Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1366

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга  Ц.Долгормаа,

Улсын яллагч С.Оюунжаргал,         

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ц-н А-т холбогдох эрүүгийн 1903010780490 дугаартай 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Ц-н А, Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн 21 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны эцэс рүү явах замд “Тоёота Приус" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Ё.Г-Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:      

Хохирогч Ё.Г-О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 21 цаг 40 минутын орчимд гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Баянхошууны эцэс рүү явдаг засмал замын зүүн талд байрлах “Мини маркет” ХХК-ний хүнсний дэлгүүрийн баруун талын засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцны хэвтээ тэмдэглэгээний цагаан зураас нь бүдгэрч арилсан хэсгээр засмал зам хөндлөн гарч явтал уг засмал замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж явсан Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашин ирж намайг мөргөж би унахдаа засмал замын зүүн талын хашлага руу баруун талын нүдээрээ цохиж зам дээр унасан. Тэгээд би босож ирээд хөдөлж болохгүй, толгой тархи манараад доошоо тонгойгоод зогсож байхад уг автомашины жолооч бууж ирэн “гэрэл гялбаад юу ч харагдсангүй” гэж хэлээд “эмнэлэг явах уу” гэхээр нь би “өвдөж байгаа юм гайгүй юм шиг байна, эмнэлэг явж яах юм, зүгээр” гэж хэлээд машин доороос гар утсаа аваад машиныг нь хөдөлгөж замын зүүн тал руу гаргаж зогссон...Тэрнээс хойш 3 хоногийн дараа хөдөөнөөс манай төрсөн эгч, хүргэн ах хоёр гэрт ирээд намайг “нүдээ яачихсан юм” гэж асуухад миний нүд хүрэн өнгөтэй болчихсон байсан болохоор автомашинд мөргүүлсэн гэдгээ хэлж маргааш өдрөөс нь эхлэн толгой тархи өвдөөд болохгүй болохоор нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өрхийн эмнэлэг дээрээ очиж үзүүлэхэд даралт ихэссэн, дусал залгуулж 1 өдөр гэртээ өнжсөн, 17-ны өдөр нүд бүрэлзээд юм харж чадахаа байхаар нь гадуур гаралгүй гэртээ байж байгаад 20-ны өдөр “Солонго” нүдний эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “осолд орсон юм бол эртхэн шиг үзүүлэхгүй” гэж хэлээд “толгойны томографийн зураг авахуулаад ир” гэсний дагуу зургаа авахуулаад эргээд очтол эмч нь үзээд 2 нүдний ард талын тархитайгаа холбогдсон судас нь гэмтсэн байна, нөхөн сэргээх эмчилгээ хийнэ гээд 5 хоног тариагаар эмчилгээ хийсэн, тариагаа хийж дуусган дахин үзлэг хийлгэхэд зүүн нүд 30% харж эхэлсэн, баруун нүд бүрсхийгээд юм харж болохгүй дахин 14 хоног эмчилгээ хийлгэ гэж бичиж өгөөд “Хатанбаатар” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж эмнэлгээс гарч, гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад “баруун нүдний судас гэмтсэн байна” гэж “Солонго” нүдний эмнэлгийн нүдний эмч хэлсэн болохоор уг зам тээврийн ослыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдлөө бичиж өгсөн. Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас миний биед баруун нүдний дээд хэсэг бондойж хавдан, 2 нүд юм харахаа больсон...” гэжээ /хх-27-28/

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ.  “...Тэр өдөр манай нагац ах Ц.А над руу орой 21 цаг өнгөрөөд 22 цагийн орчимд шиг санагдаж байна над руу утсаар яриад “ах нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Баянхошууны Жанцан төвөөс хойшоо Баянхошууны эцэс рүү явдаг замд “Наран-Арт” ХХК-ний хүнсний дэлгүүрийн үүдэнд машинтайгаа байна хүрээд ирээд машин бариад гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би тэр дороо уг газарт яваад очиход нагац ах А нэг танихгүй ахтай автомашин  дотор 1 шил архи тавьчихсан хувааж уугаад сууж байсан, тэгэхэд би ирээд автомашины жолооч талын суудал дээр суун нөгөө танихгүй ах жолоочийн  хажуугийн урд талын суудал дээр суучихсан баруун талын нүдний зовхины хажуу  талд нь улайчихсан харагдаж байсан...” гэжээ. /хх-34-35/

Гэрч Ё.У: “Миний төрсөн дүү болох Ё.Г-О уг зам тээврийн осол, хэргийн улмаас 2 нүдний хараа муудаж, юм харахаа больсон...” гэжээ. /хх-43-44/

Шүүгдэгч  Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орой 21 цаг

өнгөрөөгөөд 22 цагийн орчимд шиг санагдаж байна гэртээ харихаар өөрийн хувийн эзэмшлийн “Тоyota-Prius-11” маркийн улсын дугаартай авто машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Баянхошууны Жанцан төвөөс хойшоо Баянхошууны эцэс рүү явдаг засмал замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж яваад өөдөөс буюу эсрэг урсгалд явж байсан том оврын автобусны гэрлийн гялбаанд орж “Мини-Маркет” ХХК-ний хүнсний дэлгүүрийн баруун талын засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүний  гарцны хэвтээ тэмдэглэгээний цагаан зураас нь бүдгэрч арилсан хэсгээр засмал зам хөндлөн гарч явсан явган зорчигч залууг жолоодож явсан автомашиныхаа баруун урд хэсгээр мөргөж засмал зам дээр унагасан. Тэгээд би жолоодож явсан авто машинаасаа бууж нөгөө залуу дээр очиход тэр залуу доошоо тонгойгоод зогсож байсан, би гэрэл гялбаад юу ч харсангүй гэж хэлээд тэр залууг эмнэлэг явах уу гэхэд нөгөө залуу өвдөж байгаа юм гайгүй юм шиг байна, эмнэлэг явж яах юм зүгээр гэж хэлээд авто машин доор унасан байсан гар утсаа аваад авто машин дотор орж суун хөдөлж засмал замын зүүн тал руу гарч зогссон, намайг замаа харж явахгүй яасан юм бэ гэж хэлэхэд урдаас гэрэл гялбаад ах нь юу ч харж чадсангүй гэж хэлээд бид хоёр ярьж байгаад хоорондоо танилцан дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Хараа“ архи нөгөө залуу авч хувааж би дүү Ц утсаар ярьж дуудан авто машинаа бариулан гэрийнх нь гадаа хүргэж өгөөд салж явсан...” гэжээ. / хх-71-72/,

Иргэн Ё.Г-Ооос цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-2-3/

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-16-20/,

Зам тээврийн осол, хэргийн талаархи СD-д үзлэг хийсэн тэмдэглэл: “Баянхошууны эцэс рүү явах замд явган зорчигч Ё.Г-О зорчих хэсгийн баруун талаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй алхаж яваад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэи зорчин явсан суудлын автомашинд мөргүүлэн зорчих хэсгийн зүүн талын хашлага руу унаад өмсөж явсан малгайгаа аваад босч ирж байгаа...” гэжээ. /хх-23/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11167 дугаартай дүгнэлтэд:

1. Ё.Г-О-н биед хоёр нүдний гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, зүүн нүдний хараа 0.6, баруун нүдний хараа РL/гэрэл мэдрэх/ байна.

2. Дээрхи хоёр нүдний гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, зүүн нүдний хараа 0.6, баруун нүдний хараа PL/гэрэл мэдрэх/ байгаа нь  хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.5-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэжээ. /хх-51/,       

“Автотээврийн үндэсний төв” ТБӨҮГ-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 69561 дугаартай дүгнэлтэнд:

1. Toyota  маркийн Prius 11 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгсэлийн ерөнхий байдал, иж бүрдлийн хуьвд урд копут зүүн талдаа хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 28 мм/м (техник үзүүлэлт -5 +5) зэрэг стандартын шаардлага хангахгүй байна.

3.Дээрхи урд копут зүүн талдаа хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 28 мм/м (техник үзүүлэлт -5 +5) зэрэг стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн ба уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй болно.

4. Уг автомашины тоормос нь цахилгаан буюу шингэн дамжуулагчтай ABS тоормосны системтэй ба эвдрэл гэмтэлгүй стандартын шаардлага хангаж байна.

5. Энэхүү тээврийн хэрэгсэл нь цахилгаан буюу шингэн дамжуулагчтай ABS тоормосны системтэй ба тоормос гишгэх үед автомашины хурд болон тоормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч зам дээр тоормосны мөр үүснэ.

6. Энэхүү тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна...” гэжээ. /хх-57-61/,

Шүүгдэгч Ц.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /16-20/,  бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 11167 дугаартай дүгнэлт,  “Автотээврийн үндэсний төв” ТБӨҮГ-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 69561 дугаартай дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.А гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн 21 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны эцэс рүү явах замд “Тоёота Приус" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Ё.Г-Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:    

Хохирогч Ё.Г-Оын “...Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашин ирж намайг мөргөж би унахдаа засмал замын зүүн талын хашлага руу баруун талын нүдээрээ цохиж зам дээр унасан...” гэх  мэдүүлэг /хх-27-28/,

Гэрч Б.Ц-н “...нагац ах А нэг танихгүй ахтай автомашин  дотор 1 шил архи тавьчихсан хувааж уугаад сууж байсан, тэгэхэд би ирээд автомашины жолооч талын суудал дээр суун нөгөө танихгүй ах жолоочийн  хажуугийн урд талын суудал дээр суучихсан баруун талын нүдний зовхины хажуу  талд нь улайчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Гэрч Ё.У “...Миний төрсөн дүү болох Ё.Г-О уг зам тээврийн осол, хэргийн улмаас 2 нүдний хараа муудаж, юм харахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-43-44/

“...Ё.Г-О-н биед хоёр нүдний гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн үрэвсэл, зүүн нүдний хараа 0.6, баруун нүдний хараа РL/гэрэл мэдрэх/ байна...” гэх шүүх эмнэлгийн шинжээчийн №11167 дугаартай дүгнэлт /хх 51/,

“...1. Toyota  маркийн Prius 11 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх “Автотээврийн үндэсний төв” ТБӨҮГ-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 69561 дугаартай дүгнэлт

Шүүгдэгч Ц.Аын “..зам хөндлөн гарч явсан явган зорчигч залууг жолоодож явсан автомашиныхаа баруун урд хэсгээр мөргөж засмал зам дээр унагасан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Ц.А тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Аын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ё.Г-Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ё.Г-Оын төрсөн дүү Ё.У нь шүүгдэгч Ц.Ааас 1.100.000 төгрөгийг  хүлээн авсан байх ба хохирогч Г-О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ат дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СD-ийг  хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г овогт Ц-н А-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ё.Г-Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ц.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ц.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СD-ийг  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Хохирогч Ё.Г-О цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОЮУНЧИМЭГ