Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00580

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийн хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: *******,*******, 1-14/5-4 тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 434 167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “… *******аас үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү 15 784 167 төгрөг, алданги 1 150 000 төгрөг нийт 23 434 167 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгө болон бусад хувийн эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “...Нэхэмжлэлийн дүнгийн хэмжээг нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 12 934 167 төгрөгөөс татгалзаж энэхүү гэрээгээр 10 500 000 төгрөг болгон өөрчилж эвлэрсэн болохыг тодорхойлов. Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлд харилцан тохиролцсон дүнг хуваарийн дагуу заасан хугацаанд нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй ба энэ нь гэрээний гол нөхцөл болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрч тодорхойлов. 2 650 000 төгрөгийг 2016 оны 9-р сарын 25-нд, 2 650 000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 25-нд, 2 650 000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 25-нд, 2 550 000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 25-нд төлнө” гэжээ.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийтдээ 23 434 167 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд ******* нь сарын 5 хувийн хүү тооцож, 3 сарын хугацаагаар, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд алданги тооцох нөхцөлтэйгөөр 6 500 000 төгрөгийг “*******” ХХК-иас зээлж авсан  болох нь талуудын хооронд байгуулсан 2014.11.25-ны өдрийн зээл ба барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зээл хүү төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 Талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй болно.

 Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд эвлэрэн хэлэлцэж, “Глобал Актив

Лоялти” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 12 934 167 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 10 500 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-наас эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 2 650 000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 25-нд 2 550 000 төгрөгийг  төлж дуусгахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгийн 12 934 167 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 10 500 000 төгрөгийг 2016 оны 9-р сарын 25-нд 2 650 000 төгрөгийг, 2016 оны 10-р сарын 25-нд 2 650 000 төгрөгийг, 2016 оны 11-р сарын 25-нд 2 650 000 төгрөгийг, 2016 оны 12-р сарын 25-нд 2 550 000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 137 560 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 137 560 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.05.25-ны өдөр төлсөн 275 120 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ