| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0190/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 191
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангад овогт Дамдинжавын Алтанхуягт холбогдох эрүүгийн 1931000000195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 29-нд Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар баг, 23-11 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 294 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Хангад овогт Дамдинжавын Алтанхуяг, РД:/МА-81092939/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Алтанхуяг нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Цантахын ногоон толгой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.16 м3 нойтон нарс модыг бэлтгэж, 79-68 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Алтанхуяг нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Цантахын ногоон толгой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.16 м3 нойтон нарс модыг бэлтгэж, 79-68 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Алтанхуяг нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Алтанхуягийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна. Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг Хохирогч П.Батсайханы 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...: Алтанбулаг сумын ой нээгдэж байгаад Аймгийн засаг даргын захирамжийг үндэслээд сумын засаг даргын захирамж гардаг. Хуулийн хугацаанд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл мод бэлтгэх захирамжтай байсан. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд ой хуулийн хугацаагаараа хаагдсан. Ой хаагдсан үед иргэн болон аж ахуй нэгж байгууллага ойд ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй ой руу нэвтэрхийг хориглоно. Энэ үед хууль зөрчин ногоон мод бэлтгэж, тээвэрлэн явсан үйлдлийг таслан зогсоох шаардлагатай гэж бодож байна. Би Д.Алтанхуяг гэгч хүнийг нутгийн иргэн гэдгээр нь таньж мэднэ. Найз нөхөд, ах дүү, хувийн өс хонзон маргаантай асуудал байхгүй. Ой онгорхой үед иргэн хүн гоожин бэлтгэх мөнгөө тушаагаад заасан газраас мод бэлтгэж, тээвэрлэн явж болно. Д.Алтанхуяг гэгч хүний хувьд ой хаалттай үед хууль бусаар ойд үйл ажиллагаа явуулж мод бэлтгэн тээвэрлэн явж байсан үйлдэл нь хууль бус. Иргэн Д.Алтанхуяг нь ой нээлттэй үед сум орон нутгийн удирдлага болон, байгаль орчны албанд мод бэлтгэх талаар хүсэлт, өргөдөл өгч байгаагүй. Энэ хэрэгтэй холбоотой ногоон мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэж байгааг таслан зогсоохын тулд, цагдаагийн байгууллага, байгаль орчны газар хамтран ажиллах хэрэгтэй байна гэж бодож байна. Энэ хэргийн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ Иргэний нэхэмжлэгч Ш.Алтантуяагийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...79-68 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх. Би энэ тээврийн хэрэгслийг 2017 онд төрсөн дүүгээсээ 3,800,000 сая төгрөгөөр худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгслийг худалдан авах үед бага зэрэг засвар үйлчилгээ, сэлбэг хийгээд арай дээр болгож унаж хэрэглэж байна. Он хуучин болохоор хямдхан худалдан авсан. Тээврийн хэрэгслийг манай нөхөр бид 2 ээлжлэн унаж хэрэглэдэг. Би нөхөр Д.Алтунхуяг, охин Онзул, хүү Алтанбаяр нарын хамтаар Аптанбулаг суманд амьдардаг. Манай гэр бүлд надаас өөр ажил хийдэг байхгүй, манай хүү, охин ЕБСургуульд суралцдаг, нөхөр тогтсон ажил төрөл байхгүй, ойр зуурхан, хар бор ажил хийдэг. Манайх гэрт амьдардаг, галын түлээ мод 10 сарын эхээр л дуусч байсан. Энэ талаар нөхөртэйгээ ярилцаж, хүүхдүүд даарлаа, гэр орон хүйтэн байна гэж ярилцаж байсан. Д.Алтанхуяг “болох байх, би нэг юм бодно” гэсэн зүйл ярьж байсан. Би 2019 оны 10 дугаар 14-ний өдөр сургууль дээр их цэвэрлэгээтэй байсан болохоор ажилдаа өглөө 09 цагийн үед явсан. Манай нөхөр гэртээ үлдсэн. Ингээд орой гэртээ ирэх үед нөхөр ирээгүй байсан. Тухайн орой 22 цаг өнгөрч байхад орж ирсэн бөгөөд, бага зэрэг уцаарласан, уурласан байдалтай байхаар нь “яасан юу болсон” талаар асуухад “галын түлээнд явж байгаад наашаа ирэх замдаа шалгалтын хүмүүст баригдаад мод, машинаа саатуулчихлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь уурлаад “яах гэж ийм зүйл хийж байгаа юм бэ” гэсэн зүйл ярилцаад л өнгөрсөн байгаа. Тэрнээс нөхрийгөө хууль бусаар модонд явсан талаар нь огт мэдээгүй байсан. Гэр бүлийнхээ төлөө л гэж хууль бус зүйл хийсэн гэж нөхрийгөө бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/ Гэрч Ж.Ганцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Алтанхуяг нь ойгоос 2019 оны 10 дугаар сарын 14- ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн хэрэгт холбогдсон байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Алтанбулаг сумын Засаг даргын захирамжаар ой хаасан байгаа. Тийм учир ой хаалттай үед иргэд болон аж ахуй нэгж байгууллага ой руу орж үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Д.Алтанхуягийн хувьд бол ой хаалттай үед мод бэлтгэж тээвэрлэсэн асуудал нь хууль бус үйлдэл юм. Манай бэлчир бүсийн сум дундын ойн ангид иргэн Д.Алтанхуяг мод бэлтгэх талаар ямар нэгэн хүсэлт өргөдөл өгөөгүй, хууль бусаар мод бэлтгэсэн байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/ Гэрч С.Мөнхзулын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бүрнээгийн хамт эргүүл шалгалт хийх хугацаанд Алтанбулаг сумын 3 багийн нутаг дэвсгэрт 79-68 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэсэл явж байхад нь зогсоож шалгахад Алтанбулаг сумын иргэн Д.Алтанхуяг нь нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй ачсан явж байсан тул тухайн машиныг саатуулж журмын хашаанд модыг нь буулгуулсан. Хуулинд заагдсан хугаацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. Тийм учраас хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. 79-68 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэсэлээр Алтанбулаг сумын иргэн Д.Алтанхуяг нь нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/ Гэрч Б.Бүрнээгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед Алтанбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Мөнхзулын хамт эргүүл шалгалт хийх хугацаанд Алтанбулаг сумын 3 багийн нутаг дэвсгэрт 79-68 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэсэл явж байхад нь зогсоож шалгахад Аптанбулаг сумын иргэн Д.Аптанхуяг нь нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй ачсан явж байсан тул тухайн машиныг саатуулж журмын хашаанд модыг нь буулгуулсан. 79-68 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэсэлээр Алтанбулаг сумын иргэн Д.Алтанхуяг нь нойтон нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Д.Алтанхуяг нь хаанаас ямар нэртэй газраас модоо бэлтгэсэн талаар мэдэхгүй. Д.Аптанхуягийн тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн 30 ширхэг 1 метр 40 см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/ Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18-04-015/08 дугаартай: “Иргэн Д.Алтанхуягийн бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь нарс төрлийн нойтон 1 метр 40 см урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн 30 ширхэг мод байх бөгөөд нийт модны эзлэхүүнийг Монгол улсын стандарт МNS 2379:2010 /бөөрөнхий мод, модон материал, эзлэхүүний хүрд/-р тооцож гаргахад 2.16 м3 болж байна. БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарсан модны үнэлгээг 120.000 төгрөг байхаар тогтоосон байдаг бөгөөд иргэн Д.Аптанхуягийн бэлтгэсэн 2.16 м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.16 м3 х 120.000 х 1.8 = 466.560 төгрөг болж байна. /1.8-хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр/ Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохиролыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 466.560 х 3 = 1.399.680 төгрөг болно. /гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр тал/ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний тайланд: 79-68 СЭА улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2016 онд Монгол улсад орж ирсэн HYUNDAI PORTER маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын байдлаар 2.000.000 төгрөгийн үнэтэй болно. /гэх дүгнэлт /хх-ийн 46- 48 дугаар тал/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04, 07-08 дугаар тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 10-11,21 дүгээр тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 43-44,51-53 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 55-56 дугаар тал/ Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 59-60 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Алтанхуяг нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Цантахын ногоон толгой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.16 м3 нойтон нарс модыг бэлтгэж, 79-68 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Д.Алтанхуягийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Д.Алтанхуягийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 1.399.680 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 1.399.680 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Д.Алтанхуяг 300.000 төгрөгийг төлж барагдуулсан 1,099,680 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Алтанхуяг нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасныг хөнгөрүүлэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Алтанхуягийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Алтанхуяг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Д.Алтанхуягийн гэмт үйлдэлдээ ашигласан энэ хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 79-68 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, 23 дугаар гудамж, 11 тоотод оршин суух тус сумын ЕБСургуульд үйлчлэгч ажилтай Амбан хошуу овогт Шуумаржавын Алтантуяа /МА-85071028/ олгож, түүний үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулсан 30 ширхэг нарс мод, цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Д.Алтанхуягийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хангад овогт Дамдинжавын Алтанхуягийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хангад овогт Дамдинжавын Алтанхуягийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Алтанхуягт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Алтанхуяг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Д.Алтанхуяг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар ялтан Д.Алтанхугягаас 1.099.680 төгрөг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 79-68 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, 23 дугаар гудамж, 11 тоотод оршин суух тус сумын ЕБСургуульд үйлчлэгч ажилтай Амбан хошуу овогт Шуумаржавын Алтантуяа /РД:МА-85071028/-д олгож, түүний үнэ 2.000.000 төгрөгийг ялтан Д.Алтанхуягаас гаргуулан, мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулсан 30 ширхэг нарс мод, цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулсугай.
8.Ялтан Д.Алтанхуягт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ