| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0339/Э |
| Дугаар | 396 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 396
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Ж-ийн Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910002120132 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ..... дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сар хорих ял шийтгүүлж, уг ял дээр эдлээгүй үлдсэн 07 жилийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 12 жил 01 сарын хугацаагаар тогтоосныг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр захирамжаар 07 жил 03 сар 19 хоногоор дүйцүүлэн хассан,
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай захирамжаар эдлээгүй үйлдсэн 01 жил 10 сар 04 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Ж-ийн Г- /РД: ............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г- нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр согтуугаар хохирогч Д.М-ын гар утсыг нь авна гэж нүүр, толгойн тус газар нь отвёркоор хатган, цээж нуруунд өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр согтуугаар хохирогч Д.М-ын Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.Г-: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би ахынхаа гэрт очих гээд явж байхдаа дэлгүүрээс ахын хүүхдэд юм авч өгөх гээд дэлгүүр орсон, дэлгүүрт М- ахтай тааралдсан, М- ах архи авчихсан, надад хундагалж өгсөн, би уухгүй гээд өгсөн архийг нь амсаад өгсөн. Тэгтэл М- ах хоёулаа голын эрэг дээр очиж хамт архи ууя гэхээр нь би зөвшөөрч хамт гол орсон, тэнд очоод бид хоёр архиа хувааж уусан. Тэгээд би М- ахыг “Та намайг жоохон байхад шоглодог байсан биз дээ” гэхэд М- ах надад “Тэгээд чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би машины хаалганд байсан отвёркоор түүний нүүрэнд 2-3 удаа хатгасан, өөрөөр цохиж зодоогүй. М- ахыг утсаа өгч бай гээд утсыг нь авсан, хүнтэй утсаар ярьсан, өөрөөр би гар утсыг нь дээрэмдье гэсэн санаатай утсыг нь аваагүй, яагаад эргүүлж өгөөгүйгээ санахгүй байна. Бид хоёр шөнийн 4 цаг хүртэл хамт явж, архи уусан. Утас өгсөнгүй гэдгээс болж би түүний нүүрэнд отвёркоор цохиогүй, намайг бага байхад шоглодог байсан гэснээс болж биед нь гэмтэл учруулсан. Маргааш нь гар утас нь надад байсныг би таньдаг хүүхдээр өгч явуулсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах дэлгүүр орж нэг шил архи, нэг ундаа аваад гарах гэж байхад зүс таних Г- орж ирээд бид хоёр ярилцаж байгаад дэлгүүрээс гарахад Г- намайг машиндаа суу гэхээр нь суухад гурван байшингийн доод гудамж руу очсон. Тэгээд Г- ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уухад намайг утсаа өгчих гэж хэлэхээр нь би утсаа өгөхөд миний утсыг машины урд хайрцаг руу хийсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд энэ утсыг би авна гээд гартаа байсан отвёркаар миний нүүр рүү хоёр удаа, толгой руу нилээн хэдэн удаа хатгасан, тэгээд машинаасаа гаргаад миний цээж, нуруу руу нилээн хэдэн удаа өшиглөөд буцаж машиндаа суулгаад хотоор дагуулж явж байгаад Нисэхэд баарны гадаа зогсоод Г- буухаар нь би гараад зугтаасан...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Гэрч С.Баярдулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд манай дэлгүүрт М- халамцуу орж ирээд зогсож байхад Нисэхийн Ганбаа гэх залуу, өөр нэг залуугийн хамт орж ирсэн. ...Тухайн үед М- Ганбаатай таарлаа гээд авсан архиа задлаад аяганд хийж өгөхөд Ганбаа уугаагүй амсаад өгсөн. Тэр хоёр ярилцаж байгаад дэлгүүрээс гараад явсан...” /хх-ийн 30-31/ гэсэн,
Гэрч Д.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хадам дүү Ж.Г-тай хамт миний Мицибуши загварын машинтай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан. Ж.Г- миний машинд архи ууж байгаад дуусаад дахин ууна гээд дэлгүүр орсон. Дэлгүүр орчихоод нэг хүнтэй хамт гартаа архи барьчихсан гарч ирээд машинд суугаад Туул голын эрэг дээр очиж, архиа хувааж уусан. Тухайн үед Г- машины урд талын суудалд, нөгөө хүн нь хойд талд сууж байсан. Г- тэр хүнээс утсаа өгч бай гэж хэлж утсыг нь авчхаад буцааж өгөхгүй байснаас болоод хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Г- машины хаалганы халааснаас отвёркийг аваад тэр хүний толгой, нүүр орчим цохихоор нь би дундуур нь орж салгасан. Тэгээд дахиж зодолдоогүй, Г- намайг хөдөл гээд Үйлдвэр комбинат руу очсон боловч уулзах хүн нь байхгүй байсан учраас буцаж Нисэхийн нэг баарны гадаа ирээд Г- тухайн баар руу орсон. Г- баар руу орсны дараа нөгөө хүн буугаад явчихсан...” /хх-ийн 35/ гэсэн,
Шүүгдэгч Ж.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад зүс таних М-тай таарсан, тухайн үед би өөрийн хүргэн Гантөмөртэй явж байсан тэгэд М- бид хоёр архи уухаар болоод би дэлгүүр орж нэг шил архи аваад хүргэн Гантөмөрийн машинд суусан. Тэгээд би М-тай маргалдсан, би тухайн машины хаалганы хавтсанд байсан отверкийг аваад толгой нүүр хэсэг рүү цохисон. Тухайн үед согтуу байсан учраас М-ын утсыг авчихаад яагаад өгөхгүй байснаа санахгүй байна, би М-ын утсыг ашиглаад явъя л гэж бодсон байх...” /хх-ийн 57, 69, 83-84/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №8599 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.М-ын биед дух, зүүн нүдний гадна, доод хэсэг, баруун хацар, зүүн зулай, дагзны хуйханд шарх, зулайн хуйханд зулгаралт, цээж, хэвлий, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-16/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/,
- Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 61-62/,
- Шүүгдэгч Ж.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 44-53/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Г- нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр согтуугаар хохирогч Д.М-ын гар утсыг өгөхгүй гэж нүүр, толгойн тус газар нь отвёркоор хатган, цээж нуруунд өшиглөн зодож, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний гадна, доод хэсэг, баруун хацар, зүүн зулай, дагзны хуйханд шарх, зулайн хуйханд зулгаралт, цээж, хэвлий, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр согтуугаар хохирогч Д.М-ын Жи-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.М-ын “...Г- ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уухад намайг утсаа өгчих гэж хэлэхээр нь би утсаа өгөхөд миний утсыг машины урд хайрцаг руу хийсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд энэ утсыг би авна гээд гартаа байсан отвёркаар миний нүүр рүү хоёр удаа, толгой руу нилээн хэдэн удаа хатгасан, тэгээд машинаасаа гаргаад миний цээж, нуруу руу нилээн хэдэн удаа өшиглөөд буцаж машиндаа суулгаад хотоор дагуулж явж байгаад Нисэхэд баарны гадаа зогсоод Г- буухаар нь би гараад зугтаасан...” /хх-ийн 25-26/ гэсэн, гэрч Д.Гантөмөрийн “...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ...Ж.Г- миний машинд архи ууж байгаад дуусаад дахин ууна гээд дэлгүүр орсон. Дэлгүүр орчхоод нэг хүнтэй хамт гартаа архи барьчихсан гарч ирээд машинд суугаад Туул голын эрэг дээр очиж, архиа хувааж уусан. Тухайн үед Г- машины урд талын суудалд, нөгөө хүн нь хойд талд сууж байсан. Г- тэр хүнээс утсаа өгч бай гэж хэлж утсыг нь авчхаад буцааж өгөхгүй байснаас болоод хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Г- машины хаалганы халааснаас отвёркийг аваад тэр хүний толгой, нүүр орчим цохихоор нь би дундуур нь орж салгасан...” /хх-ийн 35/ гэсэн, шүүгдэгч Ж.Г-ын “...2018 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад зүс таних М-тай таарсан, тухайн үед би өөрийн хүргэн Гантөмөртэй явж байсан тэгээд М- бид хоёр архи уухаар болоод би дэлгүүр орж нэг шил архи аваад хүргэн Гантөмөрийн машинд суусан. Тэгээд би М-тай маргалдсан, би тухайн машины хаалганы хавтсанд байсан отвёркийг аваад толгой нүүр хэсэг рүү цохисон. Тухайн үед согтуу байсан учраас М-ын утсыг авчхаад яагаад өгөхгүй байснаа санахгүй байна, би М-ын утсыг ашиглаад явъя л гэж бодсон байх...” /хх-ийн 57, 69, 83-84/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №8599 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.М-ын биед дух, зүүн нүдний гадна, доод хэсэг, баруун хацар, зүүн зулай, дагзны хуйханд шарх, зулайн хуйханд зулгаралт, цээж, хэвлий, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-16/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г- нь бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авахдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь тус тусдаа гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Г-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ын эрүүл мэндэд дух, зүүн нүдний гадна, доод хэсэг, баруун хацар, зүүн зулай, дагзны хуйханд шарх, зулайн хуйханд зулгаралт, цээж, хэвлий, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 324,000 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг нь хохирогчид буцаан өгсөн /хх-ийн 18/ хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүйн дээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор заажээ.
Шүүх шүүгдэгч Ж.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялд дүйцүүлэн оногдуулсан хорих ял дээр нэмж, дээрх нийлмэл гэмт хэргүүдэд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 50 дугаартай захирамжаар 1 жил 10 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан /хх-ийн 171/ бөгөөд түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусах байжээ. Гэтэл шүүгдэгч Ж.Г- нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл болно. Иймд шүүгдэгч Ж.Г-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс шийтгэх тогтоол гаргах хүртэл буюу 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1810016620251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.М- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч С.Одгариг нараас “...Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн, энэ хэргийг хүлээлгэхийн тулд мөрдөгч нар зодсон гэх асуудлыг шалгаж өгнө үү, хэргийн баримт танилцуулаагүй...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна, учир нь хэрэгт авагдсан хохирогч Д.М-, гэрч Д.Гантөмөр нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, агуулгын хувьд нэг л зүйлийн талаар мэдүүлэх бөгөөд мэдүүлэг авахаас өмнө хохирогч, гэрч нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж журмын дагуу Үндсэн болон Эрүүгийн хууль тайлбарлан танилцуулж, сануулж мэдүүлэг авсныг шүүх үнэн зөв мэдүүлэгт тооцсон ба эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид зодуулсан, эрүүдэн шүүсэн гэснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч энэ талаар өмнө нь ярьж байгаагүй, шүүх хуралдаан дээр түүний ингэж ярьсныг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Цагдан хорих төвд Ж.Г-тай би удаа дараа уулзаж, санал хүсэлтийг сонсоход энэ талаар огт ярьж байгаагүй, өмнө нь ярьж байгаагүй асуудлыг яагаад өнөөдөр хуралдаан дээр ярьж байгааг ойлгохгүй байна, Ж.Г- нь Улсын Ерөнхий Прокурорын газарт таслан сэргийлэх арга хэмжээний талаарх хүсэлтийг удаа дараа тавьж шийдвэрлүүлж байсан, эрүүдэн шүүсэн гэдэг асуудлын талаар өмнө нь гомдол, хүсэлт гаргах боломжтой байсан...” гэсэн хариу тайлбараар няцаагдаж байна.
Хавтаст хэргийн 85 дугаар талд шүүгдэгч Ж.Г- хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан тухай баримт авагдсан тул хэргийн материал танилцуулаагүй гэж үзэх боломжгүй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ж-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ын өмнөх Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 4 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 4 /дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ын цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ад оногдуулсан 2 жил 11 сар 4 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн 18100016620251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.М- нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР