| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/1315/Э |
| Дугаар | 1369 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1369
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И М овогт Ч-н А-д холбогдох эрүүгийн 1908034811610 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И М овогт Ч-н А, Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт тоотод оршин суудаг гэх, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2289 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан /хх-75-76/ регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 06 дугаар 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, тоотод иргэн Н.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож “хамрын таславчийн мурийлт, хамар, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд зулгаралт, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “...Бусдыг цохьсон нь үнэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ээд байдаг С гэх залуугийн мал нядалгааны газар дээр 16 тооны үхэр муулуулсан. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөх С гэх залууд 9 тонн буюу 865 кг үхрийн махыг хиллэж өгсөн. Тэгээд С гэх залуу махаа авч явчихаад 17 цагийн үед над руу 9 гэсэн дугаар руу залгаад энэ махыг чинь 7.000 төгрөгөөр тооцож авъя гэж хэлэхээр нь би ийм хол үнийн зөрүү гэж юу байдаг юм бэ, адилхан хамт ажил хийдэг хүмүүс байж юунд ингэдэг юм бэ, зах дээр илүү үнэтэй зарж чадах байсан гэж хоорондоо утасны цаанаас муудалцсан. Тэгээд тэр өдөр 4 дүгээр цахилгаан станцын хажууд байдаг махны үйлдвэрт хүрээд ир гэж хэлэхээр нь цуг ажилладаг Н гэх хөгшинтэй цуг очиход С гэх залуу тэр газартаа байхгүй байхаар нь бид хоёр Э зах руу буцаад явсан. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед С гэх залуутай тооцоо хийхээр Н гэх хөгшинтэй цуг С үйлдвэрийн газар ороод амралтын өрөөнд нь ороод Н гэх хөгшин С гэх залуугаас за юу болсон, махныхаа тооцоог хийе гэж хэлэхэд С гэх залуу “за ах минь 7.100 төгрөгөөр тооцоогоо хийнэ, таны өгсөн махны дундаж хил бага байна ямар ч боломж алга” гэж хэлэхээр нь би урдаас нь та нар яагаад хэлсэн амандаа хүрэхгүй байгаа юм бэ, яагаад хүн доромжлоод байгаа юм бэ, би зах дээр зарсан бол илүү үнэтэй зарах байсан гэж хэлтэл С намайг чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд шууд над руу дайраад гаръя гэж хэлэхээр нь би босоод ирсэн. Миний гарт тэр үйлдвэрийн амралтын өрөөний ширээн дээр цаасны хутга байхаар нь цаасны хутга бариад сууж байтал бид хоёр маргалдахдаа би тэр цаасны хутгыг гарнаасаа тавиагүй байж байгаад бид хоёр барьцалдаад хаалган дээр очиход миний атгасан цаасны хутгыг нэг залуу миний гарыг мушгиад авсан. Тэгээд бид хоёр гадагшаа гарсан, гарангуут С гэх залуу гараараа миний хамар руу хоёр удаа цохисон, бас миний толгой руу гараараа 3 удаа цохиод байхаар нь би ухаан балартаад доошоо суухад миний нүүр хэсэг рүү өвдөглөсөн. Тэгэхээр нь за намайг тавьчих миний хамарнаас цус гараад байна гэж байхад Н ах дундуур нь орж ирж намайг салгасан...Миний хамар руу 2-3 удаа, намайг доошоо тонгойход доороос 2-3 удаа өвдөглөсөн, толгой руу 2-3 удаа цохисон...” гэжээ /хх-11-12/,
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны З Х гэх бойны газрын амрах байранд Хадаа ах хоол хийж байсан, хажууд нь нягтлан залуу Г бид гурав байж байхад Н, Н хоёр З Х бойны газрын амралтын байранд орж ирэхээр нь би хоол идэх гэж байгаа юм байх гэж бодоод байж байтал Н ширээн дээр сууж байгаад өөрийнх нь хажууд байсан цаасны хутгыг бариад оролдоод байх шиг байсан, тэгсэн удалгүй А орж ирээд Над үхрийн мах чинь хужаагийн үйлдвэр дээр гологдсон шүү, 200 төгрөгөөр шатаад махыг чинь өглөө шүү гэж эвээр хэлэхэд Н нь А руу “чи намайг өдөөд доромжлоод байна уу пизда минь, би чамайг ална шүү” гэж хэлээд оролдож байсан цаасны хутга барьсан чигээрээ А руу дайраад байхаар нь би боль гэж хэлээд Нын барьж байсан цаасны хутгыг гарнаас нь тавиулж байгаад тэр хоёрыг салгасан. Тэгээд З Х мал нядалгааны газрын хоол цай иддэг өрөөнөөс гараад өрөөний үүдэнд тэр хоёр дахиж муудалцаад барьцалдаж байгаад тухайн хоол цай иддэг газраас гарсан юм. Удалгүй би тухайн хоол, цай иддэг газраас гартал Нын хамарнаас нь цус гарсан байдалтай, Н нилээн уурласан байдалтай би цагдаа дуудна гэж хэлж байсан, удалгүй би З Х бойны газраас мал ахуйгаа янзлах гээд гарсан...” гэжээ /хх-94/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр хоёр З Х ХХК-ны хоол цай ууж иддэг өрөөнд барьцалдаад үүдээр гарах үед нь Б Нын барьж байсан цаасны хутгыг гараас нь салгасан юм. Цаасны хутгыг нь авсаны дараа тэр хоёр барьцалдаад үүдээр гараад А Нын нүүр хэсэг рүү гараар цохихоор нь би араас нь салгах гэтэл Нын хамарнаас нь цус гарсан байсан юм. Тэр үед Н ах гарч ирээд тэр хоёрыг салгасан юм...” гэжээ /хх-113/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Махны үйлдвэрийн бойны эзэн А гэх залууд 500-600 кг-ийн махыг 1 кг-ыг 7.500 төгрөгөөр тохироод өгсөн. Тэр өдөр А бид нараас мах аваад үйлдвэр дээрээ очиж махаа хиллэж үзээд А над руу яриад ханш нь болохгүй байна, 7.500 төгрөгөөс доошоо авна гэж байна гэж хэлэхээр нь би болохгүй бол буцаагаад аваад ир гэж хэлээд Ныг “чи Атой яриадах, үнээ буулгаад байна” гэж хэлээд Н Атой үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсан байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Н бид хоёр мах зарсан мөнгө авах гээд А гэх залуугийн З Х ХХК-ны малын бой буюу үйлдвэрийн дотор байрлах хоол, цай иддэг газарт нь ороход А, Х ахтай очоод тооцоогоо хий гэхээр нь Хадаа дээр очтол Хадаа нь А той тооцоогоо хий гэсэн, удалгүй А-г дуудаад А орж ирэхээр нь би хэдээр тооцоогоо хийх вэ гэж хэлэхээр нь 1 кг махыг 7.100 төгрөгөөр тооцоо хийчих үү гэж хэлэхээр нь би юу гэж болдог юм бэ, арай болохгүй байлгүй гэтэл миний хажууд байсан Н Атой чи тэгж болохгүй арай доромжлоод байгаан биш үү гэж хэлтэл А доромжлоод байхдаа яадаг юм бэ гэж хэлтэл Н гарандаа бариад оролдож байсан цаасны хутгатайгаа тэр чигээрээ босож ирээд тэр хоёр хоорондоо барилцаж авсан, тэгсэн Б гэх залуу Нын барьж байсан цаасны хутгыг тавиулсан юм. Тэгээд тэр хоёр барилцаж байгаад үүдээр гараад хартал Нын хамар, нүүр орчмоос цус гарсан байдалтай байхаар нь би юу болсон юм бэ гэж асуухад миний толгой тархи өвдөөд байна, миний шүд хөдөлсөн юм шиг байна гэж хэлсэн...” гэжээ / хх-116-117/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7945 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд 1х0,8см, баруун доод зовхинд 0,3х0,2см, баруун хацарт 0,4х0,3 см, эрүүнд 2х0,2 см, 0,2х0,2 см хэмжээтэй 2 ширхэг, хүзүүний урд доод хэсэгт 0,4х0,2см улаан өнгийн зулгаралттай, дээд уруулын дотор салстад 0,5х0,2см, 0,3х0,2см язарсан шархтай, орчны эдэд 3х2 см талбайд улаан хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Хамрын амьсгал 1 талд саадтай, тэмтрэхэд эмзэглэл ихтэй.
ДҮГНЭЛТ:
1. Н.Нын биед хамрын таславчийн мурийлт, хамар, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд зулгаралт, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. / хх-16/,
Шүүгдэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Х, Б хоёр Нын барьж байсан цаасны хутгыг авсан юм, тэгээд бид хоёр тухайн байрны үүдэнд гарч ирээд би нүүр, толгой хэсэг газар луу нь гараараа хоёр удаа цохисон...” гэжээ. /хх-103/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.А нь 2019 оны 06 дугаар 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Э ийн тоотод иргэн Н.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож “хамрын таславчийн мурийлт, хамар, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд зулгаралт, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нын өгсөн “...С гэх залуу гараараа миний хамар руу хоёр удаа цохисон, бас миний толгой руу гараараа 3 удаа цохиод байхаар нь би ухаан балартаад доошоо суухад миний нүүр хэсэг рүү өвдөглөсөн...” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч Ч.Б өгсөн “...Нын хамарнаас нь цус гарсан байдалтай Н нилээн уурласан байдалтай би цагдаа дуудна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-94/,
Гэрч Б.Гийн өгсөн “...У А Нын нүүр хэсэг рүү гараар цохихоор нь би араас нь салгах гэтэл Нын хамарнаас нь цус гарсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-113/,
“...Н.Нын биед хамарын таславчийн мурийлт, хамар, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд зулгаралт, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүх эмнэлгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №7945 дугаар дүгнэлт,
Шүүгдэгч Ч.А яллагдагчаар өгсөн “...бид хоёр тухайн байрны үүдэнд гарч ирээд би нүүр, толгой хэсэг газар луу нь гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-103/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд У А нь хохирогч Н.Нын нүүр тус газар гараараа цохиж, цээж тус газар өвдөглөх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч У А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Н.Н өөрт учирсан хохирлоо нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч У Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У Ад дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И М овогт Ч-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ч.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ч.А-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ