Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2016/00921

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гурвалжин-2 төв 4-р давхарт байрлах, 5320259 регистрийн дугаартай, “Тэгшт Плант” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн зам Үйлдвэрийн байранд байрлах,  “Айзава Монгол” ХХК-д холбогдох

15 702 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Тэгшт плант” ХХК-ийн ерөнхий захирал О.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Тэгшт плант” ХХК нь “Айзава Монгол” ХХК-тай харилцан тохиролцож “Дайрга худалдах, худалдан авах” аман хэлцэл байгуулж ТР-20 маркийн нийт 2,471 м.куб дайргыг нийлүүлэх, захиалагч тал “Айзава Монгол” ХХК нь дайрганы төлбөрийг тухай бүр төлөхөөр тохиролцож дээрх хэлцэлийг байгуулсан.

“Тэгшт плант” ХХК нь 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 2,471 м.куб дайргыг “Айзава Монгол” ХХК-д нийлүүлсэн ба үүнээс 162 м.куб дайргын буцаалтыг хийсэн болно.

“Тэгшт плант” ХХК нь “Айзава Монгол” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 201 тоот, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 317 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 702 500 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй байна.

Мөн “Тэгшт плант” ХХК нь “Айзава Монгол” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж төлбөрийн үлдэгдэл 15 702 500 төгрөг байгааг хоёр тал баталгаажуулсан.

Иймд хариуцагч “Айзава Монгол” ХХК-иас дайрганы төлбөр болох 15 702 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “Айзава Монгол” ХХК-ийн дэд захирал Юта Накамура шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Нэхэмжлэгч компаний төлбөрийн үлдэгдэл 15 702 500 төгрөгийг дараах байдлаар барагдуулах саналтай байна.

            2016 оны 9 дүгээр сарын 7-8-ны хооронд 50 тн, 14-15-ны хооронд 50 тн “Хөтөлийн цемент цохой” ХХК-ийн 42.5 маркийн цементийг 1 тн тутмыг 155 000 тооцон УББҮК ХК-ийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр дэх үйлдвэрт хүргэн өгөх. Энэ 9-р сарын 15-ныг хүртэл нийлүүлэх Цементийн нийт үнэ нь 15 500 000 төгрөг болж байгаа тул зөрүү 202 000 төгрөгийг 9-р сарын 30-нд төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

            Нэхэмжлэгч “Тэгшт плант” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр эвлэрлийн гэрээндээ:

            “Тэгшт плант” ХХК нь тус дүүргийн шүүхэд хандаж “Айзава Монгол” ХХК-иас дайрга худалдсаны төлбөр болох 15 702 500 төгрөг нэхэмжилсэн ба хоёр тал харилцан тохиролцож үндсэн төлбөр болох 15 702 500 төгрөгийн төлбөртөө тооцож хариуцагч “Айзава Монгол” ХХК нь “Хөтлийн цемент шохой” ХХК-ийн 42.5 маркийн 15 500 000 төгрөгийн үнэ бүхий 100 тн цементийг хуваарийн дагуу, үлдэгдэл 202 500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Тэгшт Плант” ХХК-д төлөх нөхцөлтэйгээр тус тус харилцан тохиролцов.

            Хариуцагч “Айзава Монгол” ХХК нь “Тэгшт Плант” ХХК-д төлөх 15 500 000 төгрөгийн цементийг дараахь хуваарийн дагуу буюу 50 тн цементийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор, 50 тн цементийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцов.

            Хэрэв хариуцагч тал нь энэхүү эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч тал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.

            Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай 15 500 000 төгрөгт үнийн дүн тооцож 100тн  цементийг 202 500 төгрөгийн хамт авахаар эвлэрсэн гэжээ.

 

            Хариуцагч “Айзава Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Очбадрал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 15 702 500 төгрөгт тооцож 100тн цементийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 50тн цемент, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50тн цемент, нийт 100тн цемент, 202 500 төгрөгийг хамтаар төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүхийн зүгээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Тэгшт плант” ХХК нь хариуцагч “Айзава Монгол” ХХК-д холбогдуулан 15 702 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Тэгшт плант” ХХК нь хариуцагч “Айзава Монгол” ХХК-д ТР-20 маркийн 2,471 м.куб дайргыг нийлүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Тэгшт плант” ХХК нь хариуцагч “Айзава Монгол” ХХК-иас 15 702 500 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 15 702 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч 15 500 000 төгрөгт оногдох 100тн цементийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 50тн цемент, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50тн цемент, нийт 100тн цементийг үлдэгдэл 202 500 төгрөгийн хамтаар бүрэн төлөхөөр зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талууд улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар тооцохыг зөвшөөрсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Тэгшт плант” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Айзава Монгол” ХХК-д холбогдох  15 702 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 15 500 000 төгрөгт тооцож 100тн цементийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 50тн цемент, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50тн цемент, нийт 100тн цемент үлдэгдэл 205 000 төгрөгийн хамтаар төлөхөөр эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 118 235 төгрөг, хариуцагчаас 118 235 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ