Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 604

 

С.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

ялтан С.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Мөнх-Эрдэнэд холбогдох 201701070037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Зээрднүүд овгийн Сүхбаатарын Мөнх-Эрдэнэ, 1979 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 30 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЛА79060915/,

С.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 28-ны оройн 21 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 30 дугаар гудамжны 15 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Хэрлэнтуяаг “намайг айлд хаяж явлаа” гэж толгойн тус газарт нь цохиж ухаан алдсаны дараа түүнийг зодож зүүн хацар, эрүүний өмнөд хэсэг, цээжний зүүн талын хөхний дээд хэсэг, зүүн бугалга, зүүн хөлний ташааны гадна дээд хэсэг, бэлэг эрхтний орчим цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн тухайн шөнө өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Хэрлэнтуяаг зодож ухаан алдуулсны дараа буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүч хэрэглэж улмаар түүний үтрээний хананы 3 дугаар зэргийн урагдал, шулуун гэдэсний урагдалт бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтлийг учруулж зовоон тарчлааж хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: С.Мөнх-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Зээрднүүд овгийн Сүхбаатарын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруусан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүч хэрэглэн, зовоон тарчлааж хүнд гэмтэл учруулж хурьцал үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Зээрднүүд овгийн Сүхбаатарын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын баривчлах ялыг 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан жилийн хорих ялд нэмж нэгтгэн 6 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Мөнх-Эрдэнэд оногдуулсан зургаан жил хоёр сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

С.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 лэх хэсэгт зааснаар С.Мөнх-Эрдэнэ нь хохирогчид 1.400.000 төгрөг төлсөн ба хохирогч нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн гэр бүл хүүхэд хөгжлийн төвөөс С.Мөнх-Эрдэнийн 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин М.Мөнх-Эгшиглэнг /РД: УХ08303122/ ах С.Наранбаатарын асрамжид түр шилжүүлснийг дурдаж, бага насны М.Мөнх-Эгшиглэнд асран хамгаалалт зохих ёсоор тогтоохыг Багануур дүүргийн Засаг даргад даалгаж,

С.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг мэдэгдэж,

С.Мөнх-Эрдэнийн жолооны үнэмлэхийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэжээ.

Ялтан С.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр архи уусан согтуу байх үедээ хамтран амьдрагч байсан Н.Хэрлэнтуяатай маргаж түүнийг түлхэж унагаад орондоо орж бэлгийн ажил хийсэн нь үнэн. Миний бие архи уусан үедээ тавьж чаддаггүй. Энэ байдлаас болж Н.Хэрлэнтуяад шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Н.Хэрлэнтуяагаас олон удаа уучлалт гуйсан, эмчилгээний зардал 936.161 төгрөг нэхэмжлэхэд  нь 1.400.000 төгрөг төлсөн. Н.Хэрлэнтуяаг цус алдсаныг мэдээд би өөрөө түргэн дуудаж эмнэлэгт хүргэж тусламж үзүүлсэн. Хохирогч Н.Хэрлэнтуяа надад зодуулаад ухаан алдсанаас болсон асуудлыг мэдэхгүй байгаа, биеэ хамгаалах чадваргүй байхад хүчиндсэн гэж гомдол гаргасан. Би түүнийг ухаан алдсаныг нь мэдээгүй. Бид хоёр 2 сар гаран нэг гэрт хамтран амьдарч байх хугацаанд олон удаа бэлгийн харьцаанд орж байсан. Тухайн үед урьдын адил бэлгийн ажил хийж байна гэж ойлгож байсан юм. Гэтэл Н.Хэрлэнтуяа “толгой руугаа цохиулаад ухаан алдсанаас юу болсон талаар мэдэхгүй, нэг мэдэхэд бэлгийн ажил хийж хэвлий хавиар өвдөхөөр нь тийрч унагасан, намайг биеэ хамгаалах чадваргүй байхад хүчиндэж хохирол учруулсан гомдолтой” гэж шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн. Иймд би хохирогчийн мэдүүлгийг бүрэн хүлээн зөвшөөрч хэргээ хүлээж байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал хохирлыг төлнө. Миний бие маш их гэмшиж байна. Би 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн бага насны охин М.Мөнх-Эгшиглэнг асран хамгаалж, тэжээн тэтгэж хамт амьдардаг. Эх нь өвчний улмаас нас барсан. Өнчин охиноо өрөвдөж хэцүү байна. Би анх удаа ийм болчимгүй хэрэг үйлдсэн. Дахин ийм асуудалд орохгүй байж чадна. Н.Хэрлэнтуяагаас дахин уучлахыг гуйж байна. Миний үйлдэл нэг л хэрэг гэж үзэж байна. Тэгтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсаныг гайхаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шинэ, хуучин хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд, доод хэмжээнээс доош татаж хамгийн боломжит бага хугацаагаар ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Ялтан С.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч байх тул доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ нь хохирогчийг түлхэн унагаад оронд орж бэлгийн ажил хийсэн тухай: Согтуу байхдаа дур хүслээ тавьж чаддаггүй тухай шүүх хуралд мэдүүлсэн. Давж заалдах гомдолдоо хохирогчийн мэдүүлсэнээр уг хэргийг үйлдсэнээ бүрэн хүлээжээ. Иймд энэ үйлдэлд шүүх хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь тохуурхан доромжилсон байдлаар хүчиндсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оноосонтой өмгөөлөгч миний бие маргахгүй. Харин 1 цаг хугацаанд хүчирхийлэл үйлдсэн нэг хэргийг иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөны эсрэг тусдаа биеэ даасан 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ял оногдуулан ялыг нэгтгэж шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хүчингийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинждээ хүч хэрэглэсэн байх төрлийн гэмтэл учруулсан байх шинжийг агуулж байдаг. Хохирогчийн мэдүүлснээр цохиж унагаад ухаан алдсан байхад хүчиндсэн гэснээс үзэхэд хохирогчид учирсан хөнгөн хүнд гэмтэл нь хүчингийн гэмт хэргийн үед л үүссэн гэж дүгнэхээр харагдаж байна. Иймд шийтгэх тогтоолоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хүчингүй болгуулах саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

2. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол  гаргасан  тул  хууль  зүйн  хувьд уг  шийтгэх  тогтоол  өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар хүчингүй болж өнөөгийн байдлаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9.1-д үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Энэ хууль хүчин төгөлдөр болсноор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт заасан (энэ хэргийг хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэх) хэргийг гэмт хэрэгт нь тооцогдохгүй болсон тул С.Мөнх-Эрдэнэд энэ зүйл хэсгээр оноосон ял шийтгэлийг шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгсэхгүй болгох саналыг давж заалдах шатны шүүхэд оруулж байна.

3. Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй (хохирогчийг ухаан алдсан гэдгийг ухамсарлан ойлгоогүй байдлаар) анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, хохиролыг төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг ялыг хөнгөрүүлэх үндэслэл байгааг дурьдаж байна.

4. Шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг тохуурхаж доромжлон хүчиндсэн хэрэгт оногдуулах ялын дээд доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд доод хэмжээнээс хөнгөрч байх тул шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн үйлдэлд шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буцаан хэрэглэж ялыг өөрчлөн оногдуулахдаа дээр дурьдсан ял хөнгөрүүлэх үндэслэл байгааг, анх удаа гэмт хэрэг үйлдснийг, ар гэртээ бага насны охин хүүхэд асран хамгаалж байгааг, хэргээ хүлээж гэмшсэнийг тус тус харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт оноохоор заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хоёрны нэгээр тооцож 6 сарын хорих ялыг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгөхийг давж заалдах шатны шүүхэд санал болгож байна.” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь С.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт 6 жил 2 сарын хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж үзэж байгаа боловч шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь үндэслэлтэй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Өмгөөлөгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Анх чи намайг айлд хаяж явдаг хэн юм бэ гэж толгой руу нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирогчийн ухаан алдуулсан. Хүчингийн гэмт хэрэг нь тусдаа үйлдэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тусдаа учраас бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдож байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 28-ны оройн 21 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 30 дугаар гудамжны 15 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Хэрлэнтуяаг “намайг айлд хаяж явлаа” гэж толгойн тус газарт нь цохиж түүнийг зодож зүүн хацар, эрүүний өмнөд хэсэг, цээжний зүүн талын хөхний дээд хэсэг, зүүн бугалга, зүүн хөлний ташааны гадна дээд хэсэг, бэлэг эрхтний орчим цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн тухайн шөнө өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.Хэрлэнтуяаг зодож ухаан алдуулсны дараа буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүч хэрэглэж улмаар түүний үтрээний хананы 3 дугаар зэргийн урагдал, шулуун гэдэсний урагдалт бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтлийг учруулж зовоон тарчлааж хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан С.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэнтуяаг “чи намайг айлд орхиод ирлээ” гэж хэлээд түүнийг ор руу түлхэхэд тэр унахдаа авдар мөргөсөн... Бид хоёр эвлэрээд бэлгийн ажил хийсэн. Орны банз унаад би банзыг хийх гэж байснаа санаж байна. Тухайн үедээ яаж байснаа санахгүй байна. Би согтуудаа дур тавихгүй уддаг бөгөөд үүнээс болж Хэрлэнтуяад ийм гэмтэл учирсан юм болов уу. Согтуудаа тохойлдож, өвдөглөснөөс болсон байх. Миний согтуудаа хийсэн үйлдэл. Бэлгийн ажил хийж байхад өвдөөд байна гэхээр нь больсон. Хэрлэнтуяаг цус алдсаныг мэдээгүй байсан ба охиныг гэрэл асаах үед мэдээд би түргэн тусламж дуудсан.” гэх мэдүүлэг /х215-228/,

хохирогч Н.Хэрлэнтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөнх-Эрдэнэ “чи намайг айлд хаяад явлаа, ах дүү нар чинь намайг хүн гэж тоосонгүй” гэх мэтээр хэрүүл өдөөд намайг багалзуурдаад шанаа руу цохих шиг болсон. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Мөнх-Эрдэнийн охиныг “юун цус вэ” гэж хэлэхэд нь цус алдаж байгаагаа мэдсэн. Ингээд түргэн тусламж ирж намайг эмнэлэгт авчирсны дараа үтрээ шулуун гэдэс гэмтсэнийг мэдсэн. Би бэлгийн харьцаанд   орохыг зөвшөөрөөгүй. Учир нь зодуулаад ухаан алдсан байсан. Ухаан орох үед би дээгүүрээ ноосон цамцтай, доогуураа шалдан байсан…Эмчилгээний зардал 939.161 төгрөгийн баримт хавтаст хэрэгт өгсөн. С.Мөнх-Эрдэнээс 1.400.000 төгрөг аваад байна. Цаашид зардал мэс засал хийлгэхэд зардал гарна.” гэх мэдүүлэг /х215-228/,

гэрч Г.Лха-Гармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг эмнэлэг дээр очиход Солонгоо эмч “охин чинь гадны нөлөөтэй, хүнд зодуулсан байдалтай, их цус алдаж эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн” гэсэн. Би охиноос асуухад “С.Мөнх-Эрдэнэ бид хоёр Баянхалзан дэлгүүрийн манаачийн гэрт очиж архи уусан, С.Мөнх-Эрдэнэ миний шанаа руу цохиж, зодсон. Түүнээс хойш юу болсныг огт санахгүй байна” гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /х79/,

гэрч Н.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 28-ны орой гадуур явж байгаад гэртээ орж ирээд, гадуур хувцсаа тайлж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь хаалгаа нээхэд Мөнх-Эгшиглэн “Хэрлэн эгч цус алдаад байна, түргэн тусламж ирлээ” гээд буцаад гүйгээд явсан. Гэрт нь ороход Мөнх-Эрдэнэ ах гэрийнхээ хойморын орны өмнө хувцсаа өмсөж байсан. Хэрлэнтуяа эгч гэрийн баруун урд талд гэрийнхээ хоймор руу харчихсан, жижиг цагаан хуванцар сандал дээр суучихсан, цагаан хувинд бөөлжөөд байсан. Түргэн тусламжийн эмч Хэрлэн эгчийн ард зогсоод “хурдан хувцсаа өмс” гэж байсан. С.Мөнх-Эрдэнэ ах Хэрлэн эгчийн хувцсыг өмсгөөд, үүрч гараад, түргэний автомашинд суулгасан. С.Мөнх-Эрдэнэ ахын баруун талын ор нь доошоо цөмрөөд нурчихсан байсан. Бусад эд хогшил нь зүгээр байсан. Хэрлэнтуяа эгчийн сууж байсан газар орчмын шал цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /х80/,

насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Эгшиглэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Аав гэрт орчихоод угаалгын машины дэргэд зогсож байхдаа Хэрлэн эгч рүү “танай ах дүү нар чинь намайг тоодоггүй” гэж хэлээд агсам тавихад Хэрлэн эгч юм хэлээгүй. Аав уурлаад цэнхэр өнгийн хуванцар савтай 60 литрийн усны савыг татаж асгаад өөрөө газар унахаар нь би айгаад хажуу талынхаа айлд ороход Алтай эгч нөхөр, хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Аав Хэрлэн эгчтэй хэрэлдээд “чи есдүгээр ангийн охинтой, би гуравдугаар ангийн охинтой” гээд агсам тавиад байсан... Намайг унтаж байхад аав сэрээгээд “хөнжлөө авъя” гэхээр нь гэрэл асаасан чинь аав турсиктэй, саарал өнгийн фудболктой байсан ба аавын 2 гуя нь нил цус болчихсон байхаар нь би “таны гуя цус болчихсон байна” гэхэд “өө, юун цус вэ” гэж байсан. Аав, Хэрлэн эгч хоёрын унтаж байсан ор руу харахад Хэрлэн эгч унтаагүй сэрүүн, дээшээ хараад хэвтэж байсан. Орны даавуу нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Би аавд “Хэрлэн эгчийн доор цус болчихсон байна шүү дээ, юун цус вэ” гэхэд аав “өө, юун цус вэ” гэсэн. Тэгэхээр нь би аавын утсаар 103 руу залгаад аавд утсаа өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд Хэрлэн эгчид тариа хийгээд аваад явахад нь аав, бид хоёр цуг явсан. Намайг гэрт байхад аав Хэрлэн эгчийг зодоогүй. Хэрлэн эгчийн урд зогсож байгаад цээж рүү нь түлхэхэд Хэрлэн эгч ор руу суусан.” гэх мэдүүлэг /х81-82/,

гэрч М.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мөнх-Эрдэнийн гэрт хүмүүс чанга чанга ярилцаж байгаад 15-20 миутын дараа нам гүм болсон. Түүнээс хойш удаагүй Мөнх-Эгшиглэн манай гэрт орж ирсэн. Мөнх-Эгшиглэн цай ууж, салат идээд буцаад гараад явсан. Тэгээд удаагүй 20 орчим минутын дараа буцаад гэрт орж ирээд манайд 20-30 минут хүүхдүүдтэй тоглож байгаад гараад явсан. Түүнээс хойш цаг гаруйн дараа Мөнх-Эгшиглэн орж ирээд “эгч ээ, таныг аав дуудаад байна” гэхээр нь “яасан бэ” гэхэд “Хэрлэн эгч цус алдаад байна” гэхээр нь “эгч нь цус харахаараа айгаад байдаг юм, Төмөрөө ахыгаа дуудчих цуг оръё” гэсэн. Тэгээд Мөнх-Эгшиглэнг гараад явсны дараа Төмөрөө манайд орж ирээд “цуг оръё, эмэгтэй хүн хэрэгтэй байна” гэхээр нь Мөнх-Эрдэнийх рүү хамт ороход гэрийн хойморын орны урд талд Мөнх-Эрдэнэ хувцсаа өмсөөд зогсож байсан, эхнэр нь гэрийнхээ баруун орны өмнө дээгүүрээ бараан өнгийн хувцас нөмөрчихсөн, цаашаа хараад, доогуураа нүцгэн, гартаа эрээн өнгийн өмд барьчихсан өмсөх гэж байгаа бололтой сууж байсан. Түргэний эмч “эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл байна уу” гэж асуусан. Мөнх-Эрдэнийг “Хэрлэнгийн өмдийг өмсгөөд өгчих” гэхэд “үгүй, үгүй өөрөө өмсөнө” гээд өмдөө өөрөө өмссөн. С.Мөнх-Эрдэнийд ороход баруун ор нь доошоо цөмрөөд орчихсон байдалтай, орных нь урд талд шалны хулдаасан дээр нүдээр харахад нөжтэй гэмээр нэлээд цус болчихсон байсан. Энд тэнд хагарч эмтэрсэн зүйл байгаагүй, бусад гэрийн эд хогшил зүгээр байсан. С.Мөнх-Эрдэнэ, Хэрлэн нарыг харахад бага зэрэг халамцуу, согтуу байсан, ширээн дээр хагас шил архи, тавгийн идээ, шүүс зэрэг байсан.” гэх мэдүүлэг /х83-84/,

гэрч Д.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эмчлүүлэгч Хэрлэнтуяа нь шулуун гэдэсний урагдалт, үтрээний арын хананы урагдал, үтрээний хананы урагдал, зөөлөн эдийн гэмтэл, цус алдалтын дараах цус багадалт, умайн   булчингийн   хоргүй   хавдар,   бөөрний   архаг   үрэвсэл   зэрэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Одоо түүний биеийн байдал дунд зэрэг байгаа.” гэх мэдүүлэг /х89-90/,

гэрч Л.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өвчтөнийг гэмтэл аваад хүлээн авахаар орж ирсэн цагаас эхлэн үзсэн. Тухайн өвчтөнийг 103-ын эмч, жолооч, хамтран амьдрагч нар нь авчирсан. Тэгээд архи уугаад согтуу нь мэдэгдэхгүй, шоконд орчихсон, амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд харьцангуй гайгүй байсан. Асуултанд хариулж чадахгүй байсан, хүүхэн хараанд үрэвсэл өгч байсан. Анх тэр эмэгтэйг үзэхэд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй байсан. Гэхдээ архи их үнэртэж байсан учир архины хордлого тайлах эмчилгээ хийсэн. Тэгээд хувцсыг нь тайлж үзэхэд бүх биеэр нь хөх няц болсон, умдаг, хөл, гуя, гар, эрүү шанаа зэрэг бүх биеэр хөхрөлттэй байсан. Үтрээгээр үзлэг хийхэд урагдалт мэдэгдэхгүй байсан ба гар дагаж бага хэмжээний цус гарч байсан. Дотуур үзлэг хийх зорилгоор тэргэнцэр дээр суулгахад дотор муухайраад байна гээд муужирч унаад байсан, ингэж 4 удаа үзсэн. Тэгээд буцаагаад хэвтүүлээд, эмчилгээгээ хийж, биеийн байдал нь тогтворжоод, архины хордлого тайлагдахаар нь үтрээний дотуур үзлэг толь тавьж үзэхэд үтрээний зүүн хананд 3 цагийн байрлалд гүн нэгэн жигд шулуун зүслэгтэй, үтрээний хана ангайж харагдсан. Толио буцаагаад тавихад үтрээний хана урагдаагүй юм шиг буцаад нийлж байсан. Тэгээд урагдал нь нэлээд гүн, цаашаа байсан учраас эрчимт эмчилгээний эмч дуудаад өвдөлт намдаалтын толиор давтан үзлэг хийсэн, тэгэхэд урагдал нь үтрээний 3 цэгээс үтрээний арын хүнхрээ, умайн хүзүүний арын хэсгийг хамарч урагдсан байсан. Урагдал маш гүн, төвөгтэй урагдсан байсан учраас нугасны мэдээ алдуулалгүй, мэс заслын тасаг руу хүргэж өгсөн. Түүнээс хойш хяналтыг Цэрэндаваа эмч тавьж байсан. Уг гэмтлийг хүний бэлэг эрхтэнээр ураагүй гэж бодож байна. Хананы урагдалтыг харахад зузаан шулуун, хатуу, умайн хүзүүг зүссэн байгаа нь гадны биетээр үүсгэгдсэн гэж бодож байна. Умайн хүзүүний арын хүнхрээ рүү дунд долоовор 2 хуруу хоёулаа орж оёход маш төвөгтэй байсан учраас Будмаа эмчийг дуудаж оёж дуусгасан. Бид хоёрыг оёж дуусаад хартал хошногоны орчим 5 цагийн хэмжээнд зүсэгдсэн юм шиг харагдсан. Тэгээд хошногоны амсрыг шалгаад үзтэл 6-7 цагийн орчимд урагдсан байсан. Хошногоноос бохир ялгадас ялгарч байсан учраас үжил халдвараас сэргийлж, хүндрэл эрсдэлийг тооцоолоод мэс заслын эмч Баатар-Уул эмчийг дуудаж оёулсан. Ажилбар эхлэхээс өмнө халдварын эсрэг антибиотекиуд хийсэн. Бэлэг эрхтэн орчмоор өөр шарх байгаагүй, харин умдаг, бэлэг эрхтэн, хошногоны ойролцоо хөхөрч харагдсан. Хагалгаагаар үтрээнд ямар нэгэн гадны биет байгаагүй. ...бүдүүн гэдэсний урагдалт гэж хэлэхгүй, хошногоны хуниаснаас 6-7 цагийн орчимд урагдсан байсныг мэс заслын эмчээр оёулсан. Хохирогч жирэмсэн байгаагүй. Хохирогч бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй, тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /х91-95/,

гэрч А.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дуудлагаар цус алдсан хүн байсан гэсний дагуу очиход гэрийн баруун талын орон дээр нэг эмэгтэй хөнжилд орчихсон хэвтэж байсан. Орных нь дэргэд нэг залуу сууж байсан. Гэрийн хойморын орон дээр 7-10 орчим насны охин хөнжилд сэрүүн хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад “манай эхнэр доошоо цус алдчихаад байна” гэхээр нь хэзээ алдсан, яагаад алдсан талаар асуухад орон дээр сууж байсан эрэгтэй “мэдэхгүй байна, яагаад ингэчихэв” гэж байсан. Тэгээд эмэгтэйгээс асуухад зовиур хэлээгүй, тэгээд би хөнжлийг нь сөхөөд харахад хөнжил, дэвсгэр даавуу нэлэнхүйдээ цус болчихсон, доогуураа чармай нүцгэн хэвтэж байсан. Тэгээд эмэгтэйг үзэхэд даралт нь багассан, зүрхний цохилт нь олширсон байсан. Тэгээд цус тогтоох тариа хийгээд эмнэлэг рүү авч явсан. Тэр эрэгтэй болж байгаа үйл явдлыг сайн мэдэх чадваргүй, миний хэлж байгааг бага зэрэг ойлгоод асуусан асуултад хариулаад байсан. Тэр эмэгтэй орноос босоход доошоо цус алдаад байсан. Гэрийн баруун талын ор буюу эмэгтэйгийн хэвтэж байсан ор доошоо цөмөрч нураад орчихсон байсан. Тэр эмэгтэй нэлээд согтуу өвдөлтөө мэдрэхгүй байх шиг байсан. Нөхөр нь гэх эрэгтэй бас нэлээд согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Миний нүдэнд ямар нэг дэл сул эд зүйл, архины шил харагдаагүй. ...гэрийн зуух, баруун талын ор хоёрын хооронд цус болсон байсан. ...Тэр залуугаас хэзээ цус алдсан талаар асуухад “мэдэхгүй байна” гээд байсан. Эмэгтэй нь асуултанд хариулахгүй, гэмтэж бэртсэн эсэх талаар асуухад мэдэхгүй байна гэж хариулсан.” гэх мэдүүлэг /х96-97/,

гэрч С.Баатар-Уулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эмч Будмаа, Хэрлэнтуяа гэх эмэгтэйд үтрээний шарханд оёдол тавих хагалгаа хийж байгаад намайг дуудаж, эмэгтэйн шулуун гэдсэнд шарх гэмтэл учирсан байж магадгүй гэж хэлэхэд би тухайн хагалгааг хийлгэж байгаа Хэрлэнтуяагийн шулуун гэдсэнд толь тавьж үзэхэд шулуун гэдэсний амсар болон хана 7, 8 цагийн орчимд урагдсан бохир шарх байсан. Мөн тухайн шулуун гэдэсний цагираг булчин тасарсан байсан. Тэгээд шархийг цэвэрлэж ариутгаад шулуун гэдэсний хана болон амсрын шарханд оёдол тавьсан. Цагираг булчин тасарсан гэмтэл нь тухайн үед залгах боломжгүй, шарх эдгэрч эмчилгээ хийлгэсний дараа сэргээх хагалгаагаар залгадаг. Эмэгтэйчүүдийн эмч үтрээний хагалгаа хийсэн. Шулуун гэдсэнд 6 оёдол тавьсан. Хэрлэнтуяагийн шулуун гэдэсний урагдалт нь бэлгийн ажил хийснээс үүсэх боломжтой, харин шулуун гэдэсний амсрын урагдалт бэлгийн ажил хийснээс үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /х98/,

гэрч Т.Будмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эмнэлэг дээр дуудагдаж ирэхэд Хэрлэнтуяа мэс заслын үзлэгийн өрөөнд байсан. Хэрлэнтуяагийн нугасаар мэдээ алдуулж, үтрээний оёдол тавьсан. Хэрлэнтуяагийн үтрээний урагдалт нь хуурч урагдсан байдалтай байсан, түүнээс үтрээнд цоорсон зүйл байгаагүй. Үтрээний арын хүнхрээнд 4-6 ширхэг, үтрээний зүүн хананд үүссэн урагдалтанд 8-9 ширхэг оёдол тавьсан. Үтрээний урагдалт 3-4 см гүнд үүссэн байсан. Түүний гэмтэл гадны хүчин зүйлийн улмаас үүссэн гэмтэл. Эмэгтэй хүний үтрээнд эрэгтэй хүний 2-3 хуруу орох боломжтой. Эмч нар эмэгтэй хүнд үзлэг хийхэд 2 хуруу ордог.” гэх мэдүүлэг /х100/,

гэрч Б.Мандахнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 1-ний шөнийн 1 цагийн үед Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт “нөхөртөө зодуулсан эмэгтэй ирсэн байна” гэх дуудлагын дагуу очиход Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт Хэрлэнтуяа ирсэн байсан бөгөөд биеийн гадна хэсгийн гуя, цээж хэсэгт бага зэрэг цус хурсан гэмтэлтэй, доогуураа цус алдаж хүргэгдэж ирсэн байсан. Тухайн үед Хэрлэнтуяа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ухаан санаа нь орж гарсан байдалтай байсан. ...Мөнх-Эрдэнэтэй уулзаж тайлбар авахад “...би гэртээ очоод Хэрлэнтуяатай муудалцаж хацар руу нь гараараа 1 удаа алгадаж, хөл орчимд нь 1 удаа өшиглөөд ор руу түлхэж унагаасан. Ингээд бид хоёр орондоо ороод унтах гэтэл үтрээнээс цус гарсан гэж хэлсэн. Хэрлэнтуяагийн хөхөн дээрх цус хуралтыг хэн, хэзээ учруулсан талаар асуухад хэд хоногийн өмнө бэлгийн харьцаанд орж байгаад хөхийг нь базаж хөхрүүлсэн гэж хэлж байсан. С.Мөнх-Эрдэнэ тухайн үед согтуу байсан.” гэх мэдүүлэг /х104-105/,

шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Үтрээ нь цусан хангамж ихтэй булчинлаг эрхтэн, дээрх гэмтлийг авсан үеэс цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай аваагүй тохиолдолд амь эрсдэх аюултай хүнд гэмтэл. ...Хэрлэнтуяагийн шулуун гэдэсний гэмтэл нь гадна биетийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрлэнтуяа жирэмсэн байгаагүй.” гэх мэдүүлэг /х109-110/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Хэрлэнтуяагийн биед үтрээний хананы 3 дугаар зэргийн урагдал, зүүн хацар, эрүү, цээж, хөх, зүүн бугалга, зүүн талын ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлүүд шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн болон хурц ир үзүүртэй зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн бөгөөд дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай.” гэх 09/075 тоот шинжээчийн дүгнэлт /х112/,

“...Хэрлэнтуяагийн биед үтрээний хананы 3 дугаар зэргийн урагдал, шулуун гэдэсний урагдал гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн болон хурц ирмэгтэй, үзүүртэй зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины доргилт, зүүн хөлний тавхай хэсэгт зулгаралт, зүүн хацар, эрүү, цээж, хөх, зүүн бугалга, зүүн талын ташаа, бэлэг эрхтэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 09/002 тоот шинжээчийн дүгнэлт /х116/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр С.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “хүчиндэх гэмт хэргийг хохирогчид хүнд гэмтэл учруулж үйлдэх” болон “зовоон тарчлааж үйлдэх” шинжүүд тусгагдаагүй тул шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн үйлдлийг уг зүйлийн 1 дэх хэсгээр буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан болон бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зээрднүүд овгийн Сүхбаатарын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруусан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүч хэрэглэн, зовоон тарчлааж хүнд гэмтэл учруулж хурьцал үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Зээрднүүд овгийн Сүхбаатарын Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэм хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Зээрднүүд овгийн Сүхбаатарын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Сүхбаатарын Мөнх-Эрдэнийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын баривчлах ялыг 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан жилийн хорих ялд нэмж нэгтгэн 6 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Мөнх-Эрдэнэд оногдуулсан зургаан жил хоёр сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай

2. Ялтан С.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.МЯГМАРЖАВ

                                                                                                Ц.ОЧ