| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0196/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 197
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овогт Амраагийн Сункарт холбогдох эрүүгийн 1902001430183 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл хараа 5 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ял шийтгэлгүй, Найман овогт Амраагийн Сункар РД:/МР88060112/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Сункар нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох Ж.Бекежан, Ө.Мөнхбаатар нарыг ашиглан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, байгаль экологид 3.803.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Сункар нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, байгаль экологид 3.803.328 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Сункар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч А.Сункарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна. Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг Хохирогч Э.Одгаравын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...:Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс мод 2 бэлтгэх зөвшөөрөл авсан гэх “Бугант номин” ХХК-ийн захирал удирдлагыг танихгүй, мөн А.Сункар гэх хүмүүсийг танихгүй. Иргэн А.Сункар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ, мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Хэрэв хохиролоо төлж барагдуулчих юм бол гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дцгаар тал/ Гэрч О.Эрдэнэцогтын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Бугант номин” ХХК-д захирал хийдэг. Анх 2012 онд миний төрсөн эгч Отгоны Алтанцэцэг мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр “Бугант номин” ХХК-ийг байгуулж байсан. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр О.Алтанцэцэг өөрөө захирлаар ажиллаж байх үедээ “Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах” Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ авсан. Тэгээд 2015 он хүртэл ажиллуулж байгаад надад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлж өгсөн. Би өөрийн нэр дээр шилжүүлж аваад одоог болтол үйл ажиллагаа явуулж байна. “Бугант номин” ХХК нь ойгоос үндсэн огтлолтоор нойтон мод тайрах зөвшөөрөлтэй. Манай компаний байр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт байдаг. “Тайга”, “Алтай” гэсэн хоёр суурийн хөрөөтэй, 3 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Ер нь модны компаниуд жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 6 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд улирлын чанартай ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн үед улирлын чанартай ажилладаг. Тийм болохоор тогтвортой хүн авч ажиллуулах боломжгүй байдаг. Манай компани 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ой ангийн инженер Буяндэлгэрээр ахлуулсан хүмүүстэй цуг явж Ерөө сумын 2 дугаар баг “Бага зүм” гэдэг газар мод бэлтгэх зорилгоор талбай тусгаарлуулалт хийлгүүлсэн. Тэр газарт огтлолт хийх хэсэг улаан будгаар тэмдэглэлээ хийсэн. Манай компани урьд нь хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Өөр хүмүүсээр хууль бусаар мод бэлтгүүлж байгаагүй. А.Сункар гэдэг хүн манай компаны үндсэн ажилтан бол биш, гэрээ байгуулаагүй. Ярилцаж тохиролцож мод бэлтгүүлхээр явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/ Гэрч М.Энхмаагийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“Бугант номин” ХХК бол манай гэр бүлийн компани байгаа юм. Бугант номин ХХК-ыг анх манай нөхөр О.Эрдэнэцогтын эгч О.Алтанцэцэг гэдэг хүн мод үржүүлгийн чиглэлээр 2011 онд байгуулсан, түүний дараа 2014 онд манай компани ойн үйлдвэрлэлийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болж манай нөхөр О.Эрдэнэцогт компаний захирлаар ажиллах болсон. Манай компани 2011 оноог хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Би компанийхаа менежер хийж бүх зохион байгуулалтын ажлыг хариуцаж хийдэг. Компаний өдөр тутмын үйл ажиллагааг манай нөхөр сайн мэдэхгүй, ерөнхийд нь би хариуцаж ажиллуулдаг. Би А.Сункар гэдэг хүнийг ерөнхийд нь танина, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлтэй болохоор нь хааяа амаар тохиролцоод өөрийн компаний тусгаарласан талбайгаас мод бэлтгүүлдэг. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надтай уулзаж “манай компаний мод бэлтгээд өгье” гэхээр нь урд нь манай компанид мод бэлтгэж өгч байсан юм чинь найдвартай байх гэж бодоод “тэгээрэй” гэж хэлсэн. Өөрөө “манай талбайг мэдэх юм чинь очоод мод хийчхээд ирье” гээд явсан. Би А.Сункарт төлбөр мөнгө өгөөгүй, манай тусгаарласан талбайгаас мод бэлтгээд ирэхээр нь модны гарцаас нь хамаарч цалин өгөхөөр амаар тохиролцож явуулсан. А.Сункар гэдэг залуу манай компаний үндсэн ажилтан биш 2019 оны 01 сард ажил гүйцэтгэх буюу манай компаны тусгааласан талбайгаас мод бэлтгэж, тээвэрлэж өгөх гэрээ байгуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/ 3 Гэрч Н.Эрболатын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ө.Мөнхбаатарыг танина. Түнхэл тосгонд нэг газар амьдардаг. Ө.Мөнхбаатар гэгч нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс А.Сункар гэгчид мод бэлтгэж өгөхөөр миний машинд дайгдаж тэр газарт очоод мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан. А.Сункар гэдэг манай танил зил 131 машинтай уулнаас мод бэлтгэж Бугант номин ХХК-д нийлүүлдэг залуу миний мод бэлтгэдэг хүнийг авч яваад ууланд хүргээд өгчих, би араас нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр машинаа янзалчхаад яваад очье гэсэн. Тэгэхээр нь би Ө.Мөнхбаатар гэдэг залууг машиндаа суулгаж тэр мод бэлтгэж байсан газар нь хүргэж өгсөн. Бид хэд Бугант номин гэдэг нэг компанид мод бэлтгэж өгөх байсан, тэгээд би тухайн үед газар сайн мэдэхгүй том машины мөр дагаж явж байгаад тэр газар очоод мод бэлтгэсэн. Тэр газар урд нь хүмүүс мод бэлтгэсэн байсан. Ө.Мөнхбаатар тэнд очоод миний мод бэлтгэж байсан газрын хойд талын уулан дээр Ж.Бекежаны хамт мод хөрөөдөж бэлтгэж байсан. А.Сункар надад Бугант номин ХХК-н захирлын мод бэлгэхээр зааж өгсөн газарт хүргэж буулгаарай гэж захиж хэлсэн. Тэр үед надтай хамт манай ах Е.Хумарбек Зил 131 маркийн машинтай мод бэлтгэхээр явсан, түүний машинд Ж.Бекежан сууж явж очсон. Бид ууланд мод бэлтгэж байхад Цагдаа ирж бид ажиллахаа больсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ Гэрч Е.Хумарбекийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ж.Бекежаныг танина. Түнхэл тосгонд нэг газар амьдардаг. Ж.Бекежан гэгч нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс А.Сункар гэгчид мод бэлтгэж өгөхөөр миний машинд дайгдаж тэр газарт очоод мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан. А.Сункар гэдэг манай танил зил 131 машинтай уулнаас мод бэлтгэж Бугант номин ХХК-д нийлүүлдэг залуу миний мод бэлтгэдэг хүнийг авч яваад ууланд хүргээд өгчих, би араас нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр машинаа янзалчхаад яваад очье гэсэн. Тэгхээр нь би Ж.Бекежан гэдэг залууг машиндаа суулгаж тэр мод бэлтгэж байсан газар нь хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/ Гэрч Ө.Мөнхбаатарын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар 27-ны өдөр Түнхэл 5 дугаар багийн иргэн А.Сункар гэдэг Казак залуугийн ЗИЛ-131 загвартай тээврийн хэрэгсэлд туслах ажилтнаар явж ойгоос мод бэлтгэхээр ярилцаж тохирсон юм. А.Сункар надад хэлэхдээ “Н.Эрболат 2019 оны 02 дугаар 28-ны өглөө үүрээр ой руу мод бэлтгэхээр явна, чи Н.Эрболатын машинд Ж.Бекежантай хамт суугаад ууланд очоод намайг хүлээгээд байж бай” гэж хэлэхээр нь Ж.Бекежан бид хоёр 2019 оны 02 дугаар 28-ны шөнө Н.Эрболатын машинд сууж Сэлэнгэ аймгийн Мандал сумаар дайрч уул руу явж модтой ойд 06 цагт очсон. Ж.Бекежан бид хоёр араас А.Сункарын ирэхийг хүлээгээд Н.Эрболатын машины кабинд унтаж байгаад гэгээ оронгуут нь А.Сункарын тээврийн хэрэгсэлд нь ачих нойтон ургаа шинэс модыг хөрөөдөж арван босоо мод унагааж бэлтгэсэн. Унагаасан модоо 4 метрийн урттайгаар хөрөөдөж бэлтгээд А.Сункарыг хүлээсэн боловч ирээгүй. Ж.Бекежан бид хоёрын бэлтгэсэн мод ууландаа байгаа. Тэгээд тэр орой гэгээ тасарч харанхуй болсон хойно А.Сункар ууланд ирэхгүй болохоор нь Ж.Бекежан бид хоёр Н.Эрболат, Е.Хумарбек хоёрын машинд нэг нэгээрээ сууж Сэлэнгэ аймгийн Мандал суманд дайгдаж ирээд байна. А.Сункар нь Бугант номин ХХК-ний модыг бэлтгэж тээвэрлэхээр болоод Ж.Бекежан бид хоёрыг уул руу явуулж мод бэлтгүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/ Гэрч Ж.Бекежаны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Сункар ах 2019 оны 02 дугаар 27-ны орой 22 цаг өнгөрч 4 байхад гар утсаараа залгаад “Ө.Мөнхбаатар та хоёр Н.Эрболат, Е.Хумарбек хоёрын ЗИЛ131 машинд дайгдаад явж бай, би араас чинь өөрийн ЗИЛ-131 машиндаа жоохон засвар хийж байгаад нэг хүн олоод хамт яваад очно, та хоёр ууланд очоод миний машинд ачих модоо бэлдэж байгаарай” гэж хэлэхээр нь би Ө.Мөнхбаатар бид хоёр Н.Эрболат болон Е.Хумарбек нарын ЗИЛ-131 машинд хуваагдаж суугаад 2019 оны 02 дугаар 28-ны шөнө 02 цаггт Сэлэнгэ аймгийн Мандал сумаар дайран өнгөрч уул руу ойгоос мод бэлтгэхээр явсан. Ө.Мөнхбаатар бид хоёр ойгоос мод бэлтгэхээр явахдаа А.Сункарын Хятад улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгөтэй хөрөөг авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/ Гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Харганат гэх газарт баршиж байна. Тухайн солбицлын цэг дэхь газар нь ойн сангийн 604 дүгээр хэсэглэлийн 16 дугаар ялгаралд оршиж байна. Дээрх цэгүүд нь мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй боловч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт ойн сан эзэмшдэг Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн хариуцсан ойн сангийн газар нутагт хамаарагдаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/ Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт хэсэгт: “...Бэлтгэсэн мод, модон материал нь бөөрөнхий нойтон, нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна. Хэргийн газарт босоо 15 ширхэг нойтон шинэс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна. Экологи эдийн засгийн үнэлгээ: 22.01 х 1.8 х 96000 = 3.803.328 төгрөг байна. ....” /гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Арвижих-Эстимейт ХХК-ны үнэлгээний тайланд: Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлол т Зах зээлийн дундаж үнэ Нэмэлт тайлбар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн их бие улбар шар, мотор хэсэг нь ногоон өнгийн тагтай хари өнгийн бариултай цахилгаан хөрөө Хуучин 140.000 төгрөг /гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-54,63-64,68-69 дүгээр тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дугаар тал/, зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх 5 үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч А.Сункар нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, байгаль экологид 3.803.328 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч А.Сункар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох Ж.Бекежан, Ө.Мөнхбаатар нарыг ашигласан нь нотлогдсон байна. Шүүгдэгч А.Сункарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч А.Сункарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 3.803.238 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 3.803.238 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч А.Сункар бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Сункар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг доош татаж 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Сункарын цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Сункар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 6 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар тооцож битүүмжлэн ирүүлсэн Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй улбар шар өнгийн цахилгаан хөрөөг, мөн Ерөө сумын Харганат гэх газар байгаа 15 ширхэг шинэс модыг тус тус хурааж улсын орлогод оруулахаар тогтов. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Найман овогт Амраагийн Сункарыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Найман овогт Амраагийн Сункарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Сункарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Сункар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай. 5.Ялтан А.Сункар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар тооцож битүүмжлэн ирүүлсэн Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй улбар шар өнгийн цахилгаан хөрөөг, мөн Ерөө сумын Харганат гэх газар байгаа 15 ширхэг шинэс модыг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
7.Ялтан А.Сункарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ