Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 15

 

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Нэхэмжлэгч: ...тоотод байрлах “...” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 134, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал"-ууд, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоол, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоолын “....” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .., хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, Б.Эрдэнэбаяр, О.Сүхбат, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхээ, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баатарцогт, гэрч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “...” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь .... нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026619 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

            2017 оны 07 сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/5191 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2017 оны 8-р сарын 21-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 134 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 134 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

          1. Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

            2. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “... хариу...”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр хариу өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь Газрын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт” гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гээд 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.7 дахь хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 134 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолд” Урьд нь сумын ИТХ-ын 2015 оны 11 сарын 19-ний албан тоотоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй учир дэмжих боломжгүй гэсэн” байдаг ба мөн Баяндун сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоол буюу “санал” нь Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад өрхийн зуслан, намаржаа, хадлангийн талбай зэрэг үндэслэлийг дурьдаж татгалзсан нь Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол болон Баяндун сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн мөн л дээрх УДШ-ийн тогтоолыг зөрчиж байна. Ийнхүү Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны 134 тоот “дэмжихгүй” санал нь үндэслэлгүй байна.

            Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны 134 тоот “Ашигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж, №026619 дугаарт бүртгэгдсэн “Баяндун” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 19-ний 48 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын тухай ярих нь зүйтэй байх. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан байдаг. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т бүртгэгдсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх талаар тодруулна гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т зааснаар хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэнэ. Тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд талбайн зургийг хавсаргана. Харин уг мэдэгдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. Дорнод аймгийн Засаг даргын манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналд Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар усан сан бүхий газартай давхцаж байгаа нь Гол, мөрний урсгал бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байна гэж дурдсан байдаг.

            Ашигт  малтмалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцолоор тогтоож, нийтэд мэдээлэх нь  Засгийн газрын бүрэн эрхэд хамаарсан. Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны 203 тоот тушаалаар олон нийтэд мэдээлсэнээр манай байгууллага, цахимаар бүртгүүлж, авах ёстой гэсэн анхны шүүлтийг хийлгэсэн юм. Тиймээс усан сан бүхий хамгаалалтын газарт хайгуулын зөвшөөрөл олгохыг нийтэд зарлах боломжгүй учир  Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 48 тоот саналыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй тул хууль бус санал гаргасан гэж үзэж байна.

            Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 134 тоот саналын зарим үндэслэл нь дээрх саналтай давхацдаг. Баяндун сумын малчдын, зуслан, намаржаа, хадлангийн талбайтай давхцсан гэдэг нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болдоггүй. Уг татгалзсан саналд Газрын тухай хуулийн 15.1, 31.3, 52.7 дахь заалт бол газар эзэмших, ашиглахтай холбоотой заалт юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүснэ гэдэг бол газар эзэмших эрхтэй ямарч хамаагүй. Газрын тухай хуулийн 3.1.1-д газар гэж түүний хөрс, газрын гадаргуу, ургамал бүхий орон зайн давхаргыг ойлгоно гэж заасан байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д газрын хэвлийн ашиглах зориулалтыг геологийн судалгаа хийх, ашигт малтмал олборлох, ашигт малтмалаас бусад зориулалтаар газрын хэвлийг ашиглах зэрэг 4 төрлийг зааж өгсөн. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүснэ гэдэг бол газрын хэвлий ашиглахтай холбоотой хүсэлтэнд хамаарна. Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйл зааснаар газрын хэвлий ашиглагч нь газар эзэмшигч ашиглагчаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна. Тэгэхээр газрын хэвлий ашиглагч, газар эзэмшигч хоёрын талбай давхцаж болно гэдгийг харуулж байна. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолын талаар,  Энэ тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь татгалзсан санал гаргахдаа хуульд заасан үндэслэлийн дагуу татгалзах ёстой. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад “тухайн хайгуулын зөвшөөрөл олгохыг сум нь дэмжээгүй учраас дэмжихгүй, харин орон нутгийнхаа компанийг дэмжье” гэсэн байр суурьтай байсан. Мөн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоол бол хууль зүйн үндэслэл тодорхойгүй, хуралдааны тэмдэглэлээс харахад “суманд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэдэг байдлаар хандаж, “иргэдийн санал хүсэлтийг авах ёстой” гэсэн хуульд байхгүй үндэслэлээр татгалзсан учраас дээрх хоёр тогтоолын “Т Х” ХХК-д холбогдох хэсгийг, Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48 тоот, 2016 оны 01дүгээр сарын 20-ны өдрийн 134 тоот саналыг тус тус  хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, Б.Эрдэнэбаяр, Н.Баярчимэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...” ХХК-ийн “Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 134 дугаар албан бичиг, 2015 оны 11 сарын 19-ний 48 дугаар санал өгөх албан бичиг, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Баяндун сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 14-ний 05 дугаар тогтоолын “... ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026619 дугаарт бүртгэгдсэн “Баяндун-1” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтад “аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх”-өөр заасан. Энэ дагуу аймгийн Засаг даргаас 2015 оны 1/5318 дугаар албан бичгээр Баяндун сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авахад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тус талбай нь малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баянгол, Түргэн голуудын сав газартай давхцалтай үндэслэлээр дэмжихгүй гэсэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 05 дугаар тогтоол ирсэн. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 01 сарын 08-ны 02 дугаар тогтоолоор дэмжихгүй гэсэн саналыг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 заалтад “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Ашигт малтмал газрын тосны газарт  2016 оны 01 сарын 20-ны 134 тоот “дэмжихгүй” гэсэн санал хүргүүлсэн болно.

            Аймгийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянах өөрчлөх хуулийн зохицуулалт байхгүй болно.

            2. .... ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Баяндун-1” нэртэй газар нь манай аймгийн Түргэн голын онцгой хамгаалалтын бүсийн 16.0 га, энгийн хамгаалалтын бүсийн 6.0 га, Баян голын энгийн хамгаалалтын бүсийн 0.18 га газартай тус тус давхцалтай байгаа нь Онон-Улз голын сав газрын захиргаанаас ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101 дугаар албан бичгээс харагдаж байна. Түргэн гол нь Улз голын томоохон цутгал гол бөгөөд сүүлийн жилүүдэд урсац нь шургаж, Улзын голдоо цутгах нь багасч буй тул энэхүү талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байх талаар дэмжиж ажиллахыг Онон-Улз голын сав газрын захиргаанаас анхааруулсан болно. Иймд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 дэх заалтын хүрээнд дэмжихгүй санал өгсөн.

            Иймд “....” ХХК-ийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн тухайн “....” ХХК-ийн хайгуулын зөвшөөрөл хүссэн талбай нь усан сан бүхий хамгаалалтын газартай давхцалтай тул “дэмжихгүй” санал гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, Усны тухай хуулийн 17.2, мөн хуулийн 22.2.1, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалтын газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, 4.5 дахь заалтыг үндэслэсэн саналыг хуулийн хугацаанд Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн байдаг. Учир нь:  Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх ёстой. Баяндун сумын “Түргэн” гэх газар нь усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд хамаарсан газартай давхцсан. Тиймээс тухайн сав газрын захиргааны саналыг үндэслэх ёстой. Онон-Улз голын сав газрын захиргаанаас “Трожан холдинг” ХХК-ийн хайгуулын зөвшөөрөл хүссэн талбай нь онцгой хамгаалалтын буюу энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа учраас хайгуул хийх боломжгүй гэдгийг Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан байдаг. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх хориотой байдаг. Тус хайгуулын зөвшөөрөл хүссэн талбай нь Баяндун сумын онцгой хамгаалалтын бүстэй 16 га, энгийн хамгаалалтын бүстэй 6 га газраар давхцаж байгаа нь Онон-Улз голын сав газрын захиргааны кадастрын зураглалаас тодорхой харагдана. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, 4.5-д заасан үндэслэлээр ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын зөвшөөрлийг олгохгүй. Учир нь уг газар нь усны сан бүхий хамгаалалтын газарт хамаарч байгаа учраас Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д зааснаар ашиг малтмалын хайгуул хийх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн саналдаа дурдсан Газрын тухай хуулийн 15.1, 31.3, 52.7 дахь заалтыг дурдсан нь үндэслэлгүй гэж байна. Усны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт бол Усны тухай хуульд ямар ямар хуулийн заалт байдаг вэ гэдгийг тодорхойлсон заалт юм. Усны тухай хуульд усны сан бүхий газар гэдэгт гол, мөрөн, шанд хамаарч байгаа юм.

            Иймд Дорнод аймгийн Засаг даргын “....” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналд дэмжихгүй санал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалтын газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.  Энэ хуульд зааснаар усны хамгаалалтын хилийн заагийг Засгийн газар тогтооно. Гол мөрний энгийн болон хамгаалалтын бүсийг динамик шилжилтийг тогтоох боломжгүй юм. Шууд голын эргээс нь хамгаалалтын бүсийг тогтоосон Засгийн газрын тогтоол байдаг гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....” ХХК нь 2015 онд  Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Баяндун” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна.

             Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж шийдвэрлэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай” 02 тоот тогтоолыг гаргасан байна.

             Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны журмын 3 дугаар зүйлийн 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн хуралдаанд ирвэл зохих 11 Тэргүүлэгчээс 8 Тэргүүлэгч оролцож 72 хувийн ирцтэйгээр уг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

             Иймд “....” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

             Дорнод аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг хуралдаан бол 72.7 хувийн ирцтэй хуралдсан, гарсан шийдвэр нь хүчин төгөлдөр хуралдаан болсон. Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний 05 тоот тогтоолыг үндэслэл болгосон. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төлөөллийн байгууллага учир анхан шатны иргэдийн Төлөөлөгчдийн  байгууллагын саналыг үндэслэл болгоно. Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд  ... тус багийн 5-6 өрх, усан сан бүхий газар, өвөлжөө, хаваржаа, малчдын зуншлага байдаг гэдгийг дурьдсан учраас уг асуудлыг үндэслэл болгож саналыг дэмжээгүй учир мөн адил “дэмжихгүй” гэдэг саналыг хүргүүлсэн гэв. 

             Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баатарцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Баяндун сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “...”  ХХК-ийн  хүссэн газар нь усан сан бүхий газар усны онцгой хамгаалалт, энгийн хамгаалалтын бүсүүдэд давхцалтай байна. Тухайн багийн малчид иргэдээс удаа дараа амаар болон бичгээр багийн иргэдийн  Нийтийн Хуралд нэмж тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжихгүй байх талаар санал хүсэлт гарч байсныг уламжилж байна. Тус суманд 1987 оноос эхлэн геологи хайгуулын ажил хийгдэж эхэлсэн ба 30 жил газар нутгаа судлуулж, ашиглуулсан тул дахин судлуулах, хайгуул хийлгэх шаардлагагүй. Газар нутгаа онгон дагшин төрхөөр нь хойч үедээ үлдээх хүсэлтэй иргэд давамгайлж байна. Одоогоор тус суманд хайгуул, ашиглалтын 10 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

            …Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 сарын 14-ний 05 тоот тогтоолоор “Т Х” ХХК-ийн хайгуулын зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжээгүй. Хуралдааны тэмдэглэлээс харахад тэргүүлэгчдээс Баян гол, Түргэн голын эхэнд ойрхон байршилтай учраас татгалзаж байна гэж санал өгсөн. Бид 3100 иргэдийн дуу хоолой болж, тэдний эрх ашгийг тэргүүн ээлжинд тавих ёстой. Манай сумдын иргэдээс байнга ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл өгөхгүй байхыг анхаарна уу гэж хүсдэг. Ер нь “Т Х” ХХК-ийн хүссэн газар дээр манай сумын 10 өрхийн 51 иргэний 4000 гаруй толгой мал зусдаг, намарждаг, өвөлждөг. Мөн Түргэн болон Баян голын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, Баяндун сумын ганцхан амьд тэжээгдэж байгаа нуурын дээрээс 7 км зайтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн байгаа нь иргэдийн дургүйцэлтэй тулгарч байгаа бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Усны тухай хуульд зааснаар Сав газрын захиргааны дүгнэлтийн дагуу  татгалзсан юм гэв.

           Гэрч Б.Б шүүхэд гаргасан мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.....” ХХК нь тус сумын нутагт 121.6 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн байсан. ... “Онон-Улз” голын сав газрын энгийн болон онцгой хамгаалалтын мэдээллийн кадастрын зураг байдаг. Үүнийгээ Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаж өгсөн байгаа ...Түргэн голын онцгой хамгаалалтын бүстэй 6 га, энгийн хамгаалалтын бүстэй 16 га, Баянголын энгийн хамгаалалтын бүстэй 0.18 га тус тус давхцалтай байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон байдаг тул дээрхи газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үздэг. Мөн дээрх голууд нь “Улз” голын томоохон цутгал голууд юм. Энэ хоёр голын бэлчир дээр хайгуулын талбай байгаа нь сүүлийн жилүүдэд “Улз” голын томоохон цутгал голууд тогтмол цутгахгүй тасарч байгаа тул “Улз” голын урсац муудаж, Дашбалбар сумын нутгаас доош 60-аад километрт урсац тасран шургаж адгаа хүртэл урсаж чадахгүй байгаа юм.

            Ашигт малтмалын тухай хууль болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах заалтад хамаарч байгаа юм. Манай байгууллагын хувьд Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар жил болгон усны тооллого хийж Байгаль орчны яаманд мэдээлж, үүний дагуу мэдээллийн санг бүрдүүлж явдаг юм. Ер нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй юм. Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Усны тухай хуулийн 3.1.4-т зааснаар ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох үндэслэл болно. Голын энгийн болон онцгой бүсийг усан мандлаас тооцохгүй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүсийг тогтооно.” Уг хайгуулын зөвшөөрөл авахыг хүссэн талбай нь “Түргэн” болон “Баян” голын татамд хамаарч байгаа юм. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар сав газрын захиргааны саналыг үндэслэн саналаа өгдөг юм гэв.

                                               

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “....” ХХК нь Дорнод аймгийн Засаг даргын 2015  оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48,  2016 оны 01 дүгээр сарын 20-ны 134 тоот  “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ууд, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  05 дугаар тогтоолын “....” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Баяндун-1” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд  заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1]. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... 026619 дүгээрт бүртгэгдсэн “Баяндун-1”  нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.[2]

            Нэхэмжлэгч “....” ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэр “Баяндун-1” нэртэй газарт 121.06 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг, Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс  M-49-95 кодтой планшетэд заасан өргөдлийн бүртгэлийн NE-026619 /XA-019628-001-NЕ/ дугаарт бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тухайн талбай байрших Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл  ирүүлсэн байна.

             Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Засаг дарга нь мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хариу өгөх талаар зохицуулсны дагуу аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны  1/5318 дугаар бүхий “Санал авах тухай” албан бичгийг тухайн талбай байрших Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.[3]

            Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар ... “.....” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэж, ...Түргэн багийн малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баян гол, Түргэн голын усан сан бүхий газартай давхцалтай үндэслэлээр тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүйг уламжилсан 05 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд ...2015 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй, усан сан бүхий газартай давхцалтай үндэслэлээр тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй талаар аймгийн Засаг даргад уламжилсан байгаа нь, Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум, дүүргийн Хурлын саналыг авч, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” заасныг хэрэгжүүлсэн  байна.

           Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн, улмаар “Баяндун-1” нэртэй 121.06 гектар  талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй”  саналыг Ашигт малтмал газрын тосны газар, Кадастрын хэлтэст хүргүүлсэн нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай  хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын  ... тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” хуулийн заалтад нийцэж байна.

             Нэхэмжлэгч “....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... дээрхи талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар тайлбарлаж байгаа болно.

            Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д  “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих,  ... ашигт малтмал хайх, олборлохыг... хориглоно” Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, мөрөн, гол горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар хамаарна”  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглоно” гэжээ. Гэтэл тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Баяндун-1” нэртэй газрын 121.06 гектар талбай нь Түргэн голын онцгой хамгаалалтын бүстэй 6 га, энгийн хамгаалалтын бүстэй 16 га, Баян голын энгийн хамгаалалтын бүстэй 0.18 га тус тус давхцалтай байгаа болох нь  хэргийн оролцогч болон гэрчийн тайлбар[4], Хайгуулын талбай болон “Онон Улз”-ын сав газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн мэдээлэлийн Кадастрын зураглал[5], сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэмдэглэл[6] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

             Ийнхүү “....” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 121.06 гектар талбай нь Түргэн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, Баян голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа нь нотлогдож байх тул  Дорнод аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.3-ын  е-д ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход  хууль тогтоомжид заасны  дагуу санал өгөх”  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” саналыг хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.

             Иймд  Дорнод аймгийн Засаг даргын  Ашигт малмалын хайгуулын зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн 48, 134 дүгээр саналууд нь утга агуулга, үндэслэл, нутгийн удирдах байгууллагын төлөөллийн санал зэргийг тусгасан байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “.....” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Дорнод аймгийн Засаг даргын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 48, 134 дүгээр “Дэмжихгүй” санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “....” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “....” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 75-р хуудас

[3] Хавтаст хэргийн 39-р хуудас

[4] Хавтаст хэргийн 70-71-р хуудас

[5] Хавтаст хэргийн 41, 66-67-р хуудас

[6] Хавтаст хэргийн 45-46-р хуудас