Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2016/01107

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Таван Богд группын төв байранд байрлах, “Улаанбаатар гурил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсгологийн зам 18-1 тоотод байрлах, “Брэйд Бэйкери” ХХК-д холбогдох

33 525 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч “Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Манай компани нь “Брэйд бэйкери” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Бид гэрээний дагуу үүргээ биелүүлж тухай бүрт нь бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлж ирсэн. Гэвч “Брэйд бэйкери” ХХК-ийн зүгээс төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй удсаар байна. Бид утсаар болон албан бичгээр удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж ярьсаар бидний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөөр байна. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хоёр байгууллагын “Тооцоо нийлсэн акт”-аар “Брэйд бэйкери” ХХК нь  22 350 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ хугацаанд бидний зүгээс “Брэйд бэйкери” ХХК-д хүлээцтэй хандаж ирсэн боловч удахгүй гэж ярьсаар үүргээ гүйцэтгэлгүй бидний ажилд хүндрэл учруулсаар байна.

“Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 22 350 000 төгрөг, “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 7.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн алданги болох 11 175 000 төгрөг, нийт 33 525 000 төгрөгийг “Брэйд бэйкери” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. 

 

 Хариуцагч “Брэйд бэйкри” ХХК-ийн захирал Д.Доржбямба шүүхэд гаргасан

хариу тайлбартаа:

             Манай компани нь Улаанбаатар гурил ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлнө гэжээ.

 

             Нэхэмжлэгч “Улаанбаатар гурил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тамир шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

             Хариуцагчтай харилцан тохиролцож гэрээний үндсэн төлбөр болох 22 350 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Хэрэв төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргахаар харилцан тохиролцсон. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 11 175 000 төгрөгийн алдангиас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч “Улаанбаатар гурил” ХХК нь хариуцагч “Брэйд бэйкери” ХХК-д холбогдуулан 33 525 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 “Брэйд бэйкери” ХХК нь “Улаанбаатар гурил” ХХК-тай 2015 оны 08-р сарын 25-ны өдөр үйдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 22 350 000 төгрөгийн худалдаж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч “Улаанбаатар гурил” ХХК нь хариуцагч “Брэйд бэйкери” ХХК-иас 33 525 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасгаж 22 350 000 төгрөг  нэхэмжилсэн ба хариуцагч нь 22 350 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор багтаан нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн тул талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. “Улаанбаатар гурил” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Брэйд бэйкери” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 33 525 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд  хариуцагч нь 22 350 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор багтаан нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 163 000 төгрөг, хариуцагчаас  134 850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ