Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1332

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908050201861 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Ч-н Л, Монгол Улсын иргэн,  Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Л 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын хойд талын зам дээр Тоёота Приус маркийн УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо мэргэшсэн болон жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй, ялын саналыг зөвшөөрсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Н.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Жолооны үнэмлэхийг Хууль зүйн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний А/48 дугаарын тушаалаар батлагдсан загвар нууцлалын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс хэвлэж олгодог. Уг тушаалд хэт ягаан туяаны нууцлалаар цагдаагийн шонхор байж гарч ирэх ёстой ба мөн чиптэй байдаг бөгөөд чип дотор жолооны үнэмлэхний мэдээлэл агуулагдаж байдаг. Хуурамчаар үйлдэгдсэн үнэмлэхэд эдгээр нууцлал байхгүй учраас хуурамч байна...гомдол саналгүй...” гэжээ. /хх-7/,

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 “...Мэргэшсэн жолооны үнэмлэх авахад ямар ангилалаас хамаарч 21 хоногийн сургалтад хамрагдан манай байгууллагын мэргэшсэн жолоочийн тасагт шалгалт үнэмлэхээ авдаг. Энэ мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг харахад хуурамч гэдэг нь илт мэдэгдэж байна. Манайд хэвлэгдэн гарч байгаа мэргэшсэн жолоочийн үнэмлэх нь өндөр нууцлалтай, хуурамчаар хийх боломжгүй үнэмлэх байдаг...гомдол саналгүй...” гэжээ./хх-15-16/,

Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...тус дүүргийн замын цагдаагийн зохицуулагч ажилтай ба 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хархорин захын хойд талын зам дээр үүрэг гүйцэтгээд зогсож байхад  улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн  тээврийн хэрэгслийг саатуулж шалгахад Л гэж  хүн хуурамч жолоочийн үнэмлэх ашиглан жолоодож байсан. Анх үнэмлэхийг нь үзэхэд илт хуурамч гэдэг нь мэдэгдэж байсан...” гэжээ./хх- 20-21 /,

Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 “...Би улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машиныг ББСБ-аас зээлээр авсан ба 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр найз Ч.Л над руу залгаад машинаа түр хэрэглүүлээч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан. Гэтэл 30 гаран минутын дараа Л над руу залгаад цагдаа зогсоочихлоо хүрээд ир гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очсон. Хуурамч жолооны үнэмлэхтэй гэдгийг нь мэдээгүй. Эрхээ хасуулсан талаар надад огт хэлээгүй...” гэжээ / хх-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5008 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Лын №0099908 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон №520253 дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйлүүд нь хуурамч.

2. Хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлал илрээгүй, будагч бодис нь олон өнгийн бичил цэгүүдээс бүтсэн, бичил бичвэргүй, дүрс өөрчлөгдөх нууцлалгүй зэрэг шинжүүдтэй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хуурамч №0099908 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон №520253 дугаартай жолоочийн үнэмлэхүүдийг бүхэлд нь inkjet төрлийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн хуурамч №0099908 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон №520253 дугаартай жолоочийн үнэмлэхүүдэд ямар нэг үг, үсэг, тоо нэмж бичээгүй...” гэжээ /хх-29/,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд: “...Ч.Л нь жолоодох эрх нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай хасагдсан...” гэжээ /хх-48/,

Яллагдагч Ч.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Тавантолгой гэх газарт хүнд даацын машин барих ажил хийхээр болсон боловч тэр үед жолоодох эрхээ хасуулсан байсан тул Баянхонгор аймгийн бичиг хэргийн газарт хуурамч жолооны үнэмлэх, хуурамч мэргэшсэн жолооны үнэмлэх хийлгэсэн. Тэгээд ажил бүтэхээ байж тэр ажилдаа ороогүй, үнэмлэхээ хадгалж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирээд найзынхаа машиныг барьж явж байгаад цагдаа зогсоохоор нь хуурамч жолооны үнэмлэхээ үзүүлээд цагдаад баригдсан...үнэмлэх хийсэн хүнийг танихгүй, 60.000 төгрөг төлөөд хийлгэсэн юм...” гэжээ. /хх-107/, Цагдаагийн илтгэх хуудас  /хх-80/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/,

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-53/,

Лавлагаанууд /хх-46-54/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/,

Хуурамч жолооны үнэмлэхийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-н 68-69, 98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Лад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Л 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын хойд талын зам дээр Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо мэргэшсэн болон жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.П өгсөн “...хэт ягаан туяаны нууцлалаар цагдаагийн шонхор байж гарч ирэх ёстой ба мөн чиптэй байдаг бөгөөд чип дотор жолооны үнэмлэхний мэдээлэл агуулагдаж байдаг. Хуурамчаар үйлдэгдсэн үнэмлэхэд эдгээр нууцлал байхгүй учраас хуурамч байна...” гэх, хохирогч С.Б “...Энэ мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг харахад хуурамч гэдэг нь илт мэдэгдэж байна. Манайд хэвлэгдэн гарч байгаа мэргэшсэн жолоочийн үнэмлэх нь өндөр нууцлалтай, хуурамчаар хийх боломжгүй үнэмлэх байдаг...” гэх, гэрч М.Н “...улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг саатуулж шалгахад Л гэж  хүн хуурамч жолоочийн үнэмлэх ашиглан жолоодож байсан...” гэх,  гэрч Л.Д “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр найз Ч.Л над руу залгаад машинаа түр хэрэглүүлээч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан...” гэх мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №5008 дугаар дүгнэлт, шүүгдэгч Ч.Лын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон эд мөрийн баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд мэргэшсэн болон жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Ч.Л мэргэшсэн болон жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарах бөгөөд дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ч.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол байхгүй бөгөөд хохирогч Н.П, С.Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.Лаас гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Ч.Лад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар, прокурорын саналын хүрээнд торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Лад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн №0099908 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон №520253 дугаартай жолоочийн үнэмлэхүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч-н Л г тусгай зөвшөөрөл, эрх олгосон, мэргэшсэн болон жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Лыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Л торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ч.Л цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Н.П, С.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0099908 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон №520253 дугаартай жолоочийн үнэмлэхүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, устгахыг даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Лад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ