүгийнхээ найрыг хүндэльё гээд явах гээд цаашаа эргэтэл Ж- миний зүүн хөлийн тахим хэсэг рүү хоср удаа өшиглөсөн. Ингээд л би яваад холдсон. Ж-ид цохиулаад миний зүүн өвдөгний хойд тахим хөхөрч хавдаж, цус хурсан, баруун шанаа хөндүүртэй байснаа одоо зүгээр байгаа, би толгойгоо бариулаад өнгөрсөн. Мөн Ж- намайг рестораны гадаа зуурч авахад нь би салж холбох гэж байхад миний абруун гарын чигчий хуруу гэмтсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, бид сайн дураараа эвлэрсэн...” /хх-ийн 15-16, 18/ гэсэн,
Гэрч Б.Нарангарав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж- манай нөхөр С-той маргалдаад дайрч байгаад толгойн хэсэгт нь гараараа цохиж байгаа харагдсан чухам толгойн аль хэсэгт цохисон эсэхийг харж чадааагүй, энэ үед хажууд нь байсан хүмүүс Ж-ийг ингэж болохгүй гэж хэлээд салгаж байсан. Ингээд манай нөхөр С- Ж- руу дайрах үед дундуур нь ороод С-ыг татаад эргэх үед Ж- С-ын араас өгзөг гуя орчимд нь өшиглөж байхад нь хажууд нь байсан Чулуунбат, Бямбасүрэн гэх хүмүүс С- ахыг яагаад зодож байгаа юм гэж хэлээд Ж-ийг чирээд аваад явсан. Тэгээд би С-ыг аваад гарах үед Ж- гарах хаалганы баруун талд хэсэг хүмүүстэй зогсож байхад С- хүмүүстэй зогсож байхад С- чи муу аятайхан байгаарай, дүүгийн найран дээр олон юм ярьсангүй шүү гэхэд Ж- ирээд С-ын баруун гарын шуунаас бариад зууралдаж байгаад салаад явсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Гэрч Ж.Чулуунбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд цайллага тарж байх үед би дотогшоо заал руу орж ирэхэд тайзны орчим зүүн талын үзүүр С-, Ж-, Батцэнгэл, Бямбасүрэн нар зогсож байсан, намайг очиход С- начин танай дүү нар чинь яагаад байгаа юм бэ, намайг Ж- цохичихлоо, бас пиджак урчихлаа гэж хэлж байсан. Тэр үед Ж- та нар намайг ажилд авах уу гэхэд нь битгий ав гэсэн байна лээ, яагаад тэгсэн юм бэ гээд орилоод байсан...” /хх-ийн 25/ гэсэн,
Гэрч М.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж- арслан С- начинд архи хундгалж өгсөн чинь С- начин чи надад өрхи өгдөг болчихсон юм уу бацаан минь гэхэд Ж- яасан ах та яахаараа намайг ингэж байдаг юм бэ гэхэд С- начин чи май шүү гээд салаавч гаргахад Ж- арслан та яаж байгаа юм гэж хэлээд маргалдтал С- дахиад салаавчаа Ж-ийн нүүр рүү харуулахад Ж- тэгвэл май гээд салаавч гаргаж байсан. Ингээд хүмүүс шуугилдахаар нь эргээд харахад С- Ж- нар ширээний хажуудаа босоод зогсчихсон хамт сууж байсан хүмүүс нь хоёр тийш нь болгож байсан. Тэр үед С-, Ж- хоёрыг муудалцсан юм байна гэж бодсон...” /хх-ийн 26/ гэсэн,
Гэрч Д.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С- ах бидний ойролцоо баруун гар талд ирчихсэн зогёож байсан. С- ах Ж- руу чи муу чацга хэн бэ гэхэд Ж- очоод ярьж зогсож байснаа С- ахыг нэг доогуур нь шилбэ орчим руу нэг удаа өшиглөөд, нэг удаа гараараа дээгүүр нь цохиж байгаа л харагдсан. С- ахыг гараараа онож цохисон эсэхийг мэдэхгүй. Би дундуур нь орж салгасан, өөр ч хүмүүс ирж салгалцсан. Дахин С-, Ж- нарыг зодолдож байхыг хараагүй...” /хх-ийн 27/ гэсэн,
Шүүгдэгч Г.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Крокус” зоогийн газарт улсын харцага Золбоогийн цолны найранд ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Б.С- ахтай маргалдан баруун мөрөнд нь гараараа зүүн гуян орчим нэг удаа өшиглөж, зууралдаж байгаад эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болно...” /хх-ийн 45-46/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №13342 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.С-ын биед баруун чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 9/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13/,
- Шүүгдэгч Г.Ж-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 51/, гэрч М.Батбаатар /хх-ийн 22-24/-ын мэдүүлэг, бусад баримтууд /хх-ийн 52-60/,
- Хаан банкны дасны хуулга /хх-ийн 60-66/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Ж-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Ж- нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Крокус” ресторанд Б.С-той маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.С- /хх-ийн 6, 8/, гэрч Ж.Чулуунбат /хх-ийн 25/, М.Батцэнгэл /хх-ийн 26/, Б.Нарангарав /хх-ийн 20-21/, Д.Бямбасүрэн /хх-ийн 27/ нарын болон шүүгдэгч Г.Ж-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №13342 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.С-ын биед баруун чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-ын эрүүл мэндэд баруун чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч Б.С- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 18, 72, 75/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Ж- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Ж-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1810026560363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.С- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Г-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Ж- 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ж-ид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ж- оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810026560363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.С- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ж-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР