Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2016/00980

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10 байр 64 тоотод оршин суух, эрэгтэй, ЧН78041171 регистрийн дугаартай, Боржигин овогт Амгалангийн Даваахүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баруун баян уул 12-р гудамж 21 тоотод оршин суух, эрэгтэй, ЧГ74031978 регистрийн дугаартай, Баян өндөр торгууд овогт Гунгаагийн Батдоржид холбогдох

9 325 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний бие иргэн Г.Батдоржтой зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл сарын 7 хувийн хүүтэй зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй гэрээнд заасан хугацааг 3 сар хэтрүүлсэн байна. Бид 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баруун баян уул 12 гудамж 21 тоот гэр бүлийн хэрэгцээний 244 м.кв газар буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ хийсэн бөгөөд уг барьцааны гэрээгээ хуулийн шаардлагын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Иймд хариуцагч Г.Батдоржоос зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, 3-н сарын зээлийн хүү 1 050 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 3 275 000 төгрөг, нийт 9 325 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Г.Батдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Г.Батдорж миний бие 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн А.Даваахүүгээс 5 000 000 төгрөгийг авч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээ байгуулан 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 3-н сарын хугацаатай зээлж авсан. Би улирлын чанартай ажил хийж байсан бөгөөд биеийн байдал сайнгүй байсан зэрэг шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй өдийг хүрсэн нь үнэн юм. Миний бие барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэгч А.Даваахүүг хохиролгүй болгох арга хэмжээ авахаар зурагт болон сонин сэтгүүлд зар өгсөн боловч үл хөдлөх хөрөнгө одоогоор зарагдаагүй байна гэжээ.

 

 Нэхэмжлэгч А.Даваахүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 Миний бие хариуцагч Г.Батдоржоос 9 325 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 9 325 000 төгрөгийг хариуцагч Г.Батдорж нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Даваахүү нь хариуцагч Г.Батдоржид холбогдуулан 9 325 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Г.Батдорж нь А.Даваахүүгээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Даваахүү нь хариуцагч Г.Батдоржоос 9 325 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. А.Даваахүүгийн нэхэмжлэлтэй Г.Батдоржид холбогдох  9 325 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 82 600 төгрөг, хариуцагчаас 82 600 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Талууд 9 325 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсоныг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ