Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0596

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр: “Газрын тухай уулийн 23 дүгээр зүйлийн 23.2.14, 23.2.15, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Л” ХХК нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгүүдийг илтэд зөрчсөн нь тодорхой байсаар байхад анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Тус “Л” ХХК нь өөрийн эзэмшил гэх газарт 20 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг гадас ч байхгүй, хашаа байшин бариагүй зэлүүд газарт 200 сая төгрөгний хөрөнгө оруулсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн, мөн олимпын аваргуудын нэр барьж шүүхэд худлаа тайлбар өгсөн баримтуудыг шүүх нотлох баримт үнэлэхдээ дутуу үнэлсэн, уг газарт үзлэг хийгээгүй.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан газар давхацсан талаар нотлох баримт бүрдүүлээгүй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01-06/3762 дугаартай албан бичгээр “Л” ХХК-нд газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн албан бичиг байсаар байтал нотлох баримтыг үнэлээгүй.

Н.Т аварга өөрийн хөрөнгөөр 2020 оны 6 дугаар сараас зам, эрчим хүчний дэд бүтцийг тавьж байгаа бөгөөд “Л” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1166/2016 дугаартай Цахилгаан техникийн нөхцлийг “УБЦТС” ТӨХК-иас авсан гэдэг нь хүчингүй болсон. Энэ нь 1 жилийн хугацаатай бөгөөд давхардуулж өгдөггүй баримт байхад хуурамч нотлох баримт гарган өгсөн. Үүнийг шүүх шинжлэн судлаагүй.

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл” 2019 оны 05 дугаар сарын 21-нд хуралдаж Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу “хүүхдийн эрхийг хангах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэйгээр ажиллаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоол “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын талаар авах арга хэмжээний тухай” гарч тус цогцолборын газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах, цаашид шинээр бусдад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон байна. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” 210 дугаар тогтоол гарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамж гарч тус цогцолборын нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчин хууль бусаар “Л” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд гарсан хууль ёсны захирамж гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Газрын маргааны асуудлаар Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбороос Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1/239 дугаартай албан бичиг хүргүүлж тус цогцолборын газрыг мэдээллийн санд оруулах асуудлыг хөндөж одоо мэдээллийн санд оруулсан байгаа, энэ талаарх мэдээллийг анхан шатны шүүх гаргуулаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн буюу хавтаст хэргийн 144, 207 дугаар хуудаст авагдсан нотлох баримтын талаар үндэслэх хэсэгтээ тусгалгүйгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй байна.

Олон улсын Найрамдал хүүхдийн зуслан төвд Нийслэлийн Засаг даргын 1996 оны 140 дүгээр захирамжаар 2156 га газрыг олгосон байдаг ба тус газрын хэмжээтэй “Л” ХХК-ийн газар давхцалтай байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэхээр байна.

Мөн Захиргааны хэргийн шүүх нь хэрэгт холбогдолтой нотлох баримтыг өөрөө цуглуулдгаараа эрүү, иргэний хэргийн шүүхээсээ онцлогтой бөгөөд нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчөөгүй хэмээн үзсэн нь учир дутагдалтай байна.

Шүүхээс сонсох ажиллагааг төгс явуулаагүй гэх үндэслэлийн хувьд: ... Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас гарцаагүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй, мөн “нийтийн эрх ашиг” үүн дотроо “хүүхдийн эрх ашиг” нэн тэргүүний эрх ашиг тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг хангаж байна.

Маргаан бүхий захирамж нь дээрх заалтыг үндэслэж “Л” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул анхан шатны шүүх сонсох ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлаж нэхэмжлэгч талын үүднээс хэргийг харж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/902 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан “нөхцөл байдлыг тогтоох” үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлийг эс хүлээн зөвшөөрч байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/902 дугаар захирамжийг гаргахаас өмнө тухайн “Л” ХХК-ийн эзэмшилд байсан газар нь Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшил газартай давхацсан болохыг судалж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргасан тул нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлд хамаарахгүй байна.

Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар журмын дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч хээрийн судалгаа хийж бодит нөхцөл байдлыг тогтоосон мөн Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газарт очиж бодит нөхцөл байдалтай танилцан Улсын тусгай хамгаалалттай газарт газар олголт хийсэн буруутай үйл ажиллагааг таслан зогсоох талаар чиглэлийг холбогдох байгууллагад үүрэг болгосны үндсэн дээр гаргасан захиргааны акт юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасанд анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх зүйтэй...” хэмээн дүгнэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

            Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цугуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай.

Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчид олгосон Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.0 га газрыг эзэмших эрхийг хариуцагч хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тухайд маргааны гол үйл баримт оршиж байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг “...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх үүргээ хэрэгжүүлээгүй... сонсох ажиллагааг төгс явуулаагүй” хэмээн дүгнэхдээ тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй буюу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-06/2803 албан бичгийг нэхэмжлэгч “Л” ХХК-д хүргүүлсэн, хэзээ хэрхэн мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийг шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хэмээн шууд дүгнэх нь учир дутагдалтай.

Нөгөөтэйгүүр уг маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч “Л” ХХК болон гуравдагч этгээд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын газрын давхцлын хэмжээ, газрын давхцал үүсэх болсон шалтгааныг тодруулах шаардлагатай. Тодруулбал нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирмжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон гэх боловч тухайн газар нь Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд олгосон 2156 га газартай давхцалтай байсан эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар олгох үед бусдын эзэмшил бүхий газартай давхцуулж олгосон эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Түүнчлэн  анхан  шатны  шүүх  цаашид  нэхэмжлэгчийн  эрх ашиг, хөндөгдөх

эсхүл сэргэх боломжтой эсэхийг нэг мөр, хөтөлбөргүйгээр тогтоох нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул маргаан бүхий газарт газрын үзлэг хийн нэхэмжлэгч барилга, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөө зэргийг барьж, өөрийн хөрөнгөөр зам талбай тохижуулсан эсэх нөхцөл байдлыг тогтоосноор нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй тухайд дүгнэлт хийх боломжтой.

Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02-06/1431 дугаар лавлагаанаас үзвэл Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын газрын хэмжээг хамгийн сүүлд 2009 онд өөрчлөлт оруулсан гэх боловч тухайн онд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх бүхий газрын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн болохыг нотлох 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргааны үйл баримтуудыг нотлох баримтуудыг бүрэн цуглуулан нөхцөл байдлыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч болон гуравдагч этгээд нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН      

                ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА