Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 427

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч О.Э, нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч овогт О-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910007790428 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн ХХХ суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, ННН 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 968 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт О-гийн Э /РД: ХХ00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 00 дүгээр гудамжинд иргэн С.С-ыг “ах Э-ийг хэл амаар доромжилсон” гэж маргалдан түүний толгойн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний орой Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 00 дүгээр гудамжны орчимд явж байгаад танил Э-тай тааралдсан. Тэгтэл Э чи миний ах руу томорч олон юм ярьдаг гэл үү гээд над руу дайрч надтай маргалдсан. Тэгэхээр нь би Э-тай үг хэлээ ололцохгүй юм байна гэж бодоод яваад өгтөл миний араас гүйж ирээд чулуугаар цохиж толгой хагалчхаад гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би эмнэлэгт хандаж толгойдоо оёдол хийлгэчхээд гэртээ иртэл манай бэр цагдаагийн байгууллагад шалгуул гэхээр нь цагдаад хандсан юм. Тухайн үед Э миний толгойны дагз хэсэгт гартаа чулуу барьж байгаад 3 удаа цохиж хагалсан. Би тухайн үед толгойдоо 8 оёдол тавиулсан. Би гомдолтой, мөн эмчилгээний зардал нэхэмжилнэ. Одоо яг хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэснээ сайн мэдэхгүй байна. Дараа баримтаар гаргаж өгнө.

Надад өмнө өгсөн мэдүүлэг  дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний толгой одоо зүгээр болсон. Би толгойдоо оёдол тавиулснаас хойш дүүргийн эмнэлэгт очиж 1 удаа боолтоо солиулсан. Эм тариа авч хэрэглээгүй ба өөрөөр ямар нэг эмчилгээ хийлгээгүй учраас надад ямар нэг баримт гээд байх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11-12, 14/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нисэхийн Монодол төвийн доод талд байдаг дэлгүүрээс архи авч гарч ирээд зогсож байтал зүс таних С тааралдсан бөгөөд С өмнө нь миний ахыг хэл амаар доромжилсон байхаар нь би миний ахыг яагаад дээрэлхээд байгаа юм гээд маргалдсан. Тэгээд би газар байсан чулууг аваад толгой руу нь нэг удаа цохичхоод зугтаасан. Би тэгээд 107-ийн хашаа руу гүйгээд орсон.” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3  дугаар сарын 29-ний өдрийн №3887 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.С-ын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн С.С-ын гаргасан өргөдөл /хх-ийн 7/,

 

- Хүний биед үзлэг хийн тэмдэглэл /25-27/,

 

- Шүүгдэгч О.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 38/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014.8.04-ний өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-44/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 68/49 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 44-45/, зан байдлын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 46/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 00 дүгээр гудамжинд иргэн С.С-ыг “ах Э-ийг хэл амаар доромжилсон” гэж маргалдан түүний толгойн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.С-ын  “...Би 2019 оны 3 дугаар сарын 29-ний орой Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 00 дүгээр гудамжны орчимд явж байгаад танил Этай тааралдсан. Тэгтэл Э чи миний ах руу томорч олон юм ярьдаг гэл үү гээд над руу дайрч надтай маргалдсан. Тэгэхээр нь би Э-тай үг хэлээ ололцохгүй юм байна гэж бодоод яваад өгтөл миний араас гүйж ирээд чулуугаар цохиж толгой хагалчхаад гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би эмнэлэгт хандаж толгойдоо оёдол хийлгэчхээд гэртээ иртэл манай бэр цагдаагийн байгууллагад шалгуул гэхээр нь цагдаад хандсан юм. Тухайн үед Э миний толгойны дагз хэсэгт гартаа чулуу барьж байгаад 3 удаа цохиж хагалсан. Би тухайн үед толгойдоо 8 оёдол тавиулсан. Би гомдолтой, мөн эмчилгээний зардал нэхэмжилнэ. Одоо яг хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэснээ сайн мэдэхгүй байна. Дараа баримтаар гаргаж өгнө.

Надад өмнө өгсөн мэдүүлэг  дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний толгой одоо зүгээр болсон. Би толгойдоо оёдол тавиулснаас хойш дүүргийн эмнэлэгт очиж 1 удаа боолтоо солиулсан. Эм тариа авч хэрэглээгүй ба өөрөөр ямар нэг эмчилгээ хийлгээгүй учраас надад ямар нэг баримт гээд байх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11-12, 14/ гэсэн,  шүүгдэгч О.Э-ын “...Би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нисэхийн Монодол төвийн доод талд байдаг дэлгүүрээс архи авч гарч ирээд зогсож байтал зүс таних С тааралдсан бөгөөд С өмнө нь миний ахыг хэл амаар доромжилсон байхаар нь би миний ахыг яагаад дээрэлхээд байгаа юм гээд маргалдсан. Тэгээд би газар байсан чулууг аваад толгой руу нь нэг удаа цохичхоод зугтаасан юм. Би тэгээд 107-ийн хашаа руу гүйгээд орсон.” /хх-ийн 18/  гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны өдрийн №8274 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.С-ын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.С-ын эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч О.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг /хх-ийн 68/ хүртэл нийт 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар /2х8=16/ тооцож, оногдуулсан ялаас хасаж тооцон, /240-16=224/ түүний бичелэн эдлэх ялыг 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.  

 

Эрүүгийн 1910007790428 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ч овогт О-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар /2х8=16/ тооцож, оногдуулсан ялаас хасаж тооцон, түүний биечлэн эдлэх ялыг 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.  

 

4. Шүүгдэгч О.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5..... дугаар зүйлийн ....-д зааснаар шүүгдэгч О.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1910007790428 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР