Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт О-н О-д холбогдох эрүүгийн 1917000000103 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ..... дугаар баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б овогт О-н О /РД:ЕЙ/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч О.О нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 101 тоот гэртээ иргэн С.Б-тай унтуулж амраасангүй гэх шалтгаанаар маргалдан, түүний толгойн тус газар галын хайчаар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч О.О нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 101 тоот гэртээ хохирогч С.Б-тай унтуулж амраасангүй гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгойн тус газар галын хайчаар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би  ажилдаа явсан байсан. Би замын баруун талд жонш ялгадаг ажил хийдэг. Өдөр ажлаасаа ирэхэд С.Б, О.И нар хашаа янзлаад зогсож байсан. С.Б гэдэг хүүхэн өнгөрсөн зунаас хойш манайд ирээд байдаг болсон. С.Б, О.И нар шөнө 12 цагийн үед орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Би сэрээд хөөгөөд гаргачихаад гэртээ орж ирээд сууж байсан чинь араас орж ирээд гарахгүй болохоор нь галын хайчаар цохисон. Тэгээд цагийн дараа цагдаа ирээд намайг аваад сэргийлэх дээр очоод регистрийн дугаараа өгөөд ирсэн гэв.

 

1.2. Шүүгдэгч О.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01 цагийн үед гэртээ унтаж байтал манай хүү И гаднаас Б гэдэг хүүхний хамт манай гэрт орж ирсэн. И, Б нар архи уусан согтуу байсан. И гал тогтооны өрөөний шалан дээр хэвтээд унтаад өгсөн. Тэгээд Б гар гэсэн гарахгүй байхаар нь түлхэж унагаад хашааныхаа хаалгыг түгжчихээд гэртээ орж ирээд орондоо ороод хэвтэж байтал гэрийн хаалга дуугараад хүн ороод ирэхээр нь босоод очсон чинь Б ороод ирсэн байсан. Би Б-д чи гараа, хүн унтуулж амраахгүй гэсэн чинь би хүүтэй чинь юм яримаар байна гээд гал тогооны сандал дээр суучихсан. Тэгэхээр нь би Б-д хандаад согтуу хүнтэй юу ярих гээд байгаа юм бэ маргааш өглөө ирж уулзвал яасан юм бэ гэсэн. Б гутлаа тайлаад унтах маягтай болоод гарч өгөхгүй байхаар нь уур хүрээд галын хайчаар баруун хэсэгт 2 удаа цохисон. Б-н толгойноос бага зэрэг цус урсаад гарч байсан. Б манай гэрээс гараад явсан. Тэгээд 1 цагийн дараа цагдаагийн хүмүүс ирээд манай гэрт үзлэг хийгээд надаас байцаалт авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019  оны 12 дугаар сарын 12-ны шөнө танил И, М нартай 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи И-н гэрт уусан. И ээжтэйгээ хамт амьдардаг, ээж нь гэртээ байхгүй байсан. Тухайн үед 15 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна/ И ээж О гэртээ ирсэн. Тэгээд архи дарс уулаа гээд бид нарыг загнасан. И утсаар ярина гээд миний гар утсыг аваад үлдсэн. Би А ахын гэрт байж байгаад буцаад 18 цагийн үед И-с гар утасаа авахаар очсон. И гэртээ ээж О, ах Э хамт байж байсан. И Э ахынхаа хувцасыг солиод сууж байсан. Э ах нь сэтгэцийн өвчтэй юм байна лээ. И бид хоёр гэрээс нь хамт гараад дэлгүүрээс 0.75 литрийн Монгол Стандарт нэртэй архи авсан. Тэр архиа гудамжинд уучихаад гадуур дэмий явж байгаад шөнө дунд И-г гэрт амраахаар орсон. Цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд И бид хоёр гал тогтооных нь өрөөнд суусан. И согтуу байсан болохоор чанга, чанга дугараад яриад байсан. Тэгтэл И-н ээж О орж ирээд 1, 2 цаг болж байхад та нар хүн амьтан унтуулж амраахгүй гээд загнасан. Би И-н гэрээс гарсан. Утсаа мартсан байсан болохоор эргэж утсаа авахаар хашааных нь намхан хэсгээр даваад И-н гэрт орсон. О эгч чи ер нь хаашаа хүн бэ, амьтан хүн амраахгүй гээд уурлахаар нь би хүүтэй чинь уулзаад утсаа авах гэсэн юм аа гэж хэлсэн чинь галын хайч аваад миний толгойн баруун хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би зүүн гараараа толгойгоо хаасан боловч толгойн хуйх яз яз цохисон байсан. Язарсан шархнаас нь цус гарсан. Тэгээд И-н гэрээс гараад А ахын гэрт очсон. А ах, Б эгч нар намайг харчихаад эмнэлэг дуудаж үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд эмнэлэг дуудсан. Мөн цагдаа дуудсан.

Надад гомдол санал нэхэжлэх зүйл байхгүй. О эгчтэй сайн дураараа эвлэрсэн. Хохиролын тал дээр маргаангүй болсон. Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

1.4. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг өнгөрч байхад хашааны хаалга хүн нүдэхээр нь гараад очсон чинь Б байсан. Б гэрт орсных нь дараа харсан чинь нүүр болон хувцасных нь энгэр нил цус болсон байсан. Би яасан талаар асуухад гудамжинд хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би манай гудамжинд хүн зодох хүн байхгүй дээ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Б сүүлдээ И гэрт орсон чинь ээж О нь галын хайчаар гэл үү галын шилээврээр цохисон гэж хэлсэн. Б-н толгойн баруун хэсгээс цус гарч байсан санагдаж байна. Б өдөр нь манай гэрээс гарахдаа биед ямар нэгэн гэмтэлгүй байсан. Юунаас болж муудалцсан талаар нь мэдээгүй. Б одоо манайхаар ирэхгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

1.5. Гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Б гэх хүүхэнтэй муудалцсан гэж байсан. Хэргийн нарийн учрыг нь мэдэхгүй. Б гэдэг хүүхэн нь ямар ч хүн байдаг талаар мэдэхгүй. Би харж байгаагүй....гэх мэдүүлэг  /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:

- С.Б-н биед толгойд зулай хэсэгт, толгойн оройд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Толгойн баруун зулай хэсгийн няцарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

1.7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

1.8. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч О.О-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч О.О нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь хохирогч С.Б нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүй, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулснаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч  О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай хадам ээж О нь хүү И-тай хамт амьдардаг. Ээжийн хувьд хүнтэй эвсэг харилцаатай. Хаяа нэг огцом уур гаргадаг. Уур нь хурдан гардаг. Ээж тэтгэврийнхээ хажуугаар жоншин дээр ажиллаж мөнгө төгрөг олж гэр бүлээ тэжээдэг. Ер нь хүний хувьд янз бүрийн ааш зан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

2.2. Хохирогч С.Б-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

2.3. Шүүгдэгч О.О-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Прокуророос шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-лд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.О-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-лд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАНДАХ