Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 159

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч В.Баярцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-,

түүний өмгөөлөгч Ч.Жаргалсайхан,

шинжээч Б.Долгормаа,

гэрч У.Эрхэмбаяр,

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө овогт Д-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1810020970555 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Алтанжигүүрт хуваарилагдсаныг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын менежмент мэргэжилтэй, цэргийн насны тэтгэвэрт гарсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг ......... дугаар хороо, ..... дугаар байрны ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ө овогт Д-ийн М- /РД: ................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12-13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг трейд” ХХК-ний хашаан дотор У.А-ыг эхнэртэйгээ хардсаны улмаас толгойн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох төмөр трубагаар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Г-: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрхэмбаяр над руу залгаад “танай нөхөр чинь эмнэлэгт хүргэгдчихлээ” гэхээр нь юу болсныг асуухад “тархийг нь задалчихлаа, надруу нэг танихгүй хүн хүрч ирээд А- гэж хүн хаана байна” гэхээр нь би “цааш хараад зогсож байгаа хоёр хүний нэг нь гэж хэлчихээд машины цаагуур орчихоод буцаад эргээд харахад А-ыг цохисон” гэж хэлсэн. Тухайн үед Эрхэмбаярыг гүйгээд очиход нь талийгаачийг 2-3 удаа цохисон, ажлынх нь хүмүүс салгах гэсэн боловч салахгүй хүмүүс рүү дайраад байсан гэсэн. Би тэр өдөртөө хоёр хүүхдийнхээ хамтаар Баянхонгороос гараад Улаанбаатар хотод ирсэн боловч нөхөртэйгөө уулзаж чадаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “анхны цохилтоор нас барсан, амь насыг нь аврах ямар ч боломж байгаагүй гэж байсан.  Бид юмыг яаж мэдэх вэ гээд талийгаачийг аврах гээд 3 хоног хичээсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Гэтэл өнөөдөр М- хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, А- намайг түрүүлж цохисон тул биеэ хамгаалсан гэж худал мэдүүлж байна. Маш их гомдолтой байна. Шүүгдэгч М-ийн эхнэр 9 дүгээр сарын 13-ны өдөр надтай уулзахдаа танай нөхөр бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа байгаагүй, манай нөхөр М- намайг хүн бүртэй харддаг, зоддог, танай нөхөр ажлын шугамаар над руу залгадаг байсан. Би нөхрийгөө ийм хэрэг үйлдэнэ гэж бодоогүй гэж хэлсэн. Хэрэг гарсөн өдөр М- эхнэрийгээ зодчихоод “А- хаана байна, би тэр хүнийг чинь ална гэж хэлээд труба бариад гэрэсээ гарсан гэсэн. Иймээс М- анхнаасаа манай нөхрийн амь насыг хохироох санаатайгаар манай нөхөр рүү очсон гэж бодож байна. Хохирол төлбөрийн хувьд амьдрах орон байрыг шийдвэрлэж өгсөн тохиолдолд бид гомдолгүй...” гэв.

 

Гэрч У.Эрхэмбаяр: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 12 цаг 30 минутын үед М- ирээд А- гэдэг хүн хаана байна гэж асуухаар нь би тэнд байна гээд зааж өгөхөд М- “яг аль нь вэ” гэж тодруулахад нь би “цаад талын хүн нь” гэж хэлсэн. Тэгээд машинаа тойрчихоод эргээд харахад М- талийгаачийн араас цохисон. Тэр үед би орилоод Батболдтой хамт араас нь гүйж очиж М-ийг салгах үед А- газар унасан байсан. Гэтэл М- 4-5 удаа трубагаар цохисон. Эхлээд дагз руу нь цохиход талийгаач газар унахад дээрээс нь 4-5 удаа цохисон. Тухайн үед би Батболдтой хамжиж байгаад М-ийг А-оос салгах гэхэд бидэн рүү гартаа барьсан трубагаараа далайгаад дайраад байхаар нь Батболд бид хоёр трубааг нь гараас нь салгаж авсан. Би М-ийг хүзүүдэж байгаад хүн алчихлаа гэж орилоход барилга дээр байсан хүмүүс ирсэн. Тухайн үед “Баялаг трейд” ХХК-ийн  машин гаднаас орж ирэхээр нь тухайн машинаар талийгаачийг эмнэлэгт хүргэсэн...” гэв.

 

Шинжээч Б.Долгормаа: “...У.А- нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. ...Гавал тархины гэмтэл нь тухайн хүний нас, биеийн онцлогоос хамаарч янз бүр байдаг. Заавал тархины гэмтэл авснаас шалтгаалаад газар дээрээ нас барна гэсэн зүйл байхгүй. Гэмтэл авсны дараа яаралтай эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 1-2 хоног эмчилгээ хийлгэх боломжтой. Гэхдээ амь насыг нь аврах боломжгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.М-: “...Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тайвнаа гэх хүн манай нөхрийг алсан хүнд “танай эхнэр Мөнхчимэг энд барилгын ажил хийж байгаа А- гэх залуутай хамт явж байсан” гэх ярианаас болоод нөхөр нь хий хардаад ийм зүйл хийсэн байсан. Мөн тухайн газрын манаач нь тэр өдөр манай нөхрийг алсан хүнийг төмөр труба бариад тус компаний хашаа руу орж байхад харчихаад болиулаагүй. Тэгээд тэр хүн эхнэрээ очиж зодоход ажлынх нь хүүхнүүд орж ирээд, нөхрийг нь болиулсан чинь трубагаа бариад явсан байсан. Араас нь эхнэр нь “А- ямар ч хамаагүй шүү, битгий дэмий юм яриад байгаарай” гэж орилсон, манаачтай хамт нөхөр нь цаашаагаа явсан гэсэн. ...Миний нөхөр хэрвээ М- гэх хүнийг төмөр труба бариад ирэхийг нь харж байсан бол биеэ хамгаалах байсан. Тэгэхэд арагшаа хараад ажил хийж байхад сэмхэн, чимээ гаргалгүй шууд араас нь хүчтэй цохиж газарт шууд унагаагаад ...дахиж дээрээс нь төмөр трубагаараа олон удаа цохисон байсан. Дандаа толгой руу нь цохиод байсан гэсэн. Анхнаасаа ална гэсэн зорилготой манай нөхрийг цохисон. Төрсөн ахаас нь “А- хаана байна” гэж асуугаад “тэнд байна” гэж заах үед “тэр хоёр хүний аль нь вэ” гэж асуугаад очиж манай нөхрийг цохисон байсан. Манай нөхөр ажлынхаа Батболд гэх залуутай хамт ажиллаж байсан. Ах Эрхэмбаяр нь бас ойрхон ажиллаж байсан гэсэн. ...Оршуулгын зардал 12,000,463 төгрөг болсон, талийгаачийн 21 хоногоор буяны ажилд 1,069,781 төгрөг зарцуулсан, 49 хоногоор 311,000 төгрөгөөр ном уншуулж хүүхэд хооллож буян үйлдсэн ингээд нийт оршуулга болон буяны ажилд 13,381,244 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг Д.М-ийн эхнэр Мөнхчимэг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. Өөрөөр хохирол төлөгдөөгүй. Одоо үлдэгдэл оршуулгын бодит зардал болох 11,381,244 төгрөгөө төлүүлмээр байна. Мөн би урдний мэдүүлэгтээ “манай нөхөр сард 1,700,000 төгрөгийн цалин авдаг байсан, энэ мөнгийг бага хүү Дөлгөөнийг 18 нас  хүртэл нь гэж бодоход  306,000,000 төгрөгийг авмаар байна” гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 18-22, 23-25/ гэсэн,

 

Гэрч Т.Намсрайжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ...11 цаг өнгөрч байхад А- ах ирээд миний хажуугаас силкон аваад явсан, 20-иод минутын дараа би будаг авах гээд байшингийн нөгөө талд очиход А- ах газарт хажуу талаараа хэвтэж байсан, Эрхэмбаяр ах танихгүй эрэгтэй хүний хүзүүгээр доош нь дараад сугандаа хавчуулчихсан байсан. Батболд, Цэнд-Аюуш, Батмөнх ах нар А- ахын толгойноос гарч байгаа цусыг тогтоох гээд юмаар дарж байсан. Түргэн дуудаад ирэхгүй байхаар нь нь А- ахыг манаач ахын машинд суулгаад, Батмөнх, Цэнд-Аюуш ах нар аваад явсан. Батболд ах бид хоёр А- ахыг цохисон гэх танихгүй хүнийг хараад үлдсэн. Тэр хүн “би ажил дээрээ очоод байж байя, цагдаа ирээд авна биз” гээд явах гээд дайраад байсан. Тэгэхэд Батболд ах явуулахгүй гээд хоолойгоор нь боож байгаад доош нь дарж суулгаад гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Батболд ах бид хоёр тэр хүний хоёр талд гараас нь бариад, сууж байхад тэр хүн явна гээд хөлөөрөө газарт тийчлээд байсан...” /1-р хх-ийн 32-34/ гэсэн,

 

Гэрч У.Эрдэнэхорол мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 41 минутын үед гадуур ажилтай явж байхад миний 99024451 дугаарын утас руу дүү У.А-ын 88545044 дугаарын утаснаас хамт ажилладаг “Цэнд-Аюуш гэж залуу яриад У.А-ыг ажил дээрээ байж байхад нь танихгүй хүн хойноос нь трубагаар цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “яагаад цохичихсон юм бэ, бие нь ямар байна, цагдаа, түргэн тусламж дуудсан уу” гэж асуухад “дуудсан, Ц.А- ухаан алдсан, цус их гарсан байна, цохисон хүнийг нь танихгүй юм байна” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа дахин У.А-ын дугаар руу залгаж хамт ажилладаг залуутай нь яриад “одоо хаана байна” гэхэд “түргэн ирэхгүй байхаар нь туул тоосгоны эмнэлэгт очсон байна” гэж хэлсэн. Би 13 цаг өнгөрч байхад дахин холбогдоод “Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж байна” гэхээр нь шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү ирсэн. Намайг Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирэхэд У.А- ирээгүй байсан тул У.А-ын төрсөн ах Эрхэмбаяртай утсаар холбогдоход “У.А-ыг гэмтэл рүү явуулсан, би энд “Баялаг трейд” ХХК компанийн хашаанд тэр цохисон залууг нь бариад байж байна” гэж хэлсэн. ...Эрхэмбаярын хэлснээр У.А-той хамт ажилладаг Мөнхчимэг гэх эмэгтэйн нөхөр нь хардаж А-ыг цохисон юм шиг байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 35-36/ гэсэн,

 

Гэрч У.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү А-ыг хойшоо хараад силкон шахаж байхад толгой руу нь төмөр трубагаар шууд цохиод газарт унагаасан. Газарт унасан байхад нь толгой болон бие рүү нь труба төмрөөрөө олон удаа цохисон. Манай дүү М- гэх залуутай огт юм яриагүй. Хэрэв дүү маань М- гэх хүнийг труба төмрөөр араас нь цохих гэж байгааг мэдсэн бол биеэ хамгаалах байсан. Зүгээр зогсож байгаад цохиулах хүн биш. М-ийг талийгаач А- цохиж зодоогүй, нэг ч удаа гар хүрээгүй. Харин Батболд бид хоёрыг салгах гээд очих үед труба төмрөө тавихгүй Батболд руу цохих гээд далайх үед нь Батболд труба төмрийг тавиулах зорилгоор зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Мөн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Өөрөөр зодож цохисон хүн байхгүй...” /1-р хх-ийн 49-50/ гэсэн,

 

Гэрч Г.Батболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би М- гэх хүний хөлийн тавхайнд гэмтэл учруулаагүй. А- ахыг эмнэлэг рүү авч явсаны дараа тэр хүнийг Намсрай бид хоёр харж байхад явна гээд зүтгээд байхаар нь явж болохгүй гэхэд хөлөөрөө газар тийчлээд, хөлөө цемэнтэн дээр цохиод байсан. Харин бусад гэмтлүүдийг би учруулсан. ...Трубагаа тавихгүй над руу далайгаад байхаар нь аргагүй эрхэнд гараараа нэг удаа нүдний шил рүү цохиод авсан чинь нүдний шил нь хагарчихсан. Гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Гарынх нь бугалганаас цагдаа ирэх хүртэл барьж байсан. Тэр үед цус хурж хөхөрсөн байх, тэрнээс биш ямар нэгэн байдлаар цохиогүй...” /хх-ийн 56-57/ гэсэн,

 

Гэрч Б.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгэр сарын 11-ний өдөр ...А- ах, Цэнд-Аюуш бид хоёрт барилгын баруун буланд байдаг жижиг байшинг эмүльсдэх ажил даалгаж өгөөд, Цэнд-Аюуш бид хоёр тэр ажлыг хийх гэж байхад манай ажлын ажилчид орилохоор нь гараад харахад Эрхэмбаяр, Батболд хоёр нэг хүнийг барьчихсан “А- ахыгаа босго” гээд орилсон. Тэгээд А- ах руу харахад газар уначихсан толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд би А- ахын утсыг аваад Цэнд-Аюушыг “эмнэлэг дууд” гэж хэлээд ...А- ахын толгойг нь алчуураар боогоод, “Альфард” маркийн машинтай Гувуун фабрикийн эмнэлэг рүү явж байхад өөдөөс түргэний машин ирсэн. Тэгээд А- ахыг аваад Цэнд-Аюуш бид хоёр эмнэлгийн машинд суугаад шувууны эмнэлэг дээр очиход А- ахын толгойд нь боолт, цус тогтоох тариа хийгээд, Гэмтлийн эмнэлэг рүү эмнэлгийн машинтай явцгаасан. ...А- ах газарт зүүн талаараа хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан, толгойных нь ар дагз хэсэг, духны урд хэсэг болон хамар, ам, чихнээс нь цус гарч байсан. Би халааснаас нь утсыг нь гаргаад, 103 руу залгаж Цэнд-Аюушд утсаа өгөөд, А- ахын цусыг тогтоох гэж даавуу аваад толгойг дарж ороосон. Мөн цээжийг өндийлгөж тэвэрсэн. А- ах юм ярих чадваргүй, ухаангүй, татаад байсан. Тухайн үед А- ахын зүүн нүд нь хавдсан, духны хэсэгт том ангайсан шархтай, ар дагзаараа толгой нь хагарсан. Мөн уруул нь хавдсан, ам хамар чихнээс их цус гарч байсан...” /1-р хх-ийн 58-62/ гэсэн,

 

Гэрч С.Мөнхчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажилдаа гарах гэж байхад 10 цагийн үед нөхөр Д.М- надаас “Ариука чинь байгаа юу” гэж асуухаар нь “мэдэхгүй өчигдөр тааралдаагүй” гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед би ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад нөхөр гэрээсээ гараад, хүрээд ирсэн байсан. Би тухайн үед ногооны хүлэмжнээс гарч ирэхэд нөхөр Д.М- гартаа төмөр бариад ирсэн. Тэгээд намайг хоёр удаа элэг рүү цохиж унагаад, нүүр рүү нэг удаа өшиглөөд, нуруу руу төмрөөрөө цохисон. Тухайн үед би босч чадахгүй хэвтэж байсан. Манай ажлын эмэгтэйчүүд ирээд орилоход цаашаагаа явсан. ...Намайг зодох гэж ирэхдээ нарийхан цагаан өнгийн төмөр труба барьж ирээд, намайг газарт унасан байхад трубагаараа нэг удаа нуруунд цохиод, төмрөө миний хажууд хаяад явсан...” /1-р хх-ийн 65-67/ гэсэн,

 

Гэрч Г.Хишигдүүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ...хойд талын баруун хаалгыг онгойлгох гээд явж байхад М- надтай зөрөөд, урагшаа хүлэмж рүү ганцаараа явж байсан. Би баруун талын хаалгаар Портер машин оруулчихаад, хаалгаа хаагаад хүлэмж рүү явж байхад Мөнхчимэг уйлчихсан хажууд нь ногоочин Мөнхцэцэг байж байсан. Би “яасан бэ” гэж асуухад Мөнхчимэг “М- намайг үгийн зөрүүгүй ирээд зодчихлоо” гэж хэлсэн. Мөнхчимэг М-ийг урагшаа явсан гэж хэлэхээр нь би араас нь гүйгээд очиход М- гартаа нарийхан төмөр барьчихсан явж байгаад намайг хараад шидчихсэн. Тэгээд “зүүн талын хойд хаалгаар ачаа оруулах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би хаалга онгойлгохоор зүүн хойд хаалга руу явсан. М- урагшаа ганцаараа явсан. Би хаалган дээр очоод машин оруулчихаад, хаалгаа хаачихаад хашаагаа тойроход шинээр баригдаж байгаа үйлдвэрийн барилгын хажуугаар явахад хүмүүс бөөгнөрчихсөн байсан. Би очиход А- гэх залуу газар хэвтчихсэн юм ярихгүй нүүр ам нь цус болчихсон байхаар нь “хөөе яачихсан юм бэ, болохоо байлаа” гэхэд А-ын ах Эрхэмбаяр “М- трубагаар А-ыг араас нь цохичихлоо, бид нар салгасан” гэж хэлсэн. Тэгээд түргэн цагдаа дуудаад би А-ыг хоёр ажилтантай хамт машинтай Шувуун фабрикийн эмнэлэг рүү авч явсан...” /1-р хх-ийн 68-71/ гэсэн,

 

 Гэрч Ц.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тавдугаар хүлэмжинд ажлаа хийж байхад Мөнхчимэг эгч хүлэмжинд орж ирээд, өөр хүлэмжнээс багаж авчирна гээд дөнгөж гарангуут нь “би чамайг алаад өгье” гэж эрэгтэй хүн хэлээд юмаар нүдээд байх шиг чимээ гарсан. Би учрыг нь мэдэхгүй хүн зодоод байгаа юм биш үү гээд хүлэмжнээс гарахад Мөнхчимэг эгч газарт элгээ тэврээд хэвтэж байсан, нөхөр нь хажууд нь байгаагүй. ...Мөнхчимэг эгчийг босгох гэхэд босож чадахгүй байсан, 2-3 минутын дараа эрэгтэй хүн орилох чимээ гарсан. Юу болсоныг бол мэдэхгүй, очиж ерөөсөө хараагүй. Мөнхчимэг эгч хүн орилохоор нь босоод явсан. Би хүлэмж рүүгээ орж ажлаа хийсэн...” /1-р хх-ийн 73-74/ гэсэн,

 

Гэрч С.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ...цахилгааны монтаж хийж байсан Энхтайван гэх залуу над руу яриад “М- хүн цохичихлоо түргэн дуудчих” гэж хэлэхээр нь би харуул Хишигдүүрэн рүү яриад “шууд Шувуун фабрикийн эмнэлэг рүү аваад яв” гэж хэлсэн. ...Болсон асуудлыг дүү Мөнхчимэгээс асуухад М- нь эхэлж эхнэрээ зодсон байсан, барилга барьж байгаа У.А- гэх залуутай М- нь эхнэр Мөнхчимэгийг хардсанаас болоод зодсон болохыг манай дүү хэлсэн...” /1-р хх-ийн 75-77/ гэсэн,

 

Шинжээч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэмтлийн эмнэлэгт ирж хэвтээд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэс засалд ороод 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан байдаг.  Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хэдий ч амь нас аврах боломж муутай юм...” /1-р хх-ийн 113-114/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би шууд А-ын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тийм санаа сэдэлт байгаагүй, би түүнтэй уулзаж ярилцаж эхнэрийн утас руу орой үдшийн цагаар битгий залга, тэрнээс чинь болоод бид хоёр муудалцаад байна, гэр бүлийн маргаан гараад байна гэж хэлэх санаатай очоод тэгэж хэлсэн. А- харин уурлаж “миний хэнтэй юу ярих чамд ямар хамаатай юм бэ” гэж уурлаж миний нүүр рүү хүчтэй цохиж, хөл рүү өшиглөж, футболкоор хоолой боож зодсон. Тухайн үед толгой хүчтэй өвдөж, эргэж дүйнгэтэн нүд бүрэлзэж байсан. Би өөрийгөө хамгаалж, өөрөөсөө холдуулах гэж хичээсэн. Тэгээд А- бид хоёр салахад А- дээшээ харсан байдалтай газарт унасан байсан. Тухайн үедээ би айж цочирдож, нүд бүрэлзэж байсан болохоор өөрийгөө хамгаалж ямар үйлдэл үзүүлсэнээ санахгүй байна. Тийм учраас энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” /хх-ийн 145-147/ гэсэн мэдүүлгүүд,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №809 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Д.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.М- нь мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай байна.

4. Д.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн хийж байгаа үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байна.

5. Д.М- нь хэрэг хариуцах чадвартай байна.

6. Д.М-ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /1-р 85-86/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №5546 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хантаазанд 15 мм дулааны үйлчлэлийн улмаас эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлт гарсан байна...” /хх-ийн 94-95/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №2024 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух ясны ил хугарал, зулай, баруун нүдний ухархайн дээд хана, баруун чамархай, суурь ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурь хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу халсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун 5, 6, 7, зүүн 2 дугаар хавирганы хугарал, цус хуралт, духанд шарх, баруун чихний дэлбэн, зүүн алганд зулгаралт, уруул, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд гурав хоног эмчлэгдсэн тул цусанд спиртийн зүйл үзэх шаардлагагүй.

 7. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн № 11825 тоот өвчний түүхэнд талийгаач нь B/III/ бүлгийн цустай байна.

8.9. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

10. Гэмтэл согог судлалын №11825 тоот өвчний түүхэнд талийгаач нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний 01 цаг 50 минутанд нас баржээ...”  /1-р хх-ийн 97-101/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9984 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 59 см урттай төмөр труба, бор өнгийн ханцуйгүй хантааз ногоон эрээн өнгийн даавуун дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. 59 см урттай төмөр труба, бор өнгийн ханцуйгүй хантааз, ногоон эрээн өнгийн даавуун дээрх ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай байна...” /1-р хх-ийн 105/ гэсэн дүгнэлт,

 

Мөн хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №05/668 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Трейд” ХХК-ийн хашаан дотор яллагдагч Д.М- нь иргэн У.А-ын араас толгойн тус газар нь төмөр трубагаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, У.А- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны  09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан гэх мэргэжилтэн а/х Б.Д-ийн бэхжүүлж авсан яллагдагч Д-ийн М-ийн гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Яллагдагч Д-ийн М-ийн гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн сангийн “Адис-Папилон” санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондын тохирохгүй байна...”  /1-р хх-ийн 107-108/ гэсэн дүгнэлт,

- Өргөдөл /1-р хх-ийн 3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-6/,

- Хүний биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7/,

- Цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-10/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 15/,

- Талийгаач У.А-ын өвчний түүх /2-р хх 60-74/,

- Хохирлын баримтууд /2-р хх-ийн 80-123, 128-149/,

- Шүүгдэгч Д.М-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 159-160, 162, 168-203/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Мягмадоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12-13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг трейд” ХХК-ийн хашаан дотор У.А-ыг эхнэртэйгээ хардасны улмаас толгойн тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох төмөр трубагаар цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын “..Хэрвээ миний нөхөр М- гэх хүнийг төмөр труба бариад ирэхийг нь харж байсан бол биеэ хамгаалах байсан. Тэгэхэд арагшаа хараад ажил хийж байхад сэмхэн, чимээ гаргалгүй шууд араас нь хүчтэй цохиж газарт шууд унагаагаад ...дахиж дээрээс нь төмөр трубагаараа олон удаа цохисон байсан. Дандаа толгой руу нь цохиод байсан гэсэн. Анхнаасаа ална гэсэн зорилготой манай нөхрийг цохисон. Төрсөн ахаас нь “А- хаана байна” гэж асуугаад “тэнд байна” гэж заах үед “тэр хоёр хүний аль нь вэ” гэж асуугаад очиж манай нөхрийг цохисон байсан. Манай нөхөр ажлынхаа Батболд гэх залуутай хамт ажиллаж байсан...” /1-р хх-ийн 18-22, 23-25/ гэсэн, гэрч Т.Намсрайжавын “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ...11 цаг өнгөрч байхад А- ах ирээд миний хажуугаас силкон аваад явсан, 20-иод минутын дараа би будаг авах гээд байшингийн нөгөө талд очиход А- ах газарт хажуу талаараа хэвтэж байсан, Эрхэмбаяр ах танихгүй эрэгтэй хүний хүзүүгээр доош нь дараад сугандаа хавчуулчихсан байсан. Батболд, Цэнд-Аюуш, Батмөнх ах нар А- ахын толгойноос гарч байгаа цусыг тогтоох гээд юмаар дарж байсан. Түргэн дуудаад ирэхгүй байхаар нь А- ахыг манаач ахын машинд суулгаад, Батмөнх, Цэнд-Аюуш ах нар аваад явсан. Батболд ах бид хоёр А- ахыг цохисон гэх танихгүй хүнийг хараад үлдсэн. Тэр хүн “би ажил дээрээ очоод байж байя, цагдаа ирээд авна биз” гээд явах гээд дайраад байсан. Тэгэхэд Батболд ах явуулахгүй гээд хоолойгоор нь боож байгаад доош нь дарж суулгаад гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Батболд ах бид хоёр тэр хүний хоёр талд гараас нь бариад, сууж байхад тэр хүн явна гээд хөлөөрөө газарт тийчлээд байсан...” /1-р хх-ийн 32-34/ гэсэн, гэрч У.Эрхэмбаярын “...Манай дүү А-ыг хойшоо хараад силкон шахаж байхад нь толгой руу нь төмөр трубагаар шууд цохиод газарт унагаасан. Газарт унасан байхад нь толгой болон бие рүү нь труба төмрөөрөө олон удаа цохисон. М- гэх залуутай манай дүү огт юм яриагүй. Хэрэв дүү маань М- гэх хүнийг труба төмрөөр араас нь цохих гэж байгааг мэдсэн бол биеэ хамгаалах байсан. М-ийг талийгаач А- цохиж зодоогүй, нэг ч удаа гар хүрээгүй...” /1-р хх-ийн 49-50/ гэсэн, гэрч Б.Батмөнхийн “...2018 оны 09 дүгэр сарын 11-ний өдөр ...Цэнд-Аюуш бид хоёр ажлаа хийх гэж байхад манай ажлын ажилчид орилохоор нь гараад харахад Эрхэмбаяр, Батболд хоёр нэг хүнийг барьчихсан “А- ахыгаа босго” гээд орилсон. Тэгээд А- ах руу харахад газар уначихсан толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. ...Тухайн үед А- ах газарт зүүн талаараа хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан, толгойных нь ар дагз хэсэг, духны урд хэсэг болон хамар, ам, чихнээс нь цус гарч байсан. Би ...А- ахын цусыг тогтоох гэж даавуу аваад толгойг дарж ороогоод цээжийг өндийлгөж тэвэрсэн. А- ах юм ярих чадваргүй, ухаангүй, татаад байсан. Тухайн үед А- ахын зүүн нүд нь хавдсан, духны хэсэгт том ангайсан шархтай, ар дагзаараа толгой нь хагарсан. Мөн уруул нь хавдсан, ам хамар чихнээс их цус гарч байсан...” /1-р хх-ийн 58-62/ гэсэн, шинжээч Б.Долгормаагийн “...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэмтлийн эмнэлэгт ирж хэвтээд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэс засалд ороод 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан байдаг. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хэдий ч амь нас аврах боломж муутай...” /1-р хх-ийн 113-114/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2024 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух ясны ил хугарал, зулай, баруун нүдний ухархайн дээд хана, баруун чамархай, суурь ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурь хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу халсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун 5, 6, 7, зүүн 2 дугаар хавирганы хугарал, цус хуралт, духанд шарх, баруун чихний дэлбэн, зүүн алганд зулгаралт, уруул, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд гурав хоног эмчлэгдсэн тул цусанд спиртийн зүйл үзэх шаардлагагүй.

 7. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн № 11825 тоот өвчний түүхэнд талийгаач нь B/III/ бүлгийн цустай байна.

8.9. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ...” /1-р хх-ийн 97-101/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9984 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 59 см урттай төмөр труба, бор өнгийн ханцуйгүй хантааз ногоон эрээн өнгийн даавуун дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. 59 см урттай төмөр труба, бор өнгийн ханцуйгүй хантааз, ногоон эрээн  өнгийн даавуун дээрх ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай байна...”  /1-р хх-ийн 105/ гэсэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №809 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-6/, цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-10/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 15/, талийгаач У.А-ын өвчний түүх /2-р хх 60-74/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас У.А-ын амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт баримтаар 17,366,417 төгрөгийг /2-р хх-ийн 80-124, 128-142, 146-149/ нэхэмжилсэн, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ад 32,000,000 төгрөгийг /2-р хх-ийн 124, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт/ төлсөн байна.

 

Шүүгдэгч Д.М- гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэн үзэх бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.М-ийн хувийн байдлыг дүгнэхэд 1999 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын Галын хэсэгт гал сөнөөгч, галын хэсгийн туслах байцаагч, аврагчаар ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тэтгэвэрт гарах насанд хүрч, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн /1-р хх-ийн 164-165/, ажиллах хугацаандаа аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар 135 удаа эрэн хайх аврах ажиллагаанд оролцож, 169 хүний амь нас аварч, 146 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүргэж, иргэн аж, ахуй нэгж байгууллагын 15 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалан /1-р хх-ийн 166, 202-203/ ажилласан байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн ар гэрийн байдал зэргийн харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, түүний төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байх хугацаандаа гаргасан гавьяа зүтгэл, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос /1-р хх-ийн 121, 125, 129, 163/ өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 167 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1810020970555 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг төмөр труба төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,  уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Д.М-ийн амь хохирогч У.А-ыг өөрийн эхнэр С.Мөнхчимэгтэй хардсаны улмаас төмөр трубагаар толгойн тус газар нь цохисон гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Б.Долгормаагийн “...У.А- нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. ...Гавал тархины гэмтэл нь тухайн хүний нас, биеийн онцлогоос хамаарч янз бүр байдаг. Заавал тархины гэмтэл авснаас шалтгаалаад газар дээрээ нас барна гэсэн зүйл байхгүй. Гэмтэл авсны дараа яаралтай эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 1-2 хоног эмчилгээ хийлгэх боломжтой. Гэхдээ амь насыг нь аврах боломжгүй...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2024 тоот дүгнэлт зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ө овогт Д-ийн М-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн М-ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ид оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ад 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийн цагдан хоригдсон 167 /нэг зуун жаран долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 1810020970555 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр труба нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн 1810020970555 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    И.ГАНБАТ

 

                                                        ШҮҮГЧИД                                         Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                                                                                                                                                                                                               С.БАЗАРХАНД