| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0427/Э |
| Дугаар | 432 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 432
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга С.Буянхишиг, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Б-ийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810024240340 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн дүүргийн 00 дугаар хороо, ННН аппартмент 0C байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 байр, 00 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Б-ийн Г /РД:УС77062118/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ННН аппартмент” хорооллын 0с байрны 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд Т.Н-ын үснээс татаж, хөлийн гуя орчим өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, эмэгтэй хүнд хатуу гараар хандсандаа харамсаж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай бага хоёр ихэр хүүхдийн сэвлэг үргээх найр болоод төрсөн аав Б.Г-гээр үсийг нь хөндүүлэх санаатай хамт амьдарч байсан байрандаа гурван хүүхдээ дагуулаад орох гэхэд хаалга цоожтой байсан, уг байрны илүү түлхүүрээр онгойлгоод ороход манай нөхөр Г том өрөөнөөс дотуур өмдтэй гарч ирээд “намайг зайл” гэж хөөгөөд хувцас татаж, гарнаас чирээд хаалгаар гарах үед босгонд тээглэж унасан, би босоод дахиж гэрт орох үед Г үснээс татаж шалан дээр унагааж байгаад хөлийн гуя орчим өшиглөж зодоод дахин чирч гаргаад хаалгаа түгжсэн. ...Миний баруун хөлний гуяны гадна хэсэг, баруун дал, мөр, баруун зүүн гарын шуу, цээжинд хөхөрсөн, баруун гарын мөр мултарсан байсан. ...Би 2010 оноос хойш Г-тэй нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Б.Г архидан согтуурч намайг хэд хэдэн удаа зодож байсан боловч тухайн үед бид хоёр хамт байж байгаад асуудал болдог байсан учир гэр бүлийн хүрээнд нуугаад өнгөрч байсан учир шүүх цагдаагийн байгууллагад албан ёсоор өргөдөл гаргаж байгаагүй юм...” /хх-ийн 15-16, 18-20/ гэсэн,
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н эгч ганцаараа байр руу ороод 20-30 минутын дараа над руу залгаж дүү нараа аваад ороод ир гэж хэлсэн учир хоёр хүүхдийг нь аваад цахилгаан шатаар 13 давхарт гарсан. ...Намайг гэрт орох үед Г ах Н-ыг зодож цохисон асуудал байхгүй. ..Би тухайн үед гэрт ороод Г, Н болон хамт байсан эмэгтэй нарын хооронд маргаан болж байхаар нь “болиоч” гэж хэлсэн, түүнээс Н-ын биед ил харагдах ямар нэгэн гэмтэл, шарх байсан талаар анзаарч харсан зүйл байхгүй” /хх-ийн 33/ гэсэн,
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цагаас 14 цагийн хооронд гэртээ найз хүүхэн Э-ын хамт байхад миний эхнэр Т.Н ирээд хаалга цохиод байхаар нь онгойлгож өгөөгүй, гэтэл Н манай гэрт түлхүүр тааруулж орж ирээд хэрүүл маргаан үүсгэж зууралдаад байхаар нь би тэвэрч аваад өргөж гэрээс гаргасан. Энэ үед шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учирсан байх гэж бодож байна... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” /хх-ийн 46-49/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №12112 дугаартай: “...Дүгнэлт: 1. Т.Н-ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений хагас мултрал, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шуу, цээж, баруун гуяны цус хуралт, баруун далны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хх-ийн 38/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-55/,
- Шүүгдэгч Б.Г-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ж.У, Гэрч Ш.У нарын мэдүүлэг /хх-ийн 25-27, 28-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56, 60/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 58/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 62-63/, ял шалгах хуудас /хх-ийн 77/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-ийн 79/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ННН аппартмент” хорооллын 0С байрны 00 тоотод иргэн Т.Н-ын үснээс татаж, хөлийн гуя орчим өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений хагас мултрал, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шуу, цээж, баруун гуяны цус хуралт, баруун далны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Н-ын “...манай нөхөр Г том өрөөнөөс дотуур өмдтэй гарч ирээд “намайг зайл” гэж хөөгөөд хувцас татаж, гарнаас чирээд хаалгаар гарах үед босгонд тээглэж унасан, би босоод гэрт орох үед Г үснээс татаж шалан дээр унагаж байгаад хөлийн гуя орчимд өшиглөж зодоод дахин чирч гаргаад хаалгаа түгжсэн...” /хх-ийн 15-16, 18-20/ гэсэн, шүүгдэгч Б.Г-гийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цагаас 14 цагийн орчим гэртээ найз хүүхнийн хамт байхад эхнэр Т.Н ирээд хэрүүл маргаан үүсгэж зууралдаад байхаар нь би тэвэрч аваад өргөж гэрээс гаргасан. Энэ үед шүүх эмнэлгийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учирсан байх гэж бодож байна. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” /хх-ийн 49/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №12112 дугаартай: “Дүгнэлт: 1. Т.Н-ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений хагас мултрал, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шуу, цээж, баруун гуяны цус хуралт, баруун далны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” /хх-ийн 38/ гэсэн дүгнэлт, өргөдөл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-55/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-ын эрүүл мэндэд баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений хагас мултрал, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн шуу, цээж, баруун гуяны цус хуралт, баруун далны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...хохирлын талаар маргаан байхгүй...” /хх-ийн 83/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1810024240340 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810024240340 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР