Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 174

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Д.Сайнтуяа, Д.Паамуу,

иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,

иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг,

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

нарийн бичгийн дарга В.Орхон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч О овогт А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810026520011 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, ....... гудамж, .... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт А-ийн А- /РД: ,,,,,,,,,,,,,,,,,,,,/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын хайрганы карьерийн хойд талын замд Тоёота Приус маркийн 87-95 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 1-д заасан “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Эрдэнийн жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 06-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч М.Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.Сайнтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Паамуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Д.Сайнтуяа: “...Би эрүүл ажлаа хийгээд явж байгаад буруутай этгээдээс болж хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон. 2018 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны хооронд 363.376 төгрөгийг авсан. 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цалин 620.000 төгрөг авсан. Үүнээс 300.000 төгрөг нь 2018 оны байгууллагын шилдэг ажилтан болсон шагнал урамшуулал байсан. Би А-аас 11, 12 дугаар сарын цалингаа нэхэмжилж байна. Миний нэг сарын цалин 560.000 төгрөг, би буруутай этгээдээс болж ажлаа хийж чадахгүй ажлын хамт олондоо төвөг болоод амьдарч байна. Би эмчилгээний зардал нэхэмжлээгүй, ажилгүй байсан хоёр сарын цалингаараа биеэ эмчлүүлэх болно...” гэв.

 

Хохирогч Д.Паамуу: “...Миний биеийн байдал гайгүй, гэхдээ хэвийн биш байгаа, би эрүүл саруул хүүхэд хардаг байсан боловч ослын улмаас гадуур явж чадахгүй байна. Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой. Би ганцаараа гадагшаа гарч чадахгүй болсон. А-аас 150.000 төгрөг авсан, одоо эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг: “...Үнэлгээгээр гарсан хохирлыг даатгалын компаниас надад шилжиж орж ирсэн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэ: “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн үед би Приус загварын 06-45 УНМ улсын дугаартай автомашин жолоодоод 4 зорчигчийн хамт Нисэх орчихоод буцаад Шувуун фабрик руу гэр лүүгээ зүүнээс баруун чигт мод үржүүлэхийн харалдаа 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Гэтэл урд зам дээр хоёр автомашин зогсож харагдсан, би дөхөж очиж зүүн тийшээ дохио өгөөд хажуугаар нь гарах гэтэл урд нь өөр нэг машин зогсож байсан. Би дөхөж очоод дохио өгөөд хажуугаар нь гарах гэхэд урд нь зогсож байсан машин их хурдтай зам руу эргэж ороод мөргөсөн. Би зүүн гар тийш дараад замаас гарч зогссон. Надад эмчилгээний зардал 318.000 төгрөг, машин ачихад 434.700 төгрөг нийт 1.072.700 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 700.000 төгрөгийг А-аас авсан. Үлдэгдэл 370.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэв.

 

Шүүгдэгч А.А-: “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг 00 минутын үед би Приус загварын 87-95 УНО улсын дугаартай автомашин жолоодоод 4 зорчигчийн хамт хотын төвөөс хөдлөөд Био өнгөрөөд шувуун фабрик явах замд замын хажуугийн шороон зам руу гараад зогсож байгаад буцахаар болоод толиндоо хараад дохио өгөөд зам руу бүтэн эргээд ортол миний машины урд хамар луу машин мөргөсөн. Нэг мэдсэн замаас гараад зогсож байсан. Хамт сууж явсан хүмүүс гэмтээгүй бид зүгээр гэсэн, би машинаасаа буугаад нөгөө машин дээр очиход жолооч нь бууж ирээд над руу уурлаж загнаад байсан. Би нөгөө машины жолоочийг та ямар хурдтай явдаг юм гэж хэлсэн. Тухайн үед би эрүүл байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан. ...Хохирогч нарт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаас баримттайг нь нөхөн төлнө, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэх оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Сайнтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 30 минутын үед гэр рүүгээ харих гээд Тоёота Приус маркийн 06-45 УНМ улсын дугаартай машины хойд талын суудалд суусан. Машины арын суудалд нийт дөрвөн хүн, жолоочийн хажуу талд нэг хүн сууж явсан. Тухайн машин Биокомбинатын замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй явж байсан, гэнэт түс тас хийх чимээ гараад машин зогссон. Буугаад харахад миний сууж явсан машин өөр нэг цагаан өнгийн Тоёота Приус маркийн машинтай мөргөлдсөн байсан. ...Машинууд хэрхэн мөргөлдсөнийг хараагүй, доошоо хараад утсаа оролдоод явж байхад гэнэт их дуу чимээ гарсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,

 

Хохирогч Д.Паамуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 10 минутын үед Туул тосгон руу хүргэнийдээ очихоор Тоёота Приус маркийн машинд суусан. ...Машин Биокомбинат өнгөрөөд зүүнээсээ баруун тийш явж байхад цагаан өнгийн машин хөндөлдөөд гарч ирэхэд миний сууж явсан машин тэр машинтай мөргөлдөх шиг болсон. Би ухаан алдаад сэргэхэд миний сууж явсан машин замаас гарчихсан зогсож байсан. Тухайн үед хөдөлгөөн бага, үзэгдэх орчин сайн, цаг агаар тогтуун байсан...” /хх-ийн 47-48, 49-50/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Осол болсны дараа машиныг жолоодож явсан хүн болох миний төрсөн дүү М.Эрдэнэ над руу утасдаж осол болсныг хэлсэн. Үнэлгээгээр гарсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна...” /хх-ийн 60-61/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Д.Бавуудорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...87-95 УНО улсын дугаартай машиныг анх 2018 оны 04 дүгээр сард Да хүрээ зах дээр худалдаж авсан. Анх машиныг авахдаа дутуу мөнгөө хадгаламж зээлийн хоршооноос авч байсан. Дараа нь 2018 оны 10 дугаар сард найз Алтангэрэл надаас худалдаж авсан, нэрээ шилжүүлээгүй байгаа болно...” /хх-ийн 174/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нисэхээс Шувуун фабрик орохоор Биокомбинатын замын мод үржүүлэх газрын харалдаа зүүнээсээ баруун тийш чигтэй, замын баруун гар талаар 50-60 км/цагийн хурдтай явж байхад замын баруун гар талд цагаан өнгийн Тоёота Приус маркийн хоёр машин цувраад зогсож байгаад хажуугаар нь гарах үед урд нь зогсож байсан машин огцом зүүн гар тал руу эргэж миний машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 69-70/ гэсэн,

 

Гэрч О.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Биокомбинатад байрлах Парадайс амралтын газар руу 5 зорчигчтой явсан бөгөөд манай найз А- надтай хамт 4 зорчигч авч явсан. Тухайн үед А- миний урд явж байсан, гэнэт баруун гар тийш шахаж зогсохоор нь би дагаад зогссон. Тэгээд А-ын машинаас хүмүүс бууж ирээд очих газраасаа өнгөрчихсөн байна гэж ярилцаж байгаад буцаад машиндаа сууцгаасан. А- түрүүлж хөдлөөд зам дээрээ зүүн гар тийш буцаж эргэхэд араас нь нэг машин гарч ирээд хоорондоо мөргөлдсөн...” /хх-ийн 77-78/ гэсэн,

 

Шүүгдэгч А.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн үед Баянгол зочид буудлын хажуугаас 4 зорчигч аваад Биокомбинатад байдаг Парадайс амралтын газар руу явж байхад нэг зорчигч нь “бид нар очих ёстой газраасаа өнгөрөөд явчихлаа, зогсоорой” гэж хэлэхээр нь би замынхаа баруун гар тал руу шахаад зогссон. Тэгээд нөгөө зорчигч ард явж байсан машинд сууж явсан хүмүүстэй ярилцсан. Тэгээд буцаж ирээд бид нар очих ёстой газраасаа өнгөрөөд явчихсан байна, буцаад явья гэхээр нь би зүүн гар тийш эсрэг урсгал руу дөнгөж ороход миний хойноос нэг машин хурдтай ирж зүүн урд крыло хэсэг рүү мөргөсөн...” /хх-ийн 135/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13561 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Сайнтуяагийн биед ахар сүүлний 4-р нугаламын их биеийн хөндлөн хугарал, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...”  /хх-ийн 92/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13564 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Паамуугийн биед зүүн бугалга, гуянд цус хуралт, бүх биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 97/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13560 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Эрдэнийн биед баруун шагай орчмын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 102/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №865  тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Тоёота Приус маркийн 87-95 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.А- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйл Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота Приус маркийн 06-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.  Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл нөлөөлөөгүй байна...” /хх-ийн 122/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/,

- Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14-15/,

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-19/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16-17/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 34, 38-39, 42-43, 52-55/,

- Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 44, 56, 169/,

- Гэрч Г.Оюун, Ж.Болдбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 81, 83/,

- Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 105-107/,

- Дуудлагын лавлагаа /хх-ийн 140/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 144, 156/,

- Шүүгдэгч А.А-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 142-153/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын хайрганы карьерийн хойд талын замд Тоёота Приус маркийн 87-95 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Эрдэнийн жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 06-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Сайнтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Сайнтуяагийн “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 30 минутын үед гэр рүүгээ харих гээд Тоёота Приус маркийн 06-45 УНМ улсын дугаартай машины хойд талын суудалд суусан. ...Тухайн машин Биокомбинатын замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй явж байгаад гэнэт түс тас хийх чимээ гараад машин зогссон. Буугаад харахад миний сууж явсан машин өөр нэг цагаан өнгийн Тоёота Приус маркийн машинтай мөргөлдсөн байсан. ...Машинууд хэрхэн мөргөлдсөнийг хараагүй...” /хх-ийн 25-26/ гэсэн, хохирогч Д.Паамуугийн “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 10 минутын үед Туул тосгон руу хүргэнийдээ очихоор Тоёота Приус маркийн машинд суусан. ...Машин Биокомбинат өнгөрөөд зүүнээсээ баруун тийш явж байхад цагаан өнгийн машин хөндөлдөөд гарч ирэхэд миний сууж явсан машин тэр машинтай мөргөлдөх шиг болсон. Би ухаан алдаад сэргэхэд миний сууж явсан машин замаас гарчихсан зогсож байсан...” /хх-ийн 47-48, 49-50/ гэсэн, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнийн “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нисэхээс Шувуун фабрик орохоор Биокомбинатын замын мод үржүүлэх газрын харалдаа зүүнээсээ баруун тийш чигтэй, замын баруун гар талаар 50-60 км/цагийн хурдтай явж байхад замын баруун гар талд цагаан өнгийн Тоёота Приус маркийн хоёр машин цувраад зогсож байгаад хажуугаар нь гарах үед урд нь зогсож байсан машин огцом зүүн гар тал руу эргэж миний машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 69-70/ гэсэн, гэрч О.Энхтүвшингийн “...А-ын машинаас хүмүүс бууж ирээд очих газраасаа өнгөрчихсөн байна гэж ярилцаж байгаад буцаад машиндаа сууцгаасан. А- түрүүлж хөдлөөд зам дээрээ зүүн гар тийш буцаж эргэхэд араас нь нэг машин гарч ирээд хоорондоо мөргөлдсөн...” /хх-ийн 77-78/ гэсэн,  шүүгдэгч А.А-ын “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ...Биокомбинатад байдаг Парадайс амралтын газар руу явж байхад нэг зорчигч нь “бид нар очих ёстой газраасаа өнгөрөөд явчихлаа, зогсоорой” гэж хэлэхээр нь би замынхаа баруун гар тал руу шахаад зогссон. Тэгээд нөгөө зорчигч ард явж байсан машинд сууж явсан хүмүүстэй ярилцсан. Тэгээд буцаж ирээд бид нар очих ёстой газраасаа өнгөрөөд явчихсан байна, буцаад явья гэхээр нь би зүүн гар тийш эсрэг урсгал руу дөнгөж ороход миний хойноос нэг машин хурдтай ирж, зүүн урд крыло хэсэг рүү мөргөсөн...” /хх-ийн 135/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №13561 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Сайнтуяагийн биед ахар сүүлний 4-р нугаламын их биений хөндлөн хугарал, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...”  /хх-ийн 92/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №13564, 13560 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 97, 102/,

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны №865  дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Тоёота Приус маркийн 87-95 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.А- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйл. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота Приус маркийн 06-45 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3.  Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл нөлөөлөөгүй байна...” /хх-ийн 122/ гэсэн дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-19/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16-17/, дуудлагын лавлагаа /хх-ийн 140/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.А-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  Д.Сайнтуяагийн эрүүл мэндэд ахар сүүлний 4-р нугаламын их биений хөндлөн хугарал, баруун, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр, хохирогч Д.Паамуугийн эрүүл мэндэд зүүн бугалга, гуянд цус хуралт, бүх биеийн доргилт бүхий хөнгөн, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнийн эрүүл мэндэд баруун шагай орчмын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун чамархайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан.

Хавтаст хэрэгт хохирогч Д.Сайнтуяагийн эмчилгээний зардалтай холбоотой 291,430 төгрөгийн /хх-ийн 34, 38, 42/, хохирогч Д.Паамуугийн эмчилгээний зардалтай холбоотой 145,810 төгрөгийн /хх-ийн 53-55, 96/, шүүхийн хэлэлцүүлэгт 127,000 төгрөгийн баримт шинээр гаргаж ирүүлсэн, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнийн эмчилгээ, тухайн тээврийн хэрэгслийг ачилт хийлгэсэн, журмын хашааны төлбөрийн зардалтай холбоотой 936,600 төгрөгийн /хх-ийн 72, 76, 101, 109, 111/ баримтууд авагдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.А- нь хохирогч Д.Сайнтуяад 290,000 төгрөгийг /хх-ийн 44/, хохирогч Д.Паамууд 150,000 төгрөгийг /хх-ийн 56/, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэд 700,000 төгрөгийг /хх-ийн 169, шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ тус тус төлж барагдуулсан байх тул төлөгдөөгүй үлдэх хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Харин шатахуун хэрэглэсэн гэх хохирогч Д.Сайнтуяагийн 194,650 төгрөгийг /хх-ийн 38, 39/, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнийн 115,500 төгрөгийг /хх-ийн 73/ тус тус хангаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь шатахуун хэрэглэсэн гэх баримтууд нь хэн хэрэглэсэн нь тодорхойгүйн дээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сайнтуяа ажилгүй байсан хугацааны буюу хоёр сарын цалин 1,120,000 төгрөг, Д.Паамуу цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 1,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл хохирогч нарын нэхэмжилсэн мөнгийг баримтын хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд хохирогч Д.Сайнтуяа хоёр сарын хугацаанд ажилгүй байсан гэх боловч энэ талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, харин ирээдүйд гарах зардлыг тооцож гаргах боломжгүйн дээр хуулийн зохицуулалтгүй тул Д.Паамуугийн нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирогч Д.Сайнтуяад баримтгүй ч хохирлын мөнгө гэж 531,330 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт гэмт хэргийн улмаас 4,347,500 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 105-107/ бөгөөд шүүхийн шатанд төлж барагдуулсан /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/, иргэний нэхэмжлэгч хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнд гаргуулах хохирол, төлбөргүй байна.

 

Шүүгдэгч А.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810026520011  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч энэ хэрэгт холбогдуулан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч О овогт А-ийн А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн А-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.А-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А- оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- / Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ..... гудамж, ... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай /-аас 894,930 /найман зуун ерөн дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөг гаргуулж, хохирогч Д.С /Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай/-д 531,330 /таван зуун гучин нэгэн мянга гурван зуун гуч/ төгрөг, хохирогч Д.П /Чингэлтэй дүүрэг, ..... дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай/-д 127,000 /нэг зуун хорин долоон мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Э /Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай /-д 236,600 /хоёр зуун гучин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.С, Д.П, иргэний нэхэмжлэгч М.Э нар нь өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 1810026520011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний нэхэмжлэгч М.Э нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР