| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01094/И |
| Дугаар | 184/ШШ2016/00848 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2016/00848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй
Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, зээлийн 1 гудамж 12А тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Хатиган овогт Жандалын Мөнхбаяр /РД: ЖЬ78060299/,
Ж.Мөнхбаярыг архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Өнөболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Мөнхбаяр, нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах дэслэгч Б.Өнөболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 1 гудамж 12А тоотод оршин суух, Ж.Мөнхбаяр нь гудамж талбайд архидан согтуурч бүлэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас хууль тогтоомж зөрчихгүй байх үүрэг өгөхөд шаардлага биелүүлдэггүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн 14-р төвийн эрүүл мэндийн комиссын дүгнэлтээр архинд донтох өвчний гуравдугаар зэрэгтэй болох нь тогтоогдсон. Өөрөө ганц бие амьдралтай, эхнэр нь салж явсан. Тухайн хорооны хэсгийн байцаагч Н.Энхбатын илтгэх хуудас тайлбараар оршин суугаа газрын архи уудаг иргэдтэй нийлж архи ууж зөрчил гаргадаг нь тогтоогдож байгаа. Удаа дараа цагдаагийн байгууллагаас шаардсан ба бидний шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул Согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Мөнхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие архи уудаг ба гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдрахаа больсон. Тэгээд санаа сэтгэлийн байдлаас болж архи уудаг болсон. Би 7-8 жилийн хугацаанд архийг хэрэглэж байна. Би ажил хийсэн үедээ архи уудаггүй. Архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь Ж.Мөнхбаярыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Ж.Мөнхбаяр нь нь нийгмийн хэв журмыг зөрчин, архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд архинаас хамааралтай болох нь Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны хэсгийн байцаагч Цагдаагийн дэслэгч Н.Энхбатын илтгэх хуудас, захиргааны зөрчлийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн тусламж үйлчилгээний комиссын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул албадан эмчилгээнд хамруулах нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Нотлох баримтуудаас дүгнэхэд Ж.Мөнхбаяр нь ахуйн хүрээнд байнга архидан согтуурч, архины хамааралтай болох нь тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Хатиган овогт Жандалын Мөнхбаяр /РД: ЖЬ78060299/-ийг архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хатиган овогт Жандалын Мөнхбаяр /РД: ЖЬ78060299/-г захиргааны журмаар эмчлэх газар явуулж, албадан эмчлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНЧИМЭГ