| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0408/Э |
| Дугаар | 414 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 414
йХан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810015830416 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Дундговь аймгийн Адаацаг сумын ... дугаар баг ... оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн ... сууц өмчлөгчдийн холбоонд харуулын ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1994 оны Дундговь аймгийн шүүхийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
1998 оны Дундговь аймгийн сум дундын шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 100 дугаар зүйлийн 1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
2007 оны Дундговь аймгийн сум дундын шүүхийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-гийн Б /РД: НН00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Анар” хотхонд харуулаар ажиллаж байхдаа А.Б-тай хашаа руу оруулахгүй гэснээс болж маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан, өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд байдаг “ХХХ” хотхонд аав А-гийн гэр рүү такси бариад очсон. Надад таксины мөнгө байхгүй байсан болохоор аавын гэрт ороод мөнгө аваад өгье гээд хашаа руу орох гэтэл уг байрны харуул гэх 40-50 орчим насны эрэгтэй оруулахгүй гэсэн. Би учраа хэлж гуйсан боловч оруулаагүй. Ингээд байж байтал манаач ах намайг цээртэй үгээр гутаан доромжлоод намайг түлхэж газар унагаагаад миний бие рүү нилээд хэдэн удаа өшиглөөд байсан. ...Тухайн үед тэр манаач ах урт лоом шиг төмөр барьчихсан байсан. Гэхдээ намайг тэр төмрөөрөө цохиогүй. Намайг цохих гэхээр нь би тэр төмөрнөөс нь бариад булаацалдтал намайг түлхээд газарт шороон дээр унагаачихсан. Тэгээд миний бие рүү 2-3 удаа өшиглөсөн. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 17-19, 20-21/ гэсэн,
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад шөнө такситай хүн ирээд хотхоны хашааны хаалгаа онгойлго гэхээр нь би харуулын байрны цонхоо онгойлгоод “СӨХ-ийн дарга шөнийн цагаар зөвшөөрөлгүй хүн битгий оруул гэсэн” гэж хэлэхэд намайг “хөгшин пизда” гээд хэл амаар доромжлохоор нь би цонхоо хаагаад суучихсан. Тэгтэл гаднаас “хөгшин банди минь гараад ир” гээд байхаар нь хаалгаа онгойлгоход тэр залуу харуулын байр түшүүлээд тавьсан байсан лоом төмөр барьчихсан байхаар нь би тэрийг нь булааж авах гээд тэр залуутай заамдалцаад ноцолдсон. Тэр залуу хойшоо цементэн дээр уначихсан. Тэгээд надтай хэрэлдэж байгаад гэртээ орсон...” /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №8085 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. А.Б-ын биед зүүн хацар, хүзүү, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт, зүүн мөн, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, саруу, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 14/,
- Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдалтай холбоотой гэрч А.Б-ны мэдүүлэг /хх-ийн 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 41/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42/, нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 43-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 47-59/, зан байдлын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 46/,
- Хохирогч А.Б-ын гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 70/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны ХХХ хотхонд харуулаар ажиллаж байхдаа А.Б-тай хашаа руу оруулахгүй гэснээс болж маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан, өшиглөж зодож, эрүүл мэндэд зүүн хацар, хүзүү, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт, зүүн мөн, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, саруу, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Б-ын “...Манаач ах намайг цээртэй үгээр гутаан доромжлоод намайг түлхэж газар унагаагаад миний бие рүү нилээд хэдэн удаа өшиглөөд байсан. Тухайн үед тэр манаач ах урт лоом шиг төмөр барьчихсан байсан. Намайг цохих гэхээр нь би тэр төмөрнөөс нь бариад булаацалдтал намайг түлхээд газарт шороон дээр унагаасан. Тэгээд миний бие рүү 2-3 удаа өшиглөсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 17-19/ гэсэн, шүүгдэгч Д.Б-ийн “...Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад шөнө такситай хүн хүрч ирээд хотхоны хашааны хаалгаа онгойлго гэхээр нь би харуулын байрны цонхоо онгойлгоод “СӨХ-ийн дарга шөнийн цагаар зөвшөөрөлгүй хүн битгий оруул гэсэн” гэж хэлэхэд намайг “хөгшин пизда” гээд хэл амаар доромжлохоор нь би цонхоо хаагаад суусан. Тэгтэл гаднаас “хөгшин банди минь гараад ир” гээд байхаар нь хаалгаа онгойлгоход тэр залуу харуулын байр түшүүлээд тавьсан байсан лоом төмөр барьчихсан байхаар нь би тэрийг нь булааж авах гээд тэр залуутай заамдалцаад ноцолдсон. Тэр залуу хойшоо цементэн дээр уначихсан...” /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8085 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлтэд: 1. А.Б-ын биед зүүн хацар, хүзүү, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт, зүүн мөн, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, саруу, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ын эрүүл мэндэд зүүн хацар, хүзүү, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт, зүүн мөн, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, саруу, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд харуулын ажил хийдэг, сард 200,000 төгрөгийн цалинтай, оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой тул хугацаа тогтоож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч, хуульд заасны дагуу оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн 1810015830416 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810015830416 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР