Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 455

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал, улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүгдэгч Н.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Н-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1910012090409 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Арьс ширний 00 айлын 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н-ийн З /РД: ХХ00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.З нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Арьс ширний 00 айлын 00 дүгээр байрны 00 тоотоос Л.Н-ын твиттерт “ННННН”, “ХХХХ” гэсэн хаягнаас “2 ихэр охины чинь амь насанд халдана, үлдэх амьдрал чинь нулимсан дунд өнгөрөх болно” гэх зэргээр 200,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардаж, ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.З: “.....................” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирлаар 2017 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байгаа. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр твиттер хуудсаар олон нийтэд нээлттэйгээр “I Love 29” гэсэн улаан өнгийн зүрхний зурагтай хаягнаас “чи миний твиттер аккаунт” хаягийг худалдаж авна гэж хэлчхээд худалдаж аваагүй, мөнгөө төлөөгүй 2 охины чинь амь настай ярьна” гэж нийтэлсэн. Түүнээс хойш өдөр бүр намайг өөрийн эзэмшлийн “Ninjjamts” гэх нэртэй твиттер хаяг, “Ninje-ninj” гэх нэртэй фейсбүүк хаяг, “Лувсандашийн Нинжжамц” гэх нэртэй пэйж хуудсанд мэдээлэл оруулах болгонд тус мэдээллийн доор постоор мөн чатруу маань мессэжээр заналхийлж байна. 2019 оны 5 дугаар сарын 10-ны орчим миний эзэмшлийн “Лувсандашийн Нинжжамц” гэх фэйсбүүк чатруу хаан банкны З гэх нэртэй дансны дугаар бичиж энэ дансруу 200,000 төгрөг шилжүүл гэж бичсэн тус чатад би хариу өгөөгүй тул 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 12 минутанд “I Love 29” гэсэн хаягтай твиттер хуудсаар “Хэ хэ энэ бүсгүй надаар даажигнаж тоглолоо шүү, 2 ихэр охиных нь амиар төлүүлнээ чамайг, үлдэх амьдрал чинь нулимсанд өнгөрөх болохоор одоо яахав маниараа маазарч наргиж хангалттай инээж суу даа” гэж нийтэлсэн. ...Мөн 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 20 цаг 45 минутанд ...чат ирүүлэхэд нь би хариу өгөөгүй мөн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 24 минутанд миний эзэмшлийн 99111250 дугаарын утасруу 99713534 дугаарын утаснаас “Би 2 ихэр охины чинь амь насанд халдана хэмээн заналхийлсэн гэмт хэргээ 15-нд цагдаад мэдүүлж хуулийн хариуцлага хүлээнэ. Дараа нь юу болохыг фейсбүүк мессежээр хэлсэн байгаа, сийндээд чи яахав дээ үйлийн үрээсээ зайлж чадахгүй” гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталж заналхийлж байгаа тул гомдол гаргасан Намайг 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дарамталж, цахим хэрэгсэл болон гар утсаар заналхийлсэн...” /хх-ийн 91-94/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Нинжжамц гэдэг хүнийг танихгүй, харин цахим орчинд ашигладаг твиттер хуудсыг дагадаг. ...Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 07-ноос 11-ний хооронд твиттерээ үзэж байтал Нинжжамцын пост гарч ирсэн тэгээд 2 жилийн өмнө болсон асуудлаа санаад мөнгөө нэхсэн, мөн хаягаа нэхэж Нинжжамцруу мессеж бичсэн. Хэрвээ өгөхгүй гэвэл 2 хүүхдийг ална хэмээн заналхийлж өөрийн аккаунт юм уу мөнгөө олж авахаар бичсэн. Тэгээд надруу нэг ч хариу бичээгүй. Би маш олон шинээр хаяг нээж Н-руу хандаж мессеж бичсэн. Тэгээд нэг ч хариу ирээгүй, нэг удаа мөнгөө өгье гэж байсан. ...Би Н-ын хоёр хүүхдийг ална гэж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн, миний гаргасан үйлдлээс болж Н-д сэтгэл санааны хохирол учирсан. Тэгээд би цагдаа дээр очсон. Мөн өнөөдрийн болон сүүлийн хэд хоногт гаргасан миний үйлдлийн хэрээр Н-д ямар цочрол очих тэрнээс хамаарч юу өрнөхийг л харах гэж ийм зүйл хийсэн...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 6/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 74-77/

- Цахим хуудсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-86/,

- Компьюерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-88/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэмт хэргээ мэдүүлсэн баримт /хх-ийн 129/, Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 132/, ял шалгах хуудас /хх-ийн 133/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Н.З нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Арьс ширний 00 айлын 00 дүгээр байрны 00 тоотоос Л.Н-ын твиттерт “ХХХ 29”, “ННН” гэсэн хаягнаас “хоёр ихэр охины чинь амь насанд халдана, үлдэх амьдрал чинь нулимсан дунд өнгөрөх болно” гэх зэргээр 200,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардаж, ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Н-ын “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр твиттер хуудсаар олон нийтэд нээлттэйгээр “ХХХ 29” гэсэн улаан өнгийн зүрхний зурагтай хаягнаас “чи миний твиттер аккаунт” хаягийг худалдаж авна гэж хэлчихээд худалдаж аваагүй, мөнгөө төлөөгүй хоёр охины чинь амь настай ярина” гэж нийтэлсэн. ...2019 оны 5 дугаар сарын 10-ны орчим миний эзэмшлийн “ХХХ” гэх фэйсбүүк чатруу Хаан банкны З гэх нэртэй дансны дугаар бичиж энэ дансруу 200,000 төгрөг шилжүүл гэж бичсэн тус чатад би хариу өгөөгүй тул 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 12 минутанд “ХХХ 29” гэсэн хаягтай твиттер хуудсаар “Хэ хэ энэ бүсгүй надаар даажигнаж тоглолоо шүү, 2 ихэр охиных нь амиар төлүүлнээ чамайг, үлдэх амьдрал чинь нулимсанд өнгөрөх болохоор одоо яахав маниараа маазарч наргиж хангалттай инээж суу даа” гэж нийтэлсэн. ...Мөн 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 20 цаг 45 минутанд ...чат ирүүлэхэд нь би хариу өгөөгүй мөн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 24 минутанд миний эзэмшлийн 00000000 дугаарын утасруу 00000000 дугаарын утаснаас “Би 2 ихэр охины чинь амь насанд халдана хэмээн заналхийсэн гэмт хэргээ 15-нд цагдаад мэдүүлж хуулийн хариуцлага хүлээнэ. Дараа нь юу болохыг фейсбүүк мессежээр хэлсэн байгаа, сийндээд чи яахав дээ үйлийн үрээсээ зайлж чадахгүй” гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталж заналхийлж байгаа тул гомдол гаргасан...” /хх-ийн 91-94/, шүүгдэгч Н.З-ын: “...Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 07-ноос 11-ний хооронд твиттерээ үзэж байтал Н-ын пост гарч ирсэн, тэгээд 2 жилийн өмнө болсон асуудлаа санаад мөнгөө нэхсэн, мөн хаягаа нэхэж Нинжжамцруу мессеж бичсэн. Хэрвээ өгөхгүй гэвэл хоёр хүүхдийг ална хэмээн заналхийлж өөрийн аккаунт юм уу мөнгөө олж авахаар бичсэн. Тэгээд надруу нэг ч хариу бичээгүй. Би маш олон шинээр хаяг нээж Н-руу хандаж мессеж бичсэн. ...Мөн өнөөдрийн болон сүүлийн хэд хоногт гаргасан миний үйлдлийн хэрээр Н-д ямар цочрол очих, тэрнээс хамаарч юу өрнөхийг л харах гэж ийм зүйл хийсэн...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд, эрүүгийн цагдаагийн албанд гаргасан иргэн Л.Н-ын өргөдөл /хх-ийн 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 74-77/, цахим хуудсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-86/, компьюерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-88/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэмт хэргээ мэдүүлсэн баримт /хх-ийн 129/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н сэтгэл санааны хохирол хүлээсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Н.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 30 /гуч/ хоног цагдан хоригдсон /хх-ийн 120, 151/ бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1910012090409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.З бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н-ийн З-ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /30х8=240 цаг/, түүнд оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 260 /хоёр зуун жар/ цаг /500-240=260/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.З-д оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.З оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1910012090409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.З бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР