| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0479/Э |
| Дугаар | 496 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 496
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,
улсын яллагч Г.Ганчимэг /томилолтоор/,
хохирогч Г.Б,
шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-ны О-т холбогдох эрүүгийн 1910012250463 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, танкийн буудагч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Тахилтын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ны О /РД:ХХ00000000/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Яармагийн 00 дугаар буудлын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Г.Б-ын нүүрэн тус газарт гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Г.Б: “...Тухайн үед 5 дугаар сарын 12-ны өдөр манай найз Б гэх залуу хүүхдийн үсний найранд машинтайгаа яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд тухайн айлдаа очоод цай, хоолоо идчихээд буцаад явж байхад замын голд нэг залуу зогсоод машинууд руу чулуу шидээд байхаар нь би машинтайгаа тойроод гарах гэсэн боловч машин руу чулуу шидэхээр нь машинаа зогсоосон. Тухайн үед би машинд сэв суучихлаа гэж бодсон. Би шүүгдэгчийг дуудаад яаж байгаа юм бэ гэж хэлэхэд О гэх залуу машин өшиглөхөөр нь би машинаасаа буухад намайг 2, 3 цохиод унагаасан. Тэр хооронд манай найз ирээд салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаа нэг цагийн дараа ирсэн. Тухайн үед гар утасны дэлгэц хагараад хувцас урагдсан байгаа. Би одоо шүдээ янзлуулчихвал өөр гомдол саналгүй. Хоёр шүд янзлуулахад 3.400.000 төгрөгийн зардал гарна гэж хэлсэн тул уг мөнгийг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр найзынхаа хүүхдийн үсний найр дээр очоод орой 23 цагийн үед гэрлүүгээ өөрийнхөө машинтай явж байхад Яармагийн 00 дугаар буудлын орчим замын голд нэг залуу согтуу зогсож байхаар нь би машинаа зогсоосон. Тэр үед тухайн танихгүй залуу зугтах маягтай гүйхээр нь би араас нь очтол цаанаас дахиад үсээ сүлжсэн залуу гүйж ирээд намайг яаж байна, гөлгөө гэтэл хажуу талаас нэг өндөр залуу миний зүүн талын шанаа руу 2-З удаа гараараа цохихоор нь би цохьсон залууг дэгээдэж унагаахад манай машин дотор байсан найз бууж ирээд үсээ сүлжсэн байсан залууг бариад авсан. ...Тэгтэл тухайн биеэрхүү залуу би амьсгаа авья гэхээр нь жаахан суллатал миний төмсөг рүү цохисон. Би нүүр рүү нь гараараа мангасдаад дахиад дээр нь дараад суусан. ...О миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа, нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй. Би цаашид шүдээ эмчлүүлэх зардалаа нэхэмжилмээр байна. Эмнэлэгт үзүүлэхэд 3.400.000 төгрөгөөр эмчлэгдэнэ гэж хэлсэн ба одоогоор мөнгө байхгүй, ямар нэг эмчилгээ хийлгэж чадахгүй байна...” /хх-ийн 5-6/ гэсэн,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгтээ: “...Найзынхаа хүүхдийн үсний найранд очоод буцаад нисэх рүү гэрлүүгээ явж байтал Яармагийн 2 дугаар буудлын ойролцоо машинтай явж байх үед замын голд нэг залуу /О/ зогсож байсан. Б машинаа зогсооход тухайн танихгүй залуу ирээд машин руу өшиглөсөн. ...Машинаас буугаад очих хооронд замын голд зогсож байсан залуу /О/ Б-ыг гараараа цохихоор би очоод хамт байсан жижиг биетэй залууг нь татаж авсан. Б цагдаа дуудлага өгсөн ба Б бид хоёр тухайн залуутай ноцолдоод дарж унагааж байгаад цагдаа ирэхээр нь өгсөн. О гэдэг залуу замын голд зогсож байгаад машин руу өшиглөснөөс болж маргалдсан. О Б-ын нүүр рүү нь гараараа цохисон. Харанхуй байсан учраас хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй байна. Б-н шүд нь унасан байсан. Өөр ямар гэмтэл учирсаныг нь мэдэхгүй байна. Тэр хоёр архи уусан их согтсон байсан...” /хх-ийн 15/ гэсэн,
Шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед найз О-ын хамтаар Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо “ХХХ” пабын хойд талын түрээсийн байранд засварын ажил хийдэг байсан бөгөөд тухайн өдөр От бид хоёр “ХХХ” пабад орж багажаа оруулж тавиад хоёулаа нэг шил 0.5 литрийн савалгаатай Улаанбаатар нэртэй архи авч хувааж уусан. Тухайн архиа дуусгаад дахиад 1 шил 0.5 литрийн Улаанбаатар архи уусан бөгөөд архиа ууж дуусаад пабаас гарах гэж байгаа бололтой байсан. Би ер нь их согтсон байсан. Нэг сэрэхэд газар уначихсан нэг хүн дээрээс баруун хөлийн цавь хэсэг рүү өшиглөж байсан. Тэгээд би болсон асуудлын талаар санахгүй байна. Эргээд сэргэхэд цагдаагийн газарт ирсэн байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлт дээр тусгагдсан гэмтлийг би Батбаярын биед учруусан...” /хх-ийн 28/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №5887 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Б-ын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн гарын сарвуу, баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,
- Хохирогч Г.Б-ын бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 2/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Яармагийн 00 дугаар буудлын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Г.Б-ын нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн гарын сарвуу, баруун гарын алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Б-ын “...Яармагийн 00 дугаар буудлын орчим замын голд нэг согтуу залуу зогсож байхаар нь би машинаа зогсоосон, ...тухайн танихгүй залуу зугтах маягтай гүйхээр нь би араас нь очиход цаанаас үсээ сүлжсэн залуу гүйж ирээд намайг яаж байна, гөлгөө гэтэл хажуу талаас нэг өндөр залуу миний зүүн талын шанаа руу 2-З удаа гараараа цохихоор нь би цохьсон залууг дэгээдэж унагаахад манай машин дотор байсан найз бууж ирээд үсээ сүлжсэн байсан залууг бариад авсан. ...О миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа, нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн /хх-ийн 5-6/, гэрч Б.Б-гийн “...Б машинаа зогсооход тухайн танихгүй залуу ирээд машин руу өшиглөсөн. ...Машинаас буугаад очих хооронд замын голд зогсож байсан залуу /О/ Батбаярыг гараараа цохихоор би явж очоод хамт байсан жижиг биетэй залууг нь татаж авсан. О гэдэг залуу замын голд зогсож байгаад машин руу өшиглөснөөс болж маргалдсан. О Б-ын нүүр рүү нь гараараа цохисон...” гэсэн /хх-ийн 15/ болон шүүгдэгч Э.О-ын гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28/-үүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №5887 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн байдал, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас хоёр шүд гэмтсэн, энэ хоёр шүдийн эмчлүүлэхэд 3,400,000 төгрөгийн зардал гарна гэсэн, энэ мөнгийг нэхэмжилнэ гэсэн бөгөөд хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул хохирогч нь шүдээ янзлуулахтай холбоотой ирээдүйд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн 1910012250463 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ны О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрдэнэчулууны О-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.О-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.О оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910012250463 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт ирээгүй, хохирогч Г.Б нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР