| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01098/И |
| Дугаар | 184/ШШ2016/01190 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/01190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин гудамж 45 тоотод оршин суух, эмэгтэй, АЙ81110929 регистрийн дугаартай, Саарал адуу овогт Цэрэндоржийн Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй
хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан, нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Бат-Амгалан миний бие Д.Чулуунбаатартай 2001 онд танилцаж 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 14 тоот гэрлэлтийн гэрчилгээ авч байсан.
Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2004 онд салж тусдаа амьдрах болж өөр өөрийн гэсэн гэр бүлтэй болсон.
Нэгэнт бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн гол 64-р гудамж 02 тоот гэсэн хаягт оршин суудаггүй гэсэн. Иймээс одоогийн байдлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болоод байна.
Иймд Д.Чулуунбаатарын оршин суугаа хаяг тодорхойгүй, одоо хаана амьдарч байгаа нь ч мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан нь хариуцагч Д.Чулуунбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Д.Чулуунбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй Д.Чулуунбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар АЙ69091131 регистрийн дугаартай, Хатиган овогт Дашийн Чулуунбаатарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ