| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2514000000289 |
| Дугаар | 2026/ХШТ/37 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ХШТ/37
Ц.Б-д
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Бямбадагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хохирогч М.Э, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалтай Ц.Б-д холбогдох эрүүгийн 2514000000289 дугаартай хэргийг хохирогч М.Э-н гаргасан гомдол болон Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, * дүгээр баг, **-* тоотод оршин суудаг гэх, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 224 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 137 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ц-ийн Б (РД:МЮ67061671);
Шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох хамтран амьдрагч М.Э-ыг “Шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх шалтгаанаар алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 9 (ес) жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд оруулан тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-оос хохирогчийн эмчилгээний зардалд 500.200 төгрөг, цалингийн зөрүү 847.000 төгрөг, нийт 1.347.000 төгрөг, хохирогч М.Э-н сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 11.880.000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч М.Э-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар 4.039.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох,
Хүчирхийллийн эсрэг “Удвал төв” нь хохирогч М.Э, түүний хүү Э.Б нарын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс байрласан төлбөр болон М.Э нь гоо сайхны эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 05 дугаар магадлалаар:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн заалт нэмж,
1 дэх заалтыг “…Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй…” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Э хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие Ц.Б-той 13 жил хамтран амьдарч дундаасаа хүү төрүүлсэн. Ц.Б нь хамт амьдарч байх хугацаанд намайг элдвээр хэлж, доромжилж, үгийн муухайгаар дуудаж, архи ууж, амьдрахад хэцүү нөхцөлд байлгаж байсан. Сүүлийн жилүүдэд энэ байдал даамжирч, би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Энэ хүний дарамтанд амьдрах нь надад хүндрэлтэй байсан тул шүүхийн байгууллагад хандаж, салах болсноор энэ асуудал эхэлсэн.
Миний хувьд өсвөр насны хүүхдүүддээ ч энэ байдлыг харуулмааргүй, согтуу хүний дарамтанд байлгамааргүй байсан. Ингэснээр Ц.Б нь намайг “Ална” гэж заналхийлэх болсон. Энэ байдлыг миний хамт ажилладаг хүмүүс гэрчилдэг бөгөөд би маш их айдастай, сэтгэл зүйн дарамттай байж ирсэн.
Хэрэг болох тэр өдөр Ц.Б нь намайг утсаар “Ална” гэж заналхийлсэн. Мөн намайг хутгалсны дараа “Ээжийг чинь гүйцээнэ” гэж хэлсэн байсан. Тэр ч зорилгоо хэрэгжүүлэхийн тулд над дээр хутга барьж ирсэн. Хэрэв тухайн хутга хугараагүй байсан бол миний амь насанд шууд аюул учрах байсан байх. Хуучин хагалгааны наалданги нь хатуурсан байсан учир түүн дээр таарч, цааш оролгүй бусад эрхтнээ хамгаалсан гэж эмч нар хэлдэг.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлсэнд гомдолтой байна.
Миний хувьд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан сиди бичлэгээс харахад гэрч н.И, н.Б, н.П нар намайг салгаагүй байсан бол Ц.Б нь намайг заналхийлж байснаараа алах санаа зорилгоо гүйцээхээр байсан. Хүмүүс салгаад байхад намайг дахин хутгалахаар дайрч байсан нь бичлэгээс харагдана.
Өөрөөр хэлбэл, түүний хүсэл зоригоос шалтгаалахгүй түүний үйлдэл төгссөн. Би тухайн үед Ц.Б-ийг юу ч хийж магадгүй гэж айж байсан учраас их айдастай байсан. Тийм ч учраас “Уулзъя” гэхэд нь гараагүй. Ер нь бол салах гэж байна гэдэг шалтгаанаар намайг алахаар төлөвлөж байсан. Ц.Б нь буруугаа хүлээдэггүй.
Хутгыг олсон гэж худлаа ярьсан. Тэрнээс биш яг адилхан 2 ширхэг хутга нэг дор байна гэж байхгүй байх. Миний хувьд Ц.Б-д “Гэрт битгий ирээрэй” гэж хэлснээс биш өөр онцын маргаан бол болоогүй. Энэ талаар шүүх хурал дээр түүний өмгөөлөгч Б.Бурмаа хүртэл худал ярьсан.
Магадлалд дурьдахдаа Ц.Б-ийн гаргасан үйлдлийг “Хүнийг алах гэмт хэргийн шинжтэй” гэж дүгнэсэн атлаа намайг Ц.Б-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн хэмээн хүнд гэмтэл учруулах гэмт хэргээр зүйлчилснийг хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах нь зүйтэй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс Ц.Б-ийг хүнийг алахыг завдсан гэж дүгнэж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хүнд хохирол санаатай учруулсан бодит үйлдлийг хүсэж үйлдсэн нь тухайн цаг хугацаанд бүрэн төгссөн гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэрлэсэн гэж үзсэн.
Тодруулбал, гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд гэмт хэрэгт завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт юм.
Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоо хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас үйлдэл ба амь насаа алдсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.
Хэрэв хүнийг алахад чиглэсэн үйлдэл хийсэн боловч хохирогч амь насаа алдаагүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол” гэмт хэрэг үйлдэхээр завдах үйлдэлд тооцохоор хуульчилсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох хамтран амьдрагч М.Э-тай “өөрөөс нь салж, хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхээр шүүхэд хандсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биедээ авч явсан шар өнгийн бариултай цаасны хутгаар баруун чихний омогноос баруун хацар хэсэг рүү нь 1 удаа, дахин хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалж, хүний алахаар довтлох явцад гэрч Б.П нь уг үйл явдлыг таслан зогсоосон, мөн Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цаасны хутга нь гэмт хэрэг үйлдэх явцад хугарсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг таслан зогсоогдсон болох нь хяналтын камерын бичлэг, хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах”-аар буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэж, магадлалыг хүчингүй болгуулахаар мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн сэдэлтийг буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ц.Б-ийн үйлдэл холбогдлын хувьд тэрээр 2 хутга авч очсон бөгөөд эхэлж М.Э-ыг хутгалаад дараа нь өөрийнхөө амийг хорлох гэсэн үйлдэлтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар сэдэлтийн хувьд өөрөөс шалтгаалаагүй буюу гэрч н.П-ийн үйлдэл болон хутга хугарсан нөхцөл байдлаас энэ гэмт хэрэг төгсөөгүй нь камерт бичигдсэн. Тиймээс энэ гэмт хэргийн сэдэлт хувьд хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэдэг нь нотлогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Магадлалыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Учир нь давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцоно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон гэж дүгнэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.
Харин давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Э-ийн хэвлийн тус газарт цаасны хутгаар хутгалж биед нь гэмтэл учруулсан даруй хэргийн газрыг орхин зугтаасан, уг үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй, таслан зогсоогдсон гэх гэмт хэрэгт завдах шинж тогтоогдохгүй байна” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон.
Учир нь шүүгдэгч хутга мэт амь насанд аюултай хэрэгсэл ашиглан хохирогчийн хэвлий хэсэгт гэмтэл учруулсан, дахин довтлоход цаасны хутга хугарсан, хохирогч руу довтлох явцад хөндлөнгийн хүн саад болж үйлдлийг таслан зогсоосон зэрэг үйл баримтуудаас шүүгдэгч хохирогчийн амь насыг хохироох зорилготой байсан нь нотлогдсон гэж дүгнэж байна. Тодруулбал, гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр шинж бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь дээрх шинжийг бүрэн агуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч М.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Аливаа гэмт хэрэг нь хүний үйлдэл, эс үйлдэхүйн нэг хэлбэр болохын хувьд тухайн этгээдийн ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг бөгөөд тэр нь нэг удаагийн эсхүл хоорондоо залгамж холбоотой хэд хэдэн, түүнчлэн үргэлжилсэн шинжтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, гэмт үйлдэл нь хүний зан үйлийн идэвхтэй шинж чанарын илрэл болохын хувьд түүний өөрийн хүсэл эрмэлзлэлийг гүйцэлдүүлэхэд чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд хэрэгжиж, бие эрхтний хөдөлгөөн төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
3.Энэ хүрээнд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга, гэмт халдлагад өртсөн харилцаа, эрх ашиг сонирхол, халдлагын зүйл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлснээр хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэх нөхцөл бүрддэг.
4.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч хохирогч нар нь 2012 оноос хойш хамтын амьдралтай болсон, сүүлийн жилүүдэд Ц.Б-ийн архи, согтууруулах ундааны хэрэглээ ихсэж, улмаар согтуурсан үедээ хамтран амьдрагч болон хүүхдээ хэл амаар доромжлох болсон талаар хохирогч М.Э, түүний хүү Э.Б нар мэдүүлсэн нь хэрэгт авагджээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 167, 187 дугаар талууд).
5.Дээрх таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдрах болсон М.Э нь Ц.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэд энэ асуудлаар маргасан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байна.
6.Улмаар шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.Э-ийн ажилладаг Баянхонгор сумын “Номгон-1” багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” гэх үйлчилгээний газарт очин биедээ авч явсан шар өнгийн бариултай цаасны хутгаар хохирогчийн хэвлийд хатгаж, хацрыг нь зүссэний улмаас хохирогчийн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний чацархайн гэмтэл, хэвлийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол, хацарт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоожээ.
7.Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын талаар хохирогч М.Э, гэрч Э.И, Б.П, Г.Б нарын хэлж мэдүүлснийг камерын бичлэгээр бататган хэргийн байдлыг сэргээн тогтоосон байх бөгөөд уг нөхцөл байдалд үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэж, түүний гэмт үйлдлийн талаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.
8.Аливаа үйлийн илрэн гарах гадаад хэлбэр буюу объектив шинж нь гэмт хэргийн бүрэлдэхүүний суурь үндсийг бүрдүүлдэг.
Гэмт хэргийн объектив шинжээр (объект, үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн шалтгаант холбоо) дамжуулан тухайн этгээдийн дотоод сэтгэл зүйн байдал буюу субъектив талыг (санаа, сэдэлт, зорилго, гэм буруу) тодорхойлох боломжтой.
Түүнчлэн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрийг оюун санааны мэдэх болон хүсэх элементийн нэгдлээр тодорхойлох боломжтой ба энэ нь гэмт этгээдийн санаа зорилгыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Мэдэх элементэд өөрийн үйлдэл, эс үйлдлийн бодит мөн чанар, хууль бус шинжтэй үйлдэл гэдгийг мэдэж байхаас гадна үйлдэлд өртөх субъект, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дагавар, гэмт хэрэг үйлдэх газар, ашиглах зэвсэг зэргийг оюун ухаандаа маш тодорхой мэдсэн байх явдал хамаарах бол хүсэх элемент нь оюун санаандаа ямар нэг үр дүнд хүрэхээр зорьж буй хүслийг илэрхийлдэг.
9.Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь олсон гэх (өөрийнх нь мэдүүлснээр) цаасны хутгаар хохирогч М.Э-ийн биед хатгах, зүсэх зэрэг үйлдлээс түүний амь насанд аюул учирч болохыг мэдсээр байж үүнийгээ хэрэгжүүлсэн нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангах тул энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
10.Дээрх байдлаар гэмт этгээд нь өөрийн шууд санаатай үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хор уршиг учирч болохыг урьдаас мэдсэн атлаа үүнийг хүсэж үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй нөхцөл байдлыг гэмт хэрэгт завдах хэмээн үздэг нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Тодруулбал, тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг төгсөөгүй зэрэг шинжүүд бүрдсэн тохиолдолд тухайн гэмт хэрэгт завдсанаар хариуцлага хүлээлгэдэг болно.
11.Шүүгдэгч Ц.Б нь хохирогч руу утсаар “Ална” гэж заналхийлэн улмаар түүний байгаа газарт хүрч очин халааснаасаа цаасны хутга гарган хохирогч М.Э-ийн хэвлийд хатгасан, үргэлжлүүлэн хүсэл зоригоо гүйцэлдүүлэхээр дайрах явцад гэрч Б.П түүний үйлдлийг хориглож, хохирогчийг татаж хамгаалсан, мөн цаасны хутганы ажлын хэсэг хугарснаар (гэрч Б.П, хохирогч М.Э нарын мэдүүлэг, эд зүйл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 8-10, 14-16, 51-52 дах талууд) гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хүнийг алахад чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч тэрээр зорилгодоо хүрч чадаагүй нь дээр дурдсан хөндлөнгийн хүчин зүйлсийн нөлөөтэй шууд холбоотой байх бөгөөд анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхээр завдах шинжийг бүрэн агуулсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгч, хохирогч нарын хамтын амьдрал, гэр бүлийн харилцаа, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэрэг нь тухайн хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн хүндрүүлэх шинжид хамаарах талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
12.Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирол, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ зэргийн талаар гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.
13.Давж заалдах шатны шүүх ийнхүү тогтоогдсон үйл баримтад буюу шүүгдэгчийн гэмт санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн байдал, эцсийн үр дүн, сонгосон арга хэрэгсэл, учруулсан гэмтлийн шинж байдалд эрх зүйн зөв дүгнэлт өгч чадаагүйгээс “хүнийг алахыг завдсан шинж тогтоогдоогүй” гэх хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуульд заасан “Хүнийг алахыг завдах” болон “Хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэргүүд нь гэмт санаа зорилго буюу субъектив талын шинжээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн үхлийг урьдаас хүсэж, амь насыг нь хөнөөх санаа зорилго агуулж үйлддэг бол хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт энэ шинж үгүйсгэгдэнэ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт санаа юунд чиглэснийг харгалзан үзэхгүйгээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавраар хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
14.Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмыг баталгаажуулсан бөгөөд төрөөс энэхүү эрхийг хязгаарлах буюу шүүхээс гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс сонгон хэрэглэх, ийнхүү шийтгэсэн ял, албадлагын арга хэмжээ нь шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.
15.Шүүх ялын төрөл, хэмжээг тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзах нь эрүүгийн эрх зүй дэх гэмт хэрэг ялын дүйцсэн байх тэнцвэрийн (пропорциональ) зарчмын илэрхийлэл юм.
Эрүүгийн эрх зүйн энэхүү зарчим, үзэл баримтлалыг үндэс болгон хуульд заасан хугацаатай хорих ял оногдуулсан бол уг ялыг нээлттэй, эсхүл хаалтай хорих байгууллагад эдлүүлэх эсэхийг мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шийдвэрлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Хяналтын шатны шүүхээс дээр дурдсан эрүүгийн эрх зүй дэх пропорциональ зарчмын агуулга, үзэл баримтлалыг удирдлага болгон анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Гэр бүлийн асуудлаас шалтгаалан шүүгдэгчид хүнийг алах гэмт санаа бий болсон, улмаар энэ гэмт хэргийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хор уршиг учирч болохыг урьдаас мэдсэн атлаа үүнийг хүсэж үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй буюу гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй нөхцөл байдал, түүний үйлдлийн улмаас хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б-д 7 (долоо) жил хорих ял оногдуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.
16.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа хүүхэддээ “...Ээжийг чинь алж байж та нараас сална”, “...Ээжийг чинь алчихаад амиа егүүтгэнэ” гэх зэргээр зан төлөвийн сөрөг хандлагыг илэрхийлж байжээ.
Хорих байгууллагын хаалттай дэглэм нь хамгаалалтын бүсэд буюу хатуу хяналт дор ял эдлүүлэхийн зэрэгцээ бусадтай харилцах боломж хязгаарлагдмал байдлаар нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамруулах онцлогийг агуулдаг.
Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх үзэв.
17.Дээрх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч М.Э-ийн гаргасан гомдлын “Магадлалыг хүчингүй болгуулах” агуулга бүхий хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 7 (долоо) жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 7 (долоо) жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч М.Э-ын гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ