Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1338

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908056821822 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Я овогт Р-н С, Монгол Улсын иргэн,  Улаанбаатар хотод 1963 оны 10 дугаар сарын -ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.С 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн тоотод иргэн М.Гийг таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал, дух, зовхи, хацар, шанаанд, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.С мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй, ялын саналыг зөвшөөрсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байтал хүргэн ах С гаднаас халамцуу байдалтай орж ирээд “чи том болжээ, манай хүүд тусалж барихгүй хэдэн паниар хадаад өгөхгүй” гэхээр нь би “ээж эмнэлэгт хэвтсэн, зав муутай байна. Одоо эмнэлэг явж эргэлээ” гээд хэлтэл дахин “чи их том болжээ” л гээд байсан. Тэгэхээр нь би “та халамцуу байх шиг байна, ах харьж амар” гээд хэлээд гэрээсээ гаргасан чинь надаас зуураад тавихгүй байснаа намайг түлхээд унагасан. Би урагшаа тонгойгоод босох үед нүүрэнд хөлөөрөө 2 удаа өшиглөх үед би нүүрээ дараад хэвтэхэд гэдсэнд нэмж өшиглөсөн. Тэр үед манай хөрш Б-Э ирээд С ахыг надаас салгасан...” гэжээ. /хх-22/,

Гэрч С.Б-Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал хойд айлын Г ахын хүү манайд орж ирээд аавыг хүн зодоод байна гэхээр нь гараад хартал С ах Г ахыг газар унагачихсан нүүрэнд нь өшиглөж байхад нь би салгасан. Г ах зодуулаад нүүр ам нь хавдаж, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Харин С ах халамцуу байдалтай байсан...” гэжээ. /хх-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №13317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны дээд хэсэгт 2х2см, цээжний урд дээд хэсэгт 5х1 см улаан ягаан өнгийн зулгаралттай, орчиндоо хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанаанд үргэлжилсэн улаан хүрэн өнгийн цус хуралттай. Хамрын нуруу тэгш, хамрын амьсгал саадтай, зүүн нүдний доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай.  Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1. М.Гийн биед цээжний зүүн талын 10-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, дух, зовхи, хацар, шанаанд, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-15/,

Яллагдагч Р.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороонд амьдрах хүү Б гэрт нь очсон юм. Тэнд манай хүүтэй саахалтын зайтай амьдардаг эхнэрийн төрсөн дүү Гийнх байдаг. Би хэд хоногийн өмнө хөдөө очихдоо Гт манай хүүтэй нийлээд саравч янзлаад өгчихөөрэй гэж хэлээд явтал янзлаагүй байхаар нь Гийн гэрт явж очоод “чи манай хүүтэй нийлж битгий архи уугаад бай, саравч хамт янзлаад өгчихгүй яасан юм” гээд хэлтэл өөдөөс хэдэрлээд байхаар нь уур хүрээд гадаа зогсож байхад нь гараараа цохиж унагаан хөлөөрөө нэг удаа нүүр, цээжинд нь өшиглөж цохих үед ойрхон байсан Б-Э бид хоёрыг салгасан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-35/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн оношлогоо / хх-39-44/,  эмнэлгийн магадлагаа, хохирлын  баримт /хх-45-49/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-53/,эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Ст холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.С  нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн тоотод иргэн М.Гийг таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал, дух, зовхи, хацар, шанаанд, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч М.Гийн өгсөн “...надаас зуураад тавихгүй байснаа намайг түлхээд унагасан. Би урагшаа тонгойгоод босох үед нүүрэнд хөлөөрөө 2 удаа өшиглөх үед би нүүрээ дараад хэвтэхэд гэдсэнд нэмж өшиглөсөн...” гэх,

гэрч С.Б-Э өгсөн ”... гараад хартал С ах Г ахыг газар унагачихсан нүүрэнд өшиглөж байхад нь би салгасан...” гэх,

“...М.Гийн биед цээжний Зүүн талын 10-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, дух, зовхи, хацар, шанаанд, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №13317 дугаар дүгнэлт,

шүүгдэгч Р.Сын яллагдагчаар өгсөн “...өөдөөс хэдэрлээд байхаар нь уур хүрээд гадаа зогсож байхад нь гараараа цохиж унагаан хөлөөрөө нэг удаа нүүр, цээжинд нь өшиглөж цохих үед ойрхон байсан Б-Э бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Хууль зүйн хувьд Р.С нь хохирогч М.Гийг хүүдээ тусалсангүй гэх шалтгааны улмаас зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Р.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч М.Г нь өөрт учирсан гэм хорын асуудлаа шийдвэрлүүлсэн, гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Р.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт Р-н Сыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч М.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ