Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар ХШТ/2026/30

 

                                            Д.Б-д холбогдох                                               

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд

2023 оны 07 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, *** овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 2,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Э-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нар хамтран гаргасан гомдолдоо: “1.Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 16.00 цагт Хэнтий аймаг дах сум дундын анхан шатны шүүхэд нээлттэйгээр болж 3 цаг гаран үргэлжлэн шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутайд тооцож, өмгөөлөгч Г.Өлзийхишиг болон Б.Галхүү, шүүгдэгч Б бид хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хариуцлагын хуралдааныг хийсэн.

2.2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ийн өгсөн “…Ж.Э-аас 3 адуу авсан боловч нэг адуу нь хөл муу байсан учир 2 адууг нь авсан. Хохирогч Ж.Э-ын эхнэр Н.Ц-ийн *** банкны *** дугаар дансанд 2 адууны мөнгө 2,600,000 төгрөгийг шилжүүлж нэг үрээг 600,000 төгрөг, найман настай хул морийг 2,000,000 төгрөгөөр бодож 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн, авсан 2 морь нь бичиг баримт, медаль өргөмжлөлгүй гэх...” мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

3.Гэрч Ц.Э нь шүүх хуралдаанд оролцохдоо “Д.Б нь манай гэрийн гаднаас 2 адуу ачиж явсан, нэг адуугаа манайд үлдээсэн” гэж тайлбарладаг. Ц.Э нь хохирогч Ж.Э-тай нэг нутаг, багш шавийн барилдлагатай гэж мэдүүлсэн. Гэрч Ц.Э шүүх хуралдааны явцад өөр өөр байдлаар мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.8.2 зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

4.Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Боргилбаатарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, тус хуралдаанд шинжээчээс “Та ямар эх сурвалж ашиглан тус найман настай хурдан удмын морийг үнэлсэн бэ” гэж асуухад “Мөрдөгчийн тогтоолд 9 настай, хурдан удмын 12,000,000 төгрөгөөр зарагдсан гэж дурдсан байсан. Тогтоолд тусгасан байхаар нь яг тэр байдлаар үнэлсэн” гэж тайлбарласан. Шинжээчээс “Та уг морийг харсан уу, удам угшлын талаар баримт хавтас хэрэгт байсан уу, ямар эх сурвалж ашигласан” талаар дахин асуухад Google Fасеbоок ашигласан харьцуулалтаар 2 морины зураг хавсаргасан, энэ морь хэдэн настай, ямар удам угшилтай талаар мэдээлэл байхгүй, Ж.Э-ын найман настай морийг хараагүй үзээгүй, удам угшилын талаар баримт байхгүй байхад хурдан удмын найман настай хул морь мөрдөгчийн тогтоол дээр 9 настай, 12,000,000 төгрөгөөр зарагдсан” гэж дурдсан байсан. Тийм учраас 12,000,000 төгрөгөөр үнэлгээг гаргасан нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Өөрсдөө тохиролцсон бол тэр зах зээлийн үнэ байх боломжтой, хурдан удмын адуу биш бол тухайн зах зээлийн үнээр тогтоох боломжтой гэж тайлбарласан. (Шүүх хуралдааны тэмдэглэлийн 20 дугаар хуудас) Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “хохирлын үнэлгээнд шинжилгээ хийх”, 4.1.8-д “шинжээчийн дүгнэлт” гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг, 17 дугаар зүйлд 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна” гэж заасан. Гэтэл шинжээч Б.Боргилбаатар нь мөрдөгчийн тогтоолд дурдсан байгаа учраас ийм дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм

5.Хохирогч Ж.Э нь морио авах талаар асуухад “Хамаагүй би морио авч болно” гэж тайлбарласан. Аймгийн алдарт уяач гэх баримтыг шүүх хуралдаанд өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед асуухад “Ойролцоогоор 100 гаран адуу байгаа, хул зүсмийн байгаа гэж тайлбарласан. Дээрх тайлбараас үзэхэд *** хүлэг морин спорт уяачдын холбооны 8/16 дугаартай албан тоот, хавсаргасан баримтууд нь өөр хул зүсмийн морины амжилт байж магадгүй. Хавтаст хэрэгт авагдсан 70-75 хуудасны өргөмжлөл нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй дан хуулбар хувь байсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.

6.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн зүгээс хул морийг хохиролд өгөх талаар илэрхийлэхэд мөнгөн хэлбэрээр гаргуулж шийвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Ж.Э нь морио авах талаар шүүх хуралд саналаа илэрхийлж байсан. Мөн эрүүгийн хариуцлагын хуралд хул зүсмийн 9 настай морь дээр нэмж 5,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Д.Б-ийг аргагүй байдалд оруулж дахин эд хөрөнгөөр хохироосон үйлдэл болсон. Харин хохирогч Ж.Э-ын хувьд хохирол төлбөрөө авсан, дээр нь 5,000,000 төгрөг нэмж авч, урьд нь авсан 2,600,000 төгрөгөөс буцааж өгөөгүй тул Ж.Э-ын хувьд 7,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” хуулийн зохицуулалтай. Хохирогч Ж.Э, Д.Б нарын хооронд морь худалдсан асуудал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах харилцаа буюу иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 40.8.1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг хэлсэн тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс хоёр шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний талаар маргасан. Д.Б нь Ж.Э-аас 3 адуу авснаас 2-ыг нь аваад явсан талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргадаггүй. Гэтэл шүүгдэгч, хохирогч нарын хооронд адууны үнийн дүнгийн талаар маргаан үүсэж, улмаар тус хэрэг шалгагдаж эхэлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Ц.Э-ын хэрэгт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь зөрүүтэй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс тус гэрч нь хохирогчтой нэг нутгийн, мөн багш шавийн харилцаатай үндэслэлээр түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн адууны үнийг 12,000,000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шинжээч Б.Боргилбаатар нь “тухайн морийг үзээгүй, хараагүй” гэж мэдүүлдэг боловч 12,000,000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.8, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн адууны удам угшил, мэдээлэл, насыг нь хараагүй атлаа мөрдөгчийн тогтоолд үндэслэж, хурдан удмын адуу гэж үзэн үнэлгээг 12,000,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй. Хэдийгээр хохирогч өөрийгөө “аймгийн алдарт уяач, нэг жилд 100 гаруй адуу уралдуулдаг” гэж мэдүүлдэг боловч хэргийн 70-75 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Хоёрдугаарт, тухайн хул зүсмийн адууны удам, угшилтай холбоотой мэдээлэл хэрэгт авагдаагүй. Хохирогч шүүх хуралдаанд “жилд 100 гаруй адуу уралдуулдаг, түүний 20 нь хул зүстэй” гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлгийн эх сурвалжийг нотолж чадаагүй гэж үзэж байна. Мөн шүүхээс хохирлын хэмжээг 12,000,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, шүүгдэгч тухайн адууг биет байдлаар нь “ийм үнэтэй адуу аваагүй, би 2,600,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Ийм үнэтэй болох юм бол адууг нь биет байдлаар нь буцаая” гэхэд хохирогч саналыг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл шүүх Д.Б-ээс 12,000,000 төгрөг гаргуулж Ж.Э-т олгохоор шийдвэрлэсэн. Бидний зүгээс хохирол төлөх асуудлаар 5 хоногийн завсарлага авч, энэ хугацаанд адууг буцаан өгсөн. Гэвч хохирогчийн зүгээс адуугаа авсан атлаа нэмж 5,000,000 төгрөг өгөхийг тулган шаардсан. Гэм буруугийн асуудал яригдаж байгаа учраас шүүгдэгчийн хувьд хохирогчийн нэхсэн 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, улмаар 2,500,000 төгрөг өгсөн. Шүүхээс урьд өгсөн 2,600,000 төгрөгийн талаар дүгнэлт хийлгүй, түүнээс гадна дахин 5,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үнэлгээ болон гэрчийн мэдүүлгүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн тухайн асуудлыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний асуудал буюу иргэний эрх зүйн маргаан гэж үзэж байгаагаа илэрхийлье” гэв.

 

Тус шүүх хуралдаанд прокурор Б.Бямбадагва хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагдана. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүгдэгч Д.Б-д урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Гэвч тэрбээр 06 сарын тэнссэн хугацаа дуусаагүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдон 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан. Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд  мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

2.Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** гэх газарт Ж.Э-ыг хуурч, түүний найман настай хул морийг авч, 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулжээ.

4.Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял нэгтгэх журмыг хэрэглээгүй орхигдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөлгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Энэхүү нөхцөл байдал нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарна.

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдолд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                        Б.БАТЦЭРЭН

                                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Б.ЦОГТ