Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 597

 

 

 

    “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 579 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Я-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 579 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/3420 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Т.Э нар давж заалдах гомдолдоо: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Я-д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 579 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна. Тухайлбал:

Нэг. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ танилцуулахдаа “захиалагч буюу “ЭҮ” ТӨҮГ тендерийн баримт бичиг боловсруулахдаа алдаа гаргасан гэж үзсэн” гэж тайлбарласан боловч шүүхээс бичгээр гаргасан шийдвэрт захиалагчийг тийнхүү алдаа гаргасан тухай дурдаагүй ба тендерийн баримт бичгийг хэрхэн боловсруулах нь зөвхөн захиалагчийн эрх хэмжээний асуудал мэтээр алдаатай дүгнэж, хуулийг буруу тайлбарлажээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрт хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь алдаатай байна.

Хариуцагч Сангийн яамны маргаан бүхий захиргааны актаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдэхдээ “захиалагч хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” шийдвэрийг гаргасан.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яам гомдол хүлээн авч хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллагыг “хууль зөрчсөн” эсэхийг хянах үүрэгтэй. Хууль зөрчиж боловсруулсан тендерийн баримт бичигт үндэслэн тендер шалгаруулалт явуулах нь мөн хууль зөрчсөн үр дагаврыг үүсгэх ба энэ тохиолдолд тодорхой нэг тендерт оролцогчийн “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн үндэслэлээр хууль зөрчсөн тендер шалгаруулалтыг зөвтгөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илүү харгалзан үзэх учиртай.

Сангийн яамны “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” шийдвэрийн хүрээнд захиалагч зөрчлөө хэрхэн залруулах нь түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд захиалагчийг заавал нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзах ёстой гэсэн эрх зүйн үр дагаврыг бий болгодоггүй. Иймд захиалагч тендерийн баримт бичигтээ холбогдох нэмэлт өөрчлөлт оруулж тендер шалгаруулалтыг дахин зарлах, эсхүл оруулахгүйгээр дахин үнэлгээ хийх боломжтой. Хэрэв дахин үнэлгээ хийгээд өөрийн шийдвэрийг зөв гэж үзэж нэхэмжлэгчийн тендерийг дахин шалгаруулсан бол Сангийн яам шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гомдол хүлээж авахгүй, шууд шүүхээр шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай болно.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд Сангийн яамыг шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг тус тус үндэслэн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах ёстой байсан гэж үзжээ.

Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ тусгайлсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь заалтын дагуу Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг баримталдаг.

Тендер шалгаруулалтын гомдлыг шийдвэрлэж буй Сангийн яам нь зөвхөн захиалагчийн хүлээн авсан буюу үнэлсэн баримт бичгийн хүрээнд гомдлыг хянах ёстой байдаг. Эс бөгөөс захиалагчийн үзээгүй, хараагүй баримт бичгээр түүнийг хууль зөрчсөн, эсхүл буруу шийдвэр гаргасан гэж тогтоох нь зүйд нийцдэггүйгээс гадна хуулийн дагуу 14 хоногийн дотор гомдол хянан шийдвэрлэхэд дээр дурдсан ажиллагааг хийх боломжгүй байдаг.

Ийм учраас дээр дурдсан журмын 6.1-д “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан байдаг. Маргаан бүхий 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 дугаар албан бичгийн эхний өгүүлбэрт ч мөн “захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн” хянан үзсэн тухайгаа дурдсан байхад шүүх Сангийн яамыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах ёстой байсан гэж хуулийг буруу хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй тендер шалгаруулалтын багцад дотоодын үйлдвэрээс бараа нийлүүлэх эсэхэд ойлгомжгүй байдал үүссэн бол магадгүй захиалагч дахин үнэлгээ хийх явцдаа энэ тухай дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргуулах боломжтой бөгөөд энэ нь түүний бүрэн эрх юм.

Гурав. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргаж өгсөн хамгийн сүүлийн тайлбар, үндэслэлийг дурдаагүй, мэтгэлцээний явцад дурдсан голлох үйл баримт, тайлбарыг огт дурдаагүй нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн болохыг илэрхий харуулж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбоотой тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Үүнээс гадна нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай” албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилсөн тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч нөхцөл бүрдээгүй тухай тайлбарыг шүүх хуралдааны явцад тодорхой дурдаж мэтгэлцсэн боловч, мэтгэлцээний тухай огтхон ч дурдаагүй байна.

Дөрөв. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн эцсийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь гэж өөрчилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон.

Шүүх хурлын мэтгэлцээний шатанд хариуцагч нь тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд нэгдүгээрт нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт хэрэгжсэн байх, хоёрдугаарт ийнхүү хууль бус байсан болохыг тогтоох нь нэхэмжлэгчийн ашиг сонирхол сэргээгдэх ёстой байдаг тул дараах нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийг яагаад ч хангаж шийдвэрлэх боломжгүй тухай шүүхэд хангалттай тодорхой тайлбарласан байхад энэхүү үндэслэл, тайлбарын талаар шүүх огтхон ч үнэлээгүйн дээр процессын хуулийг илтэд алдаатай хэрэглэсэн шийдвэр гаргажээ.

Гомдол шийдвэрлэсэн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг нь 6 хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэрэгжиж дууссан нь захиалагч байгууллагын дахин үнэлсэн шийдвэрийн мэдэгдлээс тодорхой харагддаг. Гэтэл нэхэмжлэгч нь гомдлоо шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр анх өгсөн байдаг.

Маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар ч ашиг сонирхол сэргэхгүй юм. Учир нь түүний тендерээс эцсийн байдлаар татгалзсан захиалагчийн шийдвэр нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ДУ-112-12/2995 дугаартай албан бичиг бөгөөд тус шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр, түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй болно.

Иймд захиалагчийн анх гаргасан шийдвэрийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянасан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох нь бүрэн эрхийнхээ хүрээнд түүний сүүлийн гаргасан шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд огтхон ч нөлөөлөхгүй юм. Иймд гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны хүрээнд хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргаж, уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-д “Энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-т “Тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-д “Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “ЭҮ” ТӨҮГ-аас захиалсан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012237 дугаартай багц 1 тендерт оролцож, тендерийн үнэлгээний хорооноос тус компанийн хүргүүлсэн үнийн саналыг “хамгийн сайн” гэж үнэлж шалгаруулсныг тендерт оролцогч “М.Х” ХХК-иас “...захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр  С.Я-д гомдол гаргасан.

Хариуцагч Сангийн яам “М.Х” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 дугаар албан бичгээр  “...захиалагч ... импортын бараа нийлүүлэхээр санал болгосон компанид гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт ... заасантай нийцэхгүй байх тул тендер шалгаруулалтын 1 дүгээр багцын үнэлгээг хууль, журмын дагуу дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдье” гэжээ.  

Хэрэгт авагдсан Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /ТОӨЗ/ 4.1-д Тендерийн урилга нь сонирхсон этгээд бүрт нээлттэй..., ТОӨЗ 5.1-д “Гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно”, ТОӨЗ 18.4-д “ТШӨХ-д тусгайлан заасан бол Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10 хувийн давуу  эрх олгоно...” гэж заасан. Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд /ТШӨХ/ ТОӨЗ 18.4-д “Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендерт оролцогч давуу эрх эдлэх хүсэлтэй бол энэ тухайгаа нотлоход шаардлагатай баримт, материалыг хамт ирүүлнэ, Техникийн тодорхойлолтод тендерийн 1 багцын хувьд “200 мл-ээс багагүй төрөл бүрийн сармис, түүний ханд, хүрэн манжин, цагаан лууван, байцаа, ногоон ногооны шүүс гэх мэт, түүнтэй дүйцэхүйц байна” гэж заасныг Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ын 6.8-д “Ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, жимсний охь, ханд” гэдэгт хамаарахгүй гэж үзэх боломжгүй.

Иймд  “Э” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Сангийн яам гомдол хүлээн авч хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллагыг “хууль зөрчсөн” эсэхийг хянах үүрэгтэй,  ... “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн үндэслэлээр хууль зөрчсөн тендер шалгаруулалтыг зөвтгөх боломжгүй...” гэх гомдол үндэслэлтэй.

Түүнчлэн “Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах шийдвэрийн хүрээнд захиалагч зөрчлөө хэрхэн залруулах нь түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд захиалагчийг заавал нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзах ёстой гэсэн эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

Учир нь тендерийн бичиг баримтыг бэлтгэх, боловсруулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар захиалагчийн үүрэг байх тул мөн  хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасантай нийцүүлж, зөрчлөө хэрхэн засаж залруулах нь захиалагчийн үүрэг юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь төсвийн хөрөнгийг хариуцлагатайгаар, эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай байдлаар тендерт оролцогчдод ил тод байх, өрсөлдөх тэгш боломжийг олгохыг ойлгоно.

Хэдийгээр Монгол Улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн санд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтанд зориулсан хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний стандарт одоогоор байхгүй болох нь Стандарт, хэмжил зүйн газрын албан бичгээр[1] нотлогдож байх боловч    Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар “Дотоодын үйлдвэрээр худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын 2000 оны 171 дүгээр тушаалаар “Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтанд олгох хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ыг тус тус баталсан байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаж буй тендер шалгаруулалтын багцад дотоодын үйлдвэрээс бараа нийлүүлэх эсэхэд ойлгомжгүй байдал үүссэн бол магадгүй захиалагч дахин үнэлгээ хийх явцдаа энэ тухай дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах боломжтой,  .... Сангийн яам нь зөвхөн захиалагчийн хүлээн авсан буюу үнэлсэн баримт бичгийн хүрээнд гомдлыг хянах ёстой, ... шүүх Сангийн яамыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах ёстой байсан гэж хуулийг буруу хэрэглэсэн...” гэх гомдлыг үгүйсгэх боломжгүй. 

“ЭҮ” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ДҮ-112-12/3799 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тухайн тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учир бүх тендерээс татгалзаж “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012237 дугаартай багц 1 тендерийг дахин зарлахаар шийдвэрлэснийг “Э” ХХК-д мэдэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчээс захиалагч “ЭҮ” ТӨҮГ болон тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн ба дахин зарлагдах тендерт “Э” ХХК оролцох эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Давж заалдах гомдолд “....нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилсөн тул нэгдүгээрт нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт хэрэгжсэн байх, хоёрдугаарт ийнхүү хууль бус болохыг тогтоох нь нэхэмжлэгчийн ашиг сонирхол сэргээгдэх ёстой байдаг тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй тухай шүүхэд хангалттай тодорхой тайлбарласан байхад энэхүү үндэслэл, тайлбарын талаар шүүх огтхон ч үнэлээгүйн дээр процессын хуулийг илтэд алдаатай хэрэглэсэн шийдвэр гаргажээ” гэх тухайд.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбарыг хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн зорилго нь нэхэмжлэгчээс захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө тодорхой шалтгааны улмаас тухайн акт хэрэгжээд дууссан тохиолдолд уг захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгоход оршдог.

Өөрөөр хэлбэл,  актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зүйл болох захиргааны акт нь нэгэнт хэрэгжчихсэн тул түүнийг хүчингүй болгох боломжгүй болсон учраас тогтоох нэхэмжлэлээр солигдож байна гэх агуулгаар ойлговол зохино.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд эхэлж тухайн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хүчингүй болгох нэхэмжлэлд тавигдах хуулийн  нөхцөл шаардлагыг хангасан байна. 

Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 дугаар албан бичиг нь нэхэмжлэгч уг актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасны дараа бус, харин тендерийн үнэлгээний хороо мөн оны 05 дугаар сарын 25-ны өдөр тендерийг дахин үнэлснээр, өөрөөр хэлбэл тус албан бичигт заагдсан ажиллагааг хийснээр хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгч түүнээс хойш уг актыг хүчингүй болгох нэхэмжлэлээ гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэхдээ маргаан бүхий актад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гарган шийдвэрлүүлж байх үед буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тухайн захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон тохиолдолд захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийг гаргах боломжтой.

Нэхэмжлэгчийн хувьд Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 дугаар албан бичгийг мөн оны 05 дугаар сарын 25-ны өдөр тендерийн үнэлгээний хороо биелүүлж, тендерийн дахин үнэлгээг хийгээд “Э” ХХК-ийн тендер шалгараагүй тухай мэдэгдлийг “ЭҮ” ТӨҮГ-ын мөн өдрийн ДҮ-112-12/2995 дугаар албан бичгээр хүлээн аваад 3 хоногийн дараа буюу 28-ны өдөр С.Я-д дахин гомдол гаргасанд хариуцагч мөн оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4020 дугаар албан бичгээр хариу өгснөөр нэхэмжлэгч 06 дугаар сарын 16-ны өдөр  Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлээ гаргасан байна.  

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий 6-1/3420 дугаар албан бичгийг хэрэгжсэний дараа түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлээ гаргасан байх боловч нэхэмжлэгч уг акт гарсныг мэдээгүй, Сангийн яам зөвхөн гомдол гаргагч “М.Х” ХХК болон захиалагчид мэдэгдсэн байх тул “Э” ХХК  нь Сангийн яамны 6-1/3420 дугаар албан бичгийн талаар “ЭҮ” ТӨҮГ-ын мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/2995 дугаар албан бичгийг хүлээн авснаар мэджээ гэж дүгнэх боломжтой.

Иймд захиргааны акт нэхэмжлэл гаргахаас өмнө хэрэгжсэн байх гэх шаардлагыг нэхэмжлэгчийн буруугаас гомдол гаргах хугацаа дууссан байхыг бус, харин гомдол гаргах хугацаа дуусахаас өмнө болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн акт нь хэрэгжсэн байхаар ойлговол зохино. 

Нэхэмжлэгч нэгэнт хэрэгжчихсэн захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байх ёстой бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд “Э” ХХК-д тухайн шүүхийн шийдвэр нь тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэхээр байх ёстой, тухайлбал, хариуцагч Сангийн яамны зүгээс дахин адилхан алдаатай акт гаргахаас урьдчилан сэргийлэх гэх мэт.

Гэвч энэ хэргийн хувьд Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.3.3-д зааснаар Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг зөрчөөгүй байх тул Сангийн яамны 6-1/3420 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 09-ний өдрийн 579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.3-д тус тус заасныг баримтлан “Э” ХХК-ийн “Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3420 тоот албан бичгээр “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэхийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012237 дугаартай багц 1 тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасуай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                       ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

 

                       ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 


[1]  Хавтаст хэргийн 169 дүгээр хуудас.