Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Б.Оюунцэцэг

         Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  Д.Дд холбогдох 1916003420159 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, .... өдөр төрсөн, … настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн Оргил бригадын 5-р багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... регистрийн дугаартай, Д овогтой Д-н Д гэв.

  Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ... гэх газар гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мыг “машины түлхүүр өгсөнгүй” гэж уурлан бүсэлхий нурууны баруун хэсэгт 2 удаа хутгаар хатгаж, биед бүсэлхий нурууны баруун хэсэгт шархнууд гэмтэл үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд ... багийн ... гэх газар гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мыг “машины түлхүүр өгсөнгүй” гэж уурлан бүсэлхий нурууны баруун хэсэгт  2 удаа хутгаар хатгаж, биед бүсэлхий нурууны баруун хэсэгт шархнууд, бүсэлхий нурууны баруун хэсгийн шархнуудыг тойрсон цус хуралт гэмтэл үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Д гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Мтай гэр бүл болоод 5 жил болж байна. 2 хүүхэдтэй. Энэ хэргийг согтолтын зэрэг өндөр, их согтуу байсан болохоор үйлдсэн байсан. Энэ хэрэгт аль болохоор хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? Тэр өдөр айлын эхнэртэй муудалцсан байсан болохоор тэр уурандаа л ийм зүйл хийсэн. Эхнэрээ 2 хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Маш их гэмшиж байна... Нийтэд тустай 260 цагийн ажлыг сум орон нутагт хийлгэх юм уу? торгох ял оногдуулж өгнө үү? хөдөө эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Аав ээж маань 68, 73 настай хүмүүс байдаг...” гэсэн мэдүүлэг,  

    Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...манай нөхөр чиний хийсэн усан жанхууг чинь идэхгүй, машины түлхүүр хаана байна. Би Д ахынд очмоор байна. Миний хөрөнгө миний эцэг надад авч өгсөн юм гээд суурин утсаа аваад шидэхээр нь чи наад утас эвдэллээ гэсэн чинь хуцалгүй дуугай машины түлхүүр өгөөдөх гээд хутга бариад над руу ойртохоор нь би зугатсан. Араас ирээд баруун талын бөөрний арын зузаан мах руу хутгалчихаад ахиад нэг хутгалах шиг болохоор нь гараараа дараад үзсэн чинь цус гарсан байхаар нь чи намайг хутгалчихлаа гэхэд манай нөхөр наадах чинь юу ч биш гээд ахиад хутга далайхаар нь би хүүгээ ээжийг нь алах нь байна. Миний хүү О ахындаа очиж хэл гэтэл манай нөхөр хүүгээ дээшээ бай чи гээд хутгаа буулгаад хаяхаар нь би машины түлхүүрийг нь гаргаж өгсөн чинь машинаа унаад яваад өгсөн... ” гэсэн мэдүүлэг,

    Гэрч М.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 28-нд 19 цагийн үед Ц гэдэг хүн утсаар яриад би Мын нагац эгч байна. Д архи ууж Мийг хутгалсан байна гэхээр нь би 7048102 утсанд дуудлага өгсөн. 22 цагийн үед Дийнд очиход Ховд аймгийн Цэцэг сумын эмч ирээд анхны үзлэг хийгээд шархыг цэвэрлээд боолт хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх24-рт/,

    Гэрч У.Ш-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 28-нд 20 цагийн үед манай сумын цагдаа над руу утсаар яриад таныг дуудлаганд дагуулж явах гэсэн юм. Хүн хутгалуулсан, цус их алдсан байна гэж хэлсэн. Тэгээд Дийнд очиход Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нь ирээд Мд анхан шатны тусламж үзүүлээд шархыг цэвэрлээд боогоод өвчин намдаах тариа хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-рт/,

  Гэрч Д.Ү-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...М манайд ирээд Д намайг хутгалчихаад сумын төв явчихлаа гэхээр нь худлаа байлгүй гээд харсан чинь баруун бөөрний хойд талын сүвээний хавьд шарх байсан. Тэгээд би иодоор арчиж боолт хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх38-рт/,

  Хохирогч Б.Мын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 821 дугаартай акт /хх98-рт/, 42 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх91-92-рт/, гэрч Б.Т, Н.П /хх61-рт/, С.Ж /хх67-рт/, насанд хүрээгүй гэрч М.А, аюулгүйн зэргийн эрсдэлийн үнэлгээ бага, цаашид хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хяналтад байлгах шаардлагатай гэж үнэлэгдсэн үнэлгээний маягт /хх6-7-рт/, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

   Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

   Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

  Шүүгдэгч Д.Дд ял оногдуулахдаа хохирогч Б.Мын Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...нөхөр Д.Д нь архи ууж согтуурсаны улмаас хутга барьж айлган сүрдүүлсэн. Миний биед ямар нэгэн ноцтой гэмтэл учаагүйн улмаас нөхөр Д.Дтэй эвлэрсэн. Ямар нэгэн санал гомдол байхгүй. Иймд миний санал гомдолгүйг харгалзаж үзнэ үү...” гэсэн хүсэлтийг харгалзан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

  Шүүхээс шүүгдэгч Д.Дийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Д-н Дийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Дд танилцуулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн дээл, цайвар өнгийн дотуур цамц, шар өнгийн хуванцар иштэй хутга зэргийн устгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА